Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах бол заавал зөвшөөрөл авна гэж уг хуульд тусгасан юм. Ийм тохиолдолд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага хэрхэн ажиллах талаар болон бусад асуудлаар хуульч, судлаач Л.Галбаатартай ярилцлаа.
-Сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулах талаар энэ хуульд тусгасан заалт нь тодорхойгүй юм уу гэж харж байна. Хууль зүйн үүднээс та үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
-Уг хуулийн 12 дугаар зүйлд сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулж боловсруулах, ашиглах харилцааг зохицуулсан. Олон улсад хүний хувийн мэдээлэл буюу өгөгдлийг хамгаалах нь 2016 оноос л тодорхой болсон, харьцангуй шинэ ойлголт. Европын Холбоо 2016 онд баталж, 2018 оны тавдугаар сараас хэрэгжүүлсэн Өгөгдөл хамгаалах ерөнхий зохицуулалтад үндэслэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулсан байдаг. Энд хүний хоёр суурь эрхийн тухай асуудал хөндөгдөнө. Олон улсын гэрээгээр, Монгол Улсын Үндсэн хуулиар бол хувь хүн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Мөн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тэр дундаа мэдээлэл хайх, хүлээж авах эрхтэй. Эдгээрийн аль нэг нь нөгөөгөөсөө давуу байх боломжгүй. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль нь иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хангахад чиглэж буй. Гэхдээ энэ нь мэдээлэл хүлээж авах, түгээх эрхийг хөндөж болохгүй. Үүнийг хууль зүй, техникийн хувьд хэрхэн зохицуулдаг вэ гэхээр, хүний хувийн өгөгдөл хамгаалах зохицуулалт нь үзэл бодлоо чөлөөлөх илэрхийлэх эрхтэй холбоотой зүйл заалтад хамаарахгүй гэж тусгадаг. Тусгай, онцгой нөхцөл ч гэж хэлж болно. Тэр жишгээр Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд 12 дугаар зүйлийг оруулсан байна.
СЭТГҮҮЛЧ АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛИЙГ ИЛЧИЛЖ, ЗОГСООХОД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН БОЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХГҮЙ
-Хуулийн 12 дугаар зүйл нь Өгөгдөл хамгаалах ерөнхий зохицуулалтын заалтуудтай бүрэн нийцэж чадсан уу?
-Өгөгдөл хамгаалах ерөнхий зохицуулалттай харьцуулахад буруу, алдаатай зүйл байгаа нь уг хуулийн 12.2 дахь заалт. 12.1-т нь “Сэтгүүл зүйн, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зо рилгоор мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж болно” гэж заасан. Энэ заалт байж болно. Харин 12.2-т “Мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг энэ хуулийн 12.1-т заасан зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглахыг хориглоно” гэж онцолсон байгаа юм. Дээр дурдсан мэдээллийг сэтгүүл зүйн зорилгоор цуглуулж, боловсруулж болохгүй гээд хязгаарлачихсан. Европын Холбооны зохицуулалтаар бол мэдээллийн эзний эрх нь сэтгүүл зүйн зорилготой холбоотой хэсэгт огт хамаарахгүй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, энэ мэдээллийг сэтгүүл зүйн зорилгоор цуглуулах, эсвэл болохгүй гэсэн ялгаа, зааг гаргаагүй. Гэтэл манай хуульд мэдээллийг дундаас нь сугалж аваад, үүнийг цуглуулж болохгүй гэж заасан байна. Сэтгүүлчийн ажиллах хүрээг хумьчихсан хэрэг. Жишээ нь, 12.2-т захидал харилцааны мэдээллийг хамруулжээ. Тиймээс авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудлыг сэтгүүлч сурвалжлахдаа хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн захидлыг, бусадтай харилцсан и-мэйлийг нь нийтэлж болохгүй. Өөрөөр хэлбэл, гэмт үйлдэл хийсэн хүмүүс эл заалтаар өөрийгөө хамгаална гэсэн үг. Харин 12.3-т “Сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзэн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй” гэж заасан. Энэ бол байх ёстой заалт. Учир нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхдээ бусдын эрх, ашиг сонирхлыг зөрчиж болохгүй.
-Буруутай этгээдийг хамгаалсан, хэвлэлийн эрх чөлөөнд зарим талаар халдсан заалт гэж ойлгож болох нь ээ. Үүнийг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад хэрхэн хөндөж байсан юм бол?
-Хуулийн төслийн ажлын хэсгийн анхны хуралд суусан. Гэсэн ч дэвшүүлсэн саналуудыг хүлээн аваагүй болохоор дараагийн шатны хэлэлцүүлгүүдийг орхисон л доо. Тухайлбал, хуулийн 10.2-т ажилтны биометрик мэдээллийг ажил олгогч нь авч болно гэж тусгасан. Яг энэ зохицуулалт дээр л хууль “уначихаж” байгаа юм. Хүний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цуглуулахыг хориглох, хязгаарлах зорилготой хууль учраас ажилтны биометрик буюу хурууны хээ, нүдний солонгон бүрхэвчийн мэдээллийг ажил олгогч огт авч болохгүй. Ажилтны цагийг картаар ч юм уу, өөр аргаар бүртгэх боломжтой. Гэтэл 10.2-ыг заавал байх ёстой зохицуулалт гээд үлдээчихсэн. Ингэхдээ ялимгүй өөрчилж, “ажилтны зөвшөөрлөөр” гэсэн үг нэмсэн. Өмнө нь зөвшөөрлөөр гэсэн үг огт байгаагүй юм. Энэ зохицуулалтын хувьд ажилтан биометрик мэдээллээ өгөхийг зөвшөөрөхгүй байх хэцүү. Бодит байдалд нэг нь зөвшөөрөл авсан, нөгөө нь өгсөн болоод л өнгөрнө. 12 дугаар зүйлийн хувьд анхны төсөлд нь сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулахдаа заавал зөвшөөрөл авахаар заасан. Харин дараа нь бага зэрэг өөрчилж, зөвшөөрөл авахгүй байхаар хуульчилсан байна лээ. Түүнчлэн хэрэг, зөрчилд холбогдсон хүмүүст 12.2 дахь заалт хамаарахгүй гэж тусгах шаардлага байсан. Энгийн иргэний хувьд 12.2 нь байж болох заалт. Харин олон нийтийн хяналтад байдаг, төсвийг захиран зарцуулдаг субъектүүдэд энэ заалт хамаарах ёсгүй.
-Олон улсын жишиг хууль тогтоомжуудад хүний хувийн, нууц мэдээллийг хэвлэн нийтлэх зохицуулалтуудыг хэрхэн тусгасан байдаг бол?
-Европын Холбооны Өгөгдөл хамгаалах ерөнхий зохицуулалтыг олон улсын жишиг гэж үзэж болно. Үүний 85.2-т сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл боловсруулахад өгөгдөл хамгаалахтай холбоотой зарчим хамаарахгүй гэж заасан. Сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулж, боловсруулахад зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн үг. Мөн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн гарчгийг “Сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах” гэсэн нь буруу. Өгөгдөл хамгаалах ерөнхий зохицуулалтаар бол “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээж авах эрх, тэр дундаа сэтгүүл зүйн зорилгоор” гэж заасан байдаг. Манай хуульд мэдээлэл хайх, хүлээж авах зорилгоор гэдэг агуулга нь хасагдаад, хүрээг нь нэлээд хумьж, зөвхөн сэтгүүлч нар хэрэглэж болох юм шигээр тусгасан. Энгийн иргэн шүгэл үлээхэд хамаарах ч юм шиг, үгүй ч юм шиг, тодорхойгүй.
-Жишээ нь, энгийн иргэн хэн нэгний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтэллээ. Гэхдээ тэр нь олон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн учраас нийтэд дэлгэсэн. Нөгөө талаас мэдээллийн эзэн хувийн нууцад халдсан шалтгаанаар нэхэмжлэл гаргаж, маргаан шүүхийн шатанд шилжлээ. Энэ үед асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Мэдээллийн эзэн эрхээ хамгаалуулна гэсэн шаардлага тавина. Нөгөө талаас мэдээллийг ил болгосон хүн 12 дугаар зүйлээр өөрийгөө хамгаалах ёстой болно. Дунд нь шүүгч дэнсэлнэ л дээ. Ингэхдээ аль нь олон нийтийн ашиг сонирхолд илүү хамааралтайг харгалзан үзэх ёстой. Нэг талаас хүний эрхийг зөрчсөн шинжтэй үйлдэл боловч нөгөө талаас олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн бол сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашигласан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хуулийн зөрчил биш гэж шийдэж болно. Гэхдээ энэ бол шинэ хууль. Үзэл баримтлал, зохицуулалтыг нь хуульч, шүүгч нарт таниулах ажил огт хийгээгүй байгаа. 1997 оны Хувь хүний нууцын тухай хуультай харьцуулахад цоо шинэ харилцаа, зохицуулалт бий болсон учраас яг одоо маргаан гарлаа гэхэд шүүх шийдэхэд бэлэн биш. Прокурор ч бэлэн биш байна. Тиймээс холбогдох албаныханд хуулийг таниулах шаардлага бий. Гэсэн ч үүнийг хэн хийх нь тодорхойгүй. Хууль зүй, дотоод хэргийн яамныхан “Манайх сургалтын чиг үүрэггүй. Хууль зүйн үндэсний хүрээлэн хийнэ” гэдэг. Хүрээлэн нь “Манайд багш байхгүй” хэмээдэг. Шүүгчийн сургалтын асуудлыг Дээд шүүхийн Сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд хамааруулж буй. Тэд санаачилга гаргаад, хуулийг таниулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх ёстой гэж бодож байна. Мөн сэтгүүлч нарт ч үйл ажиллагаа нь аль хүрээнд хязгаарлагдах, ямар үед зөвшөөрөгдөхийг таниулах хэрэгтэй болно.
-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн ажиллах хүрээ хэр хэмжээнд хумигдсан бэ?
-Нэг л хүрээ бий. Тэр нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах. Нэг талаас сэтгүүл зүйн үйл ажиллагаа нь хүний эрхийг хөндөж болзошгүй ч тэр нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн бол хууль зөрчсөн гэж үзэхгүй. Тиймээс миний бэлтгэж байгаа мэдээ, нийтлэл, сурвалжилга олон нийтийн ашиг сонирхол, мэдэх эрхтэй шууд хамааралтай юу, эсвэл хувийн таагүй харилцаа, өс хонзонтой холбоотой юу гэдгээс хамаарна. Жишээ нь, Шүгэл үлээгчийг хамгаалах олон улсын зарчимд ямар тохиолдолд шүгэл үлээсэнд тооцохгүй вэ гэдэг агуулга бий. Үйлдлүүд нь шүгэл үлээсэн хэлбэрт хамаараад, хууль бус зүйлийг илчилсэн ч зорилго нь хэн нэгнийг чадах, эсвэл хувийн өс хонзонгийн сэдэлд тулгуурласан бол шүгэл үлээсэнд тооцдоггүй. Үүн шиг сэтгүүл зүйн бүтээлийн агуулга нь магадгүй улс төрийн хоёр бүлэглэлийн зодооны арга хэрэгсэл болчихвол нийтийн ашиг сонирхол, мэдэх эрхтэй шууд хамааралгүй. Харин нийтийн ашиг сонирхлыг хамгаалсан материал боловсруулсан бол Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуулийг зөрчинө, буруутгагдана гэж айхгүйгээр, зоригтой хэвлэн нийтэлж болно. Яагаад гэвэл ямар ч хууль Үндсэн хуулиас давах ёсгүй. Үндсэн хуулиар бол үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх нь нээлттэй. Олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц, зарчимд ч нийтийн ашиг сонирхлыг үргэлж нэгдүгээрт тавина гэж байгаа. Тухайлбал, төрийн нууцыг задруулсан хэрэгт орлоо гэхэд тухайн мэдээлэл нь олон нийтийн ашиг сонирхолтой шууд холбоотой бол нууцын хууль зөрчсөн гэж буруутгадаггүй.
-Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага энгийн иргэдийн хувийн амьдрал, асуудалд оролцох шаардлагагүй. Харин олон нийтийн хяналтад байдаг, төсвийг, иргэдийн татварын мөнгийг захиран зарцуулдаг хүмүүс, тэр дундаа улстөрчдийн хувьд арай өөр. Ингэж өөр түвшинд авч үзэх зохицуулалтууд хуульд бий юү?
-Хуулийн үйлчлэх хүрээг ингэж ялгаж, зааглаагүй. Зарим улсад энэ асуудлыг шийдэхийн тулд гүтгэлэг, доромжлолтой холбоотой асуудлаар гомдол гаргах эрхгүй этгээдийн жагсаалт гэж гаргадаг. Тухайлбал, Британид хатан хаан, язгууртнуудыг олон нийтийн өмч хөрөнгийг ашиглаж, захиран зарцуулдаг гэдэг утгаар нь үүнд хамааруулдаг. Манайд Эрүүгийн хуулийн худал мэдээлэл тараах гэмт хэрэгт хамаарахгүй этгээд гэсэн тайлбар оруулна гэж Б.Энхбаяр гишүүн бичсэн байсан. Өөрөөр хэлбэл, төрийн албан тушаалтан, улстөрчид гомдох эрхгүй, асуудалд холбогдонгуут хувь хүний байр сууринаас хандахгүй гэсэн үг.
-Хүний хувийн, нууц мэдээллүүдийг ч илчилдэг “Panama papers”-ын баримтууд нэлээд алдартай. Манайд тиймэрхүү баримтуудыг гаргаж ирвэл хүний эмзэг мэдээлэлд халдсан хэрэгтэн болох уу?
-“Panama papers”-ын баримтууд нь ихэнх тохиолдолд хувийн, төрийн нууц материал байдаг. Хувь хүн гэдэг талаас нь харвал хүний хувийн мэдээлэл хамгаалах эрхийг зөрчсөн, буруу үйлдэл. Гэхдээ түүнийг гаргаж ирсэн сэтгүүлчдийг хэн ч буруутгадаггүй. Яагаад гэвэл өндөр албан тушаалтнууд асуудалд хувь хүний үүднээс хандах эрхгүй. Ёс зүйн хувьд ч тэр. Тухайлбал, шүгэл үлээгчийн үйл ажиллагаа нь нууцын хууль тогтоомжтой холбогддог. Өөрөөр хэлбэл, болохгүй байгаа зүйлийг ил байлгадаггүй, нууцад оруулдаг. Үүнийг нь ил болгосон шүгэл үлээгчийн үйл ажиллагааг нууцын хууль тогтоомж зөрчсөн гэж буруутгахгүй, хариуцлагаас чөлөөлнө гэсэн олон улсын зохицуулалт бий. Үүнтэй адил сэтгүүлч нийтийн ашиг сонирхлын төлөө авлига, ашиг сонирхлын зөрчлийг илчилж, зогсооход хувь нэмрээ оруулсан бол хариуцлага хүлээхгүй. УИХ-аас баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр гэж бий. Уг хөтөлбөрт эрэн сурвалжлах чиглэлээр ажиллаж буй сэтгүүлч, эх сурвалжийг хамгаална гэдэг заалт байгаа. Тэгэхээр дээр дурдсан шиг тохиолдол манайд гарвал сэтгүүлчийг буруутгахгүй гэсэн үг. Манай улсын хууль тогтоомжоор ийм боломж бий. Гэхдээ гол асуудал нь, үүнийг боломжтой болгох хэмжээний мэргэжлийн баг шаардлагатай. Хараат бус шүүх, мөрдөн байцаах, прокурорын байгууллага ажиллах ёстой. Яагаад гэвэл том асуудлын цаана хүчтэй улстөрч байна. Магадгүй холбогдох хуулийг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлж баталсан байгаа шүү дээ.
МӨРДӨГЧ, ПРОКУРОРУУД ШҮҮМЖЛЭЛ, ДОРОМЖЛОЛЫГ ЯЛГАЖ ЧАДДАГ БОЛСОН УУ
-Олон нийтийн анхаарлыг сүүлийн үед нэлээд татаж байгаа зүйл бол Эрүүгийн хуульд доромжлох заалт оруулах тухай асуудал. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох нь буруу. Гэхдээ үүнд хүлээлгэх хариуцлага нь заавал Эрүүгийн хуульд байх ёсгүй. 2002 оны Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд доромжлох, гүтгэх заалт байсныг 2015 онд шинэчлэн найруулахдаа хүчингүй болгосон. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2010, 2015, 2020 онд манай улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцээд, зөвлөмж өгсөн байдаг. 2015 оны зөвлөмжид доромжлох, гүтгэх асуудлыг эрүүгийн хэрэгт тооцохгүй, иргэний хуулиараа шийд гэж тусгасан. Манайх ч үүнийг хүлээн авч, доромжлох, гүтгэх заалтыг Эрүүгийн хуулиас хассан. Гэтэл буцаагаад оруулах нь Хүний эрхийн зөвлөлийн зөвлөмжийг зөрчинө гэсэн үг. Мөн “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн заалт уг хуульд бий. Энэ нь нэг ойлголтыг олон янзаар тайлбарлаж хэрэглэхгүй гэсэн утгатай. Гэтэл доромжлох гэдгийг хүн бүр өөрөөр тайлбарлаж болно. Яагаад гэвэл нэр төр, алдар хүнд гэдэг чинь хүн бүрт өөр. Дээд шүүхийн тайлбараар бол өөртөө болон бусдаас өгсөн үнэлэмжийг нэр төр, алдар хүнд гэж байгаа. Тиймээс миний нэр төр, алдар хүндийг би өөрөө нотлох нь зөв. Гэтэл Эрүүгийн хуулиар бол нотлох үүргийг мөрдөгч хүлээдэг. Хөндлөнгийн этгээд тухайн хүний нэр төр, алдар хүндийг тогтоох хэцүү шүү дээ. Харин Иргэний хуулийн онцлог нь нэхэмжлэгч, хариуцагч хоёр өөрсдөө асуудлаа нотлох үүрэгтэй. Нэг талд нь би таныг доромжлоогүй гэдгээ нотолно. Нөгөө талд нь та доромжлуулсан гэдгээ нотолно. Хоёр тал тэгш оролцогч. Эрүүгийн шүүхэд болохоор гомдол гаргасан этгээд давуу байдалтай. Тэгэхээр ийм харьцангуй, тодорхойгүй ойлголтыг эрүүгийн хэрэгт тооцох нь буруу гэсэн олон улсын байгууллагын зөвлөмж байна. Түүнчлэн манай Иргэний хуулийн 21, 511 дүгээр зүйлээр ийм асуудлыг шийдүүлэх боломжтой. Гэтэл Иргэний хуульд байгаа зохицуулалтыг Эрүүгийн хуульд оруулснаар хүмүүс доромжлох гэмт хэрэгт буруутгагдах вий гэж айж эхэлнэ. Энэ нь зөв дуу хоолой, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хумих сөрөг үр дагавартай.
-Х.Нямбаатар сайд сэтгүүлч, комедианууд үүнд хамаарахгүй гэж хэлсэн. Ингэж тусгайлан зааж болох уу?
-Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд бол тэгж нарийн заагаагүй. “Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө гутаан доромжилбол хариуцлага хүлээлгэнэ” гэж байгаа. Тэгэхээр сайдын тайлбар үндэслэлгүй гэсэн үг. Эерэг талаас нь ойлгох гэж хичээвэл шүүмжлэл, доромжлол хоёр өөр гэсэн утгаар тайлбарласан байж магадгүй. Гэхдээ түрүүний хэлснээр нэр төр, алдар хүнд гэдэг нь хүн бүрт өөр. Үүнийг шалгах хүн буюу мөрдөгч шүүмжлэл үү, доромжлол уу гэдгийг ялгахад төвөгтэй. Шалгаад, та шүүмж хэлсэн байна, доромжлол биш гэж шийдэж болно л доо. Гэхдээ тийм шийдвэр гаргах хүртэлх үйл явц нь хүнийг хангалттай зовооно. Цагдаад дуудагдах нь ямар олигтой байх вэ.
-Гүтгэх, доромжлох заалтаар хариуцлага хүлээлгэсэн тохиолдол хэр олон байдаг вэ?
-Өмнөх статистикийг харахад жилд 3-5 хүнийг энэ зүйл заалтаар шалгасан байдаг юм билээ. Үүнээс 50 гаруй хувийг нь хэрэгсэхгүй болгосон. Ихэнх нь хэрэг биш байхад хэрэг мэтээр шалгасан гэсэн үг. Энэ төрлийн хэргийг шийдсэн практикаасхарахад, манай мөрдөгч, прокурорууд шүүмжлэл, доромжлолыг хангалттай ялгаж байгаагүй. Өөрөөр хэлбэл, анхнаасаа хэрэг биш гээд хаах ёстой атал олон шат дамжлагаар явуулж, шүүхээр шийдүүлсэн. Тэд одоо бэлэн үү, шүүмжлэл, доромжлолыг ялгаж чаддаг болсон уу гэдэгт харин Хууль зүй, дотоод хэргийн сайд хариулт өгөх нь зөв байх.
-“Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас саяхан танилцуулсан хэвлэлийн эрх чөлөөний индексээр манай улс өмнөх оныхоос 22 байраар ухарч, 90-д жагссан. Үүнд юу нөлөөлөв?
-“Хил хязгааргүй сурвалжлагчид” хэвлэлийн эрх чөлөөний индекс тооцох аргачлалаа өөрчлөөд, улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нөхцөл байдал, эрх зүйн зохицуулалт, сэтгүүлчийн аюулгүй байдал гэсэн таван зүйлээр дүгнэдэг болсон. Манайхан индексийн байрыг нь анхаараад байдаг. Таван байр урагшиллаа, эсвэл хойшиллоо гээд. Гэтэл онооны чанар бас чухал. Ерөнхийдөө манай улс байр урагшлаад, хойшлоод яваад буй ч “Хэвлэлийн эрх чөлөө мэдэгдэхүйц асуудалтай” гэдэг ангиллаас гарахгүй л байгаа юм. Уг нь “Асуудалгүй” гэдэг ангилал руу орох ёстой. Харамсалтай нь, жилийн дотор 22 байраар ухрах нь маш муу үзүүлэлт. Үүний цаана олон шалтгаан бий. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид улс төрөөс хамааралтай гэсэн дүр зураг холбогдох судалгааны үр дүнгээс харагдсан байна. Хэвлэлийн эрх чөлөө олон бүрэлдэхүүн хэсэгтэй. Тухайлбал, Харилцаа холбооны зохицуулах хороо хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой чухал шийдвэрүүд гаргадаг. Гэтэл энэ хорооны гишүүдийг Ерөнхий сайд томилж байна. Гишүүд нь зургаан жил ажиллах ёстой ч ийм хугацаагаар ажилладаг хүн нэг ч байхгүй. МҮОНРТ бас хэвлэлийн эрх чөлөөний үндсэн хэсэг. Гэтэл Үндэсний зөвлөлийн гишүүд, ерөнхий захирлын томилгоо нь улс төрөөс хамааралтай. Бас УИХ-ын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журмыг саяхан шинээр батлахдаа ямар сэтгүүлч Төрийн ордонд орж ажиллахыг редакц нь бус, УИХ-ын Тамгын газар шийддэг байхаар зохицуулчихлаа. Өмнө нь редакц нь хүнээ сонгоод, ажиллуулдаг байсан. Харин одоо УИХ-ын Тамгын газраас сэтгүүлчдэд 3-5 жил ажилласан, мэргэшсэн байх гэсэн шаардлага тавьдаг боллоо. Мөн цар тахлын хөл хорионы үеэр хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад QR кодыг хязгаартайгаар олгосон. Ингэж тоо заана гэдэг нь сэтгүүлчид, сэтгүүл зүйн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгосонтой адил гэж НҮБ-аас тайлбарласан байна. Сэтгүүлчийн аюулгүй байдлын тухайд Эрүүгийн хуулийн 14.2, 14.3-т хэвлэн нийтлэх үйл ажиллагаанд саад учруулбал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Манайд сэтгүүлчийн аюулгүй байдалтай холбоотой олон кэйс бүртгэгддэг ч 2017 оноос хойш Эрүүгийн хуулийн дээрх хоёр заалтаар зөвхөн нэг л хэрэг шийдсэн байна. Тэгэхээр энэ хоёр заалтыг мөрдөгч прокурор, шүүх хэрэглэж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй.
Эрх зүйн зохицуулалт дээр ганц л гол зүйл бий. Тэр нь хэвлэлийн эрх чөлөөг зөвхөн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар ойлгож, тайлбарлах явдал. Мөн Эрүүгийн хуульд худал мэдээлэл тараах гэмт хэргийг оруулсан нь эрх зүйн зохицуулалт хангалтгүйг илэрхийлнэ. Жишээ нь, мэргэжлийн алдаа гаргасан сэтгүүлч Эрүүгийн хуулиар шийтгүүлэх эрсдэлтэй. Мөн сэтгүүлч нууц эх сурвалжаа хамгаалах зохицуулалт байхгүй. Зөвхөн Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд ийм заалт бий. Тэгэхээр энэ нь МҮОНРТ-ийн сэтгүүлчид хамаатай, бусдад нь хамаагүй болчихож байгаа юм. Сэтгүүлч нууц эх сурвалжаа хамгаалахыг Эрүүгийн, Иргэний хуулиар баталгаажуулах ёстой. Бас Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд оруулах шаардлагатай. Ийм зохицуулалт бий болгохгүй бол манайх “Хэвлэлийн эрх чөлөө мэдэгдэхүйц асуудалтай” гэдэг үнэлгээнээс ахихгүй. Мөн 1998 онд баталсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай. Ер нь хэвлэлийн эрх чөлөө зөвхөн сэтгүүлчийн үйл ажиллагааны хүрээгээр хязгаарлагдах ёсгүй. Цаана нь мэдээлэл авах хүмүүсийн эрхийн асуудал бий. Иймд илүү өргөн хүрээгээр харж, хуулиа сайжруулах шаардлагатай. Хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох чиглэлийг УИХ-аас баталсан. Үүнд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль орсон байна лээ. Гэхдээ 2016 оноос хойш баталсан хуулиуд Хууль тогтоомжийн тухай хуульдаа нийцээгүй, чанаргүй болсон. Цэцэд ирүүлсэн гомдлуудыг харвал, 10 хуулийн найм нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарах жишээтэй. Энэ нь хууль тогтоомжийн төсөл боловсруулах, батлах ур чадвар хангалтгүй байгаатай шууд холбоотой. Тэгэхээр гоё нэртэй хуулиудаас айж эхэлж байна л даа. Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн тухай хуулийн төсөл боловсруулна гээд жагсаалтад орчихсон байгаа. Мөн Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл бий. Эдгээр нь үнэхээр хэрэгтэй боловч хуулийг яаж чанаргүй баталдаг билээ гээд бодохоор яалт ч үгүй төсөлд нь хяналт тавих ёстой болно. Доромжлох заалтыг ч “Сэтгүүлч, комедиануудад хамааралгүй” гэж гоёор тайлбарлаад баталчихвал хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтийг хойш татна. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл болохгүй гэсэн зөвлөмж өгчихсөн атал болгоно гээд л дайраад байна шүү дээ.
-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэр сайн боловсруулсан гэж та дүгнэх вэ?
-Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй гэж заасан. Уг эрхийг орчин үеийн мэдээллийн орон зайд баталгаажуулах арга зам нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль. Энэ бол хүний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цуглуулдаг, боловсруулдаг, ашигладаг байдлыг зогсоох, тодорхой дүрэмтэй болгоход чиглэсэн, сайн хууль. Ямар ч байсан хувь хүний мэдээллийг хуулиар хамгаалж эхэлсэн. Гэхдээ хууль дангаараа таныг хамгаалахгүй. Хуулийн дагуу эрхээ эдэлдэг, мэдээллээ замбараагүй бусдад өгөхгүй байхад суралцах ёстой. Мэдээж цаашид сайжруулах, олон улсын жишигт нийцүүлэх зохицуулалтууд байна. Тухайлбал, 12 дугаар зүйл. Мөн хүний биометрик мэдээллийг хөдөлмөрийн харилцаанд цуглуулахыг зөвшөөрсөн асуудал бий. Эдгээрийг цаашид сайжруулах боломжтой гэж харж байгаа.