Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд буй. Уг хуулийн төсөл нь зарим талаар учир дутагдалтай, сайжруулах шаардлагатай хэмээн мэргэжлийн холбоод байр сууриа илэрхийлж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын шинжээч Н.Жамъянхүүтэй эл хуулийн төслийн талаар ярилцлаа.
-Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг багагүй хугацаанд боловсрууллаа. Ямар шинэчлэлүүд хийж байгаа вэ?
-Наадам зохион байгуулахтай холбоотой маргаантай хэд хэдэн асуудал бий. Жишээлбэл, сэргээш, эрлийз адуу маргаан дагуулдаг. Эдгээрээс гадна цол, чимэг олгох, баяр наадам зохион байгуулахтай холбоотой зарим асуудлыг зохицуулах хүрээнд хуулийг илүү боловсронгуй болгох шаардлага тулгарсан. Одоогийн хуульд долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх зохицуулалттай. Гэтэл зэвсэгт хүчний баяр, бүсийн наадам, шигшмэл хүлгийн уралдааныг Засгийн газрын тогтоол, шийдвэрээр зохион байгуулдаг. Эдгээр уралдаан наадамд түрүүлсэн, удаалсан уяачдад цол олгохыг одоогийн хуулиар зохицуулдаг. Энэ нь хуулийн хүрээ хязгаараас давсан зохицуулалт болчихоод буй юм. Жишээ нь, бүсийн наадмуудад тодорхой амжилт үзүүлсэн бол цол, чимэг олгодог. Үндэсний их баяр наадамд морь нь түрүүлээгүй, айрагдаагүй атал бүсийн наадамд амжилт үзүүлбэл улсын цол авах боломжтой. Үүнээс үүдэн цолын үнэлэмж буурах, хавтгайрах тохиолдол бий. Тиймээс улсын наадамд морь нь түрүүлсэн, айрагдсан тохиолдолд цол, чимэг олгох, мөн бусад баяр наадамд цол, чимэг олгохгүй байх өөрчлөлт оруулж буй. Өөрөөр хэлбэл, бөх, уяач, харваачийн цол, чимэг олгох асуудлыг тодорхой болгоно гэсэн үг.
Түүнчлэн өмнө нь хуулиа зөрчсөн дүрэм, журам олон гаргасан юм билээ. Жишээ нь, Засгийн газар наадам болох өдрийг шийдвэрлэдэг. Хуулийн төсөлд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой онцлог зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасан өдөр л наадмаа хийнэ. Харин онцгой нөхцөл байдлын үед өөр өдөр болон газарт Засгийн газрын шийдвэрээр хийж болох зохицуулалттай. Жишээ нь, говийн аймгуудад ган гачиг ихтэй бол наадмаа хойшлуулж болох юм. Гэхдээ наймдугаар сарын 10-наас оройтуулж болохгүй гэсэн заалт оруулж буй. Түүнчлэн төсвийн хэмнэлтийн хүрээнд хүн ам цөөтэй зэргэлдээ сумууд баяр наадмаа хамтран зохион байгуулж болно. Мөн улс, аймаг, сумын наадам барилдах бөхийн тоог тогтоосон. Жишээ нь, улсын баяр наадамд 1024, 512, аймагт 128 хүртэл, сумд 64 хүртэлх бөх барилдахаар хуульчилж байна.
Сэргээш хэрэглэсэн бол хариуцлагыг чангатгах зохицуулалтыг мөн хуулийн төсөлд тусгасан. Түүнчлэн хурдан морины бүртгэлийг Малын генетик нөөцийн тухай хуулийн тавдугаар зүйлд заасан, мэдээллийн санд малыг бүртгэхтэй холбоотой зохицуулалттай уялдуулахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, хурдан морины гений түвшинд монгол морины бүртгэлийг хийх юм. Уг бүртгэлээ ашиглан хурдан морийг уралдуулах, эсэхийг шийдвэрлэнэ. Мөн 1998 оноос хойш шагайн харвааг наадмаар зохион байгуулж ирсэн. Гэвч хуулийн зохицуулалтгүй, өөрсдийн дүрмээрээ зохион байгуулдаг. Тиймээс шагайн харвааг зохион байгуулах, цол, чимэг олгох, хэрэглэгдэхүүний стандарттай холбоотой зохицуулалтыг хуулийн төсөлд тусгалаа. Түүнчлэн шагайн харвааг Үндэсний их баяр наадмаар зохион байгуулахад шаардлагатай төсөв, хөрөнгийг хуулийн дагуу гаргах боломж бүрдэнэ. Морины бүртгэлийг наадмын өглөө бус, гурав хоногийн өмнө хийх бөгөөд үүнтэй холбоотой маргаан гарвал уг хугацаанд шийдвэрлэх боломжтой юм. Мөн бүртгэлийг олон нийтэд нээлттэй, ил тод байхаар заасан.
-2003 оны хуульд сэргээшийн асуудлыг зохицуулах заалтууд байдаг шүү дээ.
-Үндэсний их баяр наадмын тухай хуулийг 2003 онд баталсан. Үүнээс өмнө дүрэм, журмаар наадмаа зохион байгуулж байв. Харин 2003 оноос хуульчлан, өв соёл, төрт ёсны их баяр наадам гэдэг утгаар нь төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болгон, бөхийн барилдаан, сурын харваа, хурдан морины уралдааныг зохион байгуулах, цол, чимэг олгохтой холбоотой эрх зүйн орчин бүрдэж байв. Уг хуульд зургаан удаа, давхардсан тоогоор нийт 54 нэмэлт, өөрчлөлт оруулсан. Эдгээр өөрчлөлтөөр допинг хэрэглэхийг хориглож, хэрэглэсэн бол хариуцлага тооцдог болох юм. Тухайлбал, бөхийн барилдах эрхийг хоёр хүртэлх жилээр хасахаар зохицуулсан байдаг. Үндэсний бөхийн салбар комиссоос допинг хэрэглэсэн бөхийн эрх хасах саналаа Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисст хүргүүлдэг. Уг комисс шийдвэрээ гаргасан бол Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг. Түүнчлэн 2003 оны хуульд нэмэлтээр оруулсан нэг чухал өөрчлөлт нь 1024 бөх барилдсан бол ес болон 10 давсан бөхөд цол олгох талаар нарийвчлан тусгасан байв. Шинэчилсэн найруулгын төслөөр уг зохицуулалтыг улам нарийвчлан, аль болох маргаангүй байдлаар цол, чимэг олгох, баяр наадмаа зохион байгуулахыг эрмэлзэж буй.
-Тухайлбал сэргээшийн асуудлыг хэрхэн цэгцлэх вэ?
-Манай улс Дэлхийн допингийн эсрэг холбоонд элссэн. Үндэсний бөх, сурын харваач нь тамирчны адил сэргээшийн шинжилгээ заавал өгөх ёстой. Шинжилгээний хариу эерэг гарлаа гэхэд Олон улсын допингийн эсрэг дүрмээр хариуцлага хүлээлгэнэ. Хуулийн төсөлд Олон улсын допингийн эсрэг дүрэм баримталж, хариуцлага тооцох зохицуулалтыг тусгасан. Өөрөөр хэлбэл, хариуцлагыг чангатгасан гэсэн үг. Орос, АНУ аль ч улс уг дүрмийг мөрддөг. Зайлшгүй буюу эмчилгээний шаардлагаар хориглосон бодис агуулсан эм хэрэглэх бол допингийн эсрэг байгууллагад мэдэгдэж, зөвлөгөө авах үүрэгтэй. Манайд сэргээшийн талаарх дүрэм байдаггүй. Одоо эл дүрмийг боловсруулж буй юм билээ. Бөхийн дэвжээ, дасгалжуулагч, эмч нь бөх, сурын харваачийг сэргээш хэрэглэхийг шаардсан, хэрэглүүлсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг мөн бий. Тухайлбал, дасгалжуулагчийн эрхийг хоёр жилээр хасах заалттай. Мөн мөнгөн торгуулийн хэмжээг Зөрчлийн тухай хуульд оруулсан. Дэвжээг 2000 хүртэлх нэгжээр торгоно гэж заасан байгаа. Морины уяач, сурын харваачийн эрх, үүргээс гадна тэдний ёс зүйн асуудлыг хуулийн төсөлд тодорхой заасан. Тухайлбал, бөх, уяач, харваач ёс зүйгүй үйлдэл гаргасан бол наадмын өрсөлдөөнөөс хасах, оролцуулахгүй байх ёстой.
-Мэргэжлийн холбоодын оролцоог хэрхэн хангасан бэ, саналуудыг нь хуулийн төсөлд тусгасан уу. Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооныхон хуулийн төслийн зарим заалтыг эсэргүүцэн, морьтой жагсаал зохион байгуулахаа мэдэгдсэн.
-Хуулийн төслийг 2020 оны IV улирлаас боловсруулж эхэлсэн. 2020 оны аравдугаар сарын 17-нд анхны хэлэлцүүлгийг ХЗДХЯ-нд уяачдын холбоотой хамтран хийсэн юм. Улмаар 2021 оны I, II улиралд ажлын хэсэг нэлээд эрчимтэй ажилласан. Бөхийн, уяачдын, шагай, сурын холбооныхныг урьж, хэд хэдэн удаа хэлэлцүүлэг зохион байгууллаа. Онлайн болон танхимаар 10 орчим хэлэлцүүлэг хийсэн протокол, огноотойгоо бий. 2021 оны 3-5 дугаар сард цар тахалтай холбоотойгоор онлайн уулзалтууд зохион байгуулсан. “Клаб хаус” цахим сүлжээ ашиглан хоёр өдрийн хэлэлцүүлэг хийж, малчин, судлаач, уяач, морь сонирхогч иргэдийг хамруулсан. Үүгээр хурдан морины уралдаан зохион байгуулахдаа үүлдэрлэг байдлыг харах уу, сэрвээний өндрөөр нь тооцох уу, эсвэл хоёуланг нь харгалзан үзэх үү зэрэг асуудлыг нээлттэй ярилцсан.
-Уралдуулах морийг сэрвээний өндрөөр сонгоно гэж хуулийн төсөлд тусгасан байсан. Ямар шалтгаанаар энэ шийдлийг сонгосон юм бэ?
-Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хурдан морины стандартыг шинэчлэн боловсруулахаар байгаа. Гурван төрлийн стандарт байгааг шинэчилж, нэг болгоно. Өдгөө 300 мянга орчим хурдан морь бий гэсэн тоо байдаг. Малын генетик нөөцийн тухай хуулийн 5.2, 5.7-д заасны дагуу малын мэдээллийн санд хурдан морийг бүртгэнэ. Ингэхдээ үнэхээр монгол морь уу гэдгийг генийн түвшинд ялгаж бүртгэх юм. Уралдаан эхлэхэд гений санд бүртгэсэн морь уу, үгүй юү гэдгийг тулгаж, шалгана. Дээрх мэдээллийн сангийн бүртгэл цар тахлаас болоод хоёр жил завсарласан. Тиймээс одоохондоо сэрвээний өндрийг харгалзах гээд байгаа юм. Ялангуяа хурдан морины гений санг бүрдүүлэх ажил удаашралтай яваа. Энэ бүртгэлийн хамгийн цаад хугацааг таван жил хэмээн тооцоолж буй. Тиймээс хуулийн шилжилтийн үеийн зохицуулалтад зөвхөн эл заалтын хэрэгжих хугацааг 2025 он гэж заасан. Энэ хооронд бүртгэлээ бүрэн хийж, монгол морио генээр нь бүртгэдэг болно. Монгол морины стандарт, малын бүртгэлийг ашиглан хурдан тухайн хүлгийг баяр наадмаар уралдуулах, эсэхийг шийднэ гэсэн үг. Ингэснээр Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан маргаангүй болно гэж үзэж байна. Тэр болтол сэрвээний өндрөөрөө л тооцно. Үүлдэрлэг байдлыг харгалзахаар маш их маргаан дагуулдаг. Улмаар бүртгэж байгаа хүн нь ашиг сонирхлын зөрчил, авлигад өртөх магадлал өндөр болдог. Энэ жил сэрвээний өндрийн хэмжээг лазер тоног төхөөрөмж ашиглан, аль болох хүний оролцоогүйгээр тогтоохоор зохион байгуулж буй юм билээ.
-Монгол гүүг эрлийз адуутай үржилд оруулах нь түгээмэл болсон талаар иргэд ярьдаг. Гол нь гүү том унага гаргаж чадалгүй ихэнхдээ хээлтэйгээ үхдэг гэх мэдээлэл ч байна. Энэ монгол морины удмын санг устгах эрсдэлтэй гэж зарим судлаач хэлсэн.
-Хамгийн гол нь уг хуулийн төслөөр гений түвшинд судлаад монгол уу, эрлийз үү гэдгийг ялгаж уралдуулахыг зохицуулж буй. Мэдээллийн сангаа л бүрдүүлчихвэл маргаашаас нь л ялгаад уралдуулчих боломж бүрдэнэ. Мэдээллийн сан бүрдүүлэх нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны чиг үүрэг. “Ковид-19”-өөс шалтгаалан уг ажил саатсан гэж ойлгож байна. Энэ нь нэг хүн оффист суугаад хийчих ажил бус, тусгай багийнхан бүх аймаг, сумаар явж, малаас сорьж авч, нэгбүрчлэн бүртгэдэг.
-Бөх, морин уралдааны асуудлыг та түлхүү ярилаа. Сүүлийн үед сурын харваанд бас булхай гардаг болж. Наадам дууссан ч маргаан тасрахаа больсон. Үүнд тодорхой зохицуулалт, шийдэл байна уу?
-Сурын харваатай холбоотой хэд хэдэн зохицуулалт төсөлд тусгасан. Тухайлбал, одоогийн эрх зүйн зохицуулалтаар эхний таван байрт шалгарсан харваачаас допингийн шинжилгээ авдаг. Шинэчилсэн найруулгын төсөлд эхний найман байрт орсон бол шинжилгээ авахаар тусгалаа. Учир нь эхний таван байрт орсон харваачдаас допинг илэрвэл тэдний цол, чимгийг хурааж, удаалсанд нь нөхөн олгодог. Өөрөөр хэлбэл, зургаа, долоо, наймд орсон хүн урагшилна. Гэтэл тухай хүн нь шинжилгээ өгөөгүй байдаг учраас шинжилгээнд эхний найман байрт орсон харваачдыг хамруулахаар төлөвлөсөн. Бусад эрх, үүргийн нарийвчилсан зохицуулалт нь морь, бөхтэйгөө адил.
-Хүүхдийн эрхийг зөрчихгүй байх талаар хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ?
-Морь унах хүүхдийн наснаас авхуулаад эрхийг нь хамгаалах зохицуулалтыг нэлээд нухацтай хэлэлцэж, нарийн тусгалаа. Морь унах насны доод хязгаар уламжлалын хувьд долоо байдаг. Эрийн гурван наадмыг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд бага насны хүүхэд холын зайд тэсвэр хатуужлаар уралддагийг голлох нөхцөл болгосон. Бид долоогоос дээш насны хүүхэд хурдан морь унаж уралдана хэмээн төсөлд оруулсан. Магадгүй хуулийн төслийн хэлэлцүүлгийн шатанд энэ нь өөрчлөгдөж болно. Мөн хамгаалах хэрэгслийн найдвартай байдал, стандартыг тусгаж, даатгалыг уралдааны гурван өдөр бус, бүтэн жилээр хийлгэх зэргийг заалаа. Мөн бөх, сур, шагай, хурдан морины хэрэглэгдэхүүний стандартыг батлахаар хуулийн төсөлд тусгасан. Тухайлбал, хурдан морины хүүхдийн хэрэгсэл болох ташуур, цулбуур нь тодорхой хэмжээтэй байх зэргийг стандартад нарийн заасан. Энэ нь хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой. Жишээ нь, урт цулбуураараа хажуугийн хүүхдээ ороолгож унагадаг. Гялгар уутаар бусад морийг үргээх зэрэг зүй бус аргыг томчууд хүүхдэд заасан зэрэг асуудал тулгардаг. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн эрхийн байгууллагуудын саналыг бүрэн авсан. Тэд бас хяналт тавих үүрэгтэй. Хурдан морины уралдаанд хүүхдийн эрхийг хангаагүй уяачид Зөрчлийн тухай хуулиар, ноцтой үр дагавартай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
-Наадамд амжилт гаргасан бөхчүүд цол, чимгээ гурван сарын дараа авна гэж төсөлд тусгасныг зарим хүн нэлээд шүүмжилж байсан. Энэ тал дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Улсын баяр наадамд үндэсний бөхийн барилдааны дөрвийн даваанаас эхлэн сэргээшийн шинжилгээ авна. Бөх, харваачдын сэргээшийн шинжилгээний хариу гарсны дараа цол, чимгийг албажуулж, Ерөнхийлөгчийн зарлиг гаргуулъя гэдэг заалт тусгалаа. Энэ зохицуулалтыг Монголын үндэсний бөхийн холбооныхон дэмжсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан ч санал нэг байгаа. Тэгэхгүй бол цол, чимгийг нь гардуулсны дараа маргаан үүсдэг шүү дээ. Улмаар Ерөнхийлөгч гаргасан зарлигаа хүчингүй болгох асуудал бас үүсэж байна.
-Дүүргийн наадам гэдэг шинэ нэр томьёо гаргаж ирээд байгаа юм билээ. Улсын наадмаа нийслэлд зохион байгуулчихаад дахиад дүүргийн наадам хийх нь хэр зохимжтой вэ?
-Нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг онцлогтой. Хүн ам олон, аймгийн хэмжээний дүүрэг. Нийслэлээс 100 гаруй км зайтай. Тиймээс өмнө нь дүүргийн наадмаа хийж ирсэн. Үүнийг л хуульчилж байгаа юм. Дүүргийн цол байхгүй, аймгийнхтай адилтгаж үздэг жишгээрээ л явна. Үүнийг л албажуулах юм.
-Хуулийн шинэчилсэн найруулгыг баталчихвал хэзээнээс хэрэгжүүлэх вэ. Наадам хаяанд ирчихлээ шүү дээ.
-Ердийн журмаараа л хэрэгжүүлнэ. Хуулийг батлаад, “Төрийн мэдээлэл” сэтгүүлд гаргасан л бол шууд хэрэгжүүлнэ.