-Надад идсэн уусан зүйл байхгүй нүүр бардам хэлнэ-
Засгийн газар лхагва гараг бүр хуралддаг. Ээлжит хуралдаанаас гаргасан онцлог шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн байдлаар Ханги, Гашуун сухайт, Булганы боомтоор нүүрс экспортолж байгаа аж. Мөн энэ долоо хоногийн сүүлчээр Шивээ хүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэж эхлэх нь. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар энэ талаар "2022 оны тавдугаар сарын 25-наас зургаадугаар сарын 1-ний хооронд Тавантолгойгоос Цагаан хадны чиглэлийн уртын тээврийг эхлүүлэхээр БНХАУ-ын талтай зөвшилцсөн. Энэ нь Хятадын тал нүүрсний татан авалтаа нэмэгдүүлэхээр нааштай хандаж, зөөлөн бодлого явуулж буй хэрэг болов уу.
Жил гаруй зогсоод байсан Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа ойрын өдрүүдэд эхэлнэ. БНХАУ-ын тал биднээс халдвар хамгааллын дэглэмээ сайн сахихыг байнга хүсдэг. Хуучин задгай тээвэр чингэлэгт шилжсэнээр үнэ өслөө гэсэн мэдээлэл байсан. Үнэ өндөр байгаа асуудлыг хил нээсний дараа их судалсан.
Хил нээсний дараа бүх ачаа жижиг илгээлт хэлбэрээр цахим худалдаагаар хийгддэг. Өөрөөр хэлбэл, урдаас бараа татсан хүн Улаанбаатар хүртэл мөнгөө төлчихдөг. Хүлээн авагчийн худалдаж авч байгаа бараанд Улаанбаатар хүртэл үнэ төлөгдсөн учраас хүлээн авагчийн зүгээс БНХАУ-ын хил болон хил хоорондын тээвэр, Монголын хилээс эцсийн цэг хүртэлх тооцооллыг нарийн гаргахгүйгээр шууд Эрээн дээр ажиллаж байгаа тээвэр зууч компаниудын аманд багтаж, мөнгөө төлдөг байсныг сүүлд тогтоосон. Үнэндээ Гадаад харилцааны яамны Дипломат төлөөлөгчийн газрууд л хилээр орж, гарч буй. Тиймээс Эрээний консул, Хөх хотын Ерөнхий консул, Бээжинд байгаа Монголын Элчин сайдын яамаар дамжуулан Хятадын талд мэдэгдсэн. Тээвэр зуучийн компанидын чингэлэг тээврийн талаар мэдээлэл алга байна.
Мөн Эрээн дээр зохион байгуулж буй сугалааг зогсоож өгөөч гэх хүсэлт тавьсан. Гаалийн хяналтын талбайд орж ирсэн дарааллаар нь ачилтыг хийх нь зөв. Тээврийн зардал бууна, буухгүй гэдгийг одоогоор хэлж чадахгүй. Ачаа хүлээн авагч илгээгч хоёр тал тохиролцох ёстой. БНХАУ нүүрсний импортын татварыг тэглэсэн. Үүнтэй холбогдуулан татан авалт нэмэгдэх болов уу гэсэн төсөөлөл байна. Монгол Улсын хувьд хилээ нээлгэх нь чухал асуудал байсан" гэлээ.
Сэтгүүлчдийн "Замын-Үүдэд бий болсон авлигын сүлжээнд таныг хамаатай гэх юм" хэмээн асуултад Л.Халтар сайд "Замын-Үүдэд авлигын сүлжээ бий гэдгийг сонссон. Надад идсэн, уусан зүйл байхгүйг нүүр бардам хэлнэ. Бүх газраар шалгуулахад бэлэн байна. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт та бүхний яриад буй компанийн нэр байхгүй. Намайг Ордос хотын прокурор шалгаагүй. Миний гар, зам, мөр цагаан" хэмээн хариулав.