Европ тивийн ноён оргил Эльбруст “Red fox Elbrus race-2022” өндрийн гүйлтийн тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Эл оргилд 160 гаруй тамирчин эр зориг, авхаалж самбаа сорьж, энэ сарын 7-нд өрсөлдсөн юм. Тус тэмцээнд Монголоос хоёр тамирчин оролцсоноос “Horizon mountaineer¬ing club”-ийн тамирчин Б.Ням-Очир 3.13.16 цагийн үзүүлэлтээр скай рэйс төрөлд түрүүлж, алтан медаль хүртсэн. Мөн Монголын уулчдын үндэсний холбоо, “UB hiking” клубийн авирагч, спортын мастер Д.Отгонхүү (3.51.55) IV байрт шалгарчээ. Д.Отгонхүү 2017 онд алт, 2018 онд хүрэл, 2019 онд Эльбрус оргилын (3750-5642 метр) босоо өндрийн гүйлтийн тэмцээнээс мөнгөн медальтай ирж байв. Тэдэнтэй ярилцлаа.
-Европ тивийн ноён оргилд авирах эр зориг хүн бүрээс гараад байдаггүй. Эльбруст бараалхах бодол хэзээнээс төрөв?
Б.Н: -Би энэ тэмцээнд оролцох гэж гурван жил хүлээсэн. Эльбрус оргилд өндрийн гүйлтийн тэмцээн жил бүр зохин байгуулдгийг 2019 онд анх мэдсэн юм. Тэр үед өрсөлдөх бодолтой байсан ч цар тахлын улмаас амжаагүй. Энэ жил зорьж очоод, түрүүлсэндээ сэтгэл өндөр байгаа. Бид дөрөвдүгээр сарын 21-нд эх орноосоо мордож, 26-нд хамт явсан багийнхантайгаа Эльбруст авирч, өндрийн бэлтгэл базаасан. Монгол хүний тэсвэр хатуужлыг бид тэмцээний үед олон зүйлээр харуулж чадсан гэж бодож байна.
Д.О: -Миний хувьд уг тэмцээнд найм дахь удаагаа оролцоод ирлээ. 2013-2019 он хүртэл эх орноо төлөөлж өрсөлдсөн. 2017 онд анх удаа түрүүлж, аварга болсон юм. Жил бүрийн авиралт өөр байдаг. Өмнө нь Эльбруст хэдэн удаа цаг агаар муудсан тул тамирчдыг оройд нь гаргалгүй дундаас нь буцааж, барианд оруулсан тал бий. Энэ жил цаг агаар тааламжтай байсан ч оргилд цас их орсноос салхи, шуурга, манантай байв. Б.Ням-Очирын хувьд гадаадын тэмцээнд анх удаа өрсөлдөж, Эльбруст мөрөө гаргалаа.
-Экстрим спорт хүмүүсийн сонирхлыг их татдаг. Оргилд ер бусын гэмээр адал явдал өрнөдөг болохоор та нарын сэтгэлийг ч гэсэн хүчтэй татсан байх.
Б.Н: -Би Увс аймагт төрсөн. Аав минь намайг хүүхэд байхад уулаар их дагуулж явдаг сан. Манай нутагт өвөл цас их унадаг. Тэр их цасан дунд хонь хариулна гэдэг тэвчээр шалгасан ажил шүү дээ. Уулсын дунд мал хариулангаа хад асгатай газраар харайж гүйхдээ авиралтын ихэнх зүйлийг сурчээ гэж боддог. Улаанбаатар хотод оюутан болж ирээд Богд ууланд байнга алхдаг байлаа. “Horizon mountaineering club”-т элсэн нэгдэж, уулын өндрийн гүйлтээр хичээллэсэн юм. Бид хойд хөршийг зорьж, Эльбруст 4300-5300 метрийн өндөрт дасах бэлтгэл хэдэн өдөр хийсэн. Тэр үед хараад л сүрдмээр өндөр оргилын оройд уралдаж гарна гэдэг эхэндээ барахааргүй санагдаж “Юутай ч зорьж ирснийх оролцоод үзье. Эхний авиралтаа амжилттай эхлүүлье” гэж бодсон. Надад дотор хүн минь “Чамд шантарч, буцах эрх байхгүй Ням-Очир оо, зориод гар. Алив авир, гүй” гэж хэлээд байлаа. Сэтгэл минь ингэж тушаасан болохоор зорьсноо биелүүлэхээр зүтгэсэн. Зүтгэсний эцэст “бараалхах”-д оргил сайхан хүлээж авсан. Тэр өдөр цаг агаар тогтуун, тэнгэрт бүртийх үүлгүй байв. Тамирчид баярлаж, оргилыг сайхан ааштай үед тэмцээнд оролцлоо гээд ярилцаж байлаа. Тэмцээний өндөрлөсний дараа цаг агаар муудаж, манан ихэссэн шүү.
Д.О: -Хэнтий аймгийн Дадал сум миний төрсөн нутаг. Хүүхэд байхдаа үеийнхээ хүүхдүүдтэй мал хариулахдаа ууланд авирч, тал газраар алхдаг сан. Биднийг тэмцээнд оролцохоор очиход ОХУ-ын мужуудаас тамирчид ирсэн байлаа. Цар тахлын улмаас тэмцээн хоёр жил хойшилсон болохоор тамирчид бэлтгэлээ тодорхой хэмжээгээр базаасан байв. Уул, спорт авиралт, өндрийн гүйлтээр хойд хөршийнхөн хүчтэй өрсөлдөгч. Тэнд өндрийн гүйлтийн тэмцээнийг өндрийн босоо 1000 метрийн гүйлт, скай марафон, скай рейс гэсэн төрөлд зохион байгуулдаг юм. Тамирчдын олонх нь аль нэг төрлөөр нь дагнаж, олон жил хичээллээд амжилт гаргасан байдаг. Миний хувьд өндрийн босоо, скай рейс төрөлд оролцдог. Энэ удаа скай рейс төрөлд IV байр эзэллээ.
-Олон жилийн туршлага хуримтлуулчихсан хашир тамирчидтай ана мана өрсөлдөхийн тулд хамтдаа ямар тактик боловсруулж, тэмцээнээ эхлүүлсэн бэ?
Б.Н: -Бэлтгэл хийх зуураа тамирчдыг ажиглахад оросууд арай л өөр, хүчтэй өрсөлдөхөөр харагдлаа. Барианаас гарсан оролцогчдоос эхний зургаа нь бусдаасаа хол тасарсан. Тэмцээн эхлэхийн өмнө оргилд цас их орсон болохоор дээшлэх тусам зам нь улам хэцүү болж байв. Эхэнд явсан Оросын тамирчин ядраагүй хэрнээ нэг их хурд гаргахгүй урагшилсаар намайг өмнөө гаргачихав. Тэрбээр надаар зам гаргуулаад араас хурдтай нэхэж, түрүүлэх тактик боловсруулсан байлаа. Би тактикийг нь гадарласан тул 5000 метрээс дээш өндөрт өөрт байгаа бүх л нөөц, боломжоо шавхаж гаргасан. Оргилын орой харагдангуут бүр хурдтай өгссөн. Хурдан морь бариа руу дөхөх тусам шандсаа гаргаж давхидаг шиг эцэж цуцахаа мартаад тэр эрчээрээ зүтгэсэн. Оросын тамирчин намайг өмнө нь харж байгаагүй тул шинэ оролцогч туршлагагүй гэж бодсон байх. Тэрбээр түрүүлнэ гэж бүр төсөөлөөгүй ч үгүй биз. Тиймээс өмнөө гаргаж, бариа дөхөхөөр араас хурдтай дайрна гэж тооцоолсон нь буруу байв.Өгсөх тусам манан ихсэж, 20 метрээс цааших зүйл харагдахгүй болоход түүнийг хэзээ, хаанаас дайрч, урд гарах бол гэж байнга тандаж явсан. Тэрбээр надаас 13 минутын дараа оргилын оройд гарсан юм. Түүний араас нэхсэн тамирчин нэлээд хол явахыг хараад сэтгэл минь тайвширч, урт гэгч нь амьсгаа авсан даа.
-Эльбрусийн оройд гараад л өөрийн эрхгүй баярлаж, догдолсон биз?
Б.Н: -Баярын нулимс өөрийн эрхгүй асгарсан. Оргилд талархсанаа илэрхийлж, залбирчихаад бууж явахдаа өөртөө итгэхгүй “Би үнэхээр гарчихсан гэж үү, энэ үнэн болов уу” гэж их бодсон. Тэгээд өгсөж яваа Д.Отгонхүүтэй таарч “Чиний ард, урд хэдэн хүн байсан бэ” гэхэд “Хоёр” гэв. Түүнийг хэлэхийг сонсоод өөрийгөө баттай гарсныг мэдээд уужирсан. Гараанаасаа хөдлөхөд өөрийгөө түрүүлнэ гэж огт бодоогүй. Уулын ямар ч төрлийн тэмцээнд замаа амжилттай дуусгах нь тамирчдын хувьд том ялалт байдаг. Тиймээс түрүүлэхээс илүү замаа амжилттай дуусгах бодол юу юунаас илүү төрж байлаа.
Д.О: -Эльбрус хишгээ харамгүй хайрласан гэж боддог. Надад энэ тэмцээнээс хүртсэн иж бүрэн медаль бий. Миний хувьд анх удаа мөрөө гаргасан тамирчнаа зорьсноо хэрэгжүүлээсэй гэж хүссэн. Би 2011 онд энэ спортоор анх хичээллэсэн. Тэр жил оюутан болж, Монголын үндэсний их сургуулийн аялал жуулчлалын ангид сурахдаа багш, оюутнуудтай Асралт хайрханд долоо хоног явган аялж, дараа нь Говь-Алтай аймгийг зорьж, Сутай, Баян-Өлгийн Мөнххайрхан ууланд авирсан юм. Миний сонгосон мэргэжил намайг уулын спортод хөл тавихад хүчтэй урвуулсан юм шүү дээ. Үүнээс улбаалж өндрийн гүйлт, хад, мөс, спорт авиралтаар сонирхон хичээллэх болсон. Мөсөнд авиралтын Азийн АШТ-д IV, 2019, 2022 онд болсон ДАШТ-д IX байр эзэлсэн. Надад тэмцээн болгон сонирхолтой санагддаг. Энэ жилийн мөсөнд авиралтын ДАШТ Швейцар улсад болсон нь хамгийн сонирхолтой байлаа. Өмнө нь ОХУ-ын Киров хотод Дэлхийн цом, БНХАУ, БНСУ-д Азийн АШТ-ийг зохион байгуулсан. Орон бүрийн цаг агаар, уур амьсгал, мөсний бүтэц өөр. Үүнээс Бээжинд болсон Дэлхийн цомын тэмцээн амьдралд минь мартагдахааргүй дурсамж үлдээжээ. Тэнд 16 тамирчин хагас шигшээ үлдэж, найм нь финалд шалгарсан юм. Миний хувьд 30 доль дутаж, IX байр эзэлж байлаа.
-Хойд хөршөөс ирээд гэрийнхэнтэйгээ уулзахаар нутаг руугаа явав уу?
Б.Н: -Ирснийхээ дараахан гэрийнхэнтэйгээ уулзахаар нутаг руугаа явсан. Тэнд хэд хоног амраад наашиллаа. Д.Отгонхүү энэ спортоор олон жил хичээллэсэн болохоор багийн ахлагчаас авхуулаад багш дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэж, тэмцээний үед хэрхэн авирч, гүйх талаар тамирчдадаа зааж зөвлөдөг. Би өндрийн гүйлтээр 2018 онд хичээллэж, тамирчны гараагаа эхлүүлсэн. Анх хүртсэн хүрэл медалиасаа урам авч, олон улсын тэмцээн оролцох зорилго тавьсан юм. Би “Оюутолгой”-н нэг уурхайд ажилладаг. Тэнд 14 хоног ажиллаад 14 хоног амардаг. Амрах үедээ ууланд алхаж, өндрийн гүйлтийн бэлтгэл базаадаг. Намайг аварга болоод ирэхэд нэг найз минь “Тэмцээнд түрүүлж болно. Харин аваргыг хамгаална гэдэг хэцүү” гэв. Түүний хэлсэн үгийг байнга боддог болсон. Ирэх жилийн тэмцээнд аваргаа хамгаалах зорилготой оролцоно. Намайг одооноос эхлээд олон тамирчин судлах байх. Тиймээс би ч гэсэн тэднийг судалж, бэлтгэлээ сайн хийнэ.
Д.О: -Спорт миний нөхөрлөлийн хүрээг тэлж, олон найзтай болгосон. Жил бүрийн тэмцээнд оролцсоор өрсөлдөгчдөө мэддэг болж, заримтай нь нөхөрлөсөн тал бий. Спорт авиралт олимпын наадмын төрөлд багтлаа. Миний гол зорилго ирээдүйд энэ спортоос олимпын аварга төрүүлэх юм. Тиймээс сүүлийн хоёр жил хүүхдүүдийг бэлтгэл хийлгэж байгаа. Авиралтын төрлөөр хичээллэхэд нас хязгаарладаггүй. Хэдийчинээ бага насандаа хичээллэнэ төдийчинээ туршлага хуримтлуулж, амжилт гаргадаг.
-Уулын спортод хөл тавихдаа гэрийнхэнтэйгээ хэр зөрчилдөв. Хамгийн хүнд төрлийг нь сонгоход хэрхэн хүлээж авсан бол?
Д.О: -Намайг сонирхож хичээллэхэд манайхан хориглоогүй, харин ч дуртай дэмжсэн. Тэдний минь хүлээж авсан байдал цааш үргэлжлүүлэхэд их нөлөөлсөн шүү. Хэрвээ дэмжээгүй бол өнөөг хүртэл тууштай явахгүй л байсан болов уу. Би “Монгол экспедишн” аялал жуулчлалын компанид ажилладаг. Зун хөтөч хийхээс гадна авиралтын сургалт зохион байгуулдаг юм. Хүмүүс хотын дуу чимээ, стресс ихтэй амьдралаас түр боловч холдож, байгалийн нам гүм орчинд амарч, аялахаар тэмүүлдэг болжээ. Хүн ч гэсэн байгалийн амьтан шүү дээ. Тиймээс байгалиас энерги, эрч хүч авахыг хүсдэг. Өнөө цагт ууланд алхдаггүй хүн ховор болсон. Залуучууд Алтай Таван Богд, Сутай хайрханд мэргэжлийн хөтөчтэй авирдаг. Ууланд хөтөч хийх амар ажил биш. Олон хүний амь насыг хариуцаж явдаг тул өндөр үүрэг, хариуцлагатай байхыг орчин нь шаарддаг. Авиралтын явцад зарим нь цаг агаар, эрүүл мэндийн байдлаас шалтгаалж, замын дундаас буцах тохиолдол гарна. Хоёр хөтөчийн нэг нь багийн хүмүүсийг оргилд авч гарна, нөгөө нь цааш үргэлжлүүлэх боломжгүйг нь замын дундаас буцааж, буулгадаг юм. Хөтөч авиралтаас өмнө 10 хоног бэлтгэл хийж, замаа сайн судална. Авиралт хийх хүмүүст алхаа, гишгээ заахаас гадна эрүүл мэнд, бие, сэтгэл зүйн байдлыг нь ажиглаж, замд тулгарч болзошгүй эрсдэлийг тооцоолж, ямар арга хэмжээ авах талаар төлөвлөдөг.
Б.Н: -Миний сонирхдог зүйлийн нэг бол уул, уурхай. Намайг өөрийн хүслээр энэ спортод хөл тавихад гэрийнхэн минь тусалж, дэмжсээр ирсэн. Би ажил, спортын аль алинд нь амжилт гаргахаар зорьж байгаа. Ууланд алхаж, авирахаар ухаан тэлж, бодол цэгцэрдэг. Оргилд гарахад алсын зорилго ойрхон харагддаг. Хамгийн гоё мэдрэмж тийм л үед илүү төрдөг юм. Миний хувьд Алтай Таван Богдод ирэх сард болох өндрийн гүйлтийн тэмцээнд амжилттай оролцохоор төлөвлөсөн.
-Оргилд авирахыг зарим хүн бясалгал хийснээс дутуугүй мэдрэмж авдаг гэж ярьдаг. Ууланд олон зүйл бодож алхах, эсвэл анхаарлаа төвлөрүүлэх нь зөв үү?
Б.Н: -Ууланд авирах үед олон зүйл бодох хэрэггүй. Оргилын оройд гарах мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй шүү дээ. Гэхдээ буутлаа эрсдэлийг тооцоолж орчноо сайн анзааран, анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Авирах явцад олон зүйл бодвол алдаа гаргах эрсдэлтэй. Тамирчин хүн тэмцээний өмнө сэтгэл зүйгээ сайтар бэлдэж, дотоод хүнтэйгээ ярилцан, үгийг нь сонсох хэрэгтэй байдаг юм. Уулын спортын ямар ч төрөлд алдаа, оноо анхных бөгөөд эцсийнх байх магадлалтай тул бодлоо цэгцтэй байлгаж, өөр зүйлд сатаарах ёсгүй.
Д.О: -Бид хоёр жилийн өмнө эхлүүлсэн хөтөлбөрөө амжилттай дуусгах зорилготой байгаа. Алтай Таван Богд уулыг тойрсон таван их оргил бий. Тухайлбал, Хүйтэн оргил далайн түвшнээс дээш 4374, Найрамдал 4192, Малчин 4051, Бүргэд 4068, Наран 3883 метрийн өндөрт оршдог. Уулын спортынхон үндсэн отгийн гараанаас гарч 24 цагийн дотор бусад оргилд авирдаг юм. Бид 2020 онд авирч, дөрвөн оргилд нь 16 цагийн дотор амжилттай гарсан. Сүүлийн сүүлд Бүргэд ууланд нь авирах гэтэл цаг агаар муудаж, гарч амжилгүй буцсан. Энэ уул бусдаасаа хамгийн өндөр нь. Эгц, огцом, шовх оройтой, авирах зам нь ч амаргүй.
-Д.Отгонхүүг уул, авиралтын спортоос гадна “Алтайн барс” клубийн эрэгтэйчүүдийн багийн туслах дасгалжуулагчаар ажилладаг гэж сонссон.
Д.О: -Тийм ээ, волейболын туслах дасгалжуулагчаар ажиллаж, тус багийнхны тоглолтын статистик хөтөлдөг юм. Волейболын лигийн тоглолтоос “Алтайн барс” багийнхан нэлээд медаль хүртсэн. Өнгөрсөн жилийн тэмцээнээс л медаль гардсангүй. Энэ нь багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, өмнө тоглодог тамирчид өөр багт тоглосонтой холбоотой байх. Манайхан өнгөрсөн долоо хоногт сүүлчийн тоглолтоо хийсэн. Бүх ард түмний спартакиад наадамд бүс тус бүрээс шалгарсан баг өрсөлдөнө. “Алтайн барс”-ынхан оролцох эрхээ авсан. Би арван жилийн сурагч байхдаа волейбол сонирхож, аймгийнхаа шигшээ багт хоёр жил тоглосон. Миний сэтгэлийг уул хүчтэй татсан юм. Уул, мөсөнд авиралтаар хичээллэж, хатуужил тэсвэр, ачаалал даах чадвартай болоход волейбол тоглодог байсан минь багагүй нөлөөлсөн. Багийн спорт намайг өөрийгөө бус нөхдөө гэх үүрэг, хариуцлагатай болгож, олонтой нээлттэй харилцахад сургасан даа.
-Тамирчид спорт, тэмцээн гэж завгүй явсаар амьдралынхаа олон зүйлийг хойш тавьдаг. Ингэхэд гэрлэж, хувийн амьдралаа төвхнүүлөв үү?
Д.О: -Өнгөрсөн хоёр жилд тэмцээн болоогүй тул цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлж, хувийн амьдралдаа анхаарал хандууллаа. Эхнэр бид хоёр нэг салбарын хүмүүс. Тиймээс нэгнээ ойлгож, дэмждэг. Бидэнд маргаж, санал зөрөх асуудал бараг гардаггүй болохоор ажил, спортын аль алийг нь сэтгэл тайван амжуулж байна. Би өндрийн гүйлтийн тэмцээнд гурван медаль хүртчихээд гэрлэсэн. Миний хувьд ажлынхаа цагийг аль болох зохицуулж, гэр бүлдээ цаг зав гаргахыг хичээдэг. Намайг тэмцээнд оролцоход бүх талаар дэмжиж тусалсан “Эхлэл” компани, мөн “Мера”, “Намуун заяа”, “Газар шим” компанийн хамт олонд баярлаж, талархсанаа илэрхийлье.