“Монгол билиг оюун” цогцолборын олон улсын хөтөлбөртэй сургуулийн 12 дугаар ангийн сурагч, саяхан болж өнгөрсөн түүхийн улсын олимпиадад III байр эзэлсэн Ким Хён Житэй уулзлаа. Түүний нэрнээс л солонгос охин гэдэг нь ойлгогдох байх. Аав нь солонгос, ээж нь монгол. БНСУ-ын иргэншилтэй тэрбээр удахгүй дунд сургуулиа төгсөөд БНСУ-ын их, дээд сургуульд элсэх шалгалт өгөхөөр явах юм билээ. Асуултыг тун анхааралтай сонсож, оновчтой хариулдаг түүнтэй товч ярилцлаа.
-Олимпиадад өндөр амжилт үзүүлсэнд баяр хүргэе. Удаан хугацаанд бэлтгэж, оролцов уу?
-Баярлалаа. Юм, юм давхцаад сандарсан. Улсын олимпиадын өмнөх долоо хоногт IELTS англи хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн юм. Олимпиадын дараагийн өдөр нь Америкийн их, дээд сургуульд элсэхийн тулд өгдөг элсэлтийн ерөнхий шалгалт гэж ойлгох SAT шалгалт өгөөд багагүй ядарсан. Түүхийн олимпиадын дүүргийн буюу анхан шатныхад долоо хоног л бэлтгэсэн. Өмнө нь есдүгээр ангид байхдаа таваас зургаан сарын хугацаанд бэлтгэж оролцож байсан болохоор суурьтай байсан л даа. Тэгэхэд дүүрэгт мөнгөн медаль авч, нийслэлийнхэд бага зэрэг оноо дутсанаас медальд хүрээгүй. Энэ удаа түүхийн хичээлийн Б.Ганболд багш маань богино хугацаанд сайн бэлдүүлсэн болохоор дүүрэгт сайн оролцоод, шат ахиад явсан. Улсынхад оролцохын тулд бүх хичээлээс гурван долоо хоног чөлөө авч бэлтгэсэн. Өдөр сургуульдаа бусад сурагчийн хамт олимпиадад бэлтгээд, орой нь гэртээ очиж англи хэлний хичээл хийж байлаа.
-Ийм олон шалгалт давхцаагүй бол түрүүлэх байсан юм биш үү?
-Магадгүй шүү (инээв).
-Гэхдээ III байр гэдэг бол өндөр амжилт. Улсынхад ямар асуулт ирсэн бэ. Сонирхолтой байна.
-Энэ талаар ярьж болохгүй юм болов уу. Багш нууц байдаг гэж хэлсэн.
-Тийм үү. Ер нь олимпиад яаж явагддаг вэ. Тест бөглөдөг гэж ойлгодог.
-Дүүргийн шатанд 50 асуулттай тестээр шалгасан. Нийслэлийнхэд бол тестийн зэрэгцээ хэд хэдэн дасгал ажиллаж, 500-550 үгтэй эсээ бичсэн. Улсынхад 50 хувь нь тест, 50 хувь нь дасгал ажил байсан. Мөн 500 үгтэй эсээ бичсэн.
-Яаж бэлтгэсэн бэ?
-6-11 дүгээр ангийн сурах бичиг, мөн “Монгол Улсын түүх” таван боть ном зэргийг уншиж, багшийн удирдлагад ажилласан. Гэхдээ бүгдийг нь уншиж барахгүй учраас ирэх магадлалтай сэдвүүдийг гүнзгийрүүлэн судалж байлаа. Монголын эртний Хүннү, Сяньби, Жужаан улсын тухай, Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойн жил болохоор хаантай холбоотой асуулт байж болзошгүй гээд энэ сэдвээр нэлээд ажилласан. Гэтэл асуултуудын дийлэнх нь уншаагүй сэдвийнх байж таарсан. Гэхдээ яах вэ, хариулсан.
-Ямар сэдвээр эсээ бичсэн бэ?
-“Хэмжээт цаазат хаант Монгол Улс” гэсэн сэдвээр бичсэн. 1921-1924 оны Монголын байдлын талаар гэсэн үг.
-Удахгүй БНСУ-ыг зорино гэсэн. Очоод найзууддаа 1921-1924 оны Монгол Улсын тухай дэлгэрэнгүй ярьж өгч чадах нь ээ?
-Чадна.
-Гадаад хүүхэд Монголын түүхийн мэдлэгээр бусдаас давамгай байна. Сонирхолтой, хичээл зүтгэлтэйнх байх. Ямар мэргэжилтэй болохыг хүсдэг вэ?
-Статистикч болохыг зорьж байна.
-Яагаад?
-Судалгаагаар ийм мэргэжил надад зохихыг, таарахыг мэдсэн. Энэ мэргэжил нь математикт сайн байхыг шаарддаг. Би тооны хичээлд дуртай тул болох байх гэж боддог.
-Бүх хичээлдээ жигд сайн сурагч юм аа.
-Ер нь жигд.
-Гадаад хэлнээс алийг нь түлхүү судалдаг вэ?
-Англи хэл судалдаг. Хятад хэлийг сонгон нэмж судлах боломж байсан ч би хичээгээгүй. Миний аав солонгос болохоор солонгосоор сайн ярьдаг. Би дөрөвдүгээр анги хүртлээ солонгос сургуульд суралцаж байсан юм. Түүнээс хойш л монголоор сурч байна. Мон голоороо ярих нь ярьдаг ч, уншиж, бичиж чаддаггүй байлаа. Тавдугаар ангиасаа “Орчлон”-д хоёр жил суралцсан. Намайг долдугаар ангид орох жил энэ сургууль нээгдэхээр нь шилжиж ирсэн.
-Одоо бол монголоор алдаагүй бичдэг үү?
-Тийм ээ. Энэ жил монгол хэл, бичгийн улсын шалгалтад бараг дээд оноо авсан.
-Замын дундаас санаа бодлоо өөрчлөөд өөр мэргэжил сонирхох юм биш биз. Хөгжим, урлагт дуртай юу?
-Надад урлагийн ямар ч авьяас байхгүй. Харин миний эгч урлагт дуртай. Сөүлд дээд сургуульд 3D анимейшн чиглэлээр суралцдаг. Дүү минь эрэгтэй, манай сургуулийн сурагч, волейболоор хичээллэдэг.
-Аав, ээж нь ямар ажил эрхэлдэг талаар асууж болох уу?
-Бололгүй яах вэ. Аав барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай. Ээж хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэх ажил голчлон хийдэг.
-Хүүхэд насаа Монголд үдэж буй, оюутны амьдралыг БНСУ-д өнгөрөөх, бүр холын оронд суралцах ч магадлалтай охин юм. Монгол болон солонгос хүмүүс ямар ялгаатай вэ. Мөн хоёр улсын хөгжлийн зөрүүтэй байдлын тухайд юу хэлэх вэ?
-Монголд авьяастай хүн олон байдаг. Харамсалтай нь, олонх нь түүнийгээ хөгжүүлдэггүй гэж боддог. Солонгост бол хүмүүс бага зэргийн авьяастай бол, эсвэл жаахан ч гэсэн юм мэддэг, чаддаг байвал хөгжүүлээд ажил, бизнес болгон ашиглаж чаддаг юм шиг санагддаг. Монгол орон өргөн уудам нутагтай. Энэ том газартаа аялал жуулчлал хөгжүүлж болмоор. Гэтэл хэн ч зохион байгуулдаггүй гэж хардаг. Гэхдээ сайн тал ихтэй. Монголчууд аядуу тайван, сайхан сэтгэлтэй. Солонгост бүхий л талаар өрсөлдөөнтэй болохоор тэр юм болов уу, хүмүүс нэлээд бачимдуу, ууртай ч юм шиг байдаг.
-Нийгмийн, томоохон асуудлаарх санаа бодлыг нь сонслоо. Одоо удахгүй сургуулиа төгсөх гэж байгаа ангийнхан, сургуулийнхандаа чин сэтгэлийн үг хэлэх үү?
-Тэгье. Ер нь нийт үе тэнгийнхэндээ хандах нь зөв байх. Найзууд аа, хичээж хөдөлмөрлөвөл амжилт ирдэг шүү. Манай үеийнхэнд чадахгүй юм байхгүй. Харин хичээх л хэрэгтэй. Түүхийн олимпиадад хамт бэлтгэж, улсад аравдугаар байр эзэлсэн ангийн найз А.Есүйгэндээ баяр хүргэж, Б.Ганболд багшдаа талархал илэрхийлье. А.Есүйгэн есдүгээр ангид байхдаа нийслэлийн шатанд медаль авсан шилдэг сурагч.