Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржтой ярилцлаа.
-Өмнөговь улсын төсвөөс татаас авдаггүй, харин орлого төвлөрүүлдэг аймаг. Улсын төсөвт энэ онд хэдэн төгрөгийн орлого төвлөрүүлэх вэ?
-Энэ жилээс улс орон даяар хэрэгжүүлж эхэлсэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу орон нутагт, сумуудад зарим татвар үлддэг болсон. Өмнө нь уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулж буй аймаг, сумдаа бус, анх бүртгүүлсэн дүүргийнхээ Татварын хэлтэст татвараа төвлөрүүлдэг байсан юм. Тэгвэл одоо хүн амын орлогын албан татварыг 100 хувь үйл ажиллагаа явуулж буй сумд, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг аймгийнх нь төсөвт үлдээдэг боллоо. Үүнтэй холбоотойгоор аймгийн төсөв 440 тэрбум төгрөгт хүрч өссөн. Улсад төвлөрүүлэх татварын орлого 264 тэрбум төгрөг байхаар тооцсон. Шинэ хууль баталснаар манайх сумуудаасаа татаас авдаг аймаг болж байна. Ханбогд, Цогтцэций, Гурвантэс, Ноён, Ханхонгор сумаас татаас авч, аймгийнхаа төсвийг бүрдүүлнэ. Улс орны эдийн засгийн нөхцөл амаргүй байгаа энэ үед төсвийн өндөр ачаалалтай ажиллаж буй гэж хэлж болно. Манайд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн төслүүдийг эрчимжүүлэхийн тулд аймгийн Засаг даргын хувьд олон ажлын хэсэгт багтаж, Засгийн газрын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Бусад аймагтай харьцуулахад Өмнөговь өндөр төсөв баталжээ. Энэ жил ямар бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийх вэ?
-Хөрөнгө оруулалтын хувьд манайх хүүхдэд ээлтэй аймаг болохоор зорин ажиллаж буй. Мөн “Нутгийн үйлдвэрлэгч” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Манай аймгийн уул уурхайгүй сумуудад үйлдвэр, үйлчилгээ ховор. Хүн амын шилжилт хөдөлгөөн ихтэй, 40-өөс дээш насны ажилгүй иргэн олон байдаг. Үүнээс гадна сургуулийн насны хүүхэд цөөн. Тиймээс хүн ам цөөтэй сумуудад юуны түрүүнд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх зорилготой. Энэ хөтөлбөрт таван тэрбум төгрөг зарцуулна. Одоогоор дэмжих төслүүдээ сонгон шалгаруулахаар ажиллаж байна. Нэг талаар тухайн сумд амьдарч буй хүн технологио сонгоод, үйлдвэрлэл эрхлээд, бүтээгдэхүүнээ шууд уул уурхайн компаниудад нийлүүлнэ гэвэл урт хугацаа зарцуулна. Тиймээс бид Улаанбаатар хотод болон бусад газарт үйлдвэрлэл эрхэлдэг, бүтээгдэхүүнээ манай аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад нийлүүлдэг, хөл дээрээ тогтсон аж ахуйн нэгжүүдийг Өмнөговьд салбараа нээгээч гэж урьсан. Энэ ярилцлагаар дамжуулж та бүхнийг урьж буйгаа дахин илэрхийлье. Та бүхэн үйлдвэрийн салбараа манай аймгийн аль нэг сумд байгуулбал цахилгаан эрчим хүч, цэвэр, бохир ус зэрэг дэд бүтцээр хангаж, газраа үнэгүй ашиглуулахад бэлэн. Ингэснээр үйлдвэрүүд сумуудад байрлаж, шинэ ажлын байр бий болох юм. Үүнийг хийхэд амаргүй. Гэхдээ бид үйлдвэрлэл хөгжүүлэхгүйгээр, хэрэгцээтэй зүйлсээ гадаадаас импортолсоор байвал хөгжихгүй гэдгийг цар тахлын улмаас хил хаасан явдал тодорхой харууллаа. Манай аймаг “Нутгийн үйлдвэрлэгч”-ээс гадна “Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд “Бэлчээр усжуулах хоёрдугаар аян”-ыг зарласан. Сумуудад усны хомсдол маш их. Зүүн бүсэд гэхэд 150-200 метр гүн өрөмдөөд ч ус гарахгүй байх тохиолдол бий. Аяны хүрээнд малчдад худаг гаргаж өглөө. Малчид худгийн усаа ашиглан малаа усалж, мод, хүнсний ногоо тарьж болно. Бидний засварласан, шинээр гаргасан худгийн тоо өнгөрсөн онд 100-д хүрсэн. Өөрөөр хэлбэл, малын 100 бэлчээрийг усжуулж, малчдад бэлэг барьсан гэсэн үг. Нийт өртөг нь гурван тэрбум төгрөг болсон. Аймгийн 90 жилийн түүхэнд ийм олон худаг гаргасан удаа байхгүй.
-Өмнөговь аймаг өөрийн төсвийн хөрөнгөөр авто зам тавьж байгаа гэж сонссон.
-Баруун сумд руу авто зам тавьж байна. Эл ажлаа “Нутгийн зам” хөтөлбөр гэж нэрлэсэн. Энэ хөтөлбөр Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийнхтэй адил нэртэй. Одоогоор баруун талын сумд руугаа 154 км зам тавьчихаад байна. Цааш нь үргэлжлүүлж 160-аад км зам тавих шаардлагатай. Уг замын 80 км-ийг аймгийнхаа, 80 км-ийг нь улсын төсвийн хөрөнгөөр тавих саналаа Засгийн газарт хүргүүлсэн. Энэ зам Баяндалай, Ноён, Сэврэй сумын нутгаар дайрч, Гурвантэстэй холбогдчихвол Улаанбаатар хотоос манай аймгийн Хэрмэн цав, Нэмэгтийн хөндий, Хонгорын голын элс, Ноён богд, Ханын хэц гэсэн байгалийн үзэсгэлэнт газар луу саадгүй зорчих боломж бүрдэнэ. Энэ агуулгаараа аймгийн аялал жуулчлалын хөгжлийг дэмжих юм. Баруун сумдын иргэд аймаг, нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдохыг 90 жил хүлээсэн. Тэд маш их нугачаатай, машин тэрэг эвдэлдэг, дугуй хагалдаг хэцүү замаар зорчдог юм. Нутгийн иргэд 108 нугачаатай зам гэж ярьдаг. Мөн Монгол Улсын бусад суурин газар, Улаанбаатар хот Шивээхүрэнгийн боомттой авто замаар холбогдоно. Тиймээс энэ бол Засгийн газрын “Боомтын сэргэлт бодлого”-д багтах чухал ажил. Гурвантэс сумыг авто замаар холбосноор манай аймгийн баруун бүсэд үйл ажиллагаа явуулдаг уурхайнуудын хөгжилд ч тустай. Наад зах нь ачаа, зорчигч тээвэр нь саадгүй болно. “Нутгийн зам” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх өөр нэг ажил нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан Өмнөговь, Өвөрхангай аймгийг хатуу хучилттай авто замаар холбох төсөл. Энэ ажлыг угтуулан аймгийнхаа Булган, Мандал-Овоо сумыг дайрсан авто замын зургийг боловсруулж, Засгийн газарт хүлээлгэж өгөхөөр төсөвтөө хөрөнгө тусгасан. Мөн манай аймагт хамгийн их хүлээгдэж байгаа зүйл бол хангай нутгийн гол, мөрний үерийн буюу гадаргын усыг авчрах. Энэ талаар олон жил ярьсныг монголчууд мэднэ. Бид Засгийн газрын үйл ажиллагаатай уялдуулж, “Орхон-Онги” төслийг угтуулан Улаан нуураас Даланзадгад болон Тавантолгой руу ус шахах хоолой татах зураг төсөл хийлгэхээр хоёр тэрбум төгрөг төсөвлөн, тендер зарлалаа. Аймгийн төсвийн хөрөнгийн 50 орчим хувь нь гэр бүл, хүүхэд, залуучууд, боловсрол, эрүүл мэнд гээд нийгмийн салбарт зориулдаг. Даланзадгадад саяхан шинэ музей ашиглалтад оруулсан. Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” компанитай Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 10.9 тэрбум төгрөгөөр уг музейг барьж, ашиглалтад оруулсан юм. Зөвлөх архитектор Д.Балдан агсны зургаар анх удаа ийм музей Монголд ашиглалтад оруулж байна. Өмнөговь үлэг гүрвэлийн олдвор, археологи, палеонтлогийн өлгий нутаг. Манай аймгийн гурван нутгаас үлэг гүрвэлийн олдвор олдсон. Нэмэгт, Хэрмэн цаваас үл гүрвэлийн олон олдвор олдсон байдаг. Мөн Манлай сумын Шар цавт үлэг гүрвэлийн чулуужсан мөр бий. АНУ болон бусад орны байгалийн түүхийн музейд байгаа үлэг гүрвэлийн олдворуудын дийлэнх нь манай аймгаас гаралтай. Энэ музейг хүүхэд, залуучуудын танин мэдэхүйд зориулахаас гадна аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор байгуулсан. Өмнөговийн эдийн засаг зөвхөн уул уурхайгаас хараат байх нь зохимжгүй. Аймгийн төсвийн хөрөнгөөр барьсан 800 хүний суудалтай театрыг энэ сард ашиглалтад оруулна. Эл театрыг нэлээд өндөр өртгөөр удаан хугацаанд барилаа. Манай аймаг эдийн засгийн хөгжил сайтай ч гэмт хэрэг, зөрчил, эрүүл мэнд, хорт хавдраар улсдаа өндөр үзүүлэлттэй явна. Тиймээс бид “Эрүүл Өмнөговь” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй эрт илрүүлгийн үзлэгтэй давхцуулж аймгийнхаа бүх иргэнийг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байна. “Эрүүл Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд иргэдийнхээ заримыг нэг, заримыг нь хоёр жил тутамд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж, элэг, ходоод гэх мэт зонхилох хорт хавдрын өвчлөлийн учир шалтгааныг тодруулах зорилго тээж явна. Үүнээс гадна сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг хангах олон бүтээн байгуулалт хийсэн.
-Даланзадгад хотыг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин томорсон харагдлаа. Шинэ Даланзадгад гэсэн суурьшлийн бүс төлөвлөн хөгжүүлжээ. Энэ нь хүн амын тоо огцом өсөж буйн илэрхийлэл үү?
-Манай аймаг 2012 онд 48 мянган хүн амтай байсан. Түүнээс хойш хүн амын тоо огцом өсөж, одоо 73 мянгад хүрсэн.
-Уул уурхайн компаниуд төсвөөс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймагт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна вэ. “Оюутолгой” компани “Говийн оюу” сангаар дамжуулан жил бүр таван сая ам.долларын хөрөнгө оруулдгийг мэднэ.
-“Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” компани аймгийн төсвийн голыг бүрдүүлдэг. Өвлийн хэрэгцээний нүүрсийг хямд үнээр нийлүүлж, иргэдийг дулаан өвөлжих боломжоор хангадаг. “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн оноос аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, жил бүр гурван тэрбум төгрөг Өмнөговь аймгийн хөгжил дэвшилд зориулахаар болсон. “Энержи ресурс” компани аймгийн дулааны цахилгаан станцын нүүрсийг жил бүр үнэ төлбөргүй хангаж ирсэн. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хамтран хийдэг. МАК компани манай баруун гурван сумын импортоор авч буй цахилгааны шугам сүлжээг өөрийн хөрөнгөөр татсан. Импортын цахилгааны киловатт цагийн үнэ 250 төгрөг байгаа. Үүний 150 төгрөгийг иргэд төлж, үлдсэнийг нь МАК компани нийгмийн хариуцлагын хүрээнд хариуцдаг. Цахилгааны төлбөрт МАК компани жил бүр 10-аад тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн тооцоог бидэнд ирүүлсэн. Бусад компани ч хуулийн дагуу гэрээ байгуулж, тухайн сумынхаа оюутны сургалтын төлбөрийг төлөхөөс авхуулаад олон талаар хамтран ажиллаж байна. Гэхдээ бүгд хамтран ажиллаж байна гэвэл худлаа ярьсан болно. Нийгмийн хариуцлагагүй, үйл ажиллагаа нь тодорхойгүй компани ч бий. Манай аймагт авто замаа түрүүлж тавиад, дараа нь уул уурхайн бүтээгдэхүүнээ тээвэрлэхийг үүрэгдсэн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Тавантолгойн ордоос Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги-Мандалын боомт руу концессын гэрээний дагуу авто зам тавьж байгаа. Энэ ажил их удааширсан. Гашуунсухайтын боомтод БНХАУ-ын тал импортын хязгаар тавьсантай холбоотойгоор компаниуд Чойр болон Ханги-Мандалын боомт руу шороон замаар нүүрс тээвэрлэх болсон. Тиймээс энэ нь нутгийн малчид, иргэдийн дургүйцлийг төрүүлж байна. Нутаг, бэлчээрээр нь тоос, шороо манарган нүүрс тээвэрлэх нь малчид, ард иргэдэд хүндрэлтэй нь мэдээж. Засгийн газраас уг замыг хаахгүй байх үүрэг чиглэл өгсөн. Тиймээс иргэдэд үнэн мөнөөр нь ойлгуулж, тоосжилтыг бууруулахын тулд усалгаа хийхийг компани болон орон нутгийн удирдлагуудад даалгасан. Ханги-Мандалын буюу Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сумаар дамжиж, Дорноговь аймгийн нутаг руу орж буй энэ замыг ирэх онд ашиглалтад оруулна. Тиймээс ирэх оны сүүлч гэхэд зүүн чиглэлийн экспорт шороон замаар явахгүй гэж тооцож байна. Манай аймагт нүүрсний давхаргын метан хий, газрын тосны хайгуул хийж байгаа. Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан компаниуд дөрвөн талбайд хайгуул хийж байна. Мөн нефтийн хайгуул хийж эхэлсэн. Энэ бүгдийг орон нутгийн засаг захиргааны байгууллага дэмжиж ажиллах болно. Гэхдээ иргэдийнхээ саналыг сонсож, хэрхэн дэмжихээ уялдуулна.
-Танай аймаг гадаргын ус ашиглах талаар байнга санаачилга гаргадгийг мэднэ. “Хэрлэн говь”, “Орхон говь”, “Орхон-Онги”, “Хөх морь” гэх мэт төсөл хэрэгжүүлнэ гэж олон жил ярьсан. Гадаргын усыг ашиглахгүй бол өмнийн говьд уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр хөгжүүлэх боломжгүй гэдэг. Гэтэл Засгийн газар энэ талаар дорвитой алхам хийхгүй байна гэж шүүмжлэх хүмүүс бий. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Ямар нэгэн шийдвэр гаргана гэж итгэн хүлээж л байна. Уг нь голын усыг говь руу татахгүй юм. Зун гол, мөрөн их үерлэдэг. Үерийн усыг хуримтлуулж хиймэл нуур үүсгээд, түүнээс нь говь руу хоолойгоор ус шахах төслүүд гэж ойлгож байгаа. Ус хуримтлуулж, хэрэглэгч рүү түгээхээр Усны тухай болон Усны татварын тухай хуулийн дагуу тухайн аймгийн төсөв нэмэгдэнэ. Тэгэхээр говь руу ус шахах төслийг дэмжих нь тухайн бүс нутагтаа ашигтай юм. Говийн ард түмэн ямар нэг шийдвэр гаргаасай гэж хүлээж сууна.
-Өмнөговийн иргэд Балгасын улаан нуурын усаа уул уурхайн компаниудад ашиглуулахгүй гэж тэмцсэн. Шүүхээс аймгийн засаг захиргааг аж ахуйн нэгжийн хохирлыг барагдуулж, төлбөр төлөх шийдвэр гаргасан гэсэн. Төлбөрийг нь барагдуулсан уу?
-Бид Балгасын улаан нуурыг аймагтаа авч үлдсэний төлбөрт гурван тэрбум төгрөгийг нэг компанид төлж байна. Тэр компани шүүхдээд Балгасын улаан нуурт хайгуул хийсэн зардлаа нэхэмжилсэн. Шүүхийн шийдвэр нөгөө талд гарсан учир манай аймаг гурван тэрбум төгрөгийг жил бүр төсөвтөө суулгаад төлөөд явж байна. Энэ бол газар нутгаа, усны нөөцөө хамгаалж авч үлдсэний төлбөр. Монголд урьд өмнө ийм тохиолдол гарч байгаагүй байх.
-Хил, гааль хязгаарлалттай, нүүрсний экспорт хумигдмал байгаа үед Өмнөговийн төсөвт ямар нэг хүндрэл үүсэх үү?
-Энэ жил маш хүнд байх төлөвтэй байсан. Нүүрсний уртын тээврийг эхлүүллээ. Мөн Шивээхүрэн-Сэхэ боомт нээгдсэн. Цаашдаа нүүрсний экспортын задгай тээврийг зөвшөөрөх талаар яригдаж байна. Иймээс байдал дээрдэх болов уу гэсэн итгэл найдвар төрлөө. Бид цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг өндөр хэмжээнд сахиулахын тулд өөрсдөөс шалтгаалах бүх арга хэмжээг авсан. Орон нутгийнхаа төсвөөс мөнгө гаргаж, PCR шинжилгээний лаборатори байгуулан, Засгийн газрын өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байна.
-Хил, гаалийг нээх, хязгаарлалтыг тэлэх, нэвтэрч байгаа автомашины тоог нэмэхэд аймгийн Засаг дарга ямар оролцоо, эрх мэдэлтэй байдаг вэ. “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын үеэр ӨМӨЗО-ы Баяннуур аймгийн Засаг дарга хил, гаалийн хязгаарлалт тогтоох шийдвэрийг бие дааж гаргадаг. Тэгэхээр Өмнөговь аймгийн Засаг даргад зохицуулалт хийх эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй гэсэн санал гарч байсан.
-Монгол Улс цар тахлын хуулиар улаан түвшинд байгаа үед бид Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ажиллах учиртай. Энгийн үед аймгийн Засаг дарга ажлаа хийгээд явна. Гашуунсухайтын боомтод цар тахлын улаан түвшнийг бууруулаагүй байна. Тиймээс Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ажлын хэсгүүд оролцон ажиллаж байгаа.
-Өмнөговь аймгийн иргэд Цагаан дэл уул боомтыг нээхийг яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?
-Энэ боомт анх аялал жуулчлал, худалдаа наймааг хөгжүүлэх маршруттай байсан. Тооройн баяр хийдэг нутгаас шууд Даланзадгад орох авто зам тавихаар яригдаж байсан юм. Гэтэл авто замын маршрут өөрчлөгдөөд, уурхай руу чиглэсэн. Иймээс иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байх.