“Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Хонгорзул 2019 онд хилийн дээс алхаж, гадаадын тэмцээнд өрсөлдөх анхны гараагаа АНУ-ын Лас-Вeгас хотоос эхлүүлжээ. Тэнд тухайн жилийн гуравдугаар сард болсон өсвөрийн хүндийг өргөлтийн ДАШТ-д 50 орны 200 гаруй тамирчинтай өрсөлдөн, 59 кг-д огцомоор 74, түлхэлттэй өргөлтөөр 100, нийлбэр дүнгээр 174 кг-ыг өргөж V байрт шалгарсан аж. Түүний жинд Египет, Мексикийн туйванчид медалийн тавцанд зогссон байдаг. Дэлхийн аваргад медалийн төлөөх өрсөлдөөн үзүүлж, хойшид хүчтэй өрсөлдөгч болохоо харуулсан тэрбээр тэр жилийнхээ намар БНАСАУ-ын Пёньян хотыг дасгалжуулагч Ч.Март багшийн хамт зорьж, Ази тивийн залуучуудын АШТ-д хүч сорьсон юм. Тус тэмцээнд 97 кг-ыг өргөж, хүрэл медалиас атгасан түүнийг зочноор урилаа.
-Грекийн Хераклион хотод болсон дэлхийн аваргаас дөнгөж ирээд л Хэнтий аймаг руу жолоо залсан гэж сонссон. Аяны тоосоо ч гөвөх завгүй явсаар УАШТ-д оролцжээ.
-Тийм ээ. Грекээс ирээд хоёр хоногийн дараа Хэнтий аймгийн Дадал сумыг зорилоо. Алжаал тайлж амжилгүй улсын аваргад өрсөлдсөн болохоор жаахан ядарсан тал бий. Улаанбаатарт зун болоогүй байхад тэнд хэдийн өвс, ногоо цухуйсан байв. Хотод байнга бэлтгэл хийдэг бидэнд хөдөөгийн тайван, нам гүм орчин агаар, салхи сайхан санагдсан. Тэмцээнтэй өдрүүдэд мөр, тохой хөндүүрлэж, зовуурьтай байсан ч тэвчээд л амжилт гаргахаар хичээсэн. Зорьсны эцэст огцомоор 76, түлхэлттэйгээр 101 кг-ыг өргөж улсын аварга боллоо.
-Аваргын алтан медаль гардсан танд Азийн аваргад оролцох зорилго бий байх.
-Узбекистаны Ташкент хотод долдугаар сард өсвөр үе, залуучуудын хүндийг өргөлтийн Азийн АШТ болно. Колумби улсад арванхоёрдугаар сард эхлэх ДАШТ-ээс “Парис 2024” олимпын наадмын оноо олгох юм. Миний хувьд дараа жилээс насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөнө. Тиймээс залуучуудын ангилалд зохион байгуулах сүүлийн тэмцээнд амжилттай оролцохоор зорьж байгаа. Бүх ард түмний спартакиад наадмын шигшээ тэмцээнийг есдүгээр сард зохион байгуулах шийдвэр хэд хоногийн өмнө гарлаа. Азийн тэмцээний товлосон хугацаа ойртсон болохоор бэлтгэлдээ гол анхаарлаа хандуулж байна. Миний хувьд үндэсний шигшээ багийн тамирчин биш болохоор гадаадын тэмцээнд хувиасаа зардал гаргаж оролцдог. Намайг хилийн дээс алхах бүрт гэрийнхэн минь амжилттай оролцоосой гэж байгаа бүхнээ зориулж ирсэн. Грект болсон дэлхийн аваргад оролцохоор явахад эгч минь цалингаа, өмнөх тэмцээнд аав, ээж тэтгэврийн мөнгөө зээлж, зардал болгож байлаа.
-Тамирчид гадаадын тэмцээнд хувиасаа зардал гаргаж оролцох амаргүй байдаг. Гэхдээ зорьсноо биелүүлээд ирэх сайхан. Та ч гэсэн БНАСАУ-аас хүрэл медальтай ирж, үеийнхэндээ урам өгсөн санагдана.
-БНАСАУ-д 2019 онд зохион байгуулсан залуучуудын Азийн аваргаас хүрэл медальтай ирсэн. Хойд солонгосын иргэд их дэг журамтай юм билээ. Тамирчид нь өмнөд хөршийнхнөөс дутахгүй амжилт гаргадаг. Тивийн шилдгүүдийн туршлага, ур чадварыг хараад бахархсан. Тэнд тэмцээнд оролцохдоо би өсвөр үе, залуучууд хоёр ангилалд бүртгүүлсэн юм. Тэгтэл эзэн орны туйванч өсвөрийнхөд өрсөлдөж, залуучуудынхад нь оролцсонгүй. Миний хувьд өсвөрийнхөд V байр эзэлж, залуучуудынхад 59 кг-д түлхэлттэй өргөлтөөр 100 кг-ыг өргөж медалийн тавцанд зогсох бол зол хангасан юм. Надад тэр үед “Гэрийнхнээсээ зардал гаргуулж энд ирсэн юм чинь заавал амжилт гаргах ёстой” гэдэг бодол хамгийн их төрж байв. Азийн аваргаас хүрэл медаль хүртэхэд баярын нулимс өөрийн эрхгүй гарсан. Болдог сон бол тэр өдөртөө нисэж гэртээ ирээд аав, ээждээ үнсүүлмээр санагдаж билээ. Медалиас атгахыг багш минь харчихаад гүйж ирээд л тэвэрсэн. Намайг ярьж амжаагүй байхад аав, ээжид баярт мэдээ түрүүлж дуулгасан. Тэр шагнал миний ч, бас тивийн тэмцээнд шавиа сойсон багшийн минь анхны медаль байлаа. Амьдралд минь тэр тэмцээн шиг таатай дурсамж үлдээх мөч олон байх биз ээ.
-Жингээ олон жил барьдаг тамирчид цөөн байдаг. Миний мэдэхээр та 59 кг-д дотоод, гадаадын тэмцээнд цөөнгүй оролцлоо.
-Тэмцээнд оролцдог тамирчдын олонх нь жингээ ахиулсан байдаг. Би анх хичээллэсэн цагаасаа 59 кг-д өрсөлдсөн. Дотоодын тэмцээнд хааяа жин өгсөж, 64 кг-д оролцдог юм. Би одоо 19 настай. Энэ спортод сэтгэл татагдаж, хөл тавьсан анхны өдрөөс өнөөг хүртэл тууштай дэмжсэн гэрийнхэндээ их баярладаг. Тэд минь “Эмэгтэй хүүхэд байж ийм хүнд спортоор хичээллэх хэрэггүй, боль өөр зүйл сонго” гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Харин “Хүсэж, тэмүүлж байгаа бүхэн тань чиний амьдрал. Ямар амжилт гаргаж, зорилгодоо хүрмээр байна. Үүнийхээ төлөө зүтгэ, бид чадах зүйлээрээ тусалж дэмжье” гэдэг юм. Гэрийнхнээсээ урам хайрласан өөдрөг үг сонсдог болохоор амжилтын төлөө тууштай зүтгэнэ. Надад сайхан сэтгэлээр тусалдаг олон хүний ачийг амжилтаар хариулж, баярлуулна гэж боддог.
-Хөлбөмбөг тоглодог байсан охины сэтгэлийг хүндийг өргөлт татсан гэхээр сонирхолтой санагддаг юм.
-Сургуулийнхаа багийнхантай хөлбөмбөг тоглож байтал биеийн тамирын багш ирж уулзаад хүндийг өргөлтийн спортын талаар ярьж, сонирхож хичээллэх хүүхдүүдийг секц, дугуйланд сонгон авч байгаа тухай хэлсэн юм. Түүнийн ярихыг сонссон тэр өдрөөс хойш хичээллэх хүсэл төрдөг боллоо. Тэгтэл дээд ангийн нэг эгч “Би хүндийг өргөлтийн дугуйланд явж байгаа. Чи сонирхож байвал надтай хамт хичээллээч” гэв. Хөлбөмбөгийн багшдаа энэ тухай хэлэхэд цааргалсангүй “Чи штанг сайн өргөж, бөмбөг зад өшиглөдөг болоод ир” гээд явууллаа. Гэртээ ирээд ээждээ хэлэхэд дургүйцсэнгүй. Нэг өдөр “Алдар” спорт хороог зорьж, заалаар нь шагайтал ах, эгч нар бэлтгэл хийж байв. Туйвантай нөхөрлөсөн анхны өдрөөс тэд мэдэх, чадах зүйлээрээ тусалдаг болсон. Өдөр ирэх бүр эгч нартайгаа дотно болж, ихэнх цагаа зааланд өнгөрүүлдэг сэн. 2016 оноос өнөөг хүртэл Ч.Март багшийн удирдлагад бэлтгэл хийж, тэмцээнд оролцож байна. Багш их мэдрэмжтэй. Бидний харцнаас бүх зүйлийг “уншаад” мэдчихдэг. Тухайн өдрийн сэтгэл санааны байдлыг ажиглаж хараад бэлтгэл хийлгэнэ. Түүнтэй мэндлээд нүд рүү нь харах үед юуг ч нуугаад нэмэргүй дээ.(Инээв)
-Шавь нараа амжилтад хөтлөхийн тулд багш тань олон ном харьцуулан уншиж, бэлтгэл хийлгэх арга барилдаа судалгаатай ханддаг юм билээ.
-Багшийн ширээн дээр судалгааны олон ном өрөөстэй байдаг. Зав л гарвал гадаадын дасгалжуулагчдын тамирчдаа бэлтгэл хийлгэдэг арга барил, техникийг уйгагүй судална. Азийн болон дэлхийн аваргад оролцоход өмнөх жилүүдийн өргөсөн жинг заавал харьцуулж хардаг. Хүндийг өргөлтийн спортынхонд техник маш чухал. Бяр, чадалтай ч техникүүдийг сайн эзэмшихгүй бол амжилт гаргахгүй. Тэрбээр шавь нарынхаа жинд өрсөлддөг гадаадын тамирчдын давуу, сул тал, амжилт гаргасан байдал, зан чанар, сэтгэл зүйн онцлогийг ч давхар судалдаг. Тэмцээний өмнө “Чи надад итгэ, юунд ч битгий санаа зов. Миний захиалсан жинг гараад л өргө” гэж зөвлөдөг юм. Бид багштайгаа хамт Хятадын тамирчдын бэлтгэл хийх цагийн төлөвлөлт, амралтын хуваарийг сонирхдог. Сургалтынх нь арга барил, системээр нь бэлтгэл хийхийг хичээнэ. 09.30-12.00 цагийн хооронд хүний биеийн булчин амардаг тул багш биднийг унтуулж амраадаг юм.
-Тамирчдынхаа төлөө гэр бүлээрээ зүтгэж, амьдралынхаа олон зүйлийг хойш тавьдаг багш ховор байдаг. Ч.Март дасгалжуулагч тэдний нэг шиг л санагдсан даа.
-Багшийн минь гэргийг А.Отгонжаргал гэдэг. “Алдар” спорт хороонд хүндийг өргөлтийн дасгалжуулагчаар ажилладаг. Багш нарын минь гол зорилго энэ спортыг эх орондоо хөгжүүлж, сайн тамирчид бэлтгэн, амжилтад хүргэх. Тэд бидэнтэй аль болох ойр байх дуртай. Тамирчдынхаа жаргал, зовлонг хуваалцаж, хэрэгтэй үед нь туслахаас гадна ар гэрийнхэнтэй байнга холбоотой байж зөвлөлддөг юм. Багш нарынхаа ачаар бид бусад клубийнхний хүчтэй өрсөлдөгч болж чадсан. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон спортын холбоодын нэгдсэн УАШТ-д манайхан багаараа түрүүлсэн шүү дээ. Биднийг ийм өндөр амжилт гаргахад тэдний хичээл зүтгэл их нөлөөлсөн.
-Та тэр тэмцээнд харагдаагүй, яагаад оролцоогүй юм бэ?
-Мөрөө гэмтээсэн болохоор оролцож амжаагүй. Тамирчин хүнд бэртэл, гэмтэл өрсөлдөгчөөс нь илүү дайсан болдгийг тэр үед их ойлгосон. Туйванчдад тулгардаг саад, бэрхшээлийг би ч гэсэн туулж яваа. Бэртчихээд бүтэн жил бэлтгэл хийгээгүй. Мөрний гэмтэл амархан сэдэрч, удаан эдгэдэг. Тэр үед өвчиндөө шаналахаас илүү цаг хугацааг дэмий өнгөрүүлж байгаадаа их харамссан. Амжилт гаргах насандаа ур чадвараа ахиулах бэлтгэл сургуулилалтаасаа холдож, зүгээр суух дэндүү хайран санагддаг байв. Надад бэлтгэлээ аргадаж хийсэн үе олон. Өвдсөн ч тэвчээд өргөнө. Бэртэлтэй үед бэлтгэл хийхэд техникээ өөрчлөх шаардлага гардаг. Өвдөхөөс нь айгаад буруу өргөвөл тэмцээнд ч алдаа гаргана. Тиймээс техникийн дагуу заавал зөв өргөх ёстой. Намайг сэтгэлээр унахаар гэрийнхэн минь санаа зовдог байлаа. Өөрийн биеэр бүхнийг туулж үзэхээр тамирчдынхаа зовлон, жаргалыг илүү ойлгодог юм билээ. Миний хувьд энэ жил гадаадын тэмцээнд дараалж оролцох болохоор бэлтгэл хийх цаг хугацаа минь хамгаас үнэ цэнтэй.
-Оюутан тамирчны амьдрал хэр сонирхолтой өрнөдөг бол?
-Би МУБИС-ийн II курсийн оюутан. Оюутан тамирчин байх амаргүй. Миний хувьд хичээл, бэлтгэлийнхээ аль алийг нь цалгардуулахгүйг хичээдэг. Шалгалт шүүлгийн үеэр тэмцээн таарах хамгийн хэцүү. Өдөрт хоёр удаа бэлтгэл хийдэг надад хичээлдээ суух зав бараг гардаггүй. Гадаадын тэмцээнд оролцохдоо сургуулийнхаа удирдлага, багш нартай уулзаж чөлөө авдаг юм. Хүн хэдэн насандаа ч сурч, боловсрол эзэмшиж болно. Харин спортын талбар залуу насандаа амжилт гаргахыг шаарддаг. Тиймээс цаг хугацаа, он жилүүдтэй уралдаж байна даа.
-Багийнхантайгаа амралтын өдрийг хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Бид хааяа нэг зав гарвал гоё кино үзэж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр алхах дуртай. Хамт олонтойгоо нэг өдрийг ч гэсэн хөгжилдөж өнгөрүүлэх сайхан. Ингэж амрахаар сэтгэл сэргэж, бэлтгэлээ ч сайн хийдэг юм. Тэмцээнд хамаг анхаарлаа хандуулаад ойрд ингэж амарсангүй. Саяхан багш, багийнхантайгаа хойшид болох тэмцээнд хэрхэн оролцох, тамирчдад ямар нэгэн асуудал тулгарвал хамтдаа зөвлөлдөж, туслах талаар ярилцлаа. Би энэ спортыг сонгосондоо баярладаг. Хүндийг өргөлт эр зоригийн спорт. Зоригтой, сэтгэлийн хат, техник зөв эзэмшсэн байж хүнд төмөр өргөнө шүү дээ. Би айлын бага охин. Нэг ах, гурван эгчтэй. Нэг эгч минь надад “Тамирчны сэтгэл зүй” ном бэлэглэсэн. Уншаад удаагүй байна. Номын гарчиг олон зүйлийг илэрхийлдэг. Гарчгийг нь хараад унших хүсэл төрсөн шүү. Би өөрийгөө сэтгэл зүй, зоригоор тааруухан гэж боддог. Тиймээс зав гаргаад энэ номыг заавал уншина.
-Гэрийнхнээсээ ганцаараа спортоор хичээллэдэг нь биз?
-Тийм ээ. Ах, эгч нартайгаа зорилго, тэмүүлэл, амжилт, хүсэл мөрөөдлийнхөө тухай ярилцдаг. Тэд минь эхэндээ гайхдаг байсан ч сүүлдээ ойлгодог болсон. Манайхан миний найдвартай ар тал. Сэтгэлийн минь үгийг эхлээд аав, ээж л сонсдог байлаа. Намайг анхныхаа тэмцээнд оролцож түрүүлэхэд ах минь баярлаж, дуртай амттанаар шагнаж билээ. Тэмцээнтэй өдөр “Миний дүү хичээгээрэй, чи чадна” гээд урам хайрладаг. Хааяа эгч нартайгаа уулзаад суухаар өөр, өөр зүйл ярих нь хүртэл сонирхолтой санагддаг юм.
-ДАШТ-ий талбар, орчин, нөхцөл нь тивийнхээс өөр санагддаг уу?
-Надад бол ялгаатай санагддаггүй. Тэмцээний хэсэгхэн цаг хугацаа орчин, орон зайг миний дэвжээ гэж боддог. Тэр талбарт өөрийн зорилгоо биелүүлэх ёстой. Би эхлээд өөрийгөө ялж байж өрсөлдөгчөө буулгаж авна. Тиймээс багшийнхаа зөвлөснөөр гараад л өргөдөг.
-Хааяа хүнд төмөр өргөх үед зориг мохож, болих тухай ээждээ хэлсэн удаа байдаг уу?
-Бий бий. Дандаа магтуулна гэж юу байх вэ. Ээжээсээ хааяа зэмлэл сонсдог. Заримдаа өөртөө баймгүй тэвчээр гаргах амаргүй санагдаж, ээж рүүгээ уйлаад ярихаар “Амархан ирдэг амжилт гэж хаана ч байхгүй. Чи дардан замаар замнаж, зорилгодоо хүрнэ гэж бодоо юу. Хүн болгонд туулдаг саад, бэрхшээлийн зам бий. Зорьсон юм чинь зүтгээд үр дүнг нь хар. Алдаа гаргадаггүй хүн байдаггүй юм. Иймхэн зүйл дээр шантрах хэрэггүй. Хэцүү санагдсан бүхнийг сэтгэлийн хатаар туулж, давахгүй юм бол чи яаж амжилтад хүрэх юм” гэдэг. Аав минь дуу цөөнтэй. Намайг тэмцээнээс медаль хүртэхээр баярлаад уйлчихна. Тэд минь одоо эмээ, өвөөгийн үүргийг гүйцэтгэж, ач, зээ нараа хардаг юм. Намайг шантарсан үед ээжийн минь энэ үг хурцалж, урагшлуулдаг. Энэ ташрамд хүндийг өргөлтөөр сонирхож хичээллэдэг залууст “Хүн хүсэл, тэмүүлэлтэй амьдрах сайхан. Хичээвэл боломжгүй зүйл гэж байдаггүй. Энэ спортоор хичээллэх хэцүү биш. Ямар ч спортод хөл тавьсан техникийг нь сайтар эзэмших хэрэгтэй. Тэр цагт амжилт хол биш, ойр л байдаг” гэж хэлье.