“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрыг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төрийн бодлого хэдийн гарсан. Тодруулбал, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулна” гэж тусгасан. Үүнээс гадна Засгийн газраас энэ онд баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор металлурги-химийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цогцолборыг байгуулна” гэж заасан юм.
Уг үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулахтай холбогдуулан Засгийн газар тогтоол гаргаж байв. Эл тогтоолыг 2021 онд баталсан агаад үүнд “Эрдэнэт үйлдвэр”-т үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгох шийдвэрийг тусгасан. Мөн Зэсийн баяжмал боловсруулах болон исэлдсэн хүдрээс нуруулдан уусгах технологиор катодын зэс гаргаж авах үйлдвэрийг тус төрийн өмчит үйлдвэрийн газрын хөрөнгөөр санхүүжүүлж, ашиглалтад оруулахыг үүрэг болгосон юм. Тэгэхээр паркийн хоёр гол үйлдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” бүрэн хариуцаж бүтээн байгуулна гэсэн үг.
БНХАУ-ын ENFI болон NFC компанийн консорциум “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн “Зэсийн баяжмалыг тасралтгүй ажиллагаатай хос SKS технологиор хайлуулах, боловсруулах металлурги-химийн үйлдвэр байгуулах төсөл”-ийн техник, эдийн засгийн үндэслэлийг 2020 онд боловсруулсан. Уг ТЭЗҮ-ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авчээ. Тус ТЭЗҮ-д зэсийн баяжмал боловруулах үйлдвэр нь жилд катодын зэс 125.5, мөнгө 38.2, элементийн хүхэр 181.9, хүхрийн хүчил 11.8 мянган тонн, 72 кг алт үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар тооцсон аж.
Зэс хайлуулах үйлдвэр барихад хүхрийн давхар ислийг нь хэрхэх вэ гэдэг асуулт тулгардаг. Үйлдвэрээс ялгарах хүхрийн давхар исэл агуулсан хийг нүүрсний нунтгаар ангижруулан элементийн хүхэр үйлдвэрлэхээр ТЭЗҮ-д тусгасан байна. Элементийн хүхэр үйлдвэрлэх туршилт хийлгэхээр БНХАУ-ын “China ENFI engineering” компанитай “Эрдэнэт үйлдвэр” техник-технологийн хамтын ажиллагааны гэрээг өнгөрсөн оны тавдугаар сард байгуулжээ. Улмаар туршилтын үйлдвэрийг БНХАУ-ын Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Фуюун мужид байгуулах ажлыг эхлүүлсэн гэнэ. Туршилтын үйлдвэрийн зураг төслийн болон тоног төхөөрөмжийн худалдан авалтын ажил 90 гаруй хувьд хүрчээ. Уг туршилтын үр дүн гарсны дараа зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг тодотгох юм байна. Туршилтын дараа хүхрийн давхар исэл агуулсан хийг боловсруулах технологи, эдийн засгийн үр ашиг тодорхой болох гэнэ. Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг 2025 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй.
Эл төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын экспортын орлого жилд 115 орчим сая ам.доллароор нэмэгдэх, 850 орчим шууд, 9000 орчим шууд бус ажлын байрыг шинээр бий болно гэж тооцжээ. Үүнээс гадна ирээдүйд эрэлт, хэрэгцээ нь өсөж буй зэс утас, хоолой, эд анги, өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж бүрдэнэ гэж уул уурхайн боловсруулах үйлдвэрийн мэргэжилтнүүд дүгнэдэг.
Үйлдвэрлэл, технологийн паркийн хүрээнд Эрдэнэтийн-Овоо ордын исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор боловсруулж, жилд 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх ТЭЗҮ-ийг боловсруулжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар ТЭЗҮ-ийг удахгүй хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа аж. Уг төслийн ТЭЗҮ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, инженерийн зураг төслийг ирэх сард багтаан батлуулах агаад бүтээн байгуулалтыг долдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Үйлдвэрийг 2024 оны хоёрдугаар улиралд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эл төслийг хэрэгжүүлснээр экспортын орлогыг жилд 216 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх тооцоо гарчээ. Үүний сацуу улс, орон нутгийн төсөвт жил бүр дунджаар 32.5 тэрбум төгрөг төвлөрүүлэн, шинээр 140 орчим шууд ажлын байрыг бий болгох аж.
Хоёр үйлдвэрийг байгуулахад нийт 2.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнээс гадна дэд бүтцийг нь байгуулахад 136 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Исэлдсэн хүдэр буюу “Эрдэнэт үйлдвэр”-ийн баяжуулах үйлдвэрийн хаягдлын овоолгоос катодын зэс гаргаж авах үйлдвэрийн хөрөнгө оруулалт, хүчин чадал ч бага. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ынхан уг төслийг түүртэхгүй хэрэгжүүлчихнэ. Исэлдсэн хүдрээс катодын зэс гаргах үйлдвэрийг байгуулахад 167.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Ийм хэмжээний санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” толгой өвдөхгүй гаргана. Харин жилд 560 мянган тонн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулахад 1.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Ойрын 2-3 жилд тус үйлдвэрийн газар үйл ажиллагааны ашгаасаа ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийж чадах, эсэх нь эргэлзээтэй. Уул уурхайн салбарын олон мэргэжилтэн их хэмжээний санхүүжилт хийж чадахгүй гэж үзэж буй.
“Эрдэнэт үйлдвэр” олон улсын санхүүгийн байгууллагаас ч юм уу, хаана нэгтэйгээс зээл аваад үйлдвэр барихад дутаж буй санхүүжилтийг олох боломжтой. Гэвч нэг сумаар гурван туулай буудах сонгодог гарц нь хөрөнгийн зах зээлээс мөнгө “босгох” юм. Ашигт малтмалын тухай хуульд стратегийн орд эзэмшигч компани хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг дотоодын хөрөнгийн зах зээлд гаргасан байх заалт бий. “Эрдэнэт үйлдвэр” хуулийн уг заалтыг биелүүлээгүй байгаа. Хөрөнгийн зах зээлээс мөнгө босгосноор нэгдүгээрт, Ашигт малтмалын тухай хуулийн заалтыг биелүүлнэ, хоёрдугаарт, хэрэгцээтэй санхүүжилтээ татан төвлөрүүлнэ. Гуравдугаарт, олон нийтийн хувьцаат компани болсноор “Эрдэнэт үйлдвэр”-ийн засаглал сайжирна. Сайн засаглалтай компани өндөр үр ашигтай ажиллах нь дамжиггүй.
Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд “Эрдэнэт үйлдвэр” компанийн хувьцааны 34 хувийг арилжих хэрэгтэй гэж үздэг. Тус үйлдвэрийн газар үйлдвэрлэл, технологийн парк байгуулснаар үр ашиг нь улам өснө. Манай улс 2021 оны байдлаар зэсийн баяжмалын экспортоос 2.9 тэрбум, катодын зэсийнхээс 89 сая ам.долларын орлого олжээ. Үйлдвэрлэл, технологийн парк байгуулснаар зэсийн баяжмалын экспортоос 1.4, катодын зэсийнхээс 3.6 тэрбум ам.долларын орлого олно гэж тооцсон байв. Өдгөө гурван тэрбум ам.долларын орлого олж буй бол зэсийн баяжмалаа боловсруулснаар таван тэрбумыг олох нь ээ. Хэрэв “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааг олон нийтэд арилжвал газрын хэвлийн баялгийн үр ашгийг олон нийтэд хүртээмжтэй хуваарилах нэг шийдэл болно.
Засгийн газрын тогтоолоор энэ онд уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулах зориулалтаар Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэрт нийт 1217.4 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авчээ. Паркийн авто болон төмөр замын зураг төслийг 100 хувь гүйцэтгэж Барилга, хот байгуулалтын яамны харьяа Барилгын хөгжлийн төвөөр батлуулсан байна. Түүнчлэн цахилгаан хангамжийн ТЭЗҮ-ийг бүрэн гүйцэтгэж Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан аж. Усан хангамж, ариутгах татуургын системийн зураг төслийг хоёр хувилбараар боловсруулан батлахаар зэхэж буй гэнэ. Батлуулсан зураг төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу усан хангамж болон ариутгах татуургын системийг ирэх оны зургадугаар, авто замыг долдугаар, төмөр замыг наймдугаар сард ашиглалтад оруулах нь. Мөн цахилгаан хангамжийн системийг 2024 оны хоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн, ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаад байгаа аж.