“Хайрхан аялагч” клубийн үүсгэн байгуулагч, уулын спортын мастер, зураач Ч.Ариунзул уулын спортоор 10 гаруй жил хичээллэж, дэлхийн долоон ноён оргилд мөрөө гаргахаар зорьж буй. Энэ хүсэл, мөрөөдлөө биелүүлэх анхны алхмаа Африк тивийн ноён оргил Килиманжарогоос эхлүүлж, 2013 онд нөхрийнхөө хамт авирав. Тэд эл оргилд авирсан анхны монгол гэр бүл болсон юм. Түүнээс хойш 2014 онд Эльбруст, 2015 онд Аконкагуад, 2019 онд Деналид амжилттай гарчээ. Энэ удаа нь Канченжунгад (8586 метр) бараалхаж, Эвересттэй дахин “золгох” зорилго өвөртөлж иржээ. Мөнх цаст оргилын аниргүй, ер бусын ертөнцөд өрнөдөг уулчдын өвөрмөц амьдралыг уран бүтээлдээ буулгаснаа ирэх намар үзэсгэлэнгээр толилуулах түүнтэй ярилцлаа.
-Монголчууд “Холын хүнээс үг сонс” гэдэг дээ. Эх орондоо ирсэн сэтгэгдлээс тань ярилцлагаа эхэлье.
-Монголд ирээд онгоцноос буухад хүмүүс “Та хэдэн жил бэлдэж, Канченжунгад авирсан бэ” гэж асуусан. Уулчид хоёр жил, хэдэн сар бэлтгэл хийчихээд оргилд авирдаггүй юм. Би 2010 оноос уулын спортоор хичээллэж, оргилд авчирч эхэлсэн. Эх орныхоо 4000, дараа нь 5000, 6000 метрийн өндөртэй уулсад авирсаар энэ оргилд гарах бэлтгэл хийсэн. Энэ удаагийн авиралт миний 10 жилийн бэлтгэл сургуулилалтын үр дүн байлаа. Өмнө нь Гималайн 8000 метрийн өндөр оргилд уулчид авирсан тухай анх сонсоод “Хөөх, тэнд чинь хүн эрсэддэг юм гэсэн” гэх ойлголттой байв. Ууланд авирснаас хойш энэ бодол минь өөрчлөгдөж, өөрийгөө сорих хүсэл, эрмэлзэл илүү төрөх болсон юм.
-Хүн бүхний зориглож зүглэдэггүй оргилуудад мөрөө гаргах хүсэл таны бас нэг хобби. Уул таныг адал явдлын адармаатай ертөнцөөр аялуулдаг нь тун сонирхолтой санагддаг юм.
-Дэлхийд 8000 метрийн өндөртэй 14 оргил бий. Үүний нэг нь Канченжунга (8586 метр). Мэргэжлийн уулчдад тэр оргилуудад авирна гэсэн челленж бий. Уул болгон өөрийн гэсэн онцлогтой. Канченжунга энэтхэгчүүдийн шүтээн. Энэтхэг, Непалын хилийн заагт оршдог. Энэ удаа олон улсын экспедицийн багийнхан хамтарч уулчдад авирах нөхцөл бүрдүүлсэн. Оргилд янз бүрийн орны уулчид авирсан юм. Тухайлбал, манай багт явсан найман хүнээс Италийн алдартай уулчин эл оргилд дөрөв дэх удаагаа авирлаа. Тэрбээр хүчилтөрөгчгүй авирах оролдлого хийсэн ч 8400 метрт хүрээд буцсан. Мөн Испанийн уулчин хоёр дахь удаагаа авирсан ч оргилд гарч чадсангүй. Миний хувьд тэдэнтэй аяллын багт багтсан минь том аз байв. Хүмүүс надаас 8000 метрийн өндөртэй оргилоос Эверестийг бус, хамгийн хэцүү Канченжунгаг яагаад сонгов гэж их асуусан. Бусад оргилоос ялгарах олон зүйл энэ ууланд бий. Уулчид авирахад 20, буухад 14 цаг зарцуулсан. Уулын спорт хүнийг хүмүүжүүлж, сэтгэлийн хаттай болоход сургадаг. Оргилд гарах авиралт үзэгчгүй, өрсөлдөгчгүй болохоор уулчид зөвхөн өөртэйгөө л тэмцдэг юм. Оргилоос авч байгаа эрч хүч, тэвчээр хатуужил, миний ажил, амьдралд их нөлөөлдөг шүү.
-Өнгөрсөн өвөл Алтай Таван Богдын Хүйтэний оргилд гарсан нь Канченжунгаг зорих зориг төрүүлсэн үү?
-Б.Гангаамаа, Д.Эрдэнэтогтох нартай Хүйтэний оргилд авирахаар төлөвлөж, нөхрөөсөө зөвшөөрөл авах гэж нэлээд гуйсан. Ес эхэлсэн хүйтэнд, шинэ оныг угтаж авах өдрүүдэд ямар ч хүнд оргилд авирах бодол төрөхгүй шүү дээ. Гэхдээ энэ бүхэн амьдралд минь дурсамж болж үлдэх аяллын ховорхон тохиох мөч байв. Бидний гол зорилго хүйтнийг тэсвэрлэж, даван туулах чадвараа шалгах байсан юм. Тэр авиралт дараагийн оргилд гарах том бэлтгэл болсон. 2019 онд Аляска мужид оршдог Хойд Америкийн ноён оргил Деналид Б.Гангаамаатай хамт авирсан юм. Тэр үед тэсвэр тэвчээрийн туйлыг харуулсан найзаасаа маш их зүйл сурсан. Энэ удаагийн авиралтад сурсан бүхнээ гаргалаа. Уул хүнийг зан чанар, сэтгэл зүй, мэдрэмж, ухаан, эр зориг, зорилго, бие даах чадвар, туршлага гээд олон зүйлээр шалгадаг. Денали уулчдын хүйтнийг тэсвэрлэх чадварыг маш их сорьдог. Тэнд жинхэнэ уулчин, болох эсэхийг шалгадаг болохоор Азиас эмэгтэйчүүд бараг ирдэггүй. Тэнд уулчид бүх зүйлээ өөрөө хийдэг. Бидэнд тэр авиралт томоохон сургалт болсон. Деналид шалгалт өгсний хүчинд Канченжунгад амжилттай авирлаа.
-Оргил зорьж ирэх хүнээ хүлээж авахдаа зориг, зорилгыг нь шалгадаг юм шиг ээ. Та “Авирахад амаргүй, 8000 метрийн өндөртэй оргилуудаас хамгийн чанга нь Канченжунга” гэж цахим хуудсандаа бичсэн байв.
-Би хоёр зорилготой явсан. Канченжунгад авирахдаа 6500 метрийн өндөрт зураг зурсан. Үүнээс гадна Непалд зурсан зургуудаараа намар үзэсгэлэн гаргана. Би багаасаа зураач, дизайнер мэргэжилтэй болохыг мөрөөддөг байлаа. МУБИС-ийн урлал техник, дизайны ангийг төгссөнийхөө дараа БНХАУ-ын Шанхайд хувцас дизайны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн юм. Монголд ирээд нөхөртэйгөө бизнес эхлүүлэхээр шийдэж, “Mild fashion shop” дэлгүүр нээж байв. 2008 оноос Японы “Mild cosmetics” гоо сайхны, арьс арчилгааны бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд импортолж эхэлсэн.
-Канченжунга оргил хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг тань мэдэж, сайхан ааштай угтсан байж болох.
-Уул зорьж ирсэн хүнээ л хүлээж авдаг. Канченжунгад авирах болсон түүх сонирхолтой. Гавьяат тамирчин Б.Гангаамаа энэ оргилд авирах тухайгаа анх зарласан шүү дээ. Бид хамт явах зорилготой байв. Би Эверестэд, Б.Гангаамаа Канченжунгад авирахаар төлөвлөсөн. Тэрбээр энэ удаа эрүүл мэндийн байдлаас болж өнжлөө. Надад энэ оргилд авирах бодол төрөх болж, охиныхоо хамт “Монгол мөрөөдөл-14” төслийн залуусаас Б.Гантулга, А.Баттогтох нартай цуг явсан. Намайг мөрөөдөл, хобби минь энэ оргил руу хөтөлсөн юм шүү. Өндөрт дасан зохицох бэлтгэл хийх тусам айдас холдож, зориг орсон. Оргилд зориггүй, зорилгогүй, сонирхолгүй хүн хэзээ ч авирахгүй. Надад энэ уул эмэгтэй хүний мэдрэмжийг бүх зүйлээрээ илэрхийлэх шиг санагдсан. Непалчууд өөрсдийгөө эртний
монголчууд гэж үздэг. Монголчууд 3000 жилийн өмнө Төвөдөөр дамжин нүүдэллэсээр Гималайд ирсэн гэх юм билээ. Тэндхийн хүн амын 15 хувь нь ази үндэстэн. Бидэнтэй ахуй, соёлоороо ч төстэй. Уулын лус савдгийг аргадах ёслол үйлдсэний дараа уулчид цаг агаар хамгийн таатай үед авиралтаа эхлүүлсэн. Ингэх нь монголчуудын уул, усаа шүтэх зан үйлтэй адил санагдаж билээ. Би бэлээс оройд нь хүртэл залбирсаар оргилд бараалхсан.
-Экстрим аяллаас төрсөн мэдрэмж, уран бүтээл туурвих олз, өөрийгөө ялсан амжилтаа олонтой хуваалцах нь танд ховор боломж мэт санагддаг уу?
-Би учиргүй шүтлэгтэй хүн биш. Гэхдээ байгалийг шүтэж мөнх тэнгэр, уул, ус, агаар, ургамлаас эрч хүч авдаг. Хоёр сар ууланд аялахдаа “Зөв үү, тав уу” подкаст сонссон минь их нөлөөллөө. Хүн байгаль хоёр салшгүй холбоотой. Уул амьтай, тэнд хүний сэтгэлийг татах ер бусын ертөнц бий. Уул, уулчин нэгнээ үгүйлэхээрээ далдын энергиэр холбогдож мэдэрдэг. Үүнийг л мэдрэмж гээд байгаа юм шүү дээ.
-“Миний гэрэл ажиллахгүй, бас хүчилтөрөгчгүй болсон байлаа. Надад олон удаа бууж өгөх амьдралын минь сүүлийн өдөр мэт санагдсан” гэж бичсэнийг тань нийгмийн сүлжээнээс уншаад буцах аялал нь ч бас амаргүй байсныг ойлгосон.
-Уулчид оргилд авираад буухдаа алдаа гаргадаг. Канченжунгад хоёр томоохон компанийн уулчдын баг авирсан юм. Нөгөө багийн 12 уулчнаас Энэтхэгийн залуу буухдаа 8200 метрийн өндөрт эндсэн. Биднийг оргилд гарчихаад бууж явахад тэрбээр дээшээ өгсөж байв. Хамт яваа шерпа нартаа “Би цааш явна” гэхэд тэд “Та оройтсон, одоо буух хэрэгтэй” гээд ярилцахыг нь сонссон. Уулчны алдаа, амжилт нэг л замтай. Алдаа, оноо нь анхны бөгөөд эцсийнх байдаг. Ийм харамсалтай мэдээг өглөө нь сонсоод цочирдсон. Хэдий танихгүй ч оргилд хамт авирсан нөхдийнхөө нэгийг алдах хэцүү. Би буухдаа өндрийн өөрчлөлтөд орж, нүдэндээ ер бусын сонин зүйлүүдийг олж харсан юм. Нөхөр минь надтай холбогдож “Чи буухдаа ямар их удав аа. Санаа зовж, репортыг чинь шөнөжин харлаа” гэж байлаа. Намайг гэртээ ирсний дараа л манайхан сэтгэл тайвширч, бүтэн нойртой хонодог.
-Та Канченжунгад бараалхаад Эверестийг зорьсон ч цаг агаарын тааламжгүй байдлаас болж буцсан. Тэндээс дахин оролдлого хийх зорилго өвөртөлж ирсэн гэдэгт эргэлзэхгүй байна.
-Эверест намайг хоёр дахь удаагаа буцаалаа. Эхнийхэд нь бие ядарч, гурав хоног амраад буцаад очтол цаг агаар хүлээж авсангүй. Үүгээрээ “Чи энэ удаа буц, дараа бүр зорьж ир. Чамд Канченжунгад авирсан нь хангалттай” гэж хэлэх шиг санагдсан. Надад авирахаар төлөвлөсөн оргилууд бий. Дараа бараалхах уулаа судлаад эхэлчихсэн. Ойрын хоёр жилд явах хоббигоо дарсан болохоор одоо уран бүтээлдээ анхаарлаа хандуулна.
-Таны сонирхдог зүйлүүд энгийн хүнийхээс өвөрмөц юм. Уул бүтээлийн тань нэг хэсэг болсон нууц нь юу юм бэ?
-Канченжунгад авирахдаа нар гарах хэсэгхэн хугацаанд үүлэн дундаас оргилын орой цухуйх агшныг 6500 метрийн өндөрт зурсан. Цаст Гималайн гоо үзэсгэлэн, байгалийн өвөрмөц өнгө, үзэгдэл, хувирлыг өөрийнхөө мэдрэмжээр илэрхийлэхийг зорьсон минь тэр. Есдүгээр сард толилуулах үзэсгэлэнгийнхээ бүтээлүүдээр уулчдад тохиолддог сонирхолтой зүйлүүдийг үзэгчидтэй хуваалцана. Оргилд усан будгаар хурдтай зурах техник шаарддаг. Ийм будгаар нарны гэрэлтэйд зурах нь илүү тохиромжтой. Байгалийн зургийг богино хугацаанд будгаа хатахаас нь өмнө 15-20 минутад зурж дуусгадаг.
-Зураачид дотоод сэтгэлийнхээ ертөнцөд тухлахдаа бясалгаж бодоод дараагийн бүтээлээ төрүүлдэг шиг санагддаг.
-Би өөр зүйл зурж болно. Гэхдээ миний сонирхдог зүйл уул. Хүсэж, зорьж буй зүйл минь уултай холбоотой байдаг. Уулыг харж зурахаасмэдрэмжээрээ зурах асар их ялгаатай. Уулыг нарны гэрэлд үүлний дундаас олж хараад зурах мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй. Уран бүтээлчид хэн нэгний анзаараагүй зүйлийг олж харахыг хичээдэг. Байгаль хүний сэтгэлийг татах увдистай. Үүгээрээ гоё, сайхныг урладаг нь гайхамшигтай. Энэ удаагийн авиралтын агшин бүр надад өөр мэдрэмж төрүүлсэн. Намайг аяллаас ирсний дараа зураачид “Одоо шинэ бүтээл ар араас нь төрүүлнэ биз дээ” гэсэн шүү.
-Уулчид ашиг олохгүй, авиралт нь үзэгчгүй. Үхлээс айхгүй оргилд авирахдаа тэд юуг мэдэрч, юуны талаар боддог бол гэж хүмүүс ярьдаг л юм.
-Оргилд авирна гэдэг өөрийгөө ялсны нэг илэрхийлэл. Тийм үед сэтгэлээ чагнаж, үгийг нь сонсдог. Аяллаас аз жаргал, эрх чөлөө, өөрийнхөөрөө байхыг мэдэрдэг. Уулчид оргилын аниргүй, нам гүмээс олон үзэгдлийг олж хардаг юм. Байгаль хүнд амьдрал, аз жаргал, эрч хүч, энерги бэлэглэдгээрээ маш том судлагдахуун болдог.
-Та Деналид даагаа нэхэж авирсан байх аа?
-Манайх гурван охин, нэг хүүтэй. Бид охидтой тул хүүтэй болох сон гэж хүсдэг байлаа. Деналид Б.Гангаамаатай авирахаар зэхэж байхдаа хөл хүнд болсноо мэдсэн. Хүүгээ төрүүлээд хоёр жилийн дараа Деналид даагаа нэхэж авирлаа. Одоо хүү минь таван настай. Үүнээс өмнө Аконкагуад Монголоос 11 хүн гарсан юм. Тэр оргилд авирсан уулчид хүүтэй, охинтой болохыг хүсэж хүслээ шивнэж билээ. Аконкагуа бидний хүслийг хүлээж авсан. Авирч ирснийхээ дараа бүл нэмсэн. Бид тэднийгээ “Аконкагуагийн хүүхдүүд” гэдэг. Би өөрийгөө сайн ээж, эзэгтэй гэж магтахгүй. Миний хувьд амралтын өдрөөр гэртээ өнжих нь ховор. Гэхдээ хийж байгаа зүйлээрээ гэрийнхэндээ үлгэр дуурайл болж яваа гэж боддог.
-Урландаа өнжих танд нэг бодлын сайхан амралт болдог биз?
-Надад амьдралын минь хором бүхэн үнэ цэнтэй. Дуртай ажил, сонирхдог зүйл, аялал, авиралт, уран бүтээлээсээ сэтгэлийн тайвшрал авч, амар амгаланг мэдэрдэг. Цайны цагаар урландаа тухлаад зургаа зурах дуртай. Бүтээлдээ төвлөрөх надад бясалгал болдог. Хүн хийж байгаа зүйлээсээ аз жаргал, баяр баяслыг мэдрэх чухал. Зорилго, хобби хүчтэй. Амь, амьдралаараа дэнчин тавих аялалд ч хөтөлж чаддаг. Спорт, урлаг намайг хөглөж, хөгжүүлж байна. Би зургаа зураад суухаараа илүү эмэгтэйлэг, ууланд авирахаараа эршүүд төрхтэй болдог. Уран бүтээлч хүн өөрт тохирох дүрүүдэд хувирдаг байх хэрэгтэй. Манайхан нэгнийхээ зорьж, сонирхдог зүйлийг хорьдоггүй. Залууст “Цаг хугацааг өдөр бүр үр дүнтэй өнгөрүүл. Дуртай ажлаа сэтгэл хангалуун хий, хоббигоо ч хөгжүүл. Өнөөдөр юу хийж, бүтээхийг хүсэж байна, түүнийгээ амжуул” гэж хэлэх дуртай.
-Та өөрийнхөөрөө, эсвэл өнөөдрөөр алинаар нь амьдрах дуртай хүн бэ?
-Дейл Карнегийн “Өнөөдрөөрөө амьдар” гэдэг үг таалагддаг. Түүний хэлсэн энэ үгийг бодоод урагшилж байна. Энэ номыг анх уншихдаа арай эрт олохгүй яав даа гэж бодож билээ. Хуучин ном нь одоо ч надад бий. Шинэчилсэн хувилбарыг нь худалдаж авсан. Ууланд авирах сонирхолтой, бизнесээ амжилттай авч явдаг олон хүн бий. Та одоо надтай байгууллагын удирдлагын дүрээр бус, хобби, зорилгодоо хөтлөгдөж оргилд авирсан энгийн нэг уулчин эмэгтэйтэй уулзаж байна. Хэрвээ бид ажил хэргээр уулзсан бол уулын тухай сонирхолтой яриа өрнөхгүй шүү дээ.
-Таныг уулчин, зураачаас гадна “Хайрхан аялагч” клубийн үүсгэн байгуулагчдын нэг гэдгээр хүмүүс мэддэг юм билээ.
-“Хайрхан аялагч” клуб байгуулагдаад 10 жил болж байна. Клубийн маань лого Хөвсгөлийн Хорьдол Сарьдаг хайрхан шүү дээ. Тус клубийн аялагчид энэ уулыг биширч шүтдэг. Бид Дархадын хотгороор аялж, уулсаар нь аялсан юм. Том хадан цохион дундуур явахад байгалийн ер бусын зүйлийг тэнд мэдэрч билээ.