Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард 14.4 хувьтай байсныг Үндэсний статистикийн хорооноос баасан гарагт мэдээлэв. Энэ нь өмнөх сарынхаасаа өөрчлөгдөөгүй, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.8 нэгж хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны дөрөвдүгээр сард долоо, дараа жилийнх нь тухайн үед 4.7, 2021 онд 5.6 хувьтай байсан бол өдгөө ийн өсөөд байна.
Үүнээс гадна манай улсын төлбөрийн тэнцэл өнгөрсөн гуравдугаар сард 382.2 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 972.4 сая “ногоон”-ы алдагдалтай байж өмнөх жилийн мөн үеийнхээс 648.7 (гурав дахин) саяар өссөн гэнэ. Барааны худалдааны алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 483.8, анхдагч орлогынх 169.9 сая ам.доллароор нэмэгдсэн нь үүнд голлон нөлөөлжээ.
Б.Сонор