Уул уурхайн өгөгдөл мэдээллийн ашиглалтыг нэмэгдүүлэх үүднээс иргэд болон төрийн албан хаагчдын цахим боловсрол, ур чадварыг дээшлүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг УУХҮЯ, Олон улсын санхүүгийн корпорац өнгөрсөн баасан гарагт байгуулав. Мөн нээлттэй өгөгдлийн ач холбогдлыг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн түвшинд нэгтгэх зорилгоор “Уул уурхай ба орон нутгийн иргэд: Итгэлцлийг бэхжүүлэх нээлттэй өгөгдөл” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал “Дэлхий дахинд эрдэс баялгийн салбарыг ил тод, хариуцлагатай болгох зорилготой ОҮИТБС-ыг 50 гаруй улсад хэрэгжүүлдэг. Уг санаачилгыг сайн хэрэгжүүлдэг тэргүүлэх орнуудын тоонд Монгол багтдаг бөгөөд 2006 онд элссэнээсээ хойш уул уурхайн салбарын маш их мэдээллийг ил тод болгоод байна. Цаашид энэ их өгөгдлийг ашиглаж, орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчид, шийдвэр гаргагчид гээд оролцогчдын түвшинд ойлгомжтой хүргэж байж ил тод байдал сайжирна. Үүнд уул уурхайн салбарынхан нээлттэй өгөгдөл ашиглалтаараа манлайлах нь чухал” гэв. Мөн ОУСК-ын суурин төлөөлөгч Руфат Алимарданов “Уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын өгөөжийг бүх талын оролцогч хүртэхэд туслахын тулд ил тод байдлыг хангах, өгөгдөл мэдээллийг ашиглах туршлага чухал. Энэ нь ялангуяа ажлын байр шинээр бий болгох, ханган нийлүүлэлтэд орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг оролцуулах боломж бүрдүүлэх гээд уул уурхайн эерэг нөлөө, түүнчлэн иргэдийн амьжиргаанд нөлөөлж болзошгүй байгаль орчин, нийгмийн эрсдэлийг орон нутгийнхан бодитой ойлгож мэдэх ач холбогдолтой” хэмээн онцолжээ.
Эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хангах нээлттэй 51 өгөгдлийн сан бий гэнэ. Гэхдээ тэдгээрийн ашиглалтыг сайжруулж, мэдээллийн тэгш бус байдлыг арилгахын тулд юуны түрүүнд хүлээн авагчийн хэрэгцээнд нийцүүлэх, баталгаатай, шинэлэг, нээлттэй өгөгдлийн форматтай, ашиглах ур чадвартай байх зэрэг сорилтыг даван туулж байж нээлттэй өгөгдөл итгэлцлийг бэхжүүлэх үүргээ гүйцэтгэх аж. Дээрх санамж бичгийн хүрээнд орон нутгийн иргэдийн хэрэгцээнд нийцэх өгөгдлүүдийг нээлттэй болгож, чанарыг нь сайжруулах бөгөөд цаашид оролцогч талууд техникийн цуврал уулзалтууд хийх нь.