Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын дарга буюу Монгол Улсын ерөнхий малын эмч Д.Батчулуунтай уулзаж, мал, амьтны гоц халдварт өвчнүүдийн нөхцөл байдал ямар байгаа болон мал эмнэлгийн салбарт тулгамдаад буй хүндхэн асуудлуудыг шийдвэрлэх ямар шинэ бодлого хэрэгжүүлж байгаа талаар ярилцлаа.
Бараг монгол орон даяар (20 аймгийн 170 сумд шүлхийн голомттой) гоц халдварт шүлхий өвчин тархсан хүнд нөхцөлд дээрх албан тушаалд ирээд, маш шуурхай ажиллаж, хоёр сар гаруйн хугацаа болж буй тэрбээр 2001 онд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийг малын их эмч мэргэжлээр төгсжээ. 2003- 2017 он хүртэл Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлэгч эмчээс захирал хүртэл ажилласан туршлагатай. Тийм ч учраас салбарынхан нь түүнийг хүнд цаг үед гайгүй сайн ажиллах боломжтой гэсэн хүлээлттэй байгаа юм. Ингээд МЭЕГ-ын шинэхэн даргын томоохон хэвлэлд өгч буй анхны ярилцлагыг хүргэж байна.
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАКТИКИЙГ ШИНЭЭР БОЛОВСРУУЛЛАА
-Таныг ажил авахад шүлхий болон малын гоц халдварт өвчний нөхцөл байдал амаргүй байсан. Одоо хэр өөрчлөгдөж байна вэ?
-МЭЕГ-ын дарга гэдэг хариуцлагатай ажлыг 2022 оны хоёрдугаар сарын 16-нд хүлээж авсан. Та бүхэн сайн мэдэж байгаа, өнгөрсөн хугацаанд малын гоц халдварт дөрвөн төрлийн өвчин Монгол Улсад бүртгэгдсэн. Тархалт нь төдийлөн буураагүй. Ялангуяа шүлхий өвчний халдвар нэлээд өндөр байсан. 20 аймгийн 170 орчим сумд шүлхийн идэвхтэй голомттой байсан. Ажлаа авснаас хойш шуурхай байдлаар ажиллалаа.
-Шүлхийн дархлаажуулалт орон даяар хийлээ. Ингэснээр уг өвчнийг хэрхэн хумих вэ. Таны хувьд вакцины хязгаарлагдмал нөөцийг хэрхэн оновчтой хийх талаар ямар шинэ стратегитай ажилласан бэ?
-Ажлаа авангуутаа юуны өмнө Монгол Улсын малын гавьяат эмч нар, эрдэмтэн судлаачидтай уулзсан. Нөхцөл байдлаа ний нуугүй хэлж танилцуулсан. 1966 оны шүлхийн үеэр ажиллаж байсан болон тэр үед оюутан байсан малын эмч нарын туршлагыг нэлээд яриулсан. Өргөн хүрээг хамарсан өвчний тархалтыг ямар байдлаар богино хугацаанд хумьж авах вэ, өвчлөлийг яаж багасгах талаар санал солилцсон.
МЭЕГ-ын дэргэд 15 хүний бүрэлдэхүүнтэй Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл гэж байдаг. Тус зөвлөлийг хуралдуулсан. Яагаад гэхээр нөхцөл боломж хумигдмал, нөөц бололцоо бага учраас хэрхэн үр дүнтэй ажиллах тактик боловсруулах вэ гэдэг маш чухал байсан.
Манай улс шүлхийн вакциныг ОХУ-аас худалдаж авдаг. Энэ онд улсын төсвийн 8.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр нийт 12 сая тун вакцин худалдаж авсан. 12 сая тун гэдэг үхрийн тун. Хониныхоор бол 24 сая тун гэсэн үг. Ийм хязгаарлагдмал нөөц боломжийг хэрхэн үр дүнтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ гэдэг чиглэлд маш их ажилласан. Үндсэндээ ажил авсан хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын 1 хүртэл зөвхөн энэ л бодлого дээр ажилласан.
Уг бодлогын хүрээнд нэгдүгээрт, шүлхий өвчний халдварыг хумих нэн яаралтай дархлаажуулалтын тактикийг шинээр боловсруулсан. Мөн шүлхийтэй тэмцэх, 2022-2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, 2022-2028 он хүртэл хэрэгжүүлэх стратеги гэсэн гурван үндсэн баримт бичгийг нэг дор боловсруулж гаргасан. Түүнчлэн олон улсад хэрэглэж байгаа шүлхийн стратеги, тактикууд болон манайтай ижил мал аж ахуй эрхэлдэг орнуудын шүлхийгээс ангижирсан туршлагыг сайтар судаллаа. Эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны өгүүллүүд, судалгаануудыг шимтэн үзсэн. Үүний үндсэн дээр дархлаажуулалтын тактикийг боловсруулж, өнгөрсөн сарын эхээр МЭЕГ-ын мэргэжлийн зөвлөлөөрөө хэлэлцүүлж, зөвлөмж гаргуулаад, миний бие Монгол Улсын малын ерөнхий эмчийн хувьд шийдвэр гаргаж ажилласан.
-Дархлаажуулалтын шинэ тактик нь тэгээд ямар байсан бэ. Хэр үр дүнтэй байв?
-Эрсдэлд суурилсан вакцинжуулалтын тактик боловсруулж хэрэгжүүлсэн. Энэ нь юу вэ гэхээр шүлхийн голомтыг хумих вакцинжуулалтыг хийсэн гэсэн үг. Голомтын бүсэд байгаа мал, амьтныг дархлаажуулахгүй, харин голомтын эргэн тойрны сэжигтэй болон хамгаалалтын бүсийн малын вакцинжуулалтыг гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15 хүртэл хэрэгжүүллээ. Нийт 13 аймгийн 70 орчим сумд 1.4 сая тун вакцин зарцуулсан. Мөн Улаанбаатар хотын эргэн тойрны бүх мэдрэг малыг дархлаажуулсан. Анх ажил авахад 20 аймгийн 170 сум голомттой байсан. Одоо бол шүлхийн тархалт багасаж, голомтын цар хүрээ маш багассан. Дөрөвдүгээр сарын 1-нээс хойш вакцины нөөцийг бүрдүүлэх, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газруудын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, шаардлагатай хөрөнгө мөнгийг хуваарилах, халдваргүйтгэлийн бодис, халдвар хамгааллын хувцас, вакцины нөөцийг бүрдүүлэх ажлыг хийсэн. Нөгөө талаар дархлаажуулалт хийх арга зүй, удирдамжуудыг боловсруулах, стандарт ажиллагааны заавруудыг гаргах, орон нутгийн малын эмч нарт таниулах ажил хийсэн. Ингээд дөрөвдүгээр сарын 18- наас тавдугаар сарын 9-ний хооронд дархлаажуулалтын аяныг улс орон даяар явууллаа. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын явц 95.6 хувьтай хийгдэж бүрэн дууссан.
ВАКЦИН ТАРИХ ХУГАЦААГ ӨӨРЧИЛСӨН
-Үхэр сүргийг толгой дараалан вакцинд хамруулсан гэж ойлгож байна. Харин хэчнээн тооны гахай, цаа буга хамруулсан бэ?
-Дээрх тактик, стратеги, төлөвлөгөөний үндсэн дээр ямар шийдэлд хүрсэн гэхээр улсын хэмжээнд үхэр, гахай, цаа бугыг толгой дараалан бүрэн дархлаажуулахаар шийдвэрлэсэн. Бог малыг бүрэн вакцинжуулна гэхээр доод тал нь 50-55 толгой малд нийт 30 сая тун вакцин шаардлагатай. Адуугаа хасаад шүү дээ. Тийм учраас эдийн засгийн хувьд маш өндөр зардал гарна. Нөгөө талд вакцинжуулах явц маш удааширна. Түүнчлэн бидэнд байгаа вакцины нөөц хүрэлцэхгүй, хядгаарлагдмал шүү дээ. Тиймээс шүлхий өвчинд хамгийн мэдрэмтгий амьтан болох үхэр, гахай, цаа бугыг дархлаажуулсан. Яагаад бид үхрийг сонгосон гэхээр шүлхий өвчнөөр бүх салаа туурайтай мал, амьтан өвчилдөг. Тэр дотроо үхэр, гахай илэрхий шинж тэмдгээр өвчлөхөөс гадна өвчилсөн үедээ вирусийг гадаад орчинд тархаах нь их. Судалгаанаас үзэхэд үхэр тэр дундаа саалийн үнээ вирусийг маш их гадагшлуулдаг нь тогтоогдсон. Тиймээс бид энэ удаагийн дархлаажуулалтын ажлыг шинэлэг байдлаар, мөн шинжлэх ухаанд тулгуурлан маш амжилттай зохион байгууллаа. Ийм байдлаар шүлхийтэй тэмцсэн, шүлхийгээс эрүүлжсэн улс цөөнгүй. Цаа бугын хувьд бид анх удаа дархлаажуулалтад хамрууллаа. Хөвсгөл аймгийн гурван сумд нийт 2400 орчим цаа бугад вакцин тарьсан.
-Вакцины зааврын дагуу дээрх мал, амьтныг тодорхой хугацааны дараа дахин дархлаажуулах уу?
-Вакцины зааварт тарьснаас хойш 6-9 сарын хугацаанд дархлаа тогтож шүлхийгээс хамгаалдаг. Одоо бол шүлхийтэй тэмцэх тактикаа эрс өөрчилсөн гэсэн үг. Вакцин бол шүлхийгээс урьдчилан сэргийлэх биологийн бэлдмэл шүү дээ. Өмнө нь манайх халдвараас урьдчилан сэргийлэх биш, дандаа араас нь хөөж вакцинжуулдаг байсан учраас арванхоёрдугаар сар гэх мэт өвлийн тэсгим хүйтэнд, эсвэл зуны халуунд вакцин тарьдаг байсан. Үүнийг больж байгаа. Одоо дөрөвдүгээр сар болон есдүгээр сарын эцэс буюу аравдугаар сард гэх байдлаар тохиромжтой хугацаанд мэдрэмтгий малаа бүрэн дархлаажуулаад явна. Ялангуяа шүлхий өвчинд өндөр эрсдэлтэй амьтад руу чиглэсэн мал эмнэлгийн бодлого хэрэгжүүлээд явна. Ингэж байж бид шүлхийг таслан зогсоож, хяналтдаа оруулна.
-Бог малын дотор шүлхийн вирус нэг хэсэгт нь байгаа. Тэгэхээр богт вакцинжуулалт хийхгүй болохоор яана гэсэн үг вэ?
-Цаашид бог малд шүлхийг маш богино хугацаанд илрүүлж, шалтгааныг нь тогтоож, оношлох арга хэмжээ авах бодлого хэрэгжүүлнэ. Бид ямар тактик барьсан гэхээр сая үхрийг вакцинжууллаа. Аймгуудад шүлхийтэй тэмцэх бэлэн байдлын нөөц бүрдүүлж байгаа. Энэ ажлын хүрээнд аймгуудын Мал эмнэлгийн газруудын шуурхай бэлэн байдлын нөөцүүдийг бүрдүүлчихсэн. Аймаг бүрт 20-30 мянган тун вакцины нөөц бүрдүүллээ. Мөн сэжигтэй тохиолдол гарлаа гэхэд шаардлагатай материал, халдваргүйтгэлийн бодис, шатахуун, томилолт гэх мэт зардлын нөөцийг шийдвэрлэсэн. Өмнө нь орон нутагт шүлхий гарахаар төв рүү буюу МЭЕГ руу ярьдаг байв.
-Энэ нөөцийг өмнө нь орон нутагт нь тодорхой хэмжээнд бүрдүүлдэг байсан уу, эсвэл та ирээд бүрэн шийдвэрлэж байна уу?
-Өмнө нь тодорхой хэмжээгээр нөөц бүрдүүлдэг л байсан байх. Одоо бол мал эмнэлэг аливаа нэг гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд маш шуурхай ажиллаж, шалтгааныг нь тогтоож, голомтыг нь хумих богино хугацааны арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа. Хуучин шинж тэмдэг илэрлээ, мөн биш гээд Уланбаатар луу дээж явуулна. Ихэнхдээ вакцин хэрэгтэй болно. Вакцинаа эндээс ачуулна. Замдаа хоёр хононо гэсээр байтал халдвар тарчихдаг байсан. Одоо бол аймгийн Мал эмнэлгийн газар бие дааж аливаа сэжигтэй тохиолдлыг маш богино хугацаанд арга хэмжээ авч, голомтыг тухай бүр хумих боломжтой болсон.
Шүлхийн дархлаажуулалттай холбоотой тактик боловсруулах явцдаа бүх аймгийн Мал эмнэлгийн газрын дарга нарыг дуудаж гуравдугаар сарын 10-12-нд мал эмнэлгийн салбарын бодлого шийдвэрээ танилцуулж хурал хийсэн. Тэр үеэр бид бүх зүйлээ тохирсон. “Үүнээс хойш МЭЕГ шүлхийг дарахгүй ээ. Та нарт шаардлагатай нөөцийг бид бүрдүүлнэ. Харин та нар орон нутагтаа наад шүлхийгээ богино хугацаанд хумих ажлыг хий” гэж даалгасан. Энэ яриа хэлцлийн үр дүн маш сайн гарсан.
Дархлаажуулалтын явцад бидний нэг гол анхаарсан зүйл бол тавиул мал, отрын мал зэргийг тухайн байгаа газар нь заавал вакцинд хамруулах ёстой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, тухайн аймаг, сумын нутаг дэвсгэрт үхэр байгаа бол тэрийг толгой дараалан тарьсан гэсэн үг. Ингэж ажилласны үр дүнд ямар ч байсан шүлхийн халдварыг барьж авч, хумьж чадлаа. Ингэснээр сүүлийн 14 хоногт улс орон даяар шүлхий өвчний тохиолдол шинээр бүртгэгдсэнгүй. Одоо 24 сумд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Шүлхийг богино хугацаанд хумих ажлыг өнгөрсөн хоёр сарын хугацаанд амжилттай хийлээ.
-Бог малын хэдэн хувьд шүлхийн голомт үүссэн гэдэг ч юм уу тоо баримт байх уу?
-Тоо баримт гэхээсээ илүү тухайн хот айлд нэг л малд шүлхийн шинж тэмдэг илэрвэл тэр суурийг нийтэд нь халдварын голомт гэж үздэг. Өнгөрсөн хугацаанд голомт гарсан өрхүүдийн мэдээллүүдийг үзэхээр улсын хэмжээнд 6350 гаруй өрхийн 3.4 сая орчим толгой мал халдвар авсан байх магадлалтай.
-Вакцины чанар дээр олон нийтийн дунд янз бүрийн шүүмж, хардлага явдаг. Та МЭЕГ-ын даргын хувьд чанарын тал дээр юу хэлэх вэ?
-Шүлхий өвчин дотроо долоон хэвшилтэй байдаг. Манай орны хувьд А, О, Ази 1 гэсэн гурван хэвшлийн шүлхий өвчин оношлогдож байсан. Одоо бол О хэвшлийнх оношлогдож байна. Шүлхийн вакциныг ОХУ-ын Владимирын хүрээлэнгээс А, О хэвшилтэй хос цэнт вакциныг худалдан авч байна. Вакцин авах үед хэд хэдэн шаардлага байдаг. Нэгдүгээрт, манайд гарч байгаа хээрийн омогтой вакцины омгийн нийцэмж. Энэ талаар олон улсын судалгаа ч байдаг. Мөн бид үүнийг үйлдвэрлэгчээс заавал шаардаж авдаг. Хоёрдугаарт, вакцины орж ирсэн цуврал бүр дээр Мал эмнэлгийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторид заавал чанарын болон баталгаажуулах шинжилгээ хийлгэдэг. Хүмүүсийн дунд вакцины чанарын асуудал нэлээд яригддаг. Манайд хэрэглэж байгаа вакцин олон улсад хүлээн зөвшөөрдөгсөн, нэг эх үүсвэрээс авсан вакциныг хэрэглэж байна.
-Танаас шүлхийн тархалтыг хумьж чадсан баяртай мэдээг дуулах таатай байна. Бусад гоц халдварт өвчний хувьд ямар байна вэ?
-Манайд өнгөрсөн жил хил дамжин халдварладаг хорио цээрт дөрвөн төрлийн өвчин бүртгэгдсэн. Эдгээр өвчний гаралт, тархалт төдийлөн буурахгүй, бүрэн зогсохгүй байна. Үхрийн арьс товруутах өвчин одоогоор намжмал байгаа ч гэсэн богино хугацааны дархлаажуулалт хийгээд явах ёстой. Дархлаажуулалтын ажлыг тавдугаар сарын 9-нөөс эхлүүлэн Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт хийж байгаа ба нийт 1.1 сая толгой үхрийг вакцинжуулна. Дараагийн санаа зовоосон халдварт өвчин бол хонины цэцэг. Хонины цэцэг өвчин Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн зарим сумд оношлогдож байна. Тухай бүрт нь арга хэмжээ авч ажиллаж байгаа. “Биокомбинат”-д үйлдвэрлэсэн хонины цэцэг өвчний вакцинаар өвчин гарч буй бүс нутгийн мэдрэмтгий малыг дархлаажуулах ажлыг мөн үргэлжлүүлж байна. Гурав дахь нь бог малын мялзан өвчин. Өнгөрсөн жил Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хэнтий гэсэн дөрвөн аймгийн 20 орчим сумд оношлогдсон. Харин он гарснаас хойш Төв, Дундговь, Өмнөговь аймгийн зарим сумд гарсан, шаардлагатай арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч хэрэгжүүлж байна.
-Үхрийн арьс товруутах вакциныг тодорхой хугацаанд давтах уу, эсвэл нэг хийх заавартай юу?
-Бид үхрийн арьс товруутах өвчний вакциныг ОХУ-аас авсан. Эрсдэл бүхий аймгуудын бүх үхрийг шинэ гарсан тугалтай нь дархлаажуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Дархлаажуулалтын ажлыг 14 хоногийн хугацаанд хийж дуусна. Үхэрт 12 сард нэг, шинэ төлд 14 хоногийн давтамжтай хоёр удаа тарих заавартай вакцин.
-Хэрэглэгчийн өмнөөс асуухад дархлаажуулалт хамрагдсан малын махыг хүнсэнд хэрэглэхгүй байх хугацаа нь ямар байх вэ?
-ОХУ-аас авч байгаа шүлхийн вакцинд хамрагдсан малын мах, сүүнд хориглох заалт байхгүй. Гэхдээ вакцин тарьсны дараа тодорхой хэмжээний хариу урвал үзүүлдэг. Тийм учраас вакцинтай малын мах, сүүг тодорхой хугацаанд хэрэглэхгүй байх нь зөв.
-Цаашид мал эмнэлгийн салбарт анхаарах, санаа зовоосон ямар асуудал байна вэ?
-Өнгөрсөн хугацаанд цар тахалтай холбоотой хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлийн ажлууд маш дутуу хийгдсэн. Аливаа малын өвчний цаад талд хүний л асуудал байдаг. Мэдлэгтэй, чадвартай мэргэшсэн хүний нөөц манай мал эмнэлгийн салбарт тулгамдсан асуудал болоод байна. Судалгаагаар малын эмч нарын мэдлэг, чадварт анхаарахгүй бол болохгүй болжээ гэдэг нь харагдаж буй юм. Ялангуяа малын эмч нарын ачааллыг олон улсынхтай жишиж үзэхэд 5-6 дахин их байгаа. Нэг малын эмчид хэт олон мал ногддог. Мөн малын эмч нарын маань нас нэлээд өндөр болсон. Судалгаанд оролцсон малын эмч нарын 62 хувь нь 50-иас дээш настай, 32 хувь нь 50-иас доош настай байгаа юм. Малын эмч нарын маань хөдөлмөрийн нөхцөл хүнд, байнга гадаа ажилладаг, эмнэг догшин малтай харьцах жишээтэй. Иймээс малын эмч нарыг бэлтгэх, сургах, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.
-Энэ чиглэлд ойрын хугацаанд юу хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Малын эмч нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарна. МЭЕГ нь олон улсын байгууллагуудын оролцоотойгоор шаталсан болон мэргэшүүлэх сургалуудыг хийхээр төлөвлөөд байна. Ер нь малын эмч нарыг сургаж бэлтгэдэг тогтолцоог нэлээд сайжруулах шаардагатай. МЭЕГ-ын захиалга, бодлогоор малын эмч нарыг бэлтгэх хэрэгтэй байна. Дараагийн нэг хүсэж буй зүйл бол мал эмнэлгийн үйлчилгээ эрхэлдэг анхан шатны нэгжүүдээ чадавхжуулах нэн шаардлагатай байгаа. Нэгжүүдийг хүний нөөцийн хувьд ч, тоног төхөөрөмж, байр савны хувьд ч анхаарах шаардлагатай.
Бэлтгэсэн: И.ОТГОНЖАРГАЛ