Өнгөрсөн бямба гарагт юм. Хижээл насны эмэгтэй “Долоон буудал хавьд явж байгаад балрах шахлаа. Гэдэс эвгүйрээд түргэхэн нийтийн бие засах газар луу харайлгатал цоожтой байв. Хашаатай айлаас гуйлаа шүү дээ” гэж ярьснаас санаа аван, ер нь нөхцөл байдал хотод ямар байдаг талаар мэдээлэл бэлтгэлээ. Мягмар гаргийн бага үдээс эхлэн тодорхой цэгүүдийг зорьж хоёр цаг гаруй тойрсон юм. Очсон газар бүрт бие засах газар нь ажиллаж байв.
Төв талбайнх хүнээр тасардаггүй юм байна. “Улаанбаатар” зочид буудлын өмнөхөд ч гэсэн хүмүүс мэр сэр орсоор байлаа. Харин 120 мянгатынхад 10 орчим минут саатахад хэн ч орж ирсэнгүй. Баруун дөрвөн замын нийтийн бие засах газарт хүн тасралтгүй орсоор байсан. Харин олонх нь мөнгө өгөх гээд байна билээ. Тэнд бид өөрсдөө үйлчлүүлэнгээ судлав.
“City toilet” нь үйлчлэгчийн өрөө бүхий угтах хэсэг, эрэгтэй, эмэгтэйчүүдийн өрөө, тэдний голд байршуулсан хоёр угаалтуур орчим гэсэн орон зайгаас бүрддэг. Хатаагч сэнс хоёртой ч, нэг нь л ажиллаж байлаа. Угаалтуур бүрт гар ариутгах бодис тавьжээ. Бүхэлдээ тав тухтай бөгөөд бүх зүйл нь цэвэрхэн. Эвгүй үнэр үгүй. Гаднаас ороод шаардлагатай бол ариун цэврийн цаас авч болох аж. Үзсэн харснаа тэмдэглэж байх зуур үйлчлэгч нь ороод ирлээ. Тэрбээр эхэндээ нэлээд зогтуссан. Үзэг, цаас болсон нөхөр шалгалтаар яваа юм болов уу гэж бодсон байх. Тийм байсан ч эднийх лав бүдрэхээргүй байв. Мэнд устай, яриа хөөрөөтэй тэр эмэгтэйтэй ярилцлаа.
Ц.Эрдэнэбаяр өмнө нь барилгад арматурчнаар ажиллаж байсан бөгөөд нийтийн бие засах газрын үйлчлэгч болоод хоёр жил гаруй болж буй аж. Гадаа халуунд халж, хүйтэнд хөрж ханасан тул энд ажиллах нь дээр гэж үзжээ. Тэгээд ч цалин тогтмол, нийгмийн даатгалд хамруулдаг болохоор тогтвортой ажлын байр хэмээв. Нийслэлийн нийтийн бие засах газруудыг энэ оны гуравдугаар сарын 1-нээс үнэ төлбөргүй болгосноос хойш ачаалал нь ихэссэн гэнэ. Байнгын цэвэрлэгээний үр дүнд хариуцсан объектоо цэвэр цэмцгэр байлгадаг аж. Тэгээд ч дотроо өөрөө өдөржин байдаг, хоол ундаа ч хийж иддэг болохоор элдэв үнэргүй, гэрээс ялгаагүй байлгах шаардлагатай гэлээ. Тэрбээр энд ажилладаг болсноор эгээ л хүн судлаач болох нь холгүй байгаа бололтой. Хүмүүс олон янз байдаг бөгөөд зарим нь гайхмаар бүдүүлэг гэнэ. “Хэн ч гэртээ аятайхан бие засаад, усаа татаад, гараа угаадаг биз дээ. Энд бол яаж ч байсан хамаагүй мэтээр аашлах нь бий. Халуун болсноос хойш эгээ л усанд орохоос наагуур авирлах хүн ч байна. Толгойгоо угааж болно оо. Энд тэндгүй ус үсчүүлчихээд санаа зовохгүй. Түүн дээр нь хүмүүс гишгээд шавхай тарьчихна. Хэлэхэд уурлана. Ажлын цаг 09.00-20.00-ын хооронд байдаг тул цаг болохоор түгжээд явна шүү дээ. Өглөө ирэхэд эргэн тойронд энд тэндгүй бие засчихсан байдаг. Тэр л хамгийн хэцүү. Үүнийг яаж зохицуулмаар юм, бүү мэд. Танд нэгэн мод харуулъя. Энэ өндөр ургасан модны холтос хуураад, шарлачихсан байгаа биз. Хүмүүс шээсээр байгаад ийм болгочихсон. Үнэр нь модонд шингэчихсэн. Олон жилийн турш ийм өндөр болтлоо ургасан хайран мод гэж бодоод хамгаалахаар шийдсэн л дээ. Яаж хашиж авах вэ гэж бодож байтал нэг өдөр Барилгын коллежийнхон хашаагаа янзалж эхлэхээр нь хүсэлт тавихад төмөр хашаагаа наагуур нь татаж өгч тус болсон. Эндхийн гагнуурын багш “Өө, тэгэлгүй яах вэ” гээд тэр дор нь хийгээд өгсөнд их баярласан. Одоо баруун талын буланд шээхийг нь болиулах арга ухаанаа олохгүй л байна” хэмээн ажлынхаа талаар ярьсан юм. Мөн тэрбээр “Та нар “Драгон” төвийн “City toilet-д очвол зүгээр байх. Сүүлд барьсан, шинэ загвартай” гэлээ.
Нийслэлийн нийтийн бие засах газрууд өнөөдрийн байдлаар ерөнхийдөө өнгө ижил, ая тухтай байна. Дулаарах хэрээр хүний хөдөлгөөн ихсэж, ачаалал нэмэгдэх нь ойлгомжтой. Хүн бүр дор бүртээ хичээж өөриймсөг сэтгэлээр хандаж үйлчлүүлбэл хэнд ч таатай байх болов уу. Нийслэлийн тохижилт хариуцсан байгууллагынхны хэлснээр бие засах газруудыг иргэдэд хүртээмжтэй байлгах зорилгоор үнэ төлбөргүй болгосноор зардал ихэссэн аж. Угаах, ариутгах бодисын зэрэгцээ ариун цэврийн цаасыг ч үнэ төлбөргүй түгээдэг гээд бодохоор хөрөнгө чамгүй урсдаг нь дамжиггүй.
“City toilet” хэмээн нэрийдсэн нийтийн бие засах газар барьж байгуулах, үйлчлэх ажлыг 2016 оноос эхлүүлсэн байдаг. Улаанбаатар хотод 22 байршилд байгуулснаас өдгөө 19 нь ажилладаг юм байна. Гурван байршилд буйг нээгээ ч үгүй. Яах гэж тэдгээр цэгт байгуулсныг хэн ч ойлгодоггүй гэнэ. Нэг нь БХИС-ийн хашаанд. Төрийн тусгай хамгаалалттай объектын хашаанд олон нийтэд үйлчлэх боломжгүй. Хоёр дахь нь Дамбадаржаагийн хийд, гурав дахь нь Чингэлтэйн эцсийн буудлын ойролцоох хүн бараг явдаггүй хонхор газарт гэнэ. Эдгээр байршилд барьж байгуулснаа хэрхэн ашиглах юм бол.
Нийслэл дэх нийтийн бие засах газар гэдэг бол хэзээнээс нааш асуудал байсаар ирсэн. “City toilet”-ууд төлбөртэй байхад иргэд одоогийнх шиг идэвхтэй үйлчлүүлдэггүй байсан нь үнэн. Үнийг чөлөөлснөөр тийшээ орох нь нэмэгдсэн ч өнөө хэр гудамжинд ийм үйлчилгээ байдгийг мэддэггүй, тэгэх тусмаа үнэ төлбөргүй гэдэг талаар сонсоо ч үгүй нь олон ажээ. Нэг бус хүн “Нийслэлд CU-гийнхэн болон “GS25”-ынхан нийтийн бие засах газруудын үйлчилгээг үзүүлж байна даа. Зарим талаар бүр маркетингийн ач холбогдолтой ч гэж үздэг бололтой” гэж ярьсныг сонссон юм.
Юутай ч нийслэл нэг үеэ бодвол нийтийн бие засах газартай болж. Төвийн есөн байршил дахь бие засах газар долоо хоногийн турш нээлттэй, харин хотын захуудад байдаг нь амралтын өдрүүдэд хаалттай байдаг юм билээ.