Үе үеийн нийслэлийн удирдлагын хамгийн идэвх, санаачилгатай, дурлаж хийдэг ажил нь явган хүний зам “янзлах”. Мөн замын хаалт хэсгийг солих. Бүр жил болгон “оролдож” нийслэлчүүдийн гайхширал, бухимдлыг бардаг уламжлалт ажил нь. Ингэхдээ сайжруулахаасаа дордуулах нь түгээмэл. Сүүлийн хэдэн жилийн хувьд улам дордож, бүр материалын сонголтыг буруу хийдэг жишиг тогтлоо. Зориуд уу, эсвэл үнэхээр мэдэхгүйдээ тэгдэг үү гэдэг нь таашгүй. Ямартай ч явган зорчигчдод зориулсан зам тавихдаа дундаа том нүхтэй хавтан сонгодог болж. Хэдэн жилийн өмнө бүр хараагүй хүнд зориулсан хөтөч хавтанг зориулалт бусаар ашиглаж, явган хүний зам дээр “угалз мэтгэсэн” инээд, ханиад болох туршлага манай хотод бий шүү.
Мэргэжлийн хэллэгээр бол үүнийг зүлгэн хавтан гэж нэрлэдэг бөгөөд зам, барилгын зах зээлд харьцангуй “залуу”, шинэ бүтээгдэхүүн болохыг нь интернэт “ухаад” л мэдэх боломжтой. Талбайн тохижолт, ялангуяа зүлгийг хөрсний чичиргээ, даралтаас хамгаалах, налуу газарт нуралтаас сэргийлэх, зөөлөн хөрсийг “тогтворжуулахад” ашигладаг нүхтэй хавтангаар явган зорчигчийн зам тавьсан улс, хот манайхаас өөр байхгүй нь лавтай. Ер нь ийм хавтантай зам дээр хүүхэд, настай хүмүүс өлмий, өсгийгөөрөө зоогдсон, иргэд бүдэрч унасан баримт өчнөөн бий ч монголчууд бид “тэвчээртэй”, хүлцэнгүй тулдаа өдий хүрсэн. Гэтэл нэмээд л өнөөх “гоё” ажлаа хийгээд байх юм. Уг нь ийм сараалжин хавтанг зориулалтаар нь ашиглаж чадвал 1200 кг/ам метр ачааллыг тэсвэрлэдэг, тухайн газрын ургамал, зүлгэн хучлагыг зайлуулах шаардлагагүй гэхчлэн давуу тал олон аж. Энэ нь хур тунадас хөрсөнд шингэж, ургамлын өсөлтийг дэмжих, мөн борооны ус зайлуулах бас нэгэн шийдэл болохыг олон орны мэргэжилтнүүд онцолжээ.
Сөрөг талын хувьд бетонон сараалжийг суурилуулахдаа тэгшлэх, бэхлэх нэмэлт ажил хийх шаардлагатай учраас материалын зардал илүү гардаг тул ихэнх тохиолдолд гүйцэтгэгч нар энгийн хучилтын хавтан сонгох нь түгээмэл гэж тайлбарлажээ. Манайхны хувьд тэр стандартыг нь баримталдаг, эсэх нь эргэлзээтэй. Учир нь “өрж” тавиад, элс асгаад л болчихдог хамгийн хялбар, хямд гэсэн утгаар нь сонгож байгаа болов уу гэж хардаж байна.
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (КАРЕК)-ны орнуудад явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах хүрээнд зориулсан “КАРЕК-ийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын инженерчлэлийн гарын авлага”-ыг өнгөрсөн онд шинэчлэн дөрөв дэх цувралыг нь гаргасан юм билээ. Үүнд тухайн бүс нутгийг явган зорчигчдод хэрхэн хамгийн ээлтэй болгох талаарх ойлголт, мэдээллийг багтааж, салбарын мэргэжилтнүүд болон авто замын сүлжээг удирдан зохицуулдаг этгээд (бодлого боловсруулагчид)-д зориулсан аж. Энэ талаар нийслэлийн удирдлага, зам тавихад оролцдог холбогдох байгууллагынхан мэдэж байгаа юу. Мэдэхгүй болохоор л ингэж шившгээ тариад байдаг юм уу.