-Элэг, бөөр шилжүүлэн суулгуулах иргэдийн хүлээх жагсаалтад одоогоор 500 орчим хүн байна-
Манай улс 2000 онд Донорын тухай хуультай болсон. Үүнд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өдгөө УИХ-аар хэлэлцэж эхлээд буй юм. Энэ талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн Б.Алтантулгатай ярилцлаа.
-Донорын тухай хуульд ямар өөрчлөлтүүд оруулахаар төсөлд тусгасан бэ?
-Энэ хуулийг 2012, 2018 онд шинэчлэн баталж байлаа. Хамгийн сүүлд буюу 2018 онд шинэчлэхдээ манай албыг байгуулах заалт оруулсан. Түүнээс хойш манайх дөрвөн жил гаруй ажиллах хугацаанд тулгарсан гол асуудлуудаа шийдвэрлэхийн тулд Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, ЭМЯ-нд хүргүүлсэн юм. 2021 оны арванхоёрдугаар сард уг төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн. Ингээд Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дахин боловсруулж, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооныхон хэлэлцэн, дэмжлээ. Нэгдсэн хуралдаанаар удахгүй хэлэлцэх гэж байна. Төслийг шинэчлэн боловсруулахдаа эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулж буй бүх баг болон энэ төрлийн эмчилгээ хийлгэсэн иргэн, холбогдох байгууллагаас санал авч, нэгтгэсэн.
Ингээд нэн чухал хэд хэдэн заалтыг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн юм. Нэгдүгээрт, Донорын тухай хуулийн 13.2-т заасан насны доод хязгаарыг 25-аас 21 болгоно. Хоёрдугаарт, амьд донорыг жилд нэг удаа рашаан, сувилалд үнэ төлбөргүй амраана гэсэн заалт бий. Мөн амьгүй донорын гэр бүлд оршуулгын тэтгэмж өгөх талаар тусгалаа. Үүнээс гадна ЭМЯ-ны дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг хянах Мэргэжлийн ёс зүйн хороо байгуулах заалт оруулахаар төлөвлөсөн. Түүнчлэн эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны талаарх нэгдсэн бүртгэл, мэдээллийн сангийн журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар заасан байгаа.
-Насны доод хязгаарыг 21 болгох нь ямар ач холбогдолтой талаар тодруулахгүй юу?
-Энэ нь нэмэлт, өөрчлөлтөөр оруулж байгаа хамгийн чухал заалт гэж хэлж болно. Эмчлүүлэгч, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулж буй багуудаас байнга ирүүлдэг санал, хүсэлтэд тулгуурлан үүнийг тусгасан. Яагаад гэвэл хүнд өвчтэй хүмүүст донор олох амаргүй, маш цөөн байдаг. Тиймээс насны доод хязгаарыг 21 болгосноор донорын хүрээг тэлэх, тоог нэмэгдүүлэх боломжтой. Зарим хүн бүр 18 нас болгох нь зүйтэй гэсэн санал ч хэлж байлаа. Гэхдээ 18 настай иргэн донор болох тухайд бие даан шийдвэр гаргахад хэцүү гэж үзээд 21-ээр тогтоохоор хуулийн төсөлд тусгасан.
-Насны доод хязгаарыг бууруулснаар донорын тоо хэрхэн нэмэгдэх талаар тооцоо, судалгаа бий биз дээ?
-2018 онд хуулийг шинэчлэн батлахдаа 25 насны хязгаарыг тогтоосон юм. Тухайн үед үүнийг 18, 21 болгох талаар ч ярьж байлаа. Гэхдээ хуулийн хэлэлцүүлгийн шатанд дэмжигдээгүй. Тиймээс Донорын тухай хуулийн 13.2-т “Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно” гэж заасан. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр улсын хэмжээнд 21-25 настай 300 000 орчим иргэн бий. Тэгэхээр насны доод хязгаарыг 21 болгосноор донор болох боломжит иргэдийн тоо нэмэгдэж, илүү олон хүний амийг аврах юм.
Ерөнхийдөө амьд болон амьгүй донор гэсэн хоёр ойлголт бий. Амьд донор нь эмчлүүлэгчийн гэр бүлийн гишүүн байх ёстой. Энд нэг зүйлийг тодруулахад, манай улсын Гэр бүлийн тухай хуулийн дагуу гэрлэгчийн төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд, төрөл садны хүнийг гэр бүлийн гишүүн гэж үздэг. Садан гэдэгт авга, нагац, ах, дүү зэрэг цусан төрлийн хамаатныг нь хамруулдаг. Яг бодит байдалд амьд донор болох гэр бүлийн гишүүнийг тогтооход Гэр бүлийн тухай хууль учир дутагдалтай санагддаг. Тиймээс уг хуулийг шинэчлэх шаардлагатай гэж харж байгаа. Жишээ нь, гэр бүл гэхээр хүргэн, бэрийн талын хамаатнууд ордоггүй. Ер нь гэр бүлийн гишүүнд хэнийг хамруулах нь тодорхой бус, нарийвчлан заагаагүй.
Амьгүй гэдэг нь тархины үхэлтэй нь батлагдсан донорыг хэлнэ. Тусгай багийнхан тухайн хүний тархи үхэжсэнийг баталсны дараа манай албаныхан гэр бүлийнхэнтэй нь уулзаж, донор болгох санал тавьдаг. Донор болох боломжтой хүн маш цөөн гэж өмнө нь дурдсан даа. Яагаад гэвэл донор болгоход тодорхой шалгуур гэж бий. Тухайлбал, одоогийн хуулиар бол 25-65 настай, архаг хууч өвчингүй, элэгний В, С вирусгүй, сүрьеэ, тэмбүүгүй, коронавирусээр халдварлаагүй байх ёстой. 2018 оноос хойш өдий хүртэл бид тархины үхэлтэй 145 донор илрүүлсэн. Үүнээс дөнгөж 46 нь дээр дурдсан шалгуурыг давж, донор болоход тэнцсэн. Учир нь монголчуудын олонх нь архаг хууч өвчтэй байна шүү дээ. Ингээд боломжит 46 донорын гэр бүлийнхэнтэй уулзаад, 26-гаас нь зөвшөөрөл авсан. Үүний үр дүнд 29 хүн бөөр, 20 хүн элэг, 60 хүн шөрмөс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн байна. Өөрөөр хэлбэл, 49 хүний амийг аварч, 60 хүний амьдралын чанарыг дээшлүүлсэн гэсэн үг.
-Донорын гэр бүлийнхэн танай албаны саналыг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Донорын гэр бүлийнхэнтэй уулзаж, зөвшөөрөл авах нь маш хүнд ажил. Эрүүл саруул байсан хүн гэнэт цус харваад, эсвэл осолд ороод тархи нь бүрэн үхэжсэн ч амьсгал, зүрхийг нь хиймлээр ажиллуулж буй үеийг тархины үхэл гээд байгаа юм. Тухайн хүн нас барах нь нэгэнт тодорхой болчихсон гэсэн үг. Ийм үед бид гэр бүлийнхэнтэй нь уулзаад, донор болгох талаар ярилцана. Бүгд шахам шоконд орчихсон байхад нь бид уулзахаар ойлгох хүн бий, ойлгохгүй нь ч байна. Гэсэн ч маш хурдан уулзаж, донор болгох хүсэлт тавихаас өөр аргагүй. Зарим гэр бүл бидний ажлыг ойлгоод, бусдад буян болж, амьдрал бэлэглэе гэсэн үүднээс зөвшөөрдөг. Сүүлийн үед иргэдийн хандлага өөрчлөгдөж, энэ үйл ажиллагааг эерэг талаас нь харж, зөвөөр ойлгодог болсныг онцолмоор байна. Жишээ нь, 2018 онд манай албаныхан ихэвчлэн татгалзсан хариу авдаг байлаа. Харин өнгөрсөн жил уулзсан гэр бүлүүдийн олонх нь зөвшөөрсөн.
-Амьгүй донорын гэр бүлд оршуулгын тэтгэмж өгөх талаар та дурдлаа. Тэтгэмж хэр хэмжээтэй байх талаар хуулийн төсөлд нарийвчлан тусгасан уу?
-Бид амьгүй донорын гэр бүлийнхэнтэй уулзахад бараг 95 хувь нь ямар нэгэн тэтгэмж, урамшуулал бий, эсэхийг лавладаг. Харин одоогийн хуулиар ийм боломжгүй. Тиймээс донор болох нь ашгийн төлөө бус, сайн дурын үйл ажиллагаа гэдгийг бид ойлгуулдаг. Ингэж хэлэхээр зарим гэр бүл татгалздаг. Тиймээс л оршуулгын тэтгэмж олгохоор хуулийн төсөлд тусгасан. Тодруулбал, донор болсон хүний гэр бүлийнхэнд Нийгмийн даатгалын сангаас оршуулгын зардлыг нь шилжүүлнэ. Монгол Улсын иргэн нас барсан тохиолдолд оршуулгын зардалд нь Нийгмийн даатгалын сангаас нэг сая төгрөгийн тэтгэмж өгдөг. Амьгүй донорын гэр бүлийнхэнд үүнийг тодорхой хувиар нэмэгдүүлж олгох саналыг бид гаргасан. Манай улсад жилд дунджаар 5-8 амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэг. Насны доод хязгаарыг бууруулах болон амьгүй донорын гэр бүлд оршуулгын тэтгэмж өгснөөр энэ тоо нэмэгдэх боломжтой гэж харж байгаа.
-Олон улсад донорын тэтгэмж, нөхөн төлбөрийг хэрхэн шийддэг бол. Энэ чиглэлээр аль нэг улсын туршлагыг судалсан байх?
-Бидний судалснаар дэлхий дахинд 90 гаруй улс донорын тухай болон эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулсан хуультай. Тэдгээрт янз бүрийн заалт бий. Амьгүй донорын гэр бүлийнхэнд тэтгэмж өгдөг туршлага ч нэлээд байсан. Жишээ нь, Турк болон БНСУ-д оршуулгын тэтгэмж өгдөг юм билээ.
-Эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотойгоор хүний эд, эрхтний наймааны асуудал ч яригддаг. Үүнээс сэргийлэх үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулдаг вэ?
-Хүний наймаа, эд, эрхтний наймаанаас сэргийлэх Истанбулын тунхаглалыг Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгээс 2008 онд баталсан. Манай улс 2018 онд үүнд нэгдсэн юм. Уг тунхаглалын дагуу бол эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа нь хэн нэгний ашиг олох эх үүсвэр байж болохгүй. Тиймээс л энэ төрлийн эмчилгээнд бэлэн мөнгөний ямар нэгэн харилцаа байх ёсгүй гэж үзээд оршуулгын тэтгэмжийг тодорхой хувиар нэмэгдүүлэн олгохоор бид ярьж байна.
-Энэ төрлийн эмчилгээнд ёс зүйн зөрчил хэр их гардаг вэ?
-Манай улсын эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ёс зүйн зарчмаа маш сайн баримталж ажилладаг. Гэхдээ цаашид болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс бид ёс зүйн удирдамж боловсруулж, батлуулсан. Мөн Мэргэжлийн ёс зүйн хороо байгуулах саналыг хуулийн төсөлд тусгасан. Энэ хороог ЭМЯ-ны дэргэд байгуулах саналтай байгаа. Ёс зүйн ямар нэгэн зөрчил гарсан тохиолдолд тус хорооныхон хэлэлцэж, хөндлөнгийн хяналт тавина. Эрхтэн шилжүүлэх үйл ажиллагаа хүний эрхтний наймаатай холбоогүй, эсэх, амьд донор сайн дураараа эрхтнээ өгсөн үү, үгүй юү гэдгийг тодруулах ач холбогдолтой. Жишээ нь, хэн нэгэн гэр бүлийнхнийхээ шахалтаар донор болж ч магадгүй шүү дээ. Энэ мэт асуудлыг тодруулахын тулд уг хороог ажиллуулах юм. Одоо бол манай албаныхан бүх асуудлыг тодруулж, зохицуулдаг.
-Амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгасан тохиолдол тун цөөн юм байна. Тэгвэл амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгасан нь хэр олон бол?
-Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал манай улсад жилд дунджаар 60 гаруйг хийж байна. Үүний 10 хувийг амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгасан эмчилгээ эзэлдэг. Бусад нь амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгасан эмчилгээ юм. Олон улсад аль болох л амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийх шаардлагатай гэж үздэг. Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгээс ч ийм зөвлөмж өгсөн. НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дагуу хүн эрүүл амьдрах, амьд байх эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл донор болсон хүний амьдралын чанар нь өмнөх үеийнхээсээ тодорхой хэмжээгээр буурдаг юм. Мэс засалд орсны дараах 1-6 сарын хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах нь бий. Гэхдээ донор нь өвчтөн болох ёсгүй учраас нийгмийн амьдралдаа орж, ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэн хийх хэрэгтэй. Тиймээс донор болсон хүмүүсийг жил бүр үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж, биеийн байдлыг нь хянадаг. Цаашид тэднийг рашаан, сувилалд ч амраах хэрэгтэй гэдэг саналыг эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдээс ирүүлсэн. Тиймээс л хуулийн төсөлд ийм заалт шинээр оруулахаар болсон юм. Жилд 40-50 донорыг рашаан, сувилалд амраана гэсэн тооцоо бий. Мэдээж аль болох амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгахыг эрмэлзэх ёстой. Гэхдээ нөхцөл байдлаас шалтгаалан амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгаж байна. Бусад улсад ч нөхцөл байдал адил. Жишээ нь, БНСУ-д эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын тал хүрэхгүй хувийг амьгүй донор эзэлдэг юм билээ.
-Амьгүй донорыг илрүүлэхэд тархины үхэл тодорхойлох баг чухал үүрэгтэй юм байна. Ийм баг хангалттай бий юү?
-Улсын хэмжээнд тархины үхэл тодорхойлох баг одоогоор найм байна. Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Дархан-Уулын Нэгдсэн эмнэлэгт бий. Мөн энэ оноос Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв ийм багтай болсон. Ийм багийг дүүрэг, аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд байгуулчихвал тархины үхэлтэй донор илрүүлэх үйл ажиллагааны хүрээ тэлэх боломжтой. Тэр хэрээр илүү олон хүнд амьдрал бэлэглэж чадна. Тархины үхэл тодорхойлох баг байгуулах үйл ажиллагааг Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/504 болон 2019 оны А/164 тоот тушаалаар баталсан журмаар зохицуулдаг. Багийн ахлагчаар тухайн эмнэлгийн эмнэл зүй эрхэлсэн дэд захирал ажилладаг, бүрэлдэхүүнд нь шаардлагатай бүх мэргэжлийн эмч багтдаг юм.
-Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай улс хөл хорио, хязгаарлалтын дэглэм хэрэгжүүллээ. Энэ нь эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээнд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгээс гаргасан судалгаагаар бол цар тахлын үед олон улсад энэ төрлийн эмчилгээ 10 гаруй хувиар цөөрсөн байна. Манай улсад ч нэлээд нөлөөллөө. Тухайлбал, мэс засалд шаардлагатай тоног төхөөрөмж, бодис, дархлаа дарангуйлах эм зэргийн нийлүүлэлт саатаж, гацсан. Түүнчлэн доноруудаас “Ковид-19” илрэх нь ихэслээ. Бас эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүн халдвар авснаас болж амиа алдсан нь ч бий. Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүн насан туршдаа дархлаа дарангуйлах эм уух ёстой. Тийм учраас дархлаа нь маш сул, халдвар авах эрсдэл өндөр болдог. Эдгээр шалтгааны улмаас мэс заслыг зургаан сараар зогсоож, 2021 оны есдүгээр сараас сэргээсэн. Өдгөө жигдэрч, хэвийн горимдоо шилжиж байна.
-Энэ он гарснаас хойш хэдэн хүн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн бэ. Одоо мэс засал хийлгэх шаардлагатай иргэн хэд байгаа бол?
-Амьгүй нэг донороос хоёр хүнд бөөр, нэг хүнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлээ. Элэг, бөөр шилжүүлэн суулгуулах иргэдийн хүлээх жагсаалтад одоогоор 500 орчим хүн байна. Амьгүй донор олдлоо гэхэд эмчлүүлэгчийн цусны бүлэг, эд, эсийн тохироо, нас, биеийн байдал, хүлээсэн хугацаа зэргийг харгалзан үзэж, мэс засалд оруулах, эсэхийг шийддэг нарийн шалгуур, зохицуулалт бий. Уг зохицуулалтыг илүү боловсронгуй болгох үүднээс Нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан байгуулахаар хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр эрхтэн хуваарилах зохицуулалт илүү боловсронгуй болж, донор олдлоо гэхэд мэс засал хийлгэх хамгийн боломжит хүнийг систем автоматаар сонгох юм. Хуваарилалт нь хүний оролцоогүй, ил тод болно гэсэн үг.
-Донорын тухай хуульд энэ удаа нэмэлт, өөрчлөлт орууллаа гэхэд эрх зүйн орчин сайн бүрдэх нь гэж ойлгож болох уу. Эсвэл цаашид дахиад сайжруулах шаардлагатай зүйлс бий юү?
-Манай улсын Донорын тухай хууль нь цусны болон эс, эд, эрхтний донортой холбоотой үйл ажиллагааны аль алиныг нь хамруулсан. Дэлхий дахинд 90 гаруй улс донорын тухай болон эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулсан бие даасан хуультай гэдгийг өмнө дурдсан. Тэдгээрийн дотор манайх шиг цусны болон эд, эс, эрхтний донорын асуудлыг нэг хуулиар зохицуулдаг улс байхгүй. Өөрөөр хэлбэл, цусны донорыг эд, эс, эрхтнийхтэй адил түвшинд авч үзэж, нэг хуулиар зохицуулж болохгүй. Тийм учраас эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний бие даасан хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулан ажиллаж байгаа.