Монгол Улс НҮБ-ын далбаан дор энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой, Олон улсын энхийг сахиулагчдын өдөр өчигдөр тохиолоо. НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы 2003 оны А/57/129 дүгээр тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 29-нийг Олон улсын энхийг сахиулагчдын өдөр болгон тэмдэглэхээр тогтсон бол, манай Засгийн газрын 2012 оны 140 дүгээр тогтоолын дагуу энэ өдрийг жил бүр тэмдэглэж эхэлсэн юм. Энэ ойг тохиолдуулан бригадын генерал Д.Баярсайхантай ярилцлаа. НҮБ-аас Өмнөд Суданд явуулж буй UNMISS ажиллагааны хойд секторын командлагч, АНУ тэргүүтэй эвслийн Иракт явуулсан “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд Монголын цэргийн багаа удирдаж явсан гээд түүний эрхэлж байсан ажлын талаар бичвэл нэлээд урт жагсаалт болох биз ээ.
-Монгол Улс НҮБ-ын болон олон улсын энхийг дэмжих, олон улсын цэргийн ажиллагаанд оролцоод 20 жил болжээ. Энэ хугацаанд манай Зэвсэгт хүчин нэлээд хэдэн ажиллагаанд амжилттай оролцож эх орныхоо нэрийг сайхан авч яваа. Хэд хэдэн ажиллагаанд оролцож, гадаадын олон орны цэргийг удирдаж явсан хүний хувьд энэ бүхнийг та хэрхэн үнэлж дүгнэдэг вэ?
-Юуны өмнө Монгол Улсын Зэвсэгт хүчин дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн мэндийг энэ их үйлсийг бүтээхэд оролцсон бүх хүнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. НҮБ-ын хэмжээнд жил бүрийн тавдугаар сарын 29-нийг Энхийг сахиулагчдын өдөр гэж тэмдэглэж, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн энхийг сахиулагчдын дурсгалыг хүндэтгэдэг заншилтай. Манай улсын Зэвсэгт хүчин дэлхийн хамтын нийгэмлэгийн энэ үйлсэд оролцож эхэлснээс хойш 20 жил болжээ. Энэ хугацаанд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн мандаттай Конго, Эритрей, Баруун Сахар, Сьерра Леон, Косово, Судан, Өмнөд Судан, тус зөвлөлөөс зөвшөөрсөн Ирак, Афганистанд явуулсан олон улсын цэргийн ажиллагаанд оролцсон байна. Эргээд харахад гадаадаас, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны мэргэжилтнүүдийг урьж хичээл заалгаж байсан үеэ бодвол бид нэлээд туршлага хуримтлуулж, зарим үед өөрсдөө гадаадын орнуудад очиж хичээл заах хүртэл хэмжээнд хүрчээ.
-Энхийг сахиулагчдаа гадаадад илгээх хууль, эрх зүйн орчин, нөхцөл бүрдүүлэхэд оролцсон хүний нэг бол та. Манай улс цэр гээ энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах боломжтой гэж улс төр, судалгааны түвшинд үзээд үйл ажиллагааг эхлүүлэхэд таны оролцоо их байсан гэдэг. Ийм чухал ажиллагааг эхлүүлэхэд гарч байсан бэрхшээл юу байв?
-Миний одоогийн ойлгож байгаагаар тухайн үеийн ЗХЖШ-ын дарга, удирдах бүрэлдэхүүний боловсон хүчин бэлтгэх арга ухаанд байсан юм болов уу. Нэгэнт төр, засгаас олон улсын ийм ажиллагаанд оролцох нь Зэвсэгт хүчний тайван цагт гүйцэтгэх үүргийн нэг байна гээд хуульчилсан, өөрөөр хэлбэл, ийм ажиллагаанд яаж оролцох тухай дарга нар бодоод эхэлчихсэн байсан үе. Тухайн үед дэд хурандаа С.Амарсайхан бид хоёрыг Энхийг сахиулах ажиллагааны дамжаанд явуулж, хожим нь энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр ажиллуулах гээд бэлтгэж байсан юм болов уу. 1999 оны зургадугаар сарын сүүлчээр ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Дашзэвэг намайг Энхийг сахиулах ажиллагааны албаны ахлах мэргэжилтнээр томилсон юм. Мэдээж шинэ ажиллагааг эхлүүлж байсан болохоор бэрхшээл их байсан. Хүмүүсээ яаж сургаж бэлтгэх, ар талын болоод сэтгэл зүйн бэлтгэлийг хэрхэн хангуулах гээд өмнө нь ийм ажиллагаанд оролцож байгаагүй болохоор мэдэхгүй, чадахгүй зүйл их байлаа. Энэ бүхнийг даван туулахад тухайн үеийн ЗХЖШ-ын дарга нар, удирдлагын гар нийлсэн ажиллагаа их дэм болсон. ЗХЖШ-ын даргаар дэслэгч генерал Ц.Дашзэвэгийг ажиллаж байх үед бид анхны цэргийн ажиглагч нараа явуулж эхэлсэн бол дэслэгч генерал Ц.Тогоогийн үед олон улсын цэргийн ажиллагаанд цэргийн нэгж баг оролцуулж эхэлсэн. Улс орны эдийн засгийн байдал хүнд үед гадагшаа илгээх баг цэргийн ар талын хангалтын асуудлыг зохицуулахад ихээхэн бэрхшээлтэй тулгарч байсныг ЗХЖШ-ын удирдлагын бүрэлдэхүүний гар нийлсэн ажиллагааны үр дүнд зохицуулж чадсан гэж боддог. Энд миний шууд захирах дарга байсан, хошууч генерал Г.Рагчаагийн нэрийг дурсахгүй өнгөрч болохгүй. Өнөөгийн бидний яриад байгаа энхийг сахиулах ажиллагааны үр дүн, ач холбогдол энэ хүний хийсэн бүтээсэнтэй салшгүй холбоотой. Ний нуугүй хэлэхэд, би манай Зэвсэгт хүчнээс энхийг сахиулах ажиллагаанд зөвхөн ажиглагч офицер л явуулж чадна, тэрнээс биш цэргийн баг явуулахад нэлээд хугацаа шаардагдана гэж бодож байв. Харин Г.Рагчаа генерал “Бид эхний ээлжид рот явуулж чадна” гэсэн өөдрөг бодолтой байсан. Түүнийгээ ч гадаад, дотоодын албаны хүмүүст илэрхийлдэг байлаа. Ингээд 20 жилийн дараа эргээд харахад бид ажиглагч офицер бүү хэл, 850 хүнтэй батальон явуулаад штабын офицер, командлагчийн орлогч хүртэл илгээчихсэн байна. Энэ бүх үйл явцын амжилт бол манай Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын үе үеийн удирдах бүрэлдэхүүний зоримог шийдвэртэй ажиллагааны үр дүн гэж үзэх ёстой.
-Цэргийн ажиглагчаар Конгод хурандаа Р.Даваадорж, Ч.Ерөөлцэнгэл нарыг илгээснээр Монгол Улсын энхийг сахиулах ажиллагааны түүх эхэлсэн гэж үздэг.
-Зарим хүн энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн түүхийг миний ажиллаж байсан албыг байгуулсан цагаас тоолох ёстой гэдэг. Миний бодлоор анхны хоёр ажиглагч офицер оролцуулснаар тооцох ёстой. Тэгэж үзээд өнөөдөр бид 20 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа юм. 1999 оноос хойш удаан хүлээсний эцэст манай ГХЯ-ныхны уйгагүй хөөцөлдөлгөөний үр дүнд 2002 онд НҮБ-аас Бүгд Найрамдах Конго Улсад зохион явуулж байгаа ажиллагаанд хоёр хүн оролцуулах хуваарь ирүүлсэн. НҮБ-ын цэргийн ажиглагч офицероор хэн дуртай, хүссэн болгоныг явуулаад байдаггүй алба. Мэдээж юуны өмнө тухайн ажиллагааны хэл буюу англи хэлтэй, Зэвсэгт хүчинд тодорхой хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан офицерууд байх ёстой гэж үзээд тэр үед ЗХЖШ-ын Эмнэлгийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан, дэд хурандаа Р.Даваадорж, манай энхийг сахиулах ажиллагааны албны мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Ерөөлцэнгэл нарыг сонгож, илгээж байсан юм. Хоёр офицер маань үүргээ маш сайн биелүүлээд, ихээхэн туршлага хуримтлуулж ирсэн, яах аргагүй анхны энхийг сахиулагч юм. Энэ завшааныг ашиглаад ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрынхан, НҮБ-д суугаа үе үеийн Байнгын төлөөлөгчийн газрынханд нийт энхийг сахиулагчдынхаа нэрийн өмнөөс талархлаа илэрхийлж, ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе. Ялангуяа, энхийг сахиулах ажиллагааг эхлүүлэхэд тухайн үед хамтран ажиллаж байсан ГХЯ-ны мэргэжилтэн Д.Зоригт, Г.Баттунгалаг болон бусад эрхмийг бид онцолж түүхэндээ тэмдэглэн үлдээх ёстой.
-Ирак, Афганистаны дайн гэж ярьдаг. Гэтэл таны ярьж байгаагаар энхийг сахиулах ажиллагаа гэж тайлбарлаж байна. Энэ ямар учиртайг дэлгэрүүлэхгүй юү?
-Бидний хамгийн анхны оролцсон энхийн ажиллагаа бол “Иракийн эрх чөлөө” нэртэй олон улсын цэргийн ажиллагаа байсан. Тэнд цэргийн баг ахалж явсны хувьд эрх зүйн талаас ч, цэргийн урлагийн талаасаа ч бидний хувьд тухайн ажиллагаа бол энхийн ажиллагаа байсан гэж хэлнэ. 2001 онд энхийг сахиулах ажиллагааны хуулийг УИХ-аар батлуулахаар оруулж байхад таны тавьсантай ижил асуултыг гишүүд асууж байсан. Бид хоёр л тайлбар хийсэн. Нэгдүгээрт, Иракт явуулж байсан олон улсын цэргийн ажиллагааг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зөвшөөрсөн, хоёрдугаарт, манай цэргийн багийн албан ёсны нэр нь Энхийг сахиулах ажиллагааны рот гэж байсан. Хэдийгээр Ирак, Афганистанд явуулсан Олон улсын цэргийн ажиллагаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн мандатгүй ч тэндээс гаргасан зөвшөөрөлтэй учраас эрх зүйн хувьд харшлах зүйлгүй байсан юм. Энд тэмдэглэж хэлэхэд, “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээр бид энхийг сахиулах ажиллагаанд оролцож чадна гэдгээ дэлхийн хамтын нийгэмлэгт харуулсан.
-Иракт ахлагч Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндон нар гавьяа байгуулсан. Баг ахалж явсан хүний хувьд яг тухайн үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр эргэн дурсахгүй юу. Ээлжээ хүлээлцээд эргэж ирэх үедээ ч алан хядагчдын отолтыг танайхан тойрч гарсан гэдэг.
-Энэ талаар өмнө нь хэвлэлд зөндөө ярьсан болохоор аль болох товч дурсъя. Бид тухайн баазын аюулгүй байдлыг хангах ажлаа хүлээж аваад дөнгөж 19 хонож байтал буюу хоёрдугаар сарын 18-ны өглөө 07.15 цагт угсруулсан хоёр дэлбэрэлт болсон юм. Эхнийх нь баазын хашааг дэлбэлж машин орох зай гаргах, хоёр дахь нь 750 кг сум, галт хэрэгсэл ачсан автомашинтай амиа золиослогч байсан юм байж. Ахлагч Г.Аззаяа хоёр дахь машины жолоочийг буудаж, машин нь тэр дороо дэлбэрсэн тохиолдол болсон. Бидэнд тэр дэлбэрэлт маш их зүйл ойлгуулж, мэдрүүлж, сургасан гэж ойлгодог. Миний хувьд хүчтэй дэлбэрэлт гэж ямар байдаг, ийм үйл явдлын дараа бие бүрэлдэхүүний сэтгэл зүй яаж өөрчлөгддөг, тэдгээрийг буцааж байлдааны бэлэн байдалд яаж оруулах гээд сургалтын танхимд заалгаж байгаагүй маш их зүйлийг сурч, биеэр мэдэрсэн өдрүүд байлаа. Ахлагч Ш.Самбуу-Ёндон ямар гавьяа байгуулсан болоод яригдаад байдаг юм бэ гэж хүмүүс сонирхдог. Энэ хүн Г.Аззаяагийн байрласан постоос хамгийн ойр буюу 60 орчим метрийн зайд үүрэг гүйцэтгэж байсан. Хоёр дахь дэлбэрэлтийг хийхийн тулд эсрэг талынхан манайхны анхаарлыг татах гэж өөр цэгт тусгайлсан бортоготой утаа гаргасныг Ш.Самбуу-Ёндон буудаж устгаснаар эсрэг талынханд Г.Аззаяаг ганцаараа биш шүү гэдгийг ойлгуулсан. Түүнээс хойш дайралт дахин хийх өндөр магадлалтай, түгшүүртэй байсан ч цэргүүдээрээ бахархсан, бусдаар хүндлүүлсэн сайхан өдрүүд өнгөрсөн.
Манай баг цэрэгт тохиолдох байсан хоёр дахь халдлага биднийг тус улсаас гарч явах замд Иракийн сөрөг хүчнээс зохион байгуулсан отолт байв. Бид Иракаас Кувейт рүү явах төлөвлөгөөг журмын дагуу үндсэн, нөөц гэж боловсруулж дарга нар танилцаад бүх зүйлийг нарийвчлан бэлтгэсэн. Цуваа хөдлөхийн өмнөх орой төлөвлөгөөг дахин тодотгоод би усанд орохоор явлаа. Цагийн байдал хүнд байсан болохоор шүршүүрт орж байхад гадуур хамгаалалт гардаг юм. Гэтэл тэр шүршүүрийг цэвэрлэдэг ирак эр “Оройтчихлоо, цэвэрлэгээ хиймээр байна” гэхээр нь зөвшөөрөн орууллаа. Намайг хувцаслаж байхад тэр хүн надаас “Эрхэм ээ, та нар маргааш өглөө эрт буцах гэж байгаа гэл үү” гэж асуухад нь “Тийм ээ” л гэлээ. Ямар хэрэгт дуртай нөхөр вэ гэж бодохын хажуугаар “Яагаад бидний буцах цаг нарыг мэдээд байна” гэж бодогдов. “Чи хаанаас мэдээ вэ” гэхэд “Өө, та нарын талаар Эл-Хилла даяар мэдэж байгаа” гэдэг юм байна. Эл-Хилла гэдэг нь бидний байрлаж байсан хот л доо. Би тэндээс гараад өөрийн орлогч Ө.Эрдэнэ-Очирыг дуудаж нөхцөл байдлыг хэлээд “Маргааш нөөц төлөвлөгөөний дагуу цуваа явна шүү, энэ талаар хэнд ч хэлж болохгүй” гэж үүрэг өгсөн. Өглөө цуваа хөдлөхийн өмнө би холбооны станцаараа “Төлөвлөгөө өөрчлөгдсөн, бид хангалтын төв замаар явахгүй, нөөц замаар явна” гэж хоёр удаа давтаж хэлэхэд бүх дарга нар “Ойлголоо” гэж хариулав. Ингээд бид нөөц замаар явсаар их амралт зайлшгүй хийх шаардлагатай “Садар” баазад ирээд амралгүйгээр, зарим автомашиндаа шатахуун дүүргээд үргэлжлүүлэн цааш явж, оройхон Кувэйт дэх Дамжин өнгөрөх баазад ирлээ. Тэнд Польшийн офицерууд “Та нар дажгүй явж ирэв үү?” хэмээн биднийг угтсан. “Сайн явж ирлээ” гэхэд “Манайхан хангалтын төв зам дээр отолтод орчихжээ. Нэг алба хаагч амь үрэгдэж, таван цэрэг хүнд шархадсан” гэж байна. Тодруулан асуутал бидний хамгаалж байсан “Чарли” баазын үүдэнд бидэнд зам тавьж өгсөн Польшийн эргүүлийн цуваа хангалтын төв замаар буюу бидний үндсэн төлөвлөгөөнд тусгасан замаар явж байгаад 152 мм-ийн гаубыц (их буу)-ийн сумыг газар булж урьдчилан бэлтгэсэн минад өртсөн байж. Дээр надтай таарсан Иракийн иргэний хэлээд байсан нь үүнтэй холбоотой юм болов уу гэж бодогдмоор байгаа биз. Ингэж бид Иракаас гарч байлаа.
-Танай бааз дээр эвслийн бусад орны цэргүүд ирж хоног төөрүүлдэг байсан гэсэн. Ер нь тэр халдлагын дараа бусад орны цэргийнхэн та нарт хэрхэн хандаж байв?
-Тэр том дэлбэрэлтийн дараа хориглон хамгаалж байсан баазаас маань нэг ч хүн амь үрэгдээгүй болохоор монголчууд баазыг хамгаалж чадсан гэдгээ харуулсан. Уг нь Кувэйтээс Багдад болон нутгийн хойд чиглэлд явж байгаа эвслийн цэргийнхэн их амралтаа “Садар” гэдэг баазад өнгөрүүлдэг журамтай. Гэтэл манай баазад ирээд гадаа ил задгай ороо дэлгээд л унтацгаадаг болсон байв. Айхавтар хүндлэл гэдгийг миний хэдэн бор цэргүүд ёстой үзэх шиг л болсон доо. “Дарга нар нь яаж туслах уу, хэрэгтэй зүйл байвал хэлээрэй” гээд л, хориглолтод байх өдрүүдэд дэлбэрэлтийн үед нурсан хамгаалалтыг өөрсдөө ирж босгож өгөөд л, манайхны найзууд гэх гадаадын цэргүүд бидний байраар холхиод л. Олон сайхан тэнгэрлэг залуусыг удирдаж явсан үеэ дурсахад таатай байна. Бид жил бүрийн хоёрдугаар сарын 18-нд цуглаж уулзалдахдаа тэр үеийг дахин дурсацгаадаг. Хүний амьдралд олон сайхан бахархалтай мөч байдаг. Надад монгол цэргийн дарга гэдгээрээ бахархсан хоёр сайхан учрал тэр үед тохиож байлаа. Эхнийх нь эвслийн цэргийн дарга нарын уулзалт, зөвлөгөөн сар бүрийн эхний долоо хоногт дивиз дээр болно. Хоёрдугаар сарын зөвлөгөөнд оролцох гээд очиход Америкийн нэг офицер надтай зөвлөгөөний танхимын үүдэнд юм ярьж байгаад танхим руу хамт ороход тэнд байсан бүх дарга нар босож алга ташин намайг угтсан. Удаах нь Иракаас ирээд яг нэг жилийн дараа, дэлбэрэлтийн үед шархадсан манай инженерийн офицер, ахмад Дорждэмбэрэлийн Баттүвшингийн аав, ээжээс надад баярласан талархсанаа илэрхийлсэн их гоё үгтэй утасны мессеж ирсэн. Уг мессеж тухайн үед шагнуулсан ямар ч шагналаас илүү сэтгэл хөдөлгөсөн талархал байлаа. Энэ завшааныг ашиглаад тэр үед хамт явж байсан зэвсэг нэгт нөхдөдөө болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Манайхан Өмнөд Суданд 2011 оноос хойш өнөөг хүртэл үүрэг гүйцэтгэж байгаа. Таныг Өмнөд Судан улсад НҮБ-аас явуулж байгаа ажиллагааны Секторын командлагч, Цэргийн командлагчийн орлогчоор ажиллаж байсныг мэднэ. Олон улс үндэстний цэргийг удирдахад ямар бэрхшээл гардаг вэ. Монголын цэргүүдтэйгээ хэрхэн холбогдож байсан бол?
-Тэр ажиллагааны мандат буюу энхийг сахиулагчдын үндсэн үүрэг нь “Иргэдийг хамгаалах” гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс өгсөн байдаг. Манай хурандаа Б.Эрдэнэбат захирагчтай III ээлжийн цэргийн багийг байх үед буюу 2013 оны сүүлчээр тус улсын хоёр том ястан хоорондоо эвдрэлцэж иргэний дайн дэгдсэн. Өмнөд Суданы Засгийн газрын цэрэг, түүнийг эсэргүүцэгч хүчин аль аль нь иргэдээ алж хядаад, орон гэрийг нь түйвээгээд эхэлсэн. Энэ аюулаас НҮБ-ын цэрэг иргэдийг нь хамгаалдаг. Орон гэрээсээ дайжсан иргэд нь НҮБ-аас хамгаалалт хүсэж, тус улсад байгуулсан НҮБ-ын баазууд дээр нийтдээ 250 мянга орчим хүн хамгаалалтад орсон. Манайхны байрладаг Бентью хотын НҮБ-ын бааз дээр гэхэд эмэгтэйчүүд, хүүхэд, хөгшид нийлсэн 120 мянган хүнтэй хамгийн том бааз байгуулж байсан. Нөхцөл байдлыг НҮБ авч хэлэлцээд тэнд алба хааж байгаа цэргийн тоог 8000-аар нэмж, удирдлагаа дөрвөн бүс болгож хуваасан юм. 2014 оны намар миний бие Хойд секторын команлагчаар томилогдон очиж байлаа. Манай секторт Өмнөд Суданы орон гэрээсээ дайжигсдын талаас илүү хувь нь байсан болохоор тэдэнд гаднаас ирэх аюул гэхээсээ илүү дотоодын аюулгүй байдлыг хангуулах ажил маш хүнд. Иргэний дайны байдал намжих нь уу гэж байтал манай секторын штаб байрлаж байсан хотод Засгийн газрын цэрэг нь дотроо дахин талцан байлдаж эхэлсэн. Энэ үед НҮБ-ын хамгаалалтад байсан иргэд нь хоорондоо зодолдоод дахин тусгаарлахгүй бол хүний амь эрсдэх аюул хүртэл бий болж байлаа. Тухайн үед ихээхэн хүндрэлтэй байсан зүйл бол байлдааны талбараас иргэдийг нь аюулгүй гаргаж авах асуудал байлаа. Дарга, удирдлагуудтай нь хэлэлцээр хийж байлдааны ажиллагаа нь түр зогсмогц 180 хүн гаргаж авч байсан тохиолдол ч бий. Нэг удаа миний удирдлагад байсан Бангладешийн цэргүүдийг сөрөг хүчнийхэн барьцаалсан явдал гарч, дөрөв хоногийн дараа тэднийг очиж авч байлаа. Харин тэнд байгаа НҮБ-ын цэргийн командлагчийн орлогчоор ажиллаж байхад байдал арай өөр, харилцах хүмүүс, албан тушаалтнуудынх нь зиндаа ондоо болохоор ажиллах нөхцөл нь харьцангуй аюулгүй талдаа. Тэр албан тушаалд байхдаа хэд хэдэн ажиллагаа удирдаж, зохион байгуулж байсны хамгийн томд НҮБ-аас тус ажиллагаанд хүч нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн 4000 цэргийг Өмнөд Суданы Батлан хамгаалах яам, Жанжин штабаар зөвшөөрүүлсэн явдал. Миний өмнө энэ ажлыг хийж байсан хүн тус улсынхантай хэл амаа ололцож чадаагүй асуудлыг тэр чигт нь үлдээсэн болохоор тэдэнтэй учраа олох гэж бас л нэлээд “ажил” болсон. Монголын батальоны хувьд албан ёсоор миний оперативын удирдлагад байсан 15 600 цэргийн л нэгэн адил үүргээ гүйцэтгэж байсан ч элэг нь ондоо, тэдэнд ногдох ачаалал нь ч өөр байсан гэж үздэг.
-Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны 20 жилийн ойг тохиолдуулан бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Танд эрүүл энх, сайн сайхныг хүсье.
-Танд ч бас баярласнаа илэрхийлье. Их том асуудлуудыг нэлээд товчлон ярилцлаа. Таны ажилд амжилт хүсье.