“Аттила“ клуб, “Ferei Mongolia development” багийн тамирчин, ОУХМ Б.Мягмарсүрэн Вьетнам улсад өнгөрсөн сард болсон “HTV cup 2022” олон өдрийн уралдаанд “Dong Hai” I багийнхантай (легионер) оролцож, амжилттай өндөрлүүлээд эх орондоо ирсэн. Тэрбээр дугуйтай нөхөрлөсөн цагаасаа гадаад, дотоодын тэмцээнүүдэд хурд сорьж, аваргын цом, алтан медаль цөөнгүй гардсан. Тухайлбал, өмнөд хөршид жил бүр зохион байгуулдаг “Granfondo Yunnan international race” олон өдрийн олон улсын тэмцээнд таван жил дараалан (2015-2019) нийлбэр дүнгээр тэргүүлж, аварга болсон юм. Тэгвэл Монголд 2016 онд уулын дугуйн УАШТ-д түрүүлж, шилдэг тамирчнаар шалгарч байв. Тэр жилдээ БНХАУ-ын “Rion” багийнхнаас уралдах урилга хүлээж авчээ. Манай улс “Парис-2024” олимпод эрх авахын тулд Дэлхийн дугуйн холбоонд бүртгэлтэй “Ferei Mongolia development” мэргэжлийн баг байгуулсан. Тэрбээр тус багт багтсанаар энэ оны анхны тэмцээнээ АНЭУ-д зохион байгуулсан “Tour of Sharjak” -аар эхлүүлж, дараа нь Туркт болсон “Gran prix Antalya”, “Grand vilo Al¬anya” цуврал уралдаанаар үргэлжлүүлсэн. Улмаар Тажикистаны Душанбе хотод өнгөрсөн гуравдугаар сарын 26-29-нд болсон Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн элит ангиллын бөөн гараатай уралдаанд Монголынхоо багийнхантай хурд сорьсон юм. Түүнтэй ярилцлаа.
-Та Вьетнамаас ирээд удаагүй байна. Гэртээ тухлах сайхан байна уу?
-Тийм ээ. Хавар болтол гадаадын тэмцээнүүдэд оролцож, эх орон, гэр бүлээ их саналаа. Өнгөрсөн нэгдүгээр сард “Tour of Sharjak” тэмцээнд уралдаж, дараа нь Турк улсыг зорьж, бэлтгэл базаасан. Тэнд очсон гол зорилго бол Тажикистаны Душанбед болох Азийн АШТ-д багийнхантайгаа амжилттай хурд сорих байлаа. Тиймээс Европын мэргэжлийн дугуйчдын түвшинд хүртэл бэлтгэл хангахад анхаарал хандуулсан юм. Бид боломжийг алдахгүйн тулд цаг хугацаа, хөдөлмөр, хичээл зүтгэл гээд бүх зүйлээ дайчиллаа. Монголын дугуйн холбоо тамирчдынхаа ур чадварыг нь тивдээ таниулах зорилготой байв. Миний хувьд зорилгынхоо үр дүнг Душанбед харууллаа. Манайхан багаараа мөнгөн медаль хүртсэн нь Монголын дугуйн спортод түүхэн амжилт болсон. Монголын дугуйчдаас ОУХМ С.Жамбалжамц Малайзын “Тerengganu” багт уралддаг. Түүний түвшинд хүртэл бэлтгэл хийхийн тулд бид ч их хичээсэн.
-Монголын дугуйн спортод олон жил завсарласан медалийн буухиаг манай залуус Душанбед үргэлжлүүлсэн нь олныг баярлуулсан. Тивийн төдийгүй дэлхийн шилдгүүдийн түвшинд хүрснээ амжилтаараа ч харууллаа.
-Ази тивд Казахстаны мэргэжлийн дугуйн багийнхан амжилтаараа ноёлдог. Тамирчид нь мэргэжлийн түвшинд хүрснээ олон талаар харуулдаг. Би Азийн АШТ-д гурав дахь удаагаа оролцлоо. Өмнө нь 2014, 2016 онд хурд сорьсон. Энэ удаа Азийн аваргад аль ч төрөлд хамгийн сайн уралддаг тамирчдаа сойсон. Багийн цуваа уралдаанд нөхдийнхөө төлөө бүх зүйлээ дайчлан гаргаж, цааш үргэлжлүүлэх боломжгүй болтлоо өөрийгөө золиосолсон Б.Марал-Эрдэнийг хараад өөрийн эрхгүй хамрын самсаа шархирч байлаа. Тэрбээр багийнхныгаа амжилт гаргахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн. Монголын дугуйчдын мөнгөн медаль тийм их хөдөлмөр, хичээл зүтгэлээр ирсэн үнэ цэнтэй шагнал шүү дээ. Эмэгтэйчүүдийн элит ангилалд оролцсон Ц.Солонго бид хоёр нэг багшийн шавь. Дугуйн спортоор хичээллэсэн он жил ч адилхан. Тэрбээр энэ тэмцээнд амжилт гаргах гэж бүр зорьж, оролцсон. Түүний хувьд энэ шагналыг авахаар хөдөлмөрлөсөн гэж боддог. Мөн залуучуудын ангилалд хурд сорьсон А.Даваажаргал хүрэл медаль зүүсэн. Тэрбээр Азийн аваргад анх удаа оролцсон болохоор туршлага дутсан тал бий. Гэхдээ түүнээс хойшид амжилт гаргах ирээдүй харагдсан шүү.
-Таны хувьд элит ангиллын бөөн гараатай уралдаанд багийнхантайгаа оролцож, С.Жамбалжамцыг медалиас атгуулахын тулд өөрийн хийх ёстой зүйлийг мөн л гүйцэтгэсэн шүү дээ.
-Бид ярилцаж, зөвлөлдсөнөөрөө С.Жамбалжамцыг амжилт гаргуулахын төлөө тактикийн дагуу хийх ёстой бүх зүйлээ гүйцэтгэсэн. Сүүлийн шийдвэрлэх мөчид тэрбээр өөрийн үүрэг, хариуцлагыг гаргаж, хүрэл медаль эх орондоо авчирсан. Монголын тамирчид Тажикистанаас багийн төрөлд мөнгө, бөөн гараатай уралдаан, залуучуудын болон эмэгтэйчүүдийн элит ангиллаас тус бүр хүрэл, ахмадын мастер ангиллынхаас мөнгөн медальтай ирж, хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. Мөн Азийн аваргын ахмадын мастер 50+ ангилалд хурд сорьсон Г.Жаргалсайхан ахын биднийг дэмжсэн сайхан сэтгэлийн тусыг дурдахгүй өнгөрч чадахгүй нь. Түүнийг энэ удаа уралдахад аз ивээж, далдын гэмээр хүч нөлөөлсөн. Залуустаа тусалсан ачийг нь тэнгэр ивээсэн байх. Тэрбээр эхэндээ Азийн аваргад оролцох бодолгүй байв. Учир нь уралдах зам нь өгсүүр байсан тул тэгтэл их зориогүй. Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран тамирчдаа Туркт байх хугацаанд тохь тухтай буудалд байрлуулж, Өмнөговь аймгийн дугуйн багийн дасгалжуулагч М.Гомбо ах бидний нааш, цааш явах ажлыг их нугалсан. Тэднийг байгаагүй бол бид тэнд бэлтгэл сайн хийж чадахааргүй байлаа.
-Түүнд далдын гэмээр хүч нөлөөлсөн гэхээр яг юу байж болох вэ, сонсох хүсэл өөрийн эрхгүй төрөөд байна л даа.
-Тэрбээр ахмадын ДАШТ-д өрсөлдөх эрх авах тэмцээнд оролцохоор Туркт биднээс 100 гаруй км-ийн зайтай нэг хотод бэлтгэл хийсэн юм. Түүний хувьд талын замд сайн уралддаг. Тиймээс Азийн аваргад оролцохгүй харих төлөвлөгөөтэй байлаа. Тэгтэл тус тэмцээний ахмадын ангилалд оролцох Монголын тамирчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, зарим нь замын зардалгүйн улмаас больсон. Тэрбээр өөрөө уралдахгүй ч Монголын дугуйн багийнханд арын албыг нь хариуцаж туслах хүн хэрэгтэй гэж бодоод Душанбед ирсэн. Тэнд бидний тэмцээнийг үзэхдээ багийн дугуйчдыг дагаж явах автомашин түрээслэх мөнгийг хувиасаа гаргасан юм. Тэмцээн өндөрлөсний дараа ахмадын ангиллын уралдаан болоход нэгэнт энд ирснийх оролцоод үзье гэж шийдсэн. Тэгсэн түүнийг уралд гэсэн мэт уулын өгсүүр хэсгийн замыг уралдаанаас хассан байв. Уралдаан талын замынх болсон тул тэрбээр хичээж зүтгэсээр барианд орсон. Амжилт гаргахын тулд насандаа баймгүй тэсвэр, хатуужлыг ч гаргасан. Тэмцээнд түрүүлсэн Казахстаны тамирчин насаа дарсан, эсвэл нэмсэн үү, нэг асуудлаас болж хасагдсанаар тэрбээр мөнгөн медаль хүртсэн. Тэр үед хэн нэгэнд сэтгэл гаргаж тусалбал далдын гэмээр хүч ивээж, бэлэг болгож амжилтаар шагнадаг юм байна гэсэн бодол төрж билээ.
-Монголчууд дугуйчдаа ийм амжилт гаргахыг олон жил хүлээсэн нь тэмцээний үед анзаарагдсан шүү.
-Манайхан гадаадын тэмцээнүүдэд оролцохын тулд автомашин, дугуй гээд өөрт байгаа бүхнээ зарж, зардлын мөнгө босгосон. Зарим нь зээл хүртэл хөөцөлдсөн. Бидэнд тэр үед амаргүй санагдсан ч зориг гаргаж зориогүй бол Туркт бэлтгэл хийж чадахгүй, бас Азийн аваргад оролцох баг ч бүрдэхгүй байх байлаа. Бид амжилт гаргана гэж зорьсноо биелүүлсэн. Холбооныхон маань залуустаа итгэл хүлээлгэж гадаадын тэмцээнүүдэд оролцуулсан нь урам өгч, урагшлуулсан гэж бодож байна. Миний хувьд ийм амжилт гаргах сан гэж олон жил хүлээсэн дээ.
-Манайхан Ираны хүчирхэг багийг ардаа орхиж, Казахстаны тамирчдыг сандарган II байрт орсон нь олны анхаарлыг татсан гэдэгт эргэлзэхгүй байна.
-Багийн цуваа уралдаанд Иран, Казахстаны багийнхан хүчтэй өрсөлддөг. Үзэгчид эхний дөрвөн байрт Узбекистан, Иран, Казахстан, Монголын дугуйчид шалгарах болов уу гэж таамаглаж байлаа. Харин бөөн гараатай уралдаанд манайхан амжилтаараа гайхшируулсан. Монголын дугуйчид олны анхаарлыг татаж, тэр тэмцээнийг эзэгнэсэн гэхэд болно. Мэргэжлийн ангилалд уралддаг туршлагатай тамирчид цөөнгүй оролцсон тул биднийг энэ төрөлд эхний гуравт багтана гэж хэн нь ч төсөөлөөгүй. Казахстаны багийн дасгалжуулагч “Лондон 2012” олимпын аварга Александр Винокуров. Түүний багийн тамирчдыг манайхан багагүй сандаргасан юм. Хамгийн сүүлчийн тэмцээн байсан тул тамирчид амрахаа хойш тавиад хамаг анхаарлаа зурагт руу хандуулсан байв. Бариа ойртох тусам казахстанчууд Игорь, монголчууд Жамбаа гэж хашхираад тамирчнаа дэмжиж байлаа. Тэр үед Тажикстаны нэг сэтгүүлч “Александр Винокуровын нүүрнээс 2012 оны олимпод түрүүлэхдээ гаргасан баярын мишээл өнөөдөр дахин гарлаа” гэж байв. Тийм өрсөлдөөнийг Монголын дугуйчид харуулсан. Би уралдааны дараа дугуйгаа задлаад боох гэтэл скоч байсангүй. Тэгээд Иракийн багийнхнаас хэрэг болсон зүйлээ асуухад механик нь ирээд “Чи Монголын багийнх уу” гэхээр нь “Тийм ээ” гэлээ. Тэгсэн “Та нар аянга цахилж байгаа мэт, яг пуужин нисэж буй юм шиг хурдан байлаа. Танайхныг Казахстаны багийг ингэж сандаргана гэж бодоогүй. Та нар агуу байж чадлаа, би чамд заавал тусална. Намайг дагаад яв, хэрэг болох зүйлийг тань олж өгье” гэв. Тэнд биднийг өөр улсын багийнхан тийм өндөр сэтгэгдэлтэй хүлээж авахыг харах сайхан байлаа. Би хэдийгээр нөхөд шигээ шилдэг 10-т ороогүй ч тэднийгээ урагшлуулахын тулд өөрийнхөө бүх зүйлийг шавхаж гаргасан. Бид ямар хэмжээнд хүрснээ энэ удаа харууллаа. Хойшид мэргэжлийн тамирчдын графикаар бэлтгэл хийвэл тэдэн шиг амжилт гаргана.
-Багийнхныгаа Монгол руу үдэж өгөөд Душанбегаас Вьетнамыг зорив уу?
-Тэгсэн. Тэнд уралдах болсон түүх их хөгжилтэй. Э.Билгүүнжаргал өмнө нь Вьетнамд уралдаж байсан тул “Dong Hai” багийн менежер, дасгалжуулагчдыг таньдаг. Тэд түүнийг багтаа уралдуулах санал тавьж, зардлыг нь даахаар болсон юм. Миний хувьд Душанбегаас буцах гэтэл замын зардалгүй болж, түүнд “Тэд багтаа дахин нэг дугуйчин уралдуулах болов уу, чи асуугаач. Хэрвээ тэнд оролцвол өөрөөсөө дахин зардал гаргахгүйгээр харих юм байна” гэлээ. Миний хувьд Туркт болсон тэмцээнд өгсүүр замд уралдаж, VII байрт шалгарсан юм. Вьетнамчууд миний амжилт гаргасан үзүүлэлтийг харж, багаа хоёр хуваан легионер тамирчнаар оролцуулсан. Биднийг Вьетнамын багийнхан сэтгэл өндөр угтсан. Азийн аваргаас багаараа мөнгөн медаль хүртсэнийг мэдсэн болохоор олон өдрийн уралдаанд өндөр амжилт гаргана гэж найдаж байлаа. Тэдний найрсаг, энгийн зан, эерэг хандлага нь их таалагдсан. Миний хувьд өмнө нь тэдний талаар монголчуудынхаа адил бодолтой байв. Тэнд нэг сар амьдрахдаа танил газраа ирсэн мэт санагдаж билээ.
-“HTV cup 2022” олон өдрийн тэмцээнд оролцсоны дараа таны уралдсан “Dong Hai” I багийнхан шилдгээр шалгарсан гэл үү?
-Тийм ээ, тэндхийн дугуйн багуудад ОХУ, Францын легионер тамирчид уралдсан. Тэднийг багийнхантайгаа ямар харилцаатай байгааг нь ажиглахад дотно нөхөрлөж харагдаагүй. Бид очсон өдрөөсөө багийнхантайгаа ойр дотно, нэгдмэл байхыг хичээсэн. Тэмцээний үед энгийн иргэдтэй мэндэлж, уралдахдаа ч хогоо хаядаггүй. Бидний биеэ авч явах соёл, багийнхантайгаа харилцах хандлага, уур амьсгалыг шүүгчид тэмцээн эхлэх үеэс ажиглаж байсан юм билээ. Уралдааны сүүлчийн өдөр найрсаг, нэгдмэл уур амьсгалтай хоёр багийг шалгаруулахад миний уралдсан “Dong Hai” I багийнхан шилдгээр шалгарсан юм. Тэнд легионер тамирчин багийнхаа лидер нь байх ёстой гэсэн ойлголт байдаг. Харин миний хувьд тийм байхыг хүсээгүй. Багийнхаа тамирчныг II байрт оруулж, өөрөө ард нь үлдэхэд үзэгчид легионероос ийм хандлага гардаг гэж үү гээд бүр гайхаж байлаа. Багийн маань дугуйчин Европт өндөр амжилт үзүүлсэн тамирчны өмнө орлоо гээд их баярласан. Бид хандлагаараа тэнд түрүүлсэн тамирчнаас ч илүү нэр хүндтэй болж чадсан шүү.
-Монголдоо ирээд тэмцээнд оролцов уу?
-Хүй долоон худагт болсон “Морь хурдан уу, дугуй хурдан уу” уралдаанд III байр эзэлсэн. Гадаадад хэдэн сар амьдрахдаа талын салхи хүчтэй байдгийг мартах дөхжээ. Уралдаанд оролцохдоо салхинд сайн нүдүүллээ.
-Спортоор хичээллэхийг хэн санал болгож, дугуй руу урвуулчихав?
-Багадаа аавынхаа дугуй унахыг нь харж өссөн. Хүүхэд байхад дугуйчдын хөлийн зангирсан булчин, уралдааны үед өмсдөг хувцас, малгай гоё харагддаг сан. Хүүхдүүд цагдаа, онгоцны нисгэгч, хуульч болно гээд ярихад би тамирчин болно гэдэг байв. Аав, ээжийнхээ авч өгсөн дугуйг өдөрт хэдэн удаа задалж, угсардаг байсан минь үүгээр хичээллэхэд нөлөөлсөн. Намайг 2005 онд анх хөл тавихад дугуйн спортын А үсгийг анх заасан ачтан бол Н.Нармандах багш. Тэрбээр нэг өдөр намайг шалгаж үзээд аавд “Хүү тань хичээллэхэд нас нь арай бага байна. Дугуйгаа даах хүчтэй болохоор нь хичээллүүлээрэй” гэж зөвлөсөн. Зун нь Архангай аймагт амьдардаг эмээгийндээ очиж амрахдаа Алтайн овоо хэмээх ууланд өглөө бүр гүйдэг байлаа. Багш намар нь намайг дуудаж уулзаад ах нартай бэлтгэл хийлгэсэн юм. Жилийн дараа анхныхаа тэмцээнд оролцож, VII байрт оров. Өвөлжин бэлтгэл хийчихээд ийм муу амжилт үзүүллээ гэж өөрийгөө голлоо. 2006 оны бүх тэмцээнд байр эзэлсэнгүй. Медальгүй хоцрох тусам шар хөдөлж, хичээж зүтгэсээр залуучуудын ангилалд түрүүлдэг боллоо. Намайг хичээлдээ сайн гэж багш нар магтдаг ч гэрийн даалгавраа хийдэггүй, дугуй л бодож суудаг сурагч байв. Тэр үед өөртөө итгэлтэй болсноо олонд харуулах зүйл дугуй байсан. Миний амжилтад хувьсал хийсэн хүн бол Я.Баатар дасгалжуулагч. Бид 2009 оноос багш, шавь болж, хамтран ажилласан. Би тэр үед насанд хүрэгчдийн ангилалд уралддаг байв. Тамирчин хүн олон улсын тэмцээнд хэрхэн оролцож, амжилт гаргах, уралдааны замд алдаа гаргахгүй байх талаар зөвлөдөг байлаа. Тэрбээр намайг мэргэжлийн түвшинд хүртэл тулж ажилласан шүү.
-Тамирчны амьдралаар замнах амаргүй санагдаж, зодог тайлмаар бодол төрдөг байсан уу?
-2016 он бүхнийг эргүүлсэн жил байсан. Хүү маань надад амжилт дагуулж ирсэн байх. Аав болно гэсэн бодол намайг нэлээн чангалж, зүтгүүлж өгсөн санагддаг. Би тэр жил зодог тайлах шийдвэр гаргахад гэргий минь “Чи 11 жил хичээллэчихээд зорилгоо биелүүлэхгүй үлдвэл хайран биш үү” гэж хэлээд үлдээсэн. Энэ үг нь их зүйл бодогдуулж, хэдэн шөнө нойргүй хонуулсан даа. Тэр жилийн УАШТ-д би юу сурсан, ямар түвшинд яваагаа харъя гэж бодсон юм. Улсын аваргад түрүүлэх боломжгүй надад нэг л хувилбар байлаа. “Аттила” клубийг үүсгэн байгуулсан найз Н.Хангарьд “Би чамд тусалъя. Тактик боловсруулж оролцох хэрэгтэй” гэж зөвлөсөн. Тэрбээр уралдаанаас өмнө нэг хувилбар санал болгосон юм. Тэр нь түрүүлэх магадлалтай багийг бусад багийнхантай нэгдэж, хүчийг нь сулруулах тактик байв. Надад тэр үед өөртөө харамсаж байснаас нэг удаа түүний зөвлөснийг гүйцэтгэгч байж үзье гэж бодсон. Тэмцээнд найзынхаа зөвлөснөөр уралдаж, боловсруулсан тактикаа ч гаргасан. Намайг тэр их өрсөлдөөн дундаас барианд орж түрүүлэхийг хүмүүс хараад их гайхсан. Найз бид хоёрт дурамжхан ханддаг нэг хүн бүр зорьж ирээд баяр хүргэхдээ “Чи үнэхээр мундаг байлаа. Ийм сонирхолтой уралдааныг ойрын хэдэн жил үзсэнгүй” гээд үнсэж билээ. Тэр тэмцээний дараа надад БНХАУ-ын “Rion” багийнхнаас урилга ирсэн юм. Тэнд болсон уралдаанд түрээсийн дугуйгаар оролцож түрүүлээд шуугиан тарьж байлаа.
-Өмнөд хөршийнхөн шилдэг дугуйчидтай. Өмнө нь харж байгаагүй шинэ танил Монголоос ирж оролцоод, нутагт нь түрүүлэхэд их гайхсан байх даа?
-Тэр тэмцээнд уулын дугуйн шилдэг гурван тамирчныг эхнийг гурван байрт шалгарна гэж үзэгчид таамагласан юм билээ. Би таавар эвдэж, тэднийг ардаа орхиж, түрүүлсэн юм. Тэмцээн сурвалжилсан нэг сэтгүүлч “Ар Монголоос ирсэн тамирчин түрээсийн дугуйгаар оролцож түрүүлээд, шилдэг гурван дугуйчныг яллаа” гэж бичихэд Хятад даяар сенсац болж байв. Тэгтэл тэд “Монголын дугуйчин бидний хүчтэй өрсөлдөгч байж чадсан. Бид түүнийг хүндэлж байна. Гэхдээ ингэж бичиж, нэр хүндийг минь унагаж болохгүй” гэж зарга үүсгэсэн нь цааш түгж, дугуйн спорт сонирхдоггүй хүнийг сонирхтол нь шуугиан дэгдээсэн. Зодог тайлъя гэж бодож байсан би тэр тэмцээнээс өндөр шагнал хүртэж билээ. Би амаржаад гурав хонож байгаа эхнэрээ гэртээ үлдээгээд тэр тэмцээнд оролцож байв. Эхнэр хааяа тэр тухай ярьж гомдоллодог юм. Түүнээс хойш тэмцээний урилга тасраагүй. Тэнд болсон 40 тэмцээнээс 37-д нь түрүүлж, гурван удаа мөнгөн медаль хүртжээ. Миний хувьд хэзээ нэгэн цагт зодог тайлна, гэхдээ дасгалжуулагчаар ажиллахгүй. Дугуйн спорт амаргүй. Амжилт гаргахын тулд олон зүйлээ орхиж байж урагшилдаг. Манайх нэг хүүтэй. Би 2016 оноос хойш дотоодын болон өмнөд хөршид болсон уралдаанд оролцдог болсон. Сүүлийн жилүүд тэндхийн дотоодын тамирчдын түвшнийг ч ахиулсан. Үүнээс гадна ӨМОЗО-д зохион байгуулдаг “Чингис хаан кап” тэмцээнд оролцож, уулын дугуйн төрөлд хоёр ч удаа түрүүлсэн.