АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатартай Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахиж оруулах боломжтой, эсэх талаар ярилцлаа.
-Хөгжлийн банкны гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа одоо ямар шатанд байна вэ. Хэдий хэмжээний хөрөнгүүдийг битүүмжилж, хэчнээн хүний нэр холбогдоод байгаа вэ?
-Монгол Улсын Хөгжлийн банктай холбоотой асуудал үүсээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд АТГ-аас хүн хүчээ хуваарилан боломжит хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хөгжлийн банкны нэр нөлөө бүхий албан тушаалтнууд, эрх бүхий хүмүүс нь зээл олгохдоо аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон үйлдэл, аж ахуйн нэгж, албан тушаалтнууд авсан зээлээ зориулалт бусаар зарцуулчихсан, зээл авахдаа нэр бүхий хүмүүс хахууль өгсөн гэх зэрэг гэмт үйлдлүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банктай холбогдох 33 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 42 хүнийг яллагдагчаар татсан. Энэ 42 гэдэг тоо бол дуусаж байна, эцсийн гэсэн үг биш.
Өнөөдрийн байдлаар гэхэд прокурорын байгууллагаас хэд хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол гаргаж, бидэнд ирүүлээд, манай мөрдөгч нар тухайн хүмүүст нь танилцуулах ажиллагаа явуулж байна. Энэ 42 хүнд ямар хүмүүс багтсан бэ гэхээр аж ахуйн нэгжийн албан тушаалтан 18, Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан 18, улс төрд нөлөө бүхий зургаан хүн бий. Улс төрд нөлөө бүхий, тэр тусмаа хуулиар халдашгүй байдал тогтоочихсон хүмүүстэй холбоотой асуудлуудаас болж мөрдөн шалгах ажиллагаа тодорхой хэмжээнд саатаж, удааширч байгаа.
Энэ нөхцөл байдлаа бид хуулийн дагуу прокурорын байгууллагад танилцуулж, прокурорын байгууллагаас нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулсан. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй бол энэ хүмүүсийн халдашгүй байдал нь мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Халдашгүй байдал буюу УИХ-ын тухай хуульд заасан үзлэг, нэгжлэг тээврийн хэрэгсэл болон орон гэр байр уналга, холбоо мэдээллийн хэрэгсэл бүгд халдашгүй болохоор тухайн газар, эд зүйлээс нь мэдээлэл, нотлох баримтууд гаргуулж авч болохгүй байгаа юм. Ийм нөхцөл байдлууд үүссэн учраас гишүүдийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөөч гэдэг асуудлыг хуулийн дагуу УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын зүгээс халдашгүй байдал, дархлаа байх ёстой гэж дүгнээд гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс татгалзсаныг та бүхэн мэдэж байгаа. Энэ нь буруу жишиг тогтоож буй юм.
Ер нь түүхэн цаг хугацааны явцад манай саналын дагуу нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт тавьсан үед УИХ дандаа татгалзсан хариу өгч байсан. Энэ нь хэргийг удаашруулах нэг нөхцөл болдог. Мөн шударга ёсыг нийгэмд алдагдуулаад байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гээд хуульчилсан. Үндсэн хууль гэдэг чинь нэг талаасаа нийгмийн гэрээ шүү дээ. Нөгөө талаасаа, энэ Үндсэн хууль гэдэг зүйл чинь хүмүүсийн итгэл үнэмшил байхгүй юу. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх юм байна аа гээд. Гэтэл энэ тунхаг хэлбэртэй болж, зарим хүн халдашгүй байдал гэдгээр ял завшдаг явдал газар аваад буй учраас үүнээс татгалзах хэрэгтэй.
Нэр бүхий зарим хүн УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөөч, би сайн дураараа татгалзаж байна гээд байхад хүсэлтийг нь шийдвэрлэхгүй, асуудал тодорхой хэмжээнд үр дүнд хүрэхгүй, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй гээд байгааг хувь хүнийхээ хувьд ойлгохгүй байна.
-Гишүүдийг түдгэлзүүлэхгүй гэдэг шийдвэрээ УИХ-ын чуулганаар гаргасан. Та ч бас сая хэллээ. Дархлаатай байх ёстой гэдэг үүднээс ийм шийдвэр гаргасан гэж. Тэгэхээр ийм нөхцөлд байдалд АТГ-ын хувьд цаашид авах арга хэмжээ, хуулийн гаргалгаа нь яг юу байгаа бол?
-Мөрдөн шалгах ажиллагааг бид хязгаарлагдмал хүрээнд явуулж болно л доо. Хязгаарлагдмал хүрээнд явуулахаар нотлох баримт дутуу цуглана, мөрдөн шалгах ажиллагааны чанар, үр нөлөө буурна. Дутуу хийсэн ажиллагааг прокурорт танилцуулахаар дутуу л дүгнэлт хийнэ. Нөхцөл байдлыг бодитоор нь дүгнэж чадахгүй. Шүүх, шүүгч эцсийн дүгнэлтээ хийхэд бас л дутуу дулимаг зүйл болно. Ингээд ял завших нөхцөл үүснэ. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүйн жишээ бий шүү дээ. Бүрэн эрхтэй байж байгаад л Монгол Улсын хилээр зугтаад гараад явчихдаг. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг өргөн барилаа гэхэд хилээр гараад явчихдаг. Мэдээллийн аюулгүй байдлын нууц үгүй болчихсон. Ингээд хэрэг шийдэгдэхгүй буцаж, хэрэгт холбогдсон хүмүүс нь гадаадад очоод амьдарчихдаг.
Эдийн засгийн хувьд хэнээс ч хараат бус болчихсон хүмүүсийн хувьд тухайн улс оронд очоод амьдраад байгаа нь нийгэмд шударга бус байдлыг харуулж байгаа юм. Энгийн иргэн байсан бол яах вэ. Жирийн иргэд жишээд үзнэ шүү дээ. Тэгэхээр ийм нөхцөл байдал үүсгэхгүй байя, авлигатай тэмцье гэж байгаа бол улстөрчид өөрсдөө манлайлал үзүүлэх ёстой. Улстөрчдийн хэлдэг нэг үг байдаг. “Тул бариач ээ, жараахай оролдоод” гэж. Тул бол Улаан номд орсон, хуулиар хамгаалсан амьтан тул барих боломжгүй гэсэн ёжлол гэж ойлгогдоод байгаа.
Энэ халдашгүй байдал гэдэг зүйлийг бүх гишүүнийг, парламентыг халдашгүй болгоё гээгүй. Жишээ нь нэр бүхий дөрвөн гишүүний асуудал дээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларч буй нотлох баримтуудын хүрээнд тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх зайлшгүй шаардлагатай гэдэг зүйлийг л бид хүргүүлээд байгаа. Түүнээс зүй бус, ямар ч нотолгоо баримтгүй зүйлийг бид УИХ-д танилцуулаагүй.
Ер нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулах ёстой, боломжтой харилцааг УИХ-ын тухай хуульд хуульчилснаас ийм асуудал үүсэж байгаа гэж хардаг. Шүүх өөрөө бие даасан засаглалын хувьд нотлох баримтаа үндэслээд энэ хүмүүсийн бүрэн эрхийг түдгэлзүүлдэг байсан бол магадгүй ийм асуудал үүсэхгүй. Энэ давуу байдал олгодог, халдашгүй байдал гэдэг зүйлийг дэлхийд маш цөөхөн оронд хэрэглэдэг. Хэрэглэж байгаа улс орнуудыг нь судлаад үзэхээр манайхтай адил хөгжиж байгаа орнууд. Харин өндөр хөгжилтэй орнууд тийм биш. Тэнд улс төрийн соёл төлөвшчихсөн. Улс төрийн соёлтой хүмүүс өөрсдийнх нь зүй бус үйлдэл нийтэд ил болсон бол уучлалт гуйгаад албан тушаалаасаа огцордог, чөлөөлөгддөг соёл суучихсан. Манайд одоогоор тийм соёл, төлөвшил алга. Хуулийг бичихдээ хэтэрхий өргөжүүлдэг, давуу байдал олгодог нөхцөл байдал байгаад байгаа юм.
-Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулахдаа анхнаасаа нууцын зэрэглэлтэй хүргүүлсэн. Тийм болохоор чуулганы хуралдаан дээр нээлттэй үг хэлэх боломжгүй гэдэг тайлбар УИХ өгсөн. Тэгэхээр ард түмэн ямар гишүүдээ хамгаалж, хаацайлан авч үлдээд байгааг мэдэхгүй өнгөрлөө. Үүнийг нээлттэй хэлэлцэх боломж, бололцоо уг нь байсан биз дээ?
-Түдгэлзүүлэх асуудал нээлттэй явж болно. Тухайн хүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны нууцлалууд бий. Тухайн гишүүнийг түдгэлзүүлээд яг ямар ажиллагаа хийх гэж байгаа юм бэ, ил болгоё л доо гэдэг. Ил болгочихвол тэр хүмүүс хийх гэж байгаа ажиллагаа, төлөвлөгөөг мэдчихнэ шүү дээ. Улмаар нотлох баримтаа зөөчихнө, байгаа баримтыг алга болгочих эрсдэл учрахыг үгүйсгэхгүй. Тиймээс хүсэлтээ зайлшгүй нууцаар хүргүүлэхээс өөр аргагүй. Асуудлыг “Нууц” гэж оруулахаар зарим хүн үүнийг далимдуулаад давуу байдал олж авч байна. УИХ өөрөө шүүхийн байгууллага биш. Нотлох баримт яриад энэ хүний гэм буруугийн асуудлыг ярих гэж байгаа биш. Гэм буруутай, эсэхийг нь хэлэлцэхийн тулд шүүх дүгнэлт хийх, мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явуулах бололцоог бүрдүүлээд энэ хүмүүсийг тодорхой хэмжээнд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, халдашгүй байдалтай холбоотойгоор хийж болохгүй байгаа мөрдөн шалгах ажиллагаануудыг бүрэн гүйцэд хийлгээд хэргийг эцэслэн шийдвэрлүүлэхийг л хүсээд буй юм.
-Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон дөрвөн гишүүн мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулаагүй, хамтран ажиллаж байна, мэдүүлгээ цаг хугацаанд нь өгч байгаа гэдэг шүү дээ.
-Мөрдөн байцаалтын төлөвлөлт өөрөө нууцад хамаардаг. Энэ талаар хамаагүй мэдээлэл өгөх боломжгүй. Нийтэд ил байгаа эх сурвалжуудыг та бүхэн мэдэж байгаа. Зарим гишүүн “би тайлбараа бичиж өгсөн” гэдэг. Тайлбар бол нотлох баримт биш. Зүгээр л болсон үйл явдлыг өөрийнхөө өнцгөөс тайлбарлаж байгаа явдал. Мэдүүлэг гэдэг нь өөрөө тусдаа ач холбогдолтой.
Ингээд тайлбар, мэдүүлгээс гадна тэр хүнийг албадан ирүүлэх, дуудан ирүүлэх гээд процессууд халдашгүй байдалтай дахиад холбогдчихдог. Тэгэхээр халдашгүй байдалд нь халдах боломжтой болгоод бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд өгчихсөн тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдана. Хэргийг прокурорын байгууллага, АТГ хоёр шийдэх асуудал биш. Үүний дараа нээлттэй шүүх хуралдаан болно. Шүүх хурал нээлттэй явагдаад, ямар нотлох баримтууд байгаа юм, буруутай юу, үгүй юү гэдэг эцсийн шийдвэрээ гаргуулах учраас энэ ажиллагааг шуурхайлахад зайлшгүй ач холбогдолтой гэдгийг хэлж байгаа юм. Ер нь бол мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд явуулахын тулд нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг эрх бүхий байгууллагад уламжлах саналаа бид дахин гаргана. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуульд зааснаар бол мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага прокурорт санал гаргадаг. Ийм л эрх зүйн зохицуулалттай.
-Одоо тэгэхээр энэ асуудал гацаанд орчихлоо. АТГ-аас дахиад энэ дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэх юм байна. УИХ дахиад л дархлаатай байх ёстой гэдэг шийдвэрээ гаргаад чөтгөрийн тойрогт орвол асуудал цаашаа яаж өрнөх бол гэдэг нь сонин байна л даа.
-Бид саналаа гаргана. Прокурорын байгууллага УИХ-д тухайн саналыг уламжлах, эсэх нь Улсын ерөнхий прокурорын бүрэн эрхийн асуудал. Одоогийн хүчин төгөлдөр байгаа хуулиар түдгэлзүүлэх, эсэх асуудал нь бас УИХ-ын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Шударга ёсонд харш, шударга ёсыг алдагдуулсан халдашгүй байдал гэж байж болохгүй.
Бид хязгаарлагдмал хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулаад хэргээ прокурорт хүргүүллээ гэхэд бүрэн гүйцэд бодитой дүгнэлт хийх бололцоогүй нөхцөл байдал үүснэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал ярихаар дархлаа, халдашгүй байдал байх ёстой гэж яриад байдаг. Ийм зүйлд бид хязгаарлагдаж болохгүй ээ. Шударга ёсыг тогтоох, зөрчигдсөн эрхийг сэргээх ёстой. Цаг хугацаа өнгөрөх тусам асуудал бүрхэг болно. Энэ байдлыг манай хууль тогтоох байгууллагынхан сайн ойлгодог, УИХ-ын гишүүд мэддэг байх гэдэгт би итгэж байгаа.