Амай нэрээрээ олонд танигдсан Ж.Золбаярын “Гайхамшигт ертөнц” номоос “Хаандаа бараалхав” тэмдэглэлийн хэсгийг нь уншигчдадаа хүргэж байна. Амьдралын утга учир, байгаль дэлхий хүн хоёрын харилцаа, соёл иргэншлүүдийн ялгаа, хөгжлийн нууцыг олж ирэхээр тэрбээр 2005 оны арваннэгдүгээр сарын 4-нөөс хойш аян замд гарч, дэлхий дахинд мөрөө гаргасан. Урт аяллынхаа явцад ойлгосон, ухаарсан зүйлүүдээ уг тэмдэглэлдээ тусгажээ. “Хэрэв би эзэнтэй улсын иргэн байсан бол хол аян замаасаа ирээд ажлын тайлангаа олноо өргөмжлөгдсөн хаандаа ингэж өгөх байсан болов уу гэж төсөөлөн бичсэн” хэмээн тэрбээр энэ бүтээлээ тодотгосон байна.
Хүндэтгэлийн дээлээ өмссөн Амай монгол гэрт баруун хөлөөрөө алхан зочилж, төрийн ёсоо даган хос баганын өмнө хаандаа мөрөө өглөө. Зүүн хөлөө түшин босож ирээд, баруун алгаа зүрхэн дээрээ тавин зөөлөн өнгөөр “Жаа! Хүмүүн төрөлхтний өнө эртний соёл иргэншлийн, тэнгри шүтээнтэй Хүн гаралт аугаа монгол үндэстний хаан таны, амар амгаланг эрье. Ойрад Монголын Бат овогтон Жамбалсүрэнгийн Золбаяр, Амай миний бие олон жилийн хүнд бөгөөд маш аюултай “Монгол Бадарчин” төслөө амжилттай хэрэгжүүлэн, аян замдаа сайн явж, мэдлэг туршлага арвинтай ирлээ” гэв. Гэрийн хойморт морилсон, буурал сахалтай нас хэвийсэн өвгөн, боргил хоолойгоор “Зээ, Амай минь! Сайн явж, үүргээ амжилттай биелүүлсэнд баяр хүргэе. Дээшээ морилж цай уу, идээ амс” гээд суух газрыг хажуудаа заалаа.
Хааны баруун гар талд эрэмбэ дарааллаараа суусан эрэгтэй зочид босоод, нэг суудал доош шилжиж, Амай хүндэт зочдын араар гаран, Хааны баруун гар талд нь завилан суув. Нутгийн идээг хүндлэн, баруун гарын хуруунуудын өндгөөр тавгийн доод талаас нь хүрээд, цагаан идээнээс амслаа. Өврөөсөө хоёр ном гарган, гарчгийг нь хаанд уншигдахаар тааруулаад, Төрийн тэргүүнээ хүндэтгэн бөхийж өргөн барихдаа “Христийн шашны тооллын XXI зууны эхэн үед дэлхий дээр амьдрал ямар байсныг фото зурагтай тэмдэглэн хойч үедээ үлдээсээр байгаа “Монгол Бадарчин” номынхоо дээжээс танд өргөн барьюу” гэлээ. Хаан “Гайхамшигт ертөнц”, “Дэлхийн нэг өдөр” гэж гарчиглаад, зулайгаа номд хүргэн хойд авдар дээрээ тавив.
Хаан: -Бадарчны соёлын тухай зочдод ярина уу гэж зарлигдав.
Амай: -Залуу байхдаа МУИС-ийн багш аавынхаа номын сангийн олон мянган ном дундаас бадарчин гэх монгол хүмүүсийн түүхийг анх олж уншаад гайхаж билээ. Тэд ард түмнээ соён гэгээрүүлэхийн тулд ус ууж, хоол иддэг “бадар” гэх аяганаас бусад, хувийн жаргал, гэр бүл, үр хүүхэд, эд хогшил, хөрөнгө мөнгөнөөс татгалзан, Тэнгрийн салхийг даган амьдралын утга учрыг олохоор маш хүнд хэцүү аян замыг ганцаардлын удаан хугацаанд туулдаг байжээ. Занабазар гэгээнтэн бас бадарчны аян замаасаа ирээд Тэнгри шүтээнтний түүхэндээ нэрээ мөнхөлж, бүтээлүүдээ хойч үедээ өвлүүлсэн байдаг. Бадарчингууд тухайн цаг үед их газар тархан суурьшсан монгол түмний гол мэдээллийн эх сурвалж, соёлын элч нар болж, өнөөгийн интернэтийн үүргийг гүйцэтгэж байжээ. Капитализм гэх хөрөнгөтний тогтолцоонд зуу зуун жил дарлагдсан барууны ард түмний зохиосон социализм гэх тогтолцоог Монголд хэрэгжүүлж байсан ардын засаглалын цаг үед “Бадарчин гэдэг бол гуйлгачин, тэнүүлч, зальтай хүн” мэтээр худал ухуулга суртлыг олон түмэнд түгээж, бидний дотоодын сүлжээг түр хугацаанд хаасан түүх бий. Өнөө үед ч гэсэн бадарчин гэхээр гуйлгачин, тэнүүлч гэж ойлгож явдаг боловсрол муутай хүн манайд олон. Харин эртний түүх судраа мэддэг, өв уламжлалаа дээдэлдэг монгол хүмүүс нь мэдлэг олж ард олондоо хуваалцахаар өөрийн амьдрал, амь нас, эрүүл мэндээ золиослон, өлсөж цанган яваа бадарчныг хүндэлдэг. Гэрт нь бадарчин зочлох үед тэд ихэд бэлгэшээн дээш суулгаж, идээ ундааны дээдээр дайлаад, явсан хүний үгийг нь сонсон, ерөөл магтаал, дуу хуураар нь гэрийнхээ жавраа үргээдэг. Хувийн жаргал, ашиг хонжоо хөөн амьдардаг хүмүүс нь ард олондоо амьдралаа зориулдаг бадарчныг ойлгож чаддаггүй. Ерээд оны төрийн эргэлтийн дараа эдийн засаг, улс төрийн хямралд орсон Монгол Улсаа аврах арга зам хайхын тулд би хувийн дуу хөгжим, видео студийг зарж, үлдсэнийг нь тараагаад, Христийн тооллын 2005 оны арваннэгдүгээр сарын 4-нд хөгжлийн нууцыг олохоор үүргэвчиндээ амьдралаа авч явах “Монгол Бадарчин” аян замаа наран жаргах зүгээс эхлүүлж байлаа. Бадарчлал, даяанчлал, бясалгалын арван дөрвөн жилийн хугацаанд олж, ойлгосон зүйлсээ www.amai.mn блогтоо хадгалан, “Явсан хүнээс үг сонс” цуврал уулзалтын үеэр бусадтайгаа хуваалцаж, “Монгол Бадарчин” цуврал номоороо олон түмэнд хүргэсээр байна. Дэлхий илүү нээлттэй болсон өнөө үед ертөнцийн дөрвөн зүг, найман зовхист хүрч, Монголын сэргэн мандалтад хэрэгтэй болгоныг авчрах дараагийн олон бадарчингуудаа бас бэлдсээр.
Хаан: -Амьдралын утга учир юу болохыг хэрхэн ойлгов?
Амай: -Энэ бол миний хариулт хайж явсан олон асуултын нэг. Хаанахын, хэдэн настай, хэн гэдэг хүмүүн надаас асууж буйгаас шалтгаалан янз бүрээр хариулж болох ч олон жилийн хугацаанд өөр өөр соёл иргэншлийн олон сая хүмүүний амьдралыг дотроос нь үзэж судалсан хүний хувьд амьдралын утга учир бол “Хуваалцах” гэж хариулмаар санагдаж байна.
Хаан: -Энэ тэгээд юу гэсэн үг вэ?
Амай: -Аль нутгийн, ямар соёл иргэншлийн хэдэн настай хэн байхаас үл хамааран хүмүүн нь хуваалцах үедээ л хамгийн аз жаргалтай байна гэв. Сүүлийн хариулт гэр дотор нам гүм авчирлаа. Хүн бүр амьдралынхаа турш өөрөөсөө асууж, зөв хариулт хайдаг “том” сэдвийг ийм энгийн үгээр тодорхойлсонд бүгд гайхаж байлаа.
Хаан: Сүүлийн 17 жил гүйцэтгэж буй ажлынхаа тухай товч тайлагнавал юу гэмээр байна?
Амай: -Хүмүүн төрөлхтний энэ цаг үеийн хөгжлийн нууцыг олохын тулд аюултай хэцүү аян замыг 12 жилийн хугацаанд туулж, тэс өөр байгаль, эдийн засаг, сүр хүчтэй 86 улсын нийслэлд нь тусгаар улсынхаа далбааг мандуулж, өөр өөр үүсэл гарал, шашин, шүтлэгтэй олон сая хүмүүнтэй уулзан, төрөл бүрийн ном сударт гүн нэвтэрч байж дэлхий дээр яг юу болоод байгааг мэдэрч, ойлголоо. Монгол Улсаа хэрхэн хурдан хөгжүүлж болох аргыг ч оллоо. Зочилсон нутаг тус бүрийн байгалийн гоо үзэсгэлэн, түүх, соёл, ёс заншил, аж амьдрал, нийгмийн зохион байгуулалтыг биечлэн судлаад, XXI зууны эхэн үед хүмүүн төрөлхтний амьдрал ямар байсныг тэмдэглэсэн фото зурагтай маш том мэдээллийн сан бүрдүүлж авчирлаа. Тайлангийнхаа багахан хэсгээр “Монгол Бадарчин” зургаан боть ном хэвлүүлж, 24 000 ширхгийг гадаад, дотоодод буй олон мянган монголчууддаа уншуулж, дэлхийг гаднын ном судраар биш, монгол хүний нүдээр харах шинэ цонх бий болголоо.
Хаан: -Замд тохиолдсон хэцүү бэрхээс ярь, хүү минь?
Амай: -Миний бие тээр нэг өдөр хөлгийн жолоо залахдаа аян зам ийм аюултай, хүнд бэрх байна гэж төсөөлөөгүй юм. Өмнө нь ийм замыг туулаад туршлагаа үлдээсэн монгол хүний монгол хэлээр бичсэн тэмдэглэл, заавар байгаагүй тул өдөр бүр шинэ үйл явдал, бэрхшээлтэй биеэрээ тулгарч, асуудлуудыг шийдсээр ирлээ. Дэлхийн тухай олдсон ном, сонин, мэдлэг мэдээлэл нь голдуу англи, орос, франц зэрэг харийн хэлээр байсан тул үүсэл гарал, хэл соёл, шашин шүтлэг өөр, юманд хандах хандлага нь биднийхээс тэс өөр, гадаад хүмүүсийн бодлыг эх хэл рүүгээ орчуулан ойлгоход бэрх байв. Өөр өөр соёл иргэншил, шашин шүтлэг, үзэл баримтлалын доторх бүтцийг нь судалж, дэлхийн өнөө цагийн газрын зураг дээр нөлөөллийн бүсийг нь тогтоохын тулд өдөр бүр үл мэдэх “харанхуй ертөнц” рүү зориг шулуудан алхаж, заримдаа зүрх шимшрэм газруудыг ганцаараа тууллаа.
Хаан: -Гаднын хүмүүсийг таньж мэдэхэд тэдний юуг нь хамгийн түрүүлж судлах хэрэгтэй вэ?
Амай: -Сүүн тэжээлт, махан идэшт, сүргийн зохион байгуулалттай араатны төрлийн хүмүүний биеийн үндсэн шинж, сэтгэл санааг олж мэдэхийн тулд тухайн хүмүүний үндэс угсаа нь аль нутаг, ямар байгальд буй болсныг мэдэх хэрэгтэй. Бас удам судар буюу өвөг дээдэс нь юу гэж сургаж ирснийг дуу хөгжим, ном судраас нь судлах шаардлагатай. Ямар шашны нөлөөний бүсэд төрж өссөнийг мэдвэл амьдралд ханддаг байдлыг нь бас ойлгоход амар болно. Тухайн хүн өөрөө шашингүй байсан ч өссөн орчны шашин шүтлэг нөлөөлөх нь тодорхой. Идэж уудаг хоол хүнс нь бас тухайн хүмүүний дүр төрх, зан авирт нөлөөлнө. Амьдарч буй улсынх нь түүх соёл, ёс заншил, төр нийгмийн тогтолцоо, эдийн засаг, байгаль орчин, боловсролын тогтолцоог бас мэдэж байвал тухайн хүмүүнийг ойлгох нь амар болно. Түм бужигнасан их хотынх уу, байгальд амьдарсан уу гэдгээр нь бас тухайн хүмүүний биеийн болон сэтгэл санааны байдлыг таамаглаж болж байна.
Хаан: -“Түүхийг судалбал ирээдүйг ойлгоно” хэмээн түүхийн доктор профессор аав тань зааж сургасан гэсэн. Гаднын түүх, сургамжаас, суурин соёл иргэншил рүү дөнгөж нэвтэрч байгаа бидэнд суралцах зүйл юу байна?
Амай: -Өнгөрсөн олон жилийн турш харь улсад далбаагаа мандуулж явахдаа Монгол орныхоо өнгөрсөн, одоо, ирээдүйг жишин харж болохоор олон улс оронтой таарлаа. Хөгжил гэдэг ямагт дээш, доош шилжиж байдаг хэмнэлтэй тул уг хүснэгтийн яг хаана нь өөрсдийгөө оршиж буйг олж мэдэх нь хөгжлийн бодлогоо зөв боловсруулахад нэн чухал юм байна. Хүмүүн дүрстийн хэрэглээ, хоол хүнс шинэчлэгдсэн ч үндсэн мөн чанар нь үүссэн цагаасаа өнөөг хүртэл өөрчлөгдөөгүйг дэлхийг судлаачийн хувьд ойлголоо. Өндөр хөгжилтэй гэх улсууд бусдын аж амьдрал, эдийн засаг, түүх соёлыг сайн судалж, алдаан дээр нь сургамж авч, оноон дээр нь дүгнэлт хийн амьдралаа дээшлүүлэхэд ашиглаж байна. Гаднын соёлоор өөрийнхөө соёлыг тэтгэж, цэнэглэдэг соёл иргэншлүүд ч байна. Ухамсартай, эртний соёл иргэншлүүд нь гаднын “нөлөөг” эхлээд мэргэжлийн хүмүүсийн оролцоотой өөрийн болгон хувиргаад, амьдралдаа ашиглаж байхад, шинэ соёл иргэншлүүд нь хуучинтай зууралдалгүй, цаг хугацаагаа даган хувьсан өөрчлөгдөж байгаа. Бид үндэсний үнэт зүйлээ эвдэхгүйгээр хэрэгтэй зүйлээ гаднаас ашиглах аргыг сурч, хурдан шинэчлэгдэх хэрэгтэй. Өндөр хөгжилтэй гэх улс орнууд дэлхийн байдлыг зөвхөн Элчин сайдын яам гэх төрийн байгууллагаар бус, тухайн улсад амьдарч, ажиллаж, сурч буй эх оронч иргэдийн тусламжтайгаар цуглуулж байна. “Шинээр дугуй зохиож яах юм бэ?” гэдэг хэллэгээр хамгийн үнэ цэнтэй цаг хугацаагаа хэмнээд бусдын хийж буйг судлан, хамгийн хялбараар ашиглахыг уриалж буй хэрэг.
Хаан: -Дэлхийн аль улс өндөр хөгжилтэй, ард иргэдийн амьдрал нь хамгийн сайхан байна?
Амай: -Долоон тэрбум хүмүүн дүрст нь дэлхийн зургаан тивийн тавд нь хоёр зуу гаруй улс, мянга гаруй үндэстэн болон аж төрж байна. Тэдний 88 улсын христ, ислам, буддист, шаманист шашны олон урсгал, үзэл баримтлалтай, өөр өөр хэл соёл, ёс заншил, өв уламжлал, эдийн засагтай мянга, мянган хот суурингийн олон түмэн хүмүүний амьдралыг биеэрээ үзэж, судлаад, өндөр хөгжил, сайхан амьдрал гэдэг ойлголтууд харьцангуй, зарим талаараа урвуу юм шиг санагдлаа. Зарим хүн эрх чөлөөтэй байвал амьдралыг сайхан гэж бодож байхад зарим нь гэр бүл, хөрөнгө, мөнгөтэй, эсвэл эрх мэдэл, газар нутагтай бол амьдралыг сайхан гэж үзэж байна. Гаднын улс орныг эдийн засгаар нь сайхан амьдралтай гэж үзээд эрэмбэлэх юм бол хамгийн сайн эдийн засагтай улсуудын ард иргэдийн олонх нь өрийн дарамттай, ажлын их ачаалалтай, жаргал зовлонгоо хуваалцах дотнын хүмүүнгүй маш их ганцаардлын ертөнцөд амьдарч байна. Өтөлж, ядарсан аав, ээжийнхээ ачийг хариулж, асарч халамжлах байтугай гэр бүл, үр хүүхдэдээ цаг гаргах боломжгүй тийм өндөр өртөгтэй, ачаалалтай амьдрал тэнд байна. Ард иргэдийн амар тайван, зочломтгой байдлаар нь туулсан 88 улсын сайхан амьдралыг харьцуулан дүгнэх юм бол, фэйсбүүк, “Айфон” гарахаас жилийн өмнө буюу 2006 оны байдлаар Арабуудын ертөнцийн Сири улсын иргэд хамгийн тайван, зочломтгой байлаа. Харамсалтай нь, намайг зочилсноос хойш дөрвөн жилийн дараа тус улсад аймшигт иргэний дайн болж, энэ цаг үед хамгийн хүнд хэцүү амьдарч байгаа хүмүүс болжээ. Сошиал гэх нээлттэй мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар улс орны залуу үеийн тархийг угааж, төрийн эргэлт, иргэний дайн хийдэг аргыг тус улсын дайснууд ашигласан болохоор байдал ингэж хүндэрсэн гэж бодож байна. Дэлхийн улс орнуудыг хоол ундаар нь сайхан амьдралтай гэж ангилах юм бол мэдээж бэлчээрийн мал аж ахуйтай манай хоол хүнсийг гүйцэх улс байхгүй ч ургамал ногоо, амтлагч ашиглан хоолны төрөл, зуршлаа тогтмол баяжуулсан, монгол хүнд таалагдах хоолтой улсаар Испанийг нэрлэмээр байна. Монголчууд бид хоол хийдэг өрөөгөө “гал тогоо”, оросууд “столовая” буюу ширээтэй, англичууд “кичин” гэж үндэс, утгагүй үгээр оноон нэрлэж байхад, испаничууд “лабораторио” буюу судалгаа шинжилгээний өрөө гэж дуудаж байхыг тэнд сонсоод гайхсан. Испани хоолны соёлыг өвлүүлсэн Мексик бас дэлхийн хамгийн гоё хоолтой улсуудын тоонд орж байна. Зүүн өмнөд Азийн олон үндэсний хоолнууд бас гоё хэдий ч нүүдэлчдийн үр удмын хувьд мах, сүү багатай, ногоо, амтлагч, шавж ихтэй тэдгээрийг өдөр тутам идэж уухад хэцүү. Скандинав бүсийн Норвег, Швед гэх улсыг хамгийн сайхан амьдралтай гэж олон улсын судлаачид баталдаг ч Канад улсын иргэд нь энэ цаг үед хамгийн сайхан амьдарч байна гэж би дэлхий судлаачийн хувьд тэмдэглэн үлдээнэ.
Хаан: -Яагаад Канад улсыг онцолж буйгаа тайлбарла?
Амай: -Канад гэдэг улсад олон үндэс, угсаа, шашин, шүтлэг, дүр, төрх, үзэл бодолтой төрөл бүрийн хүмүүс нэгэн дор эвлэлдэн нэгдэж, хамтын хүчээр улсаа тэргүүлэх зэргийн болгож чаджээ. Канадчуудын байгаль орчноо хамгаалсан байдал нь ухамсартай соёл иргэншил болохыг нотолно. Хот, суурин газрын гудамжны ариун цэврээр тухайн улсын ард иргэдийн соёл, боловсролын түвшнийг дүгнэж болдог. Дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүс нэг дор амьдарч байгаа хэрнээ тэд үндэс угсаа нэгтэй өнөөгийн биднээс илүү цэвэрхэн оршиж чадаж байна. Ард олныхоо жинхэнэ төлөөлөл болсон төр, засгийнхаа баталсан хууль тогтоомж, дүрэм журмаа иргэд нь даган мөрдөж байгаа нь бас сурууштай.
Хаан: Монгол маань хамгийн сайхан нь гэдэг биш бил үү?
Амай: -Тийм ээ. Хүмүүн дүрстийн амьдрах орчны гол үзүүлэлтээр Монгол орон маань диваажин мөн хэдий ч гаднын шашин, соёл, эдийн засгийн нөлөөнөөс болж иргэдийн амьдрал жил бүр уруудаж байна.
Хаан: -Монголыг диваажин гэнэ ээ?
Амай: -Тив алгасан нүүдэллэж байсан аугаа хүчирхэг манай өвөг дээдэс маань Тэнгрийн орныг сонгон нутаглаж ирсэн нь дараах шалтгаантай болохыг ойлголоо. Нэгт, хүмүүнтэй адил дотроо зүрхтэй, зургаан үе мөчтэй, 70 хувь нь устай, гол, мөрөн нь судас шиг дэлхий ээжийн Еврази, Африк, Австрали, Хойд болон Өмнөд Америк, Антарктид тивээс хүчилтөрөгчөөр амьдардаг хүмүүн дүрстийн хувьд хамгийн таатай нутаг нь Тэнгрийн орон буюу дэлхий ээжийн маань цээж өндөрлөг юм байна. Хэдийгээр хэмжээгээрээ хамгийн том нь Өмнөд Америкийн Амазоны ой мөн боловч амьсгалах агаар буюу хүчилтөрөгч үйлдвэрлэлээрээ манай хойд зүгт, нам дор оршдог Шиврийн ойг гүйцэх агааржуулагч дэлхийн өөр хаана ч үгүй байна. Мөнх цэвдэг болсон намагтай Шиврийн ойн бүтээсэн, хөнгөн чанарын их хэмжээний хүчилтөрөгчийг хойд зүгийн салхи Монгол нутагт хүргэдэг болохоор бид хамгийн их агаартай нутагт аж төрдөг. Хуурай агаартай нутагт төрж өссөн бидний уушги нь их хэмжээний устөрөгчийг шүүж чаддаггүй тул Тэнгрийн орны хүн нам газар, их усны дэргэд амьдрах амаргүй юм билээ. Хоёрт, манай гаргийн хамгийн том цэвэр усны сав Байгал нуур нь Тэнгрийн орноос урсах гол, мөрнүүдээс эхээ авдаг. Байгальд буй нийт цэвэр усны хоёр хувь манай Хөвсгөлд цэврээрээ хадгалагдсан. Газрын гүнд маш том цэвэр усны нөөцүүд бас бий. Монгол Улс нь Тэнгри шүтээнтний нутаг, бас манайд аж үйлдвэр өндөр хөгжөөгүй тул хөдөө нутгийн гол, горхи нь цэврээрээ. Гуравт, сүүн тэжээлт, махан идэшт хүмүүн гэдэг араатны төрлийн сүргийн амьтны хувьд мах, сүү нь үндсэн хоол тэжээл. Дэлхийн сүүлийн дархан цаазат улсын байгальд зэрлэгээрээ бэлчсэн малын мах, сүүний чанарыг гүйцэх хоол хаана ч үгүй. Дөрөвт, дэлхийн олон төрлийн байгалийн гоо үзэсгэлэнг бүгдийг нэг газар шингээсэн тийм өвөрмөц ертөнцөд бид амьдардаг. Хамгийн хахир өвөл, хамгийн халуун зун, тэнгэр тулсан мөнх цаст уулс, тайга, говь, цөл, хангай, хязгааргүй тал хээр, нуур, далай, гол, мөрөн, сая сая зэрлэг амьтан гээд бүгд байна. Бас Тэнгрийн орон нь хамгийн их нартай нутаг. Тавд, хоёр их гүрнээр хамгаалагдсан, цагдаа нь зэвсэггүй явдаг хамгийн аюулгүй улсуудын нэг гэдэг бас л том үзүүлэлт. Энэ мэтчилэн Монгол орон маань диваажин болохыг нотлох олон мянган баримт дурдаж болж байна...