Монголын пара таеквондогийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Х.Энхтуяа энэ спортоор хичээллэж, богино хугацаанд амжилт гаргасан шилдгүүдийн нэг. Тэрбээр Ази тивийн АШТ-ээс дөрвөн алт, дэлхийн аваргаас иж бүрэн медальтай. Тухайлбал, 2017 он түүнд аз, амжилт далласан жил байв. Филлиппиний Манила хотод болсон тивийн АШТ-д K44 ангиллын 49 кг-д түрүүлж, дараа нь Англи улсад зохион байгуулсан “Лондон-2017” дэлхийн аваргад мөн л аварга болж, шилдэг тамирчнаар шалгарсан удаатай. Үүнээс хоёр жилийн дараа Йордан улсын Амман хотыг зорьж, тивийн АШТ-ээс алтан медальтай ирсэн бол Туркийн Анталья хотод болсон ДАШТ-ээс мөнгөн медаль гардаж, Токиогийн паралимпийн наадамд оролцох эрх өвөртөлсөн билээ. Тэгвэл өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Туркийн Истанбул хотод болсон пара-таеквондогийн ес дэх удаагийн ДАШТ-д оролцохдоо дөрвөн тулаан хийснээс гуравт нь өрсөлдөгчөө илүүрхсэн юм. Тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн түүнтэй ярилцлаа.
-Туркийн Истанбулд болсон дэлхийн аваргад оролцсоноос хойш нам гүмхэн байлаа. Хандгайт дахь бэлтгэлийн баазад гарсныг бодоход томоохон тэмцээнд өрсөлдөх нь гэж ойлголоо.
-Токиогийн паралимпээс ирснийхээ дараа, шинэ оны өмнөхөн пара таеквондогийн ес дэх удаагийн ДАШТ-д оролцохоор Туркийн Истанбул хотыг зорьсон. Тэнд өмнөх тэмцээнүүдэд оролцож байсан шигээ амжилт гаргана гэсэн бодолтой тулалдаж, хүрэл медаль хүртсэн. Миний хувьд Монголын пара таеквондогийн шигшээ багийнхантай Болгар улсын Софи хотод ирэх сарын 2-7-нд болох гран при тэмцээнд оролцохоор бэлтгэлээ шаргуу базааж байна. Тус тэмцээнд амжилттай оролцож, байр эзэлсэн тамирчдад “Парис-2024” паралимпийн тэмцээний чансааны оноо олгох юм. Дэлхийн пара таеквондогийн шилдэг 16 тамирчин энэ гран прид оролцох эрхтэй. Тэдний дөрөв нь Монголын тамирчин. Би Болгарт хоёр дахь удаагаа хөл тавих гэж байна. Өмнө нь Европын АШТ болоход түрүүлсэн юм. Энэ удаагийнхад ч гэсэн аварга болно гэсэн зорилготой.
-Монголын пара таеквондогийн эмэгтэйчүүдээс та анх удаа дэлхийн аварга болж, энэ спортод дуртай олныг баярлуулсан. Тэр үед төрсөн сэтгэгдлээ эргэж дурсвал сонин байх болов уу?
-Хүний амьдралд анхны юм бүхэн сайхан сэтгэгдэл төрүүлдэг шүү дээ. Өөртөө том зорилго тавьж, шантралгүй зүтгэсний хэрээр амжилтад хүрсэндээ баярладаг. Английн Лондон хотод 2017 онд зохион байгуулсан дэлхийн аваргад анх удаа оролцож, медалийн тавцанд Төрийн дууллаа эгшиглэхийг сонсох мөч хамгийн сайхан агшин байлаа. Миний хувьд тэр тэмцээн хүсэл, мөрөөдлөө биелүүлсэн, мөн Токиог зорих зорилгын минь эхлэл байв. Надад тив, дэлхийн ямар ч улсад очсон ард түмэн шиг минь санагддаг. Таеквондогоор жил гаруй хугацаанд хичээллэсэн би аваргын төлөө Мексикийн тамирчинтай тулалдаж, алтан медаль гардсан юм. Монголын таеквондо төдийгүй пара спортын түүхэнд анх удаа дэлхийн аварга болж, шилдэг тамирчнаар шалгарч байлаа.
-Тамирчин болгонд амжилт гаргадаг өөрийн гэсэн онцлог бий. Тулааны талбайд өрсөлдөгчдөө буулгаж авдаг таны давуу тал юу вэ?
-Өөртөө итгэх итгэл, аварга болох сон гэж зорьдог тэмүүлэл минь байдаг. Ямар ч тамирчин өөрөөс минь өөр үнэнч хүн байдаггүйдээс сэтгэл өндөр ирсэн. Түүнээс хойших тэмцээн Токиогийн паралимпийн наадмын оноо олгох чухал тулаан байв. Тэр алтан медаль миний амжилтаа цааш үргэлжлүүлэх эхлэл байсан. Би таеквондогоор хичээллэхээсээ өмнө нягтлан бодогчоор ажиллаж, амьдралаа аваад явчих хэмжээний мөнгө олчихдог байлаа. Спортод хөл тавиад “Үүнийг хийхгүй л бол амьдрах аргагүй” гэж бодоогүй. Тамирчин болсон үеэс ажил, бэлтгэлээ хийх цаг хугацаа, хоол хүнс, уулзаж байгаа найз нөхөд миний зорилгод нийцэх, эсэхийг бодож, сонгодог болсон. Ямар сонголт хийхээс намайг ямар хүн бэ гэдгийг тодорхойлно гэж боддог. Түүнээс биш аваргын төлөө тулалдаж хүртсэн медаль, тийм тэмцээнээс шагналтай ирсэн гээд гайхуулж ярих бодол төрдөггүй. Харин амжилтад хүрсний дараа амьдралын минь идэвх өмнөхөөсөө илүү тэлсэн шүү.
-Азийн АШТ-д түрүүлэх бүрт тань тухайн улсын үзэгчдийн хүлээж авч буй хандлага хэр мэдрэгддэг байв?
-Би Азийн тивийн АШТ-д таван удаа оролцохдоо дөрөвт нь түрүүлсэн. Тэр үед зохион байгуулсан орны үзэгчдийн хүлээж авч буй хандлага маш хурц байлаа. Монголоос ирж оролцсон гэдэг утгаар тэгж хүлээж авсан болов уу. Тэрбээр аварга болсон юм чинь энэ удаа ч гэсэн түрүүлэх биз гэсэн хандлага анзаарагддаг. Олны хүлээж авах тийм байдал нэг талаар дарамт болдог шиг санагдсан. Тамирчин бүхэн төгс биш. Алдаа, оноо аль аль нь бий. Тэмцээнд ялагдаж, ялж ч болно. Хүмүүсийн заавал түрүүлэх ёстой гэсэн бодол амжилт гаргахад ч нөлөөлдөг.
-Найз тань энэ спортоор хичээллэхийг анх санал болгосон гэл үү?
-Тийм ээ, би тамирчин болно гэж учиргүй зорьж, энэ спортод хөл тавиагүй. Найз минь “Таеквондогоор хичээллээч, чи амжилт гаргаж чадна” гэсэн юм. Анх хичээллэхдээ заавал түрүүлнэ гэж зорилго тавьсан болохоор богино хугацаанд ур чадвараа ахиулсан. Тэр үеэс өөр шигээ хүүхдүүдэд урам өгч, таеквондогоор хичээллэхийг уриалдаг болсон. Надад урам хайрласан олон хүн бий. Гэхдээ буруу, зөвд хамт байж, хаана ч явсан, ямар ч үед дэргэдээс холдоогүй нэг л хүн бий. Тэр хүн бол би өөрөө. тэмцээнд түрүүлэх гэж ирдэг шүү дээ. Тиймээс хэнтэй ч таарсан амархан ялагдахыг хүсэхгүй. Би ч тэсэн ийм л бодолтой оролцдог. Тэр их өрсөлдөөн дунд хэн нь өрсөлдөгчөө мэдэрч, зөв “уншина” тэр л ялагч болдог юм.
-Медаль болгон үнэ цэнтэй. Гэхдээ олон сорилттой тулгарсны эцэст ирсэн онцгой шагнал гэж байдаг даа.
-Спортынхонд аваргыг ялж, аварга болдог гэдэг үг бий. Дэлхийн аваргад анх удаа түрүүлсэн минь сэтгэлд мартагдахааргүй тод үлджээ. Надад “Энхтуяа чи энэ тэмцээний ард гарсны дараа л олимпын медалийн талаар бодоорой. Хэрвээ энэ удаа ялагдвал чаддаг зүйлээ хий. Би чадна гэдэг баг зүүж, хайран цаг хугацаа, залуу насаа үрэх шаардлагагүй. Хийх зүйл өмнө тань зөндөө байна” гэсэн бодол төрсөн. Яг тэр үеэс өөрийгөө ялан дийлсэн хичээл зүтгэл минь өдий зэрэгт хүртэл урагшлуулсан гэж боддог. Медалийн төлөөх тулаан намайг хүсэл мөрөөдөл, зорилгынхоо төлөө явах уу, эсвэл өмнө нь хийдэг байсан зүйлээ үргэлжлүүлэх үү гэдгийг шийдэж байлаа. Хэрвээ би медальгүй ирсэн бол дахиж тулалдахгүй байсан болов уу.
-Өрсөлдөгчдөө ялагдсан бол та яг юу хийх байсан бэ?
-Өөртөө талархмаар тийм л үнэ цэнтэй цаг хугацааг давж, амжилт гаргасан болохоор тэнАмжилтад зорьж тэмүүлэхэд өөрөөс минь өөр үнэнч хүн байдаггүй юм. Үүнтэй үргэлж санал нэг байдаг.
-Та гэсэн тамирчдын адил шантрах зүйлтэй цөөнгүй тулгарсан байх. Хэцүү санагдсан бүхнийг даван туулахад хэн урам өгч, хурцалсан бол?
-Халшрах зүйлтэй тулгарах бүртээ зорилгоо бодож, амаргүй бүхнийг сэтгэлийн хатаар даван туулсан. Бүх зүйлийг тэвчээрээр туулж урагшлахыг нэг л хүн хүлээн зөвшөөрсөн нь мөн л би өөрөө байлаа. Хэн нэгний оршихуйг тийм, ийм байх ёстой гэхээсээ илүү ямар ч болзолгүйгээр туслах хэрэгтэй. Тусална гэдэг чинь хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Надад энэ л юу юунаас илүү чухал байсан. Өнгөрсөн он жилүүдэд өөрийнхөө дэргэд байж, дотоод сэтгэлтэйгээ ярилцахдаа зөв шийдвэрүүдийг гаргасан. Намайг амжилт гаргахад ухаан, урам хайрласан багш, хамт олон, найз нөхөд бий. Би аав, ээж, ах, дүүс, хүүгийнхээ итгэл сэтгэл, хандлагаас урам авдаг. Юм бүхнийг хэцүү гэж зорилгоосоо буцсан бол өөртөө ялагдаж, бүр бууж өгөх байлаа. Хүн шантрах үедээ юуг яах гэж эхлүүлснээ хамгийн түрүүнд боддог юм билээ. Спорт миний тэмүүлэл, зорилгыг үнэ цэнтэй болгосон. Амьдрал минь дотоод сэтгэл, хүн байх утга учрыг ойлгуулсан болохоор шантрахыг хүсээгүй, харин зорилгоо биелүүлэхийн төлөө хичээсэн.
-Парисыг зорих үүрэг, хариуцлагатай олон тэмцээн таныг хүлээж байгаа. Тэнд болох олимп, паралимпийн товлосон өдөр, хоног ойртож л байна.
-“Парис-2024” оны паралимпэд оролцохын тулд бүхнийг даван туулж, эцсийн зорилгоо хүртэл явна гэсэн бодолтой байгаа. Би өмнө нь олон хүнээс суралцаад л урагшилсан. Миний спортод хөл тавьсан, саад бэрхшээлүүдийг даван туулсан бүх түүхийг уншигчидтай хуваалцахад сонины зай даанч хүрэлцэхгүй юм даа. (инээв) Би энэ спортод зөвхөн өөрийн хичээл зүтгэлээр амжилт гаргаагүй. Үүнд хамт олон, багш дасгалжуулагч, гэр бүл гээд олон хүний хүч, хөдөлмөр сэтгэл, итгэл их нөлөөлсөн. Монголын пара таеквондогийн холбоо тамирчдаа дэмжиж, багш дасгалжуулагчид минь сайн ажилладаг учраас бид амжилт гаргасан гэж боддог. Энэ ташрамд, хүсэл, зорилгын минь төлөө намайг бүх талаар дэмжиж, тусалдаг хүмүүст баярлалаа гэж хэлье.