“Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийг хувьчлах тогтоолыг хэд хэдэн удаа гаргасныг интернэтээс хайгаад олж болно. Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолд “Монголын хөрөнгийн бирж”-ийг хувьчлахаар тусгасан. Мөн Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолд хөрөнгийн биржийг хувьчлахаар тусгажээ. Үүнийг үндэслэн Засгийн газар ч хөрөнгийн биржийг хувьчлах шийдвэр гаргаж байсан удаатай. Гэвч өдгөө “Монголын хөрөнгийн бирж” компанийн хувьцааг Сангийн яам 100 хувь эзэмшиж буй. Өөрөөр хэлбэл, төрийн мэдэлд бүрэн багтаж, үйл ажиллагаа явуулсаар буй аж ахуйн нэгж гэж ойлгож болно.
Засгийн газар өнгөрсөн сард 2022 оны улсын төсвийн тухай хуульд тодотгол хийх төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулсан. Үүнтэй уялдуулан төрийн өмчит аж ахуйн нэгжийг бүхэлд нь болон хэсэгчлэн хөрөнгийн зах зээлээр дамжуулан хувьчлах жагсаалт батлуулав. Уг жагсаалтын нэгдүгээрт мөнөөх “Монголын хөрөнгийн бирж” компанийн хувьцааны 34 хувийг олон нийтэд арилжина гэсэн өгүүлбэр “цохиж явна”. Хөрөнгийн биржийг хувьчлах төр, засгийн шийдвэр дахиад гарчээ. Гэвч шийдвэрээ хэрэгжүүлдэг болов уу. Эсвэл өмнөх жишгээрээ үл тоомсорлох юм болов уу.
Дэлхийд алдартай томоохон хөрөнгийн биржүүд олон нийтийн компани байдаг. Тухайн улсын төр, засаг хөрөнгийн биржийнхээ хувьцааг эзэмшээд байдаггүй. Харин зөвхөн манай улсын хөрөнгийн биржийн өмчлөлийн хэлбэр нь төрийнх. Тиймээс санхүүгийн зах зээлийн шинжээчид хөрөнгийн биржийг хувьчилж, хувийн хэвшилд шилжүүлэх хэрэгтэй гэж шүүмжилдэг юм. Хувьцааг нь хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудад эзэмшүүлэх шаардлагатай гэж ярьдаг. Олон улсын жишигт хөрөнгийн бирж нь хувьцаа гаргаж, түүнийг нь олон нийт, гишүүн үнэт цаасны компани, хөрөнгө оруулалтын сан, санхүүгийн байгууллагууд нь эзэмшдэг зүй тогтол бий. Засгийн газар энэ цаг үед хөрөнгийн биржийн хувьцааг арилжихаас татгалзвал сайныг үзэхгүй. Орчин цагийн залуус хөрөнгийн биржийг хөгжүүлэхийг хүсэж буй. Тиймээс Засгийн газар төр бүхний эзэн байх ёстой гэсэн уламжлалт сэтгэлгээгээр хандвал хөрөнгө оруулагчдын дунд нэр хүнд нь унана. Нийгмийн уур амьсгалыг Засгийн газар мэдэрч буй гэж найдаж байна.
Тогтоол гаргасан ч “Монголын хөрөнгийн бирж”-ийг яагаад хувьчилдаггүй байсан юм бэ гэсэн асуулт эрхгүй гарна. Энэ нь хөрөнгийн биржийн байрлаж буй барилгатай холбоотой. Социализмын үед Б.Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн кинотеатр үйл ажиллагаа явуулж байсан барилгад хөрөнгийн бирж байрладаг. Сүхбаатарын талбайн баруун урд талд байрладаг уг барилга үнэ цэнтэй байрлалтай. Тиймээс газар нь олон хүний шуналыг хөдөлгөдөг юм. Төрийн ордны зүүн талд байрлах, хуучнаар “Улаанбаатар хэвлэх үйлдвэр”-ийн газар дуудлага худалдаагаар 24 тэрбум төгрөгийн үнэд хүрсэн. Үүнтэй харьцуулан хөрөнгийн биржийн газрыг олон тэрбум төгрөгийн үнэд хүрнэ гэж төсөөлдөг.
“Хэрэв хөрөнгийн биржийг хувьчилчихвал байшинг нь нураагаад газар дээр нь өндөр барилга барина. Хөрөнгийн биржийг хөгжүүлэх зорилготой биш, газарт нь шунасан хүмүүс худалдаж авах гэж улайрна” хэмээн болгоомжилдог улстөрч цөөнгүй бий. Уг нь хөрөнгийн биржийг олон нийтийн компани болгон, засаглалыг нь сайжруулбал илүү хурдтай хөгжих юм. Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа сайн байвал хөрөнгийн зах зээлийн хөгжилд ч тустай. Уг зах зээлийн хөгжлийн түвшин дээшилбэл эдийн засгийн өсөлт бий болгоно. Ийнхүү гинжин хэлхээгээр сайн нөлөө үзүүлдэг. Гэтэл манай зарим улстөрч байшин ярьсаар байгаад хөрөнгийн биржийг хувьчлах, хувьцааг нь арилжиж олон нийтийн компани болгох төлөвлөгөөг гацааж дөнгөдөг. Энэ удаад ч “байшин ярих” улстөрч тодорч таарах болов уу. Хуучин кинотеатрын барилгын тухай яриа газар авбал хөрөнгийн биржийн хувьцааг арилжиж, олон нийтийн компани болгох ажил дахиад л гацна.
Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд төдийгүй гүйцэтгэх захирал нь ч хувьцааг нь олон нийтэд худалдаж, биржийн үйл ажиллагааг сайжруулахгүй бол төр, засаг хөгжилд нь саад болж буйг ил тод хэлдэг. Тэд “Монголын хөрөнгийн бирж”-ийн хувьцааг олон нийтэд арилжих төлөвлөгөөг “байшин ярьдаг” улстөрчид гацаах магадлалтай. Тиймээс байшинг нь төрийн мэдэлд үлдээж, урт хугацаанд түрээслэх гэрээ байгуулаад, биржийн хувьцааг олон нийтэд арилжих санаачилга гаргана” гэж төлөвлөжээ. Тэгэхээр хөрөнгийн биржийн хувьцааг олон нийтэд арилжих төлөвлөгөөг кинотеатрын зориулалтаар барьсан барилгаас холдуулах нь. Энэ нь ч зөв биз. “Байшин ярьдаг” хүмүүс хөрөнгийн зах зээлийн хөгжилд санаа зовох биш, хэн нэгэн ашигтай байрлалтай газарт эзэн суучих вий л гэж “болгоомжилдог”.
Монголын хөрөнгийн биржийн хувьцааг арилжихдаа өөр нэгэн зүйлийг ихээхэн анхаарах учиртайг мэргэжилтнүүд сануулж буй. Энэ нь “Монголын үнэ цаасны клирингийн төв” компанийг хөрөнгийн биржтэй нэгтгэх, эсвэл охин компани хэлбэрээр ажиллуулах явдал. Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн дээрх хоёр компанийг нэгтгэвэл арилжааны шимтгэл буурах боломжтой гэнэ. Монголын хөрөнгийн зах зээл дэх үнэт цаасны арилжааны шимтгэл бусдынхтай харьцуулбал өндөрт тооцогддог юм. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалтын хөлс авах нь зохимжгүй гэж хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд үздэг. Дээрх хороо өнгөрсөн онд Монголын хөрөнгийн биржээс гэхэд 68.8 сая төгрөгийн зохицуулалтын хөлс авчээ. Тиймээс хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд зохицуулалтын хөлс төлөхийг болиулах хэрэгтэй гэсэн санал байнга гаргадаг. Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай клирингийн төвийг биржтэй нэгтгэх болон зохицуулалтын хөлс авахыг болиулах саналаа Засгийн газарт хүргүүлсэн гэнэ. Тэрбээр “Хөрөнгийн биржийн хувьцааг арилжих шийдвэр албажингуут бид ажилдаа орно. Монголын хөрөнгийн биржийн бизнесийн загварыг гаргана. Мөн хоёр төрлийн аудит хийлгэнэ. Үүний дараа хувьцаагаа олон нийтэд арилжихад бэлэн болно. Өнөөгийн төсөөллөөр нэг жилд багтаж хөрөнгийн биржийн IPO-г хийчих боломжтой” гэж ярилаа. Хөрөнгийн биржийн IPO-г байшин ярьж бүү гацаагаасай билээ.