Хуульч Д.Үүрцайхтай ярилцлаа.
-Та ХҮН намаас гарчихсан уу?
-ХҮН зүүн төвийн, социал демократ үзэл баримтлалаа баруун төвийнх болгосон. Би социал демократ үзэл баримтлалыг дэмждэг. Цаашид баруун төвийн үзэл баримтлалтай намын бодлогыг дэмжиж ажиллах боломжгүй гэж үзэж, намаас гарах хүсэлтээ өгсөн. Одоогоор намын эрх бүхий байгууллага хүсэлтэд хариу өгч, шийдвэрлээгүй байна.
-Намаасаа гарах гэж байгаа ч та ХҮН намын дарга Т.Доржхандтай хамт тогтолцооны өөрчлөлтийг шаардсан олон ажлыг хийж буй. Энэ ажил тань хэр урагштай байна вэ?
-Үндсэн хууль дахь төрийн эрх мэдлийн хуваарилалтын алдаа, төрийн байгуулалтын суурь гажгийг засах, сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатайг миний бие судлаачийн болон ХҮН-ын гишүүний хувьд эртнээс шүүмжилж ирсэн. Энэ бол аль нэгэн намын улс төрийн үзэл баримтлал, эсвэл хэн нэгэн хувь хүний үзэл санаанаас хавьгүй дээд эрэмбийн эрх ашиг юм. Монгол Улс ирээдүйн 30 жилд хөгжих, тусгаар хэвээр орших, эсэхтэй холбоотой үйл хэрэг. Тиймээс энэ том эрх ашгаа тойрч нэгдэж, УИХ-ын гишүүн Т.Доржхандын санаачилгыг дэмжиж байгаа учраас дэмжин ажиллаж буй. Ер нь ХҮН намынхныг, улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог мань мэтийн хүмүүсийг дараагийн сонгуульд оролцож, сонгогдох гэж л үүнийг хийж байна гэж хардах хүн цөөнгүй байх шиг. Одоо бүгдээрээ Монголынхоо төлөө гэсэн сэтгэлээр, жижиг улс төр, манай, танай намын эрх ашиг гэж харахаа хойш тавьж, энэ өөрчлөлтийг хүчээ нэгтгэж байгаад хийцгээе гэж улстөрчдөд уриалмаар байна. Энэ өөрчлөлтийг хийчихвэл, жишээ нь, би цаашид улс төрд оролцохгүй, нэр дэвшихгүй байж болно.
Юутай ч УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны зүгээс иргэдийн санал, шаардлагын хариуг өгсөн. Ингэхдээ УИХ-ын гишүүний хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг санаачлан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуух үйл явцыг эхлүүлбэл бидний ярьж буй өөрчлөлтүүдийг дэмжиж, хэлэлцүүлэх боломжтой гэдгээ илэрхийллээ. Тиймээс УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг санаачилж, бусад гишүүнээс дэмжлэг хүсэх, холбогдох байгууллагуудаас санал авах ажлыг эхлүүлж байна.
-Ер нь яагаад одоо сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой юм бэ?
-Хэн бүхэнд л тодорхой байна шүү дээ. Хэдхэн сарын өмнө Казахстанд болсон, одоо Тажикистанд өрнөж буй үйл явдал, хойд хөршийн өдүүлсэн дайн гэх мэт нь нэг хүн, эсвэл нэг намын дарангуйлал улс орны хөгжлийг хэрхэн ухраадаг, ард иргэдийн эрх, эрх чөлөөг яаж хязгаарладаг, эцэстээ бослого, тэмцэлд хүрч, тусгаар тогтнол нь алдагддагийг харуулж байна. Дэлхийн дэг журам ч их өөрчлөгдөж буй. Ийм үед бид тусгаар тогтнолын баталгаа болсон парламентын ардчиллаа бэхжүүлэх өөрчлөлтийг яаралтай хийх ёстой. Үгүй бол ирэх 10 жилд манай улсын оршихуйд ихээхэн асуудал үүсэх нь. Гэхдээ сонгуулийн тогтолцоог дангаар нь өөрчлөөд бид энэ байдлаас гарч чадахгүй.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд яг ямар зохицуулалтыг тусгах вэ?
-Бидний зүгээс тавьж буй шаардлагад тусгасан зүйлсийг улстөрчид, намууд хувийн жижиг эрх ашгаа илүүд тавьж, зарим талаар хэт болгоомжилсноос Үндсэн хуулийн өмнөх нэмэлт, өөрчлөлтүүдэд оруулахгүй, орхигдуулж ирсэн. Үүнээс болж 30 жилийн хөгжлөө алдлаа. Уг нь ийм хугацаанд улс орнууд хэрхэн хөгжиж, дэлхийн тэргүүлэх эдийн засгийг бүтээж болдгийг харуулсан бэлхэн жишээ олон байна шүү дээ. Тиймээс суурь өөрчлөлтүүдийг зоригтой, шийдэмгий хийх ёстой. Юуны өмнө олонхыг төлөөлөх сонгуулийн тогтолцоо буюу мажоритар хувилбараас татгалзах шаардлагатай. Хувь тэнцүүлсэн буюу пропорциональ хувилбарыг 100 хувь сонгох, үгүй гэвэл Герман улсад хэрэглэдэг сонгуулийн тогтолцоо болох “хүнжүүлсэн пропорциональ” загварыг нэвтрүүлэх хэрэгтэй. Ядаж л УИХ-ын гишүүдийн 50 хувийг нь пропорциональ хувилбараар сонгодог хосолсон тогтолцоотой болох ёстой гэж шаардаад байгаа юм. Ингэж байж хөгжлийн бодлогыг гацаадаг, тойргийн төсөв ярьдаг, Засгийн газрынхаа бодлогыг унагаадаг байдлаас сална.
Гэхдээ сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг зайлшгүй төрийн эрх мэдлийн хуваарилалттай бүхэлд нь авч үзэх ёстойг эхэнд хэлсэн. Эс бөгөөс УИХ-ын давамгай байдал, Засгийн газар нь бодлогоо хэрэгжүүлж чаддаггүй явдал хэвээр үлдэнэ. Ер нь парламентын ардчилалтай, амжилттай хөгжиж байгаа орнуудын жишгээс харвал Ерөнхий сайд нь хангалттай эрх мэдэлтэй байдаг. Манайд зарим иргэн дэг журам алдагдлаа, хариуцлагын тогтолцоо хэрэгтэй, зарим тохиолдолд хатуу гар шаардлагатай гэж яриад, хүсээд байгаа нь төрийн тогтолцоо зохих ёсоор ажиллахгүй байгаатай холбоотой. Ардчиллыг зохих ёсоор ажиллуулахын тулд төрийн эрх мэдлийн хуваарилалтаа харилцан хяналт-тэнцэлтэй, цэгцтэй болгох ёстой. Тиймээс давжаа парламентаа зохих хэмжээнд хүртэл нь томруулах цаг нь болсон. Парламентын ардчилалтай улсуудын жишигт хүртэл гишүүдийнх нь тоог нэмнэ гэсэн үг. Улс төр судлалд Таагепера, Лейпхарт нарын Куб язгуурын онолоор парламентын гишүүдийн тоог тодорхойлдог. Үүгээр тооцвол УИХ-д 150 орчим гишүүн сонгох шаардлагатай. Нөгөө талаас математик загварчлалаар тооцвол парламентын гишүүдийн тоо 120-иос дээш байгаа тохиолдолд хуйвалдах, бусдын нөлөөнд автах нь багасдаг гэдэг. 1992 онд Үндсэн хуулийг баталж байхад сая гаруй сонгогчтой байсан бол одоо 2.3 сая болсон. Ийм олон хүнийг 76 хүн төлөөлөхөөр эрх мэдэл нь их байхаас гадна иргэдийнхээ эрх ашгийг хангалттай хамгаалж, төлөөллийг нь бодитой хэрэгжүүлэх боломжгүй, хууль батлах үйл ажиллагаа нь ч сул байна. Гишүүдийн тоог нэмснээр эдгээр гажуудал засагдаж, хууль тогтоогчдын ажлын ачаалал багасаж, тодорхой асуудалд төвлөрснөөр бүтээмж, чанар нь сайжирна. Хамгийн гол нь нэг гишүүний саналын жин буурахаар надад тендер өгөхгүй бол Засгийн газрыг чинь огцруулна гэх дарамт үгүй болж, төрийн эрх мэдэл дагасан авлига аяндаа буурах юм.
-Уучлаарай, УИХ-ын нэр хүнд муу, 76 “хулгайч” гэгдэж байхад гишүүдийн тоог нэмнэ гэдэг том сорилт болох нь гарцаагүй.
-УИХ-ын нэг гишүүний зардал туслах, зөвлөхийнхтэйгөө нийлээд сард 11 сая, жилд нийт гишүүнийх 10 тэрбум орчим төгрөг болдог юм билээ. Үүнийг дахиад 10 тэрбумаар нэмэгдүүлсэн ч зардлыг нь монголчууд бид үүрэх л ёстой. Ардчилал, тусгаар тогтнол гэдэг чинь өөрөө үнэ цэнтэй, тодорхой зардалтай. Ийм хэмжээний зардлыг бид гаргахаас аргагүй. Тэгж байж бид самуурсан, дороо хий эргэсэн, сандал, суудал, хуйвалдаан ярьсан байдлаас сална. 10 тэрбум төгрөг нэмж зарцуулснаар бид авлигад алдаад байгаа хэдэн их наяд төгрөгийн алдагдлыг бууруулах боломжтой. Муу, чанаргүй хуулиас болж иргэдийн нуруун дээр ирж байгаа дарамт, алдагдсан боломжийн өртгийг ч багасгана. Хожих зүйл нь хавьгүй их учраас иргэдийг энэ өөрчлөлтийн ач холбогдлыг зөв ойлгоосой гэж хүсэж байна.
Гишүүдийн тоог нэмсэн тохиолдолд “давхар дээл” гэж яригддаг, УИХ-ын гишүүний албан тушаалыг сайдынхтай хавсархад тавих хязгаарлалтыг үгүй хийж болно. УИХ-ын гишүүдийн тоог нэмсэн тохиолдолд сайдын албыг хавсран гүйцэтгэхийг нь зөвшөөрье гэж байгаа юм. Одоо 76 гишүүнтэй байгаа нөхцөлд дөрвөн сайд УИХ-ын гишүүн байж болох зохицуулалт ч ахадсан хэрэг болоод байгаа юм. 19 гишүүнтэй байнгын хорооны хуралдаанд “давхар дээл”-тэй сайд нар дотно нэг нэг гишүүндээ нөлөөлчихөд л парламентын хяналтыг давж, асуудлаа шийдүүлчихнэ. Нөгөө талаас “давхар дээл”-гүй сайд нар парламентад асуудлаа ойлгуулж хамгаалах, дэмжлэг авах боломж хомс байгаа болохоор УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны уялдаа холбоо саармагждаг юм байна. Энэ уялдаа холбоог сайжруулж, Засгийн газрынхаа бодлогыг дэмждэг, тогтвортой олонхтой парламент бүрдэж, үйл ажиллагаа нь чанаржих юм. Улмаар намууд төлөвшиж, дотоод хариуцлага, сахилга дээшилж, урт хугацааны бодлого ярьж эхэлнэ.
-Та УИХ-ын гишүүн Т.Доржхандын хамт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Үндсэн хуулийн цэцэд хоёр асуудлаар хандсан. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалт буюу “УИХ-ын 76 гишүүнийг олон мандаттай тойргоос сонгоно” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж мэдээлэл гаргасан. Мөн 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн 39.1-т “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” хэмээн зааж, сайд нар “давхар дээл”-тэй байхыг хязгаарласан нь Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл санаа, тодорхой заалтуудтай зөрчилдөж байна гэж Цэцэд хандсан шүү дээ. Үндсэн хуулийн цэцээр дамжуулан эдгээрийг шийдвэрлэх боломж бүрдээгүй учраас одоогийн алхмаа хийв үү. Ер нь Цэцэд хандсан асуудлууд нь хэрхсэн бэ?
-Эдгээр нь Үндсэн хуулийн тодорхой зөрчил мөн шүү дээ. “Давхар дээл”-тэй холбоотой асуудлаар маргаан үүсгэж, дунд суудлын хуралдаан зарласан ч хойшилсон. Дахин хуралдаан зарлаагүй. Үндсэн хуульт ёсоо хамгаалах нь мэдээж хэрэг бидний гол зорилго байсан. Нөгөөтэйгүүр эдгээрийг Цэц шийдсэн бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярих, эрх баригчдыг шахах нөхцөл бүрдэх байсан. Харамсалтай нь, урагш явсангүй. Сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлаар бүр маргаан үүсгэх, эсэхийг нь ч шийдвэрлээгүй, таг алга болсон. Гэхдээ өнгөрсөн хугацаанд эрх баригч намын бүх удирдлага Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх, төрийн эрх мэдэл хуваарилалтын алдааг засах, парламентын ардчиллаа улам бэхжүүлэх цаг болсныг хүлээн зөвшөөрч, ярьж, хэлж байгаа. Тэд дэлхий нийтэд үүсэж буй асуудлыг хараад Монгол Улс, манай ардчилал ямар эрсдэлтэй байдалд тулаад байгааг ойлгож байгаа юм болов уу гэж дүгнэж байгаа.
-УИХ-ын гишүүдийн тоог нэмэхтэй холбоотойгоор парламентыг хоёр танхимтай болгох тухай санал ч гарч байна. Энэ тухайд юу хэлэх вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ярих бүрт Үндсэн хуульт байгуулал, Үндсэн хуулийн суурь үзэл санаанд үл нийцэх, үймүүлсэн санал, санаачилга гаргадаг хүмүүс бий. Үүнээс болж ул суурьтай, шийдэмгий өөрчлөлтийн талаар улстөрчид ярьж чаддаггүй, хойш суудаг. Уламжлалт хаант засаглалтай улсад хоёр танхимтай парламент байдаг. Язгууртнууд нь дээд танхимд нь төлөөлөл болж суудаг гэсэн үг. Эсвэл төрийн байгууламжийн хувьд холбооны улсуудад муж улсуудын ашиг сонирхлыг хамгаалахын тулд дээд танхим байгуулдаг. Монгол бол нэгдмэл, бүгд найрамдах улс учраас парламент нь хоёр танхимтай байх шаардлагагүй. Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл 66 улсаас 55-ынх нь парламент нэг танхимтай байх жишээтэй. Бусад буюу хоёр танхимтай байгаа улсуудын дийлэнх нь уламжлалт хаант засагтай, эсвэл “бараг холбооны” төрийн байгууламжтай, тухайлбал үндэстний цөөнхтэй, эсвэл сонгодог хоёр танхим бус, шаталсан парламенттай байна. 1990 онд байгуулсан Ардын их хурал болон Улсын бага хурал бол шаталсан парламентын нэг хэлбэр шүү дээ. Парламентын ардчилалтай бөгөөд амжилттай хөгжиж буй улсуудын жишгийг л бид дагах хэрэгтэй биз дээ. Гэтэл Монголд нөгөө “Үүдээр хөөгөөд гаргахаар тооноор ороод ирлээ” гэдэг шиг хуучин улстөрчид язгууртан болж дээд танхимд суух гээд байгаа юм шиг утгагүй зүйлийг энэ том үйл хэргийн дундуур ярьж, самууруулах нь зохисгүй үйлдэл.
-Парламентыг яаж хариуцлагатай болгох тухайд тодруулахгүй юу. Засгийн газраа дэмжихгүй, огцруулаад л байхад УИХ нь бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажилладаг шүү дээ.
-УИХ-ыг тараах бодитой механизм алга. Би 2001 онд 20 гаруйхан настай, шинэхэн аав болчихоод Германд суралцахаар очсон даруйдаа “Супер парламентын дарангуйлал” гэж нийтлэл бичиж байсан юм. Парламентын абсолютизм буюу парламент нь тардаггүй, бүх асуудлыг шийддэг, Засгийн газраар дураараа “тоглож” байгааг шүүмжилж байлаа. Үүнээс хойш 20 гаруй жил өнгөрчээ. Бид энэ цаг хугацааг алдчихаж. Үндсэн хуульд оруулсан 2000 оны нэмэлт, өөрчлөлтөөр үүнийг засчихсан бол бид өнөөдөр тэс өөр нөхцөлд амьдрах байсан. Одоо би дөрвөн хүүхэдтэй. Тэднийгээ ийм нийгэмд үлдээмээргүй байна. “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг. УИХ нь хариуцлага хүлээхгүй болохоор доошоо хэн ч үүнийг хүсэхгүй байна. Нийгмээрээ ёс суртахуун нь доройтчихсон, хариуцлагагүй болчихоор ард иргэд “Ардчилал гэдэг чинь дэмий зүйл юм байна” гэж бодоход хүрч, “хүчтэй гар”, “Ардын баатар” хүсэх болж, хуучны Ардын хянан шалгах хороо, прокурорын ерөнхий хяналт мэт дарангуй тогтолцоогоо эргэн санагалзаад байна шүү дээ. Гэтэл Ерөнхий сайд нь УИХ-д шахалт үзүүлж, бодлогоо дэмжүүлж чаддаг болчихвол хүмүүсийн хүсээд буй тэр “хүчтэй гар” нь Засгийн газрын тэргүүн байх юм. УИХ-ыг тараах бодитой механизм үүсгэж, парламентад Ерөнхий сайдыг дэмжих олонхгүй болсон тохиолдолд Засгийн газрын тэргүүн Ерөнхийлөгчид хандаж, Төрийн тэргүүн нь УИХ-ыг тарааж болдог зохицуулалт олон улсад бий. Ийм зохицуулалтгүй учраас Веймарын Бүгд Найрамдах Улсын үед илэрсэн бүх л сөрөг шинж тэмдэг өдгөө манайд үүсчихээд байгаа юм. Засгийн газраа дэмжихгүй байгаа УИХ-ыг тараадаг механизм бүрдүүлэхгүй бол камер харахаараа “попордог”, “Миний тойргийн төсвийг авах нь” гээд бодлогыг нь унагаадаг, Засгийн газрыг чинь огцруулна гэж шахдаг явдал арилахгүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Засгийн газраас Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихад гишүүд тойргийнхоо жорлон, хөшөөний хөрөнгө оруулалттай зууралдаад, дэмжээгүй биз дээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт парламентын бодитой дэмжлэг алга. Цаашид ч энэ байдал үргэлжилнэ. Уг нь түүнд парламентыг тараах эрх мэдэл нь байвал УИХ-ын гишүүд тойргийн төсөв ярьж, бодлогыг нь унагахгүй байх боломжтой.
-Гэхдээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр нь хуйвалдаж, УИХ-аа тараагаад байвал төр тогтворгүй болох юм биш үү гэх болгоомжлол бас бий.
-Ерөндөг нь байгаа шүү дээ. Тухайлбал, Германд Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчид хандаад Бундестаг (парламент)-ийг тараая гэвэл 21 хоногийн дотор шийдэх эрхтэй. Гэхдээ энэ хугацаанд Бундестаг дараагийн Канцлер (Засгийн газрын тэргүүн)-ыг томилчихвол Ерөнхийлөгчийн тараах эрх хүчингүй болчихдог. Тэгэхээр олонхгүй парламент биш, харин итгэл үзүүлээгүй Ерөнхий сайд нь буруу бодлого явуулсан болж таарч байгаа юм.
-Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болгохыг шаардаж байгаагаа тайлбарлахгүй юу?
-Парламентын ардчилалтай улсад Ерөнхийлөгчийг хууль тогтоох байгууллагаас сонгодог. Бүх ард түмнээс сонгохоор зэрэгцсэн легитим байдал үүсдэг. Жишээ нь, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгогчдоос 70 гаруй хувийн дэмжлэг авсан. Харин өнөөгийн УИХ нийт сонгогчийн 43 хувийн саналаар бүрдсэн. Үе үеийн Ерөнхийлөгч нар энэ байр сууриа ашиглаж, Засгийн газрыг огцруулахад оролцож ирсэн байдаг. 30 жилийн хугацаанд байгуулсан 17 дахь Засгийн газар нь Л.Оюун-Эрдэнийнх. Ийм байхад тогтвортой бодлого хэрэгжүүлэх боломжгүй. Тиймээс Төрийн тэргүүнийг дэлхийн парламентын ардчилалтай улсуудын жишгээр парламентаас сонгох ёстой. Гэхдээ дан УИХ-аас сонговол олонхын Ерөнхийлөгч болох учраас аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аас парламентын гишүүдийн тоотой тэнцүү төлөөллийг сонгож ирүүлээд, УИХ-тайгаа нийлж хуралдаад Ерөнхийлөгчөө сонгох хувилбарыг санал болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэдгээр төлөөлөл болон УИХ-ын гишүүд хамтдаа Ерөнхийлөгчийг сонгох зорилготой түр байгууллага бүрдүүлэх юм. Тэндээс Ерөнхийлөгчийг нууц санал хураалтаар сонгоно гэсэн үг. Ингэвэл Ерөнхийлөгч нийт ард түмнийг төлөөлж, жинхэнэ бэлгэ тэмдгийн шинжтэй бүрэн эрхтэйгээр ажиллах нөхцөл бүрдэнэ.
-Эдгээрийг дагалдах нэмэлт, өөрчлөлт гэвэл юу юуг нэрлэх вэ?
-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан ардчилсан зарчим, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан, сонгогчдын нэг хувьтай тэнцэх иргэд нэгдэж байж нам байгуулах зохицуулалтыг хүчингүй болгох хэрэгтэй. Олон нам байж л байг. Эцсийн дүндээ ард түмэн сонголтоороо тэднийг төрийн хэрэгт оролцох, цаашид оршин тогтнох, эсэхийг шийдэх Үндсэн хуулийн зарчим бий шүү дээ. Яагаад иргэдийнхээ ухамсарт итгэдэггүй, тухайн үеийн эрх баригчид өмнөөс нь шийдэж, механикаар намуудын тоог цөөлж, ардчиллаа устгах гээд байгаа юм бэ.
Түүнчлэн Үндсэн хуулийн 13.1-т “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гээд заачихсан. Улаанбаатарт өнөөдөр нийт хүн амын хагас нь суурьшиж байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлын том эрсдэл гэдгийг судлаач, мэргэжилтнүүд хэлж буй. Жишээ нь, Шинэ Зуунмод хот руу төрийн төв байгууллагуудыг нүүлгэх гэхээр Үндсэн хуулиа өөрчлөх шаардлагатай болдог. Мөн Засаг даргыг ард иргэд нь өөрсдөө сонгох, сум, баг, хороонд үүсэж буй улстөржилтийг саармагжуулах зохицуулалт тусгах ёстой гэж үзэж байгаа.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг санаачилж, өргөн бариад, хэлэлцүүлэх хугацааг хэрхэн тооцож байна вэ?
-Яаралтай горимоор хэлэлцүүлэхийг бид шаардаж байгаа. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу тодорхой шаардлагуудыг хангах ёстой. Энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлах боломж байна. Нөгөө талаас хуулиар тогтоосон цаг хугацааны хязгаарлалт бидний өмнө тулгарч буй. УИХ-ын ээлжит сонгууль болохоос зургаан сараас доошгүй хугацааны өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой. Мөн УИХ-ын ээлжит сонгуулиас нэг жилийн өмнө сонгуулийн хуулийг нь өөрчилж болохгүй. Гэтэл тогтолцооны шинжтэй эдгээр өөрчлөлтийг зөвхөн Үндсэн хуульд тусгаснаар амилуулахгүй. Улс төрийн намын болон УИХ-ын сонгуулийн тухай хуулийг цогцоор нь өөрчилж байж энэ өөрчлөлт, тогтолцоо бүхэлдээ зөв ажиллана. Өөрөөр хэлбэл, эдгээрийг ирэх намрын чуулганаар хэлэлцэж батлахгүй бол цаг хугацааны боломж хомс байна. Тогтолцоогоо өөрчлөхгүйгээр 2024 онтой золговол тухайн үед УИХ-д ямар нам олонх болох, зөвшилцөж чадах эсэхийг бид өнөөдөр мэдэхгүй шүү дээ. Парламентад нэг нам дийлэнх олонхыг бүрдүүлж байгаа нь тогтолцоог өөрчлөх нэг боломж юм. 2019 онд Үндсэн хуульд зарим дэвшилт нэмэлт, өөрчлөлтүүд оруулсан ч дутуу орхисон зүйл олон. Суурь шинжтэй алдаануудаа засаагүй.