Жүжигчин, орчуулгын киноны дуу оруулагч Ө.Мөнгөнтулгыг “Уран бүтээлч” буландаа онцоллоо.
-Хэрхэн урлагтай амьдралаа холбов. Яагаад энэ мэргэжлийг сонгож, эзэмшихээр шийдсэн бэ?
-Ахлах ангиасаа жүжигчин болбол яадаг бол гэж боддог байсан юм. Түүнээс биш бусад шиг бүр багаасаа дурлаж, хүсэж мөрөөдсөн юм биш. Ээж минь ч “Миний хүү жүжигчин болж чадна” гэдэг байв. 1995 онд дунд сургуулиа төгсөөд СУИС-ийн элсэлтийн шалгалтын өмнөх сургалтад суусан юм. Тэгээд шалгалтаа ч өглөө. Эхний шатны шалгаруулалтаа амжилттай давж, харин дараагийнхад нь хувийн шалтгаанаар оролцож чадаагүй. Ингээд жил өнжих боллоо. Тэр хоорондоо МУИС-ийн дамжаа, сургалтуудад ч суулаа. Гэхдээ л яагаад ч биш санагдсан. Тэгээд хойтон жил нь КУДС-д шалгуулж тэнцээд элссэн. 2000 онд КУДС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн. Төгссөнөөсөө хойш л мэргэжлээрээ ажиллаж байна даа.
-Ажлын гараагаа хаанаас, хэрхэн эхэлсэн бол?
-Төгсөөд Үндэсний жүжгийн академик театр (одоогийн Улсын драмын эрдмийн театр)-т жил гаруй ажиллалаа. КУДС-даа хоёр жил орчим багшилсан. Дараа нь Б.Мөнхдорж (Ардын жүжигчин, найруулагч) багш, “Хасар” Жагаа (Ардын жүжигчин Б.Жаргалсайхан) ахтай “Залуучууд” нэртэй хувийн театр байгуулж нэг жил ажилласан. Ингээд 2003 оны сүүлчээс “ТВ-9” тэргүүтэй хувийн телевизүүд байгуулагдахад ажиллаж эхэлсэн. Уг нь анх нэвтрүүлэгч болохоор очиж шалгуулсан юм. Гэтэл кинонд дуу оруулж буй жүжигчдийг хараад бодлоо өөрчилчихсөн. Ингэж тус телевизийн кино албанд орж, Гавьяат жүжигчин Ж.Дарамсүрэн, Н.Нэргүйбаатар, Т.Карма, жүжигчин Д.Элбэгсайхан, Ө.Наранбаатар, О.Оюун нарын мундаг уран бүтээлчтэй хамт ажиллаж, тэднээс суралцсан даа.
-Хамгийн анх ямар уран бүтээлд ажилласан бэ?
-1999 онд Ж.Сэнгэдорж, Б.Ганболд нар “Бэрс” кино урлагийн дээд сургуулийг төгсөж, дипломын ажил болгон “Цагаан шөнө” нэртэй кино хийсэн юм. Хэдийгээр оюутнуудын дипломын ажил ч гэлээ эл кино маш сайн бүтээл болж, кинотеатруудаар ч олон хоног гарч байв. Би тус киноны туслах дүрд тоглож, камерын өмнө анх гарсан. Түүнээс хойш 20-иод бүрэн хэмжээний уран сайхны, 10 гаруй олон ангит кинонд тоглосон байна. Харин 2006 оноос “ТВ-5” телевизэд ажиллахдаа “Гялбаа” таван ангит сэтгэхүйн төрлийн кино хийсэн. Б.Мөнхдорж багш минь зөвлөх найруулагчаар ажиллаж байлаа. Түүнээс хойш зөвхөн кинонд дуу оруулж, бусад төрлийн уран бүтээлд огт ажиллаагүй. Харин 2011 оноос “Чонын алтан шагай”, “Нар гарна аа, аз жаргал минь” олон ангит, “Ороолон” тэргүүтэй хэд хэдэн аймшгийн кинонд найруулагчийн багт ажилласан. Хамгийн сүүлд “Хөхөөний үүр” уянгын кинонд продюсероос гадна найруулагчийн багт ажилласан. Хэдийгээр жүжигчин, найруулагчаар сургууль төгссөн ч гэлээ найруулагаар дагнаж дахин сурчихаад уран бүтээл хийхийг хүсдэг юм. Найруулагч хүн өөрийн гэсэн үзэл санаатай, хэв маягтай байх хэрэгтэй.
-Дуу оруулсан уран бүтээлийнхээ тоог алдчихсан уу?
-20 шахам жил кинонд дуу оруулжээ. Багцаалбал 10 мянга орчим хүүхэлдэйн, баримтат, уран сайхны, олон ангит кино, мөн орчуулгын нэвтрүүлгүүд бий.
-Камерын өмнө гарч жүжиглэх, хэн нэг жүжигчний тоглосон дүрд дуу оруулахын аль нь илүү ярвигтай бол?
-Кинонд тоглоход дүрийн судалгаа хийнэ, бодно, төлөвлөнө, гүйцэтгэнэ. Мэдээж хэцүү. Харин дуу оруулахад биеэр үйлдэл хийхгүй л болохоос бусад бүх зүйл яг адил. Жүжигчний бүтээсэн дүрийг өөрийн мэдрэмжээр дамжуулан дуу хоолойгоороо илэрхийлэх ёстой учраас ур чадвар ч шаарддаг. Ер нь маш мэдрэмжтэй, ур чадвартай жүжигчид л дуу оруулагч болдог шүү дээ.
-Орчуулгын киноны уран бүтээлчид Монголын дуу оруулахуйн урлагийн холбоо байгуулж, та тэргүүнээр нь ажиллаж буй юм билээ. Энэ холбоо хэчнээн гишүүнтэй вэ. Ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Монголын дуу оруулахуйн урлагийн холбоо гэдэг оноосон нэрийг Ардын жүжигчин Г.Равдан ах өгсөн. Бид ч маш оновчтой нэр гэдэгт санал нэгдэж буй. Орчуулгын киноны уран бүтээлчид хоёр жил тутам шинэ жилийн баярыг хамт тэмдэглэдэг юм. Өнгөрсөн шинэ жилийн баярын үеэр “Холбоотой болбол яасан юм бэ. Эдгээр уран бүтээлч ямар нэг байгууллагад харьяалагдах хэрэгтэй” гэж ярилцсан. Ингээд хоёрдугаар сард 60-аад уран бүтээлч хуралдаж, холбоо байгуулахаар болсон юм. Тавдугаар сарын эхээр холбоогоо албан ёсоор байгуулж, 13-нд нээлтийн ёслол, баярын хурлаа хийсэн. Одоогоор орчуулгын кинонд ажилладаг 170 орчим уран бүтээлч байдаг гэсэн тоо бий. Тэдгээрээс 140-өөд нь холбоонд нэгдээд буй. Орчуулгын кинонд дуу оруулагчдаас гадна орчуулагч, дууны найруулагч нар мөн ажилладаг. Тэдгээр уран бүтээлч нэгдсэн гэсэн үг. Кино албатай телевиз хэдхэн бий. Тэдгээрт харьяалагддагаас бусад нь хувиараа, аль нэг студи, продакшнд ажилладаг. Ингэж тархай бутархай байх нь ямар ч хяналтгүй, тэр хэрээр уран бүтээлийн чанар унахад нөлөөлж байгаа. Чанар гэдэгт дуу оруулалтаас гадна орчуулга, дууны найруулга ч хамаатай. Холбоо байгуулснаар нэгдүгээрт, уран бүтээлийн чанарт түлхүү анхаарч ажиллана. Хоёрдугаарт, Монгол Улсад бүртгэлтэй ажил, мэргэжлийн жагсаалтад дуу оруулагч жүжигчнийг багтаамаар байна. Бид хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг. Удаан хугацаанд бүдэг гэрэлд, битүү орчинд, тасралтгүй дэлгэц, цаас харж, уншиж, ярьж, чихэвчээр чанга чимээ сонсож ажиллах амаргүй. Гуравдугаарт, уран бүтээлчийн үнэлгээ, ажлын хөлсийг нэмүүлмээр байна. Гадаадын дуу оруулагчдын ажлын нөхцөл, цалин хөлсийг судаллаа л даа. Манайхтай харьцуулшгүй. Жишээ нь, би бүрэн хэмжээний уран сайхны кинонд 40 мянга орчим төгрөгөөр ажилладаг. Энэ төрлийн кинонд 3-4 цаг дуу оруулдаг. Дөрөвдүгээрт, аливаа телевизийн эфирийн дор хаяж 50 хувийг хүүхэлдэйн, баримтат, уран сайхны, олон ангит кино, мөн орчуулгын нэвтрүүлэг зэрэг уран бүтээл бүрдүүлдэг. Гэтэл эдгээрт дуу оруулдаг, энэ салбарт насаараа ажилласан уран бүтээлчид төр, засагт хөдөлмөрөө үнэлүүлж чадаагүй л байна. Энэ бүхэн харьяалагдах газаргүй байсантай холбоотой болов уу. Жишээлбэл, Ө.Наранбаатар, Д.Батцэцэг, О.Оюун тэргүүтэй мундаг уран бүтээлч 30 гаруй жил кинонд оруулсан атлаа Соёлын тэргүүний ажилтан гэсэн тэмдэгтэй л явна. Тэднийг би гавьяатын энтэй уран бүтээлчид гэж хүндэлдэг. Тавдугаарт, оюуны өмчийн асуудлыг хөндөж ажиллана. Дуу оруулагчдын дуу оруулсан уран бүтээлийг телевизүүд хоорондоо дамжуулан эфиртээ гаргадгийг шударга бус гэж үзэж байгаа юм. Зургадугаарт, сүүлийн жилүүдэд дуу оруулах, орчуулах сонирхолтой залуус эрс ховордсон. Бид энэ чиглэлээр ажиллах залуу уран бүтээлчдийг бэлтгэх ёстой. Ирэх есдүгээр сараас холбооы дэргэд орчуулагч болон дуу оруулагчдын сургалтыг их, дээд сургуулиудтай хамтран зохион байгуулна. Сургалтыг энэ чиглэлээр ажилладаг туршлагатай уран бүтээлчид зааж, залуучуудыг мэргэшүүлнэ. Энэ мэтчилэн өөрчлөхөөр, хийхээр төлөвлөсөн зүйл олон бий.
-Ирэх сарын 10-наас таны кино зохиолыг нь бичиж, найруулагчийн багт нь ажилласан “Уулын намар” кино үзэгчдэд хүрнэ. Эл уран бүтээлийнхээ талаар тодруулахгүй юу. Нэрийг нь сонсоход Соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэв агсны “Уулын намар” туужаас сэдэвлэсэн мэт санагдаж байна.
-Санжийн Пүрэв агсны “Уулын намар” туужаас сэдэвлэсэн эл киноны зохиолыг жүжигчин Ц.Цэрэнболд бид хоёр хамтран бичсэн. Өнгөрсөн 2019 онд би “Монголын сүүлчийн эзэн хаан” кинонд туслах найруулагчаар ажиллалаа. Түүнчлэн тус кинонд ам барих, дуу оруулах ажлыг манай “Canary Asia” студид гүйцэтгэсэн юм. Энэ үеэр Ц.Цэрэнболд “Tsebo” фильм байгуулсан, бие даан кино хийх хүсэлтэй буйгаа хэлсэн. Ингээд надад хамтрах санал тавьж, би ч зөвшөөрсөн. Ц.Цэрэнболд өмнө нь найруулагч Г.Эрдэнэбилэгтэй хамтран “Аав” кино хийсэн туршлагатай. Тус кино ч сайн уран бүтээл болж, үзэгчид ам сайтай байдаг шүү дээ. Олон ч зохиол, бүтээлээс шилж “Уулын намар” туужийг сонгосон.
-Кинонд ямар уран бүтээлчид хамтрав?
-Киног Ц.Цэрэнболд найруулж, продюсероор Д.Бямбажав ажиллалаа. Зураг авах ажлыг Э.Нэргүй тэргүүтэй “Logic” фильмийнхэн хариуцсан. Гол дүрүүдэд биднээс гадна Гавьяат жүжигчин Б.Базаррагчаа, жүжигчин Д.Ганцэцэг, Д.Бямбадорж, Н.Сугармаа, Х.Хишигдэлгэр, Э.Амарбаясгалан нар тоглосон. Хөгжмийг Б.Эрдэнэбат бичиж, киноны дууг дуучин Б.Маралжингоо дууллаа. Эл туужийг С.Пүрэв гуай 1974 онд бичсэн гэдэг. 1978 онд туужаа кино зохиол болгож, түүгээр нь Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн найруулагч кино хийхээр төлөвлөсөн ч тухайн үед Соёлын яамнаас зөвшөөрөөгүй юм билээ. Хожим хэд хэдэн найруулагч эл туужаас сэдэвлэсэн кино хийхээр барьж авсан ч чадаагүй гэдэг. Аливаа зүйл цаг хугацаатай, тохироо нь бүрдэнэ гэдэг дээ. “Уулын намар” туужаас сэдэвлэн кино бүтээх эрхийг С.Пүрэв гуайн охиноос албан ёсоор авсан. Энэ мундаг туужаас сэдэвлэсэн дэлгэцийн уран бүтээлийг найзтайгаа хамтран хийсэндээ баяртай байна.