Налайх дүүргээс нэгэн охин чөлөөт бөхөөр цахиур хагалж, дайчин, шийдэмгий барилдаануудаараа олны анхаарал татсан нь Б.Батцэцэг байв. Дасгалжуулагч Д.Мөнхбаяр түүнийг тус дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн сурагч байхад нь бөхөөр хичээллэх зан чанар, хурд, хүч, хөдөлгөөний эвсэл байгааг олж хараад шавиа болгосон гэдэг. Түүнийг өсвөрийн үе болон залуучуудын УАШТ-д дөрвөн удаа түрүүлэхэд багш нь 2010 онд Узбекистаны Ташкент хотод зохион байгуулсан өсвөр үеийн АШТ-д сойход амжилттай барилдаж, Сингапурт болох залуучуудын анхдугаар олимпод оролцох эрх өвөртлөв. Тэр жил түүнд аз, амжилт даллажээ. Тэрбээр Сингапурын дэвжээнд гялалзан, алтан медаль гардаж Монголын спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн юм. Дараа жил нь олны итгэл, найдварыг мөн л алдсангүй. Индонезийн Жакартад болсон Азийн аваргаас мөнгө медаль хүртэж дэлхийн дэвжээнд хүч сорив. Румыний Бухарест хотыг зорьж, залуучуудын ДАШТ-ээс хүрэл медальтай ирж, бөхийн хорхойтнуудыг баярлуулсан. Олонд ”Баавгай” нэрээр алдаршсан тэрбээр ид барилдах насандаа хүнд бэртэл авч дэвжээнд дахиж зодоглоогүй. Бөхийн талбарт хэсэгхэн хугацаанд хүч сорихдоо үеийнхнийхээ өмнө нь гаргаагүй амжилтын эзэн болж, шилдгүүдийн эгнээнд багтан “Алтан гадас”, олимпын хорооны “Алтан очир” одон, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан юм. Түүнтэй ярилцлаа.
-Тамирчид зодог тайлсан ч спортоос холдож чаддаггүй. Тухайлбал, та Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хороонд ахлах мэргэжилтнээр ажилладаг. Ажилдаа хэр сэтгэл хангалуун байна вэ?
-Би ажилдаа дуртай. Учир нь миний хичээллэдэг байсан спорттой салшгүй холбоотой. Тэгээд ч сонирхдог зүйлээ хийж байгаа болохоор сэтгэл хангалуун байдаг. Дүүргийнхээ Биеийн тамир, спортын хороонд ахлах мэргэжилтнээр анх ажиллахдаа учраа олохгүй нэг хэсэг мунгинасан. Тэр үеэ бодвол одоо ажилдаа гаршиж байна. Спорт хороонд ажиллах давуу талтай. Ажлаа тараад дэвжээндээ ирж бэлтгэл хийнгээ хүүхдүүдэд барилдааны мэхнүүд заадаг юм.
-Танд бөхийн хорхойтнуудыг огшоож явсан үе олон бий. Бэртлийн улмаас барилдахаа болиход хүмүүс дасгалжуулагч болж, тамирчид бэлтгэх болов уу гэж ярьдаг байлаа.
-Д.Мөнхбаяр багш шигээ дасгалжуулагч болох гэж үзсэн. Үнэхээр хэцүү ажил юм билээ. Өмнө нь түүнийг тамирчдаа бэлтгэл хийлгэхдээ “ингээч, тэгээч” гэж бухимдахад нь гайхдаг байв. Хүүхдүүд л болсон хойно хөдөлгөөнтэй, дэггүйтэж, ноцолдоно. Тэдэнтэй ажилласан хэд хоног хүнд санагдсан. Чимээ шуугианд нь чих дүнгэнэж, хоолой сөөчихсөн байсан.Тэр үед багшийн ажлын амаргүйг ойлгосон.
-Дуртай спортоосоо бэртэл, гэмтлийн улмаас холдсон нь та ганцаараа биш. Олон тамирчин ийм асуудалтай тулгардаг. Тэр үед хамт олон, дэвжээ, тэмцээнэ санаж үгүйлэх үе бишгүй байсан байлгүй.
-Тамирчдын сэтгэл зүй ийм үед илүү хямардаг. Энэ бүхэн олон саад бэрхшээлийг туулах нэг томоохон сорил болдог тал бий. Дэвжээ, бэлтгэл сургуулилалтаа үгүйлж сэтгэлээр унасан хүндхэн өдрүүдэд гэр бүл, багш минь их дэмжсэн. Харин одоо бол ажлаа хийгээд, дүүргийхээ тамирчдыг тэмцээнд оролцуулаад завгүй явна. Гавьяат тамирчин Т.Цэрэндолгорын нэрэмжит шидэлтийн төрлийн цомын аварга шалгаруулах тэмцээн Налайх дүүрэгт өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулахад Ж.Түмэнжаргал дасгалжуулагчаар ахлуулсан тамирчид багийн дүнгээр тэргүүн байр эзэллээ.
-Дүүргийн тань охид танаас үлгэр дуурайл авч энэ спортоор хичээллэсэн байдаг. Тэдний дунд эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа тамирчин цөөнгүй.
-Дэвжээнд барилдаанаараа ид цойлж байхдаа дүүргийнхээ залуусыг амжилтад уриалж, их спортод хөл тавиулсандаа баярладаг. Тэднээс ОУХМ М.Дөлгөөн “Баавгай Батцэцэг эгч шиг залуучуудын олимпын аварга болно” гэж чөлөөт бөхөөр хичээллэж байсан тэр өдөр өнөөдөр мэт санагдаж байна.
-Та дасгалжуулагч Д.Мөнхбаярын багшийн хайртай шавь нарынх нь нэг. Одоо ч гэсэн ойр ажиллахад зааж, зөвлөхөөс өгсүүлээд түшигтэй байдаг биз?
-Багш минь миний амьдралын хамгийн дотнын зөвлөгч. Тэрбээр амьдрал, ажилд хэрэг болох олон зүйд сургасан. Намайг тавдугаар ангийн сурагч байхад багш биеийн тамирын хичээл заадаг байлаа. Бөхийн спортод хөл тавьж, тамирчны замналаа эхлүүлэхэд гүүр болж, сургаж хүмүүжүүлсэн. Би чөлөөт бөхийн дэвжээнд өөрийн сайнд амжилт гаргаагүй. Багшийнхаа хичээл зүтгэлийн ачаар өдгөө олонд дурсагдах нэртэй болсон гэж боддог.
-УАШТ-ээс хүртсэн анхны хүрэл медаль цаашид амжилт гаргах, тив, дэлхийн дэвжээнд хүч сорих урам зориг хайрласан болов уу?
-Миний хувьд улсын аваргын өсвөр үе, залуучууд ангилалд нэг бус удаа түрүүлж, шагналын тавцанд зогссон. 2006 оноос амжилтынхаа гарааг эхлүүлж түрүүлснээс хойш улсын аваргаас 11 медаль хүртжээ. Тив, дэлхий, залуучуудын олимпын медаль энгэртээ зүүсэн амжилтаараа хааяа бахархдаг юм.
-“Сингапур-2010” залуучуудын анхдугаар олимпод түрүүлэхэд Налайхчууд баярлаж, томоохон баяр ёслолоос дутахгүй арга хэмжээ зохион байгуулж, аваргаа угтсаныг санаж байна.
-Манай дүүргийнхэн их спортлог. Хүмүүс нь өгөөмөр, тусархуу. Тэр тэмцээнд аварга болоод ирэхэд төрөлх дүүргийн минь иргэд сэтгэл өндөр хүлээж авсан нь одоо ч нүдэнд харагддаг. Тэр үеэс амжилт гаргаж, тив, дэлхийн шилдгүүдтэй дэвжээнд барилдахдаа ялж, ялагдаж явсан дурсамжуудаа дурсах сайхан байдаг юм.
-Амжилт гаргасан он жилүүдийн тань дурсамжаар аялъя. Залуучуудын анхдугаар олимпын нээлтийн бамбар асахыг хараад танд тэр үед ямар бодол төрсөн бэ?
-Том тэмцээнд оролцож байгаа болохоор монголчуудынхаа итгэл, найдварыг алдахгүйг их хичээсэн. Тэр үед энэ дэвжээнээс би алтан медаль заавал хүртэнэ дээ гэж бодож зогссон юм. Зорьсон хүсэл, мөрөөдөлдөө хүрч, тэндээс аваргын медальтай эх орондоо ирж байлаа.
-Аваргын төлөөх барилдаанд өмнө нь хоёр ч удаа таарсан Энэтхэгийн бөхтэй барилдсан. Түүнийг ямар мэхээр ялсан бэ?
-Дэвжээнд хүчтэй өрсөлдөгчөө ялчихаад сэтгэл догдолж зогсох мөч хамгийн сайхан агшин байлаа. Тэр мөчийг үгээр илэрхийлэхэд ч багадмаар санагдана. Шагналын тавцанд алтан медалиа зүүхдээ Монгол хүн болж төрснөөрөө баярласан, бас омогшсон. Тамирчин хүний хамгийн гоё мэдрэмж бол аварга болоод зогсох ялалтын агшин байдаг юм шүү дээ.
-Илүү үнэ цэнтэй ирсэн медаль танд цөөнгүй бий. Харахаар л тэр тэмцээн өөрийн эрхгүй бодогддог биз?
-2011 онд болсон залуучуудын дэлхийн аваргын медалийн төлөөх барилдаан хэзээ ч мартагддаггүй. Тэр тэмцээнээс хүрэл медалийг Монголоос ганцаараа би хүртсэн. Манайхан медальгүй хоцорч, бүгдээрээ надад итгэл, найдвар хүлээлгээд дэмжиж билээ.
-Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Таныг гэмтсэн үед гэр бүл, багшаас гадна Налайх дүүргийнхэн танд туслах аян зохион байгуулсныг саналаа.
-Тэр хүнд үед саад бэрхшээлүүдийг даван туулах надад амар байгаагүй. Хэцүү бүхэнтэй нүүр тулахдаа өөрөөсөө гарамгүй тэвчээр, эр зориг гаргасан. Үений хагалгаанд орох мэс засал миний дэвжээнд дахиж гарах эсэхийг шийдэх байв. Дүүргийн иргэдээс гадна бөхөд дуртай монголчууд сайхан сэтгэлээр нэгдэн хандив цуглуулж дуу нэгтэй миний төлөө хөдөлсөн. Надад өгөөмөр зангаар гар сунгаж тусалсан олонд үргэлж талархдаг шүү.
-Тэд одоо ч таны найдвартай ар тал болсоор байгаа шүү дээ.
-Тэгэлгүй яах вэ, чөлөөт бөхийн дэвжээнээс зодог тайлсан ч багшийнхаа удирдлагад ажилладаг. Багш минь “Миний охин мундаг, урамтай барилддаг байсан шүү” гэж урам өгч ярьдаг юм. Би бөхөөр хичээллэхдээ өөртөө олон өөрчлөлт хийсэн. Чөлөөт бөхийн тогоонд “чанагдаагүй” бол өөрийгөө ямар хүн болох байсныг төсөөлдөггүй.
-Ээжийг тань зорьж ирээд таны оролцсон тэмцээнийг үздэг байсныг хүмүүсээс сонссон.
-Аав, ээж минь миний амьдралын үнэнч, дотнын зөвлөгч. Тамирчин байхад амжилтын минь шүтэн бишрэгч байсан бол одоо амьдралын минь найдвартай ар тал. Намайг тэмцээнд оролцох бүрт амжилт хүсээд, сүү өргөж үддэг байв. Би гэр бүл, багшийнхаа дэм тусаар амжилтаас атгасан. Тиймээс тэдэнгүйгээр тэмцээн, шагналын тухай төсөөлшгүй.
-Налайх дүүргийн эмэгтэй тамирчдаас та “Баавгай” хочтой. Энэ хоч нь өдгөө олны дунд овог шиг алдаршжээ.
-Би өөрийгөө энэ нэрээр олны дунд тэгтлээ алдаршина гэж бодоогүй. Баавгай хүчтэй, эгдүүтэй амьтан. Би нэг жил тамирчидтайгаа зуны бэлтгэлд хамт гарсан юм. Тэгсэн үндэсний бөхийн ах нар намайг “Баавгай” гэж хочилж эхэллээ. Сүүлдээ хүмүүст ингэж дуудуулсаар байгаад бүр дасчихсан. Манай гэрт баавгайн чихмэл тоглоом нэлээд бий. Хүмүүс аварга болоход минь өхөөрдөж бэлэглэсэн юм. Одоо охин минь тоглодог.
-Чөлөөт бөхийн дэвжээнд С. Батцэцэг, А.Батцэцэг, Б.Батцэцэг гэсэн гурван бүсгүй барилдаж, олныг шуугиулдаг байлаа. Нэр нэгтнүүдтэйгээ холбоотой байдаг уу?
-С.Батцэцэг эгчийн амжилтаар бахархдаг. Дайчин, зоримог, шийдэмгий барилдаанаараа эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан шилдэг тамирчин. Уйгагүй хөдөлмөрлөсөн хичээл зүтгэлээрээ олон залууст үлгэр дуурайл болж, энэ спортод уриалсан гэж боддог.
-Ойрын үед хамт олон, найз нөхөдтэйгөө ямар сэдвээр ярилцав?
-Налайх дүүрэгт их уурхай байгуулсны түүхт 100 жилийн ой энэ жил тохиож байгаа. Тиймээс ажлынхантайгаа баяр наадмаа сайхан хийх сэн, харин найзуудтайгаа хүүхдүүдээ хэрхэн, гоё баярлуулах вэ гэж ярилцлаа. Аав минь гэр бүл, амьдралынхаа төлөө уурхайд ажиллаж, залуу насаа өнгөрөөсөн. Гэхдээ их уурхайд биш, дүүрэгт уурхайн олон жижиг ам бий, түүнд ажилладаг байв. Бидний төлөө амрах завгүй хөдөлмөрлөж, өдий зэрэгт хүргэсэн аав, ээжээрээ бахархах дуртай.
-Спортоос авсан хамгийн том бэлэг тань юу вэ?
-Зөв хүн болж хүмүүжсэн төлөвшил минь. Тамирчин болж, амжилт гаргахын тулд тэвчээр, хатуужлаас суралцах ёстой гэдгийг бөхөөр хичээллэх үеэсээ тархиндаа суулгасан. Спортод амжилт гаргах амаргүй. Тэр дундаа жин хасах бүр хүнд. Уйгагүй хичээж, бэлтгэл хийсний хүчинд жиндээ орж, медалиас шүүрэх сайхан. Монголд “Mongolia open” олон улсын тэмцээнийг анх зохион байгуулахад амжилттай оролцохын тулд 73 кг-аас 57 кг хүртэл хассан маань миний хувьд маш их тэвчээр байлаа. Спорт бол хүндлэл, бас хайр, аз жаргал бэлэглэдэг шүү дээ.
-Таны одоогийн ажлыг хань, үр хүүхдүүд нь хэр ойлгож, дэмждэг вэ?
-Нөхөр минь спортын хүн болохоор миний ажлыг сайн ойлгодог. Охин минь одоо таван настай. Спортод сонирхолтой, ээж шигээ бөх болно гэж ярьдаг юм.
-Эгчийгээ тамирчин байхыг багаасаа харж өссөн болохоор дүү нар тань бөхийн төрлийн спортоор сонирхож хичээллэдэг үү?
-Миний нэг дүү Налайх дүүргийн 103 дугаар сургуульд бага ангийн багш. Дөрвөн хүүхдийн ээж. Тэрбээр хүүхэд байхдаа чөлөөт бөхөөр надтай хамт хичээллэдэг байсан юм. Бага дүү наймдугаар ангид сурдаг. Бөхөөс өөр спортын төрлийн тэмцээнд оролцож, медаль хүртээд байгаа. Мод таталт, хөнгөн атлетикийн шидэлтийн төрөл, бадминтоноор хичээллэдэг.
-Энэ спортоор хичээллэж байгаа залууст өөдрөг үгээр урам хайрлаач. Магадгүй хэн нэгэн шантарсан бол урам өгч, дэвжээнд буцааж авчрах ч юм бил үү?
-Дүүргийнхээ залуу тамирчдаас М.Дөлгөөнөөр их бахархдаг. Бид нэг багшийн шавь. Тэрбээр миний залгамж халаа болж гарч ирсэн. Чөлөөт бөхийн дэвжээнд миний гаргаж чадаагүй амжилтуудыг гаргаж яваа. Энэ ташрамд, дүүдээ олимп, дэлхийн аварга болоорой гэж ерөөе.