“Го кали” клубийн тамирчин, Б.Билгүүн гогоор хичээллэж, ур чадвараа ахиулсан тоглогчдын нэг. Тэрбээр таван кюү цолтой. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард зохион байгуулсан доод лигийн тэмцээнд аваргаар шалгарч, дунд лигт IV байр эзэлсэн түүнийг “Шинэ танил”-д онцоллоо.
-Спортод чин сэтгэлээсээ татагдах, сонирхож хичээллэх хоёрт асар их ялгаа бий. Го хэрхэн сурч байснаа сонирхуулаач?
-Гог киноноос анх харж, танилцаж байлаа. Тэр үеэс сэтгэл татагдаж, сурах хүсэл төрсөн юм. Сурахад хялбар дүрэмтэй боловч тоглох тусам өөрийгөө улам хөгжүүлэх ёстойг ухааруулсан. Интернэтээс анхан шатны мэдээлэл олж авсан ч хангалттай санагдаагүй. Тиймээс “Го кали” клубийг зорьж, суралцаж эхэлсэн дээ.
-Өрсөлдөгчийнхөө өөдөөс хараад хөлөг дээр анхны нүүдлээ хийхэд ямар мэдрэмж төрж байв?
-Би го тоглохоороо тайван болдог. Тиймээс ямар ч нүүдэл хийсэн амгалан байдлыг мэдэрдэг юм.
-Тоглолтынхоо түвшнийг ахиулахын тулд хэнээр заалгаж, ур чадвараа ахиулсан бэ?
-Тоглох арга барилаа сайжруулах талаар бодож эхлэхэд миний үеэл А.Цэлмүүн хэрэгтэй ном товхимол, гарын авлага, программуудаар туслалцаа үзүүлсэн. Үүний ачаар богино хугацаанд ур чадвараа ахиулсан.
-Го тоглогчдын арга барил, тактик өөр. Нүүдлээс нь хараад тухайн хүний зан чанар, сэтгэл зүйн байдлыг нь мэдчихдэг үү?
-“Хүнийг танимаар байвал нэг удаа го тоглоход хангалттай” гэдэг үг бий. Үүнтэй санал нэг байдаг. Өрсөлдөгчийнхөө нүүдлээс сэтгэл зүй, сандарч түгшсэн, өөртөө итгэлгүй байгааг нь мэдэж болдог.
-Зан чанар, хүсэл мөрөөдлийг тань го хэрхэн өөрчлөв?
-Миний хувьд гог бясалгалтай адилтгадаг. Оюун бодлоо цэгцэлж, тайван зан чанарыг олоход минь тусалдаг. Намайг хөгжүүлдэг чухал “багаж” минь го болдог.
-Мэргэжлийн тоглогчдоос хэний амжилт, ур чадвараар бахархдаг вэ. Хамгийн сүүлд хэзээ, хаана болсон тоглолтыг нь үзэв?
-Го үргэлж хөгжиж байдаг оюуны спортын нэг төрөл. Шинэ залуу мэргэжлийн тоглогчдын тэмцээн дээрх өрсөлдөөн, тоглолт, тактикийг сонирхож их үздэг. Харин шүтэж хүндэлдэг тоглогч минь гэвэл Хосай Фужисава, И Сёо Дол.
-Европын шилдгүүдийг буулгаж авдаг хүчтэй өрсөлдөгчид Азид байдаг. Хамгийн уран нүүдэл, сонирхолтой тоглолтыг гаргадаг нь хэн бол?
-Азийн орнуудад хүүхдүүдийг багаас нь гогоор хичээллүүлж, мэргэжлийн тоглогч болох гарааг нь эхлүүлдэг. Тэр үеэс тэдний дунд амжилтын төлөөх өрсөлдөөн өрнөдөг юм. Өнөө цагийн хамгийн шилдэг тоглогч бол өмнөд хөршийн Кэ Жи. Тэрбээр өвөрмөц нүүдэлтэй, тэмцээнд хамгийн сонирхолтой тоглолтуудыг харуулдаг.
-Гадаадад сурч, ажиллахын хажуугаар гогийн мэргэжлийн клубт бэлтгэл хийх бодол бий юү?
-Би Катар улсын Карнеги Меллоны их сургуульд ирэх намраас суралцана. Тэнд сайн клубт хичээллэвэл год хангалттай цаг зарцуулна.
-Сонирхогчоос мэргэжлийн тоглогч болсон тамирчин бий. Тэд гог амьдралынхаа зорилго болгодог. Хэрвээ ийм шийдвэр гаргавал дуртай бүхнээ орхиод, өөрийгөө зориулж чадах уу?
-Шийдвэр гаргавал буцах зам байхгүй. Гэхдээ мэргэжлийн тоглогч болохоос илүү энэ тоглоомын гайхамшгийг бага, багаар танин мэдэж, бас мэдэрч буй минь надад хангалттай. Миний хувьд хүчтэй өрсөлдөгчтэй таарч, туршлага хуримтлуулахыг хичээдэг.
-Та гог гайхамшигтай спорт гэдэгтэй хэр санал нэгддэг вэ?
-Тэгэлгүй яах вэ. Олон жилийн тэртээх хаад, ноёд, түшмэлүүдийн улс төр, дайн, байлдааны стратеги, тактикийн талаарх түүхийг өгүүлдэг энэ тоглоом хүн төрөлхтний оюуны хөгжилд асар их хувь нэмэр оруулж байгаа гэдэгт эргэлздэггүй. Тиймээс монгол айл болгонд го хөлөг байж. Оюуны спортоор хичээллэхэд насны хязгаар байдаггүй. Монголчууд го хэмээх гайхамшигтай хөлөгт тоглоомоор наадаж, оюун ухаанаа цэнэглээсэй гэж хүсдэг.