Казахстан улсын Нур-Султан хотод өнгөрсөн сарын 25-29-нд туухай өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад оролцсон манай тамирчдаас Монголын гийрийн холбооны гүйцэтгэх захирал С.Туяацэцэг 57 кг-ын жинд хоёр төрөлд дээд амжилт тогтоож, хошой алтан медаль хүртсэн юм. Тэрбээр Монголд 2017 онд болсон Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, дараа жил нь Баянгол дүүргийн тэмцээнд аваргаар шалгарч байв. Тэгвэл Буриадын Улаан-Үдэд 2019 онд болсон олон улсын тэмцээнээс хошой хүрэл, нэг алтан медальтай ирсэн юм. Түүнийг “Таван цагариг”-ийн зочноор урилаа.
-Казахстаны Нур-Султанд болсон Азийн аваргаас аваргын цом, хошой алтан медальтай ирсэн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. 2022 он танд аз, амжилт далласан өөдрөг жил байлаа.
-Баярлалаа. Миний хувьд хилийн дээс алхаж оролцсон хоёр дахь том тэмцээн байлаа. Би гоо сайханч мэргэжилтэй. Таван жилийн өмнө гийрээр хичээллэж, 50 насандаа тамирчны замналаа эхлүүлсэн. Надад ажил, мэргэжил, хамт олон гээд бүхнээ орхиод шийдвэр гаргах эхэндээ амар санагдаагүй. Амжилт гаргахын тулд ээж, эзэгтэй байх, зээ нараа харж хандах эмээгийн үүргийг хойш тавьж спортод хөл тавьсан. Бэлтгэл хийхэд гарын арьс зулгарч, эвэршдэг ч зорилгоо бодоод зааланд өдөр бүр ирдэг байлаа. Тэгж хичээснийхээ хүчинд аваргын цом, хошой алтан медаль гардсан. Иргэн хүнийхээ хувьд эх орон, спортын хөгжлийн төлөө хийсэн зүйл минь энэ байлаа. Би энэ жилийн тэмцээнээ амжилттай эхлүүлсэндээ сэтгэл өндөр байна. Энэтхэг улсад ирэх аравдугаар сард зохион байгуулах ДАШТ-д амжилттай оролцохыг зорьж, Казахстанаас ирээд л маргааш нь бэлтгэлээ хийсэн. Учир нь тэнд өрсөлдөх тамирчид намайг одооноос судалж эхэлнэ. Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхийн тулд бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй.
-50 насанд спортын зарим төрлийн тамирчид зодог тайлдаг. Туухайгаар тууштай хичээллэж, амжилт гаргахад ханийн тань нөлөө их байсан биз?
-Тийм ээ, намайг хичээллэхээс өмнө хүү минь аавтайгаа туухай өргөдөг байв. Нөхрийг минь Г.Үүрцолмон гэдэг. Самбо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч. Миний туухайгаар хичээллэсэн түүх хөгжилтэй. Монголчуудын дунд хүнд зүйл өргөхөөр нуруу, бөөр өвдөж, биеийн өсөлт зогсдог гэсэн буруу ойлголт бий. Би ч гэсэн хичээллэхээсээ өмнө ийм бодолтой явсан. Тиймээс өөрөө туухай өргөж үзээд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлбөл хүүгээ хичээллүүлэхгүй гэсэн бодолтой байлаа. Хичээллээд эхэлтэл нуруу, бөөр өвддөг байсан минь эрүүл болж, үр дүн нь мэдрэгдсэн. Буриадын Улаан-Үдэд болсон туухай өргөлтийн олон улсын тэмцээнд нөхөртэйгөө хамт очиж үзсэн юм. Тэнд найман настай жаалаас 80 настай буурал тэмцээнд оролцохыг хараад сэтгэл их хөдөлсөн. Надад тэр үед “Манай залуус чөлөөт цагаа баар, караокед өнгөрүүлж байхад хойд хөршийхөн спортоор хичээллээд амжилт гаргаж байна шүү дээ” гэх бодол төрсөн. Энгийн үед анзаарагдахааргүй хижээл насны өвгөчүүд тэмцээний талбарт туухай өргөж зогсох нь залуусаас дутахгүй эрч хүчтэй санагдаж билээ. Миний хажууд тэмцээн үзэж суусан буриад хүн “Монголчуудынхаа төлөө сэтгэл тань зовниж байгаа бол чи өөрийн биеэр үлгэрлэж харуул. Чамд тэднийг өөрчлөх боломж бий” гэв. Тэндээс ирээд өөртөө зорилго тавьж, эргэж буцахааргүй хичээллэхээр шийдсэн.
-Монголд гийрийн спортыг хань тань анх хөгжүүлсэн. Нөхөр, хүүгээ үүгээр хичээллэдэг байхад та эхэндээ нэг их ойшоодоггүй байсан бололтой.
-Би гоо сайхны салбарт олон жил ажилласан. Ажилдаа анхаарал хандуулаад хичээллэх бодолгүй явсан үе бий. Гоо сайханч байх, тамирчны амьдралаар замнахаас өөр. Өөрөө туухайтай нөхөрлөж, үр дүнг нь мэдэрсэн үеэс туфлиэ тайлж, пүүз өмсдөг болсон. Тэр үед спортын ямар ч төрлөөр хичээллэх нь бие, сэтгэл зүйтэй салшгүй холбоотойг ойлгосон юм. Найз нөхөд, хамт олон минь намайг тамирчин болно гэж огт төсөөлөөгүй. Тууштай хичээллэж амжилт гаргана гэж бүр ч бодоогүй байх. “Парадокс” салоны захирал Н.Сарантуяагийн урам зориг намайг тэмүүлэлтэй болоход багагүй нөлөөлсөн. Түүнд спортод хөл тавьж байгаагаа хэлэхэд “Өөрийгөө зоригтой нээ, шинэ зүйлд сорьж үз. Сонирхож байгаа спортоороо хичээллэ” гэсэн. Найзууд минь одоо миний үнэнч хөгжөөн дэмжигч. Тэмцээнд оролцсон бичлэгүүдийг минь сонирхож үздэг. Намайг дагаад туухайгаар хичээллэсэн хүн олон бий. Манайх хоёр хүүхэдтэй. Охин минь БНСУ-д байхдаа иог сурч, багшаар давхар төгссөн юм. Одоо Монголд иогийн багшаар ажилладаг. Хүргэн, охин хоёр ажлынхаа хажуугаар үүгээр хичээллэдэг. Бид хоёр зээтэй. Бага хүү минь ШУТИС-д сурдаг. Багаасаа туухайтай нөхөрлөж, олон улсын тэмцээнээс медаль хүртэж байв. Цэргийн алба хаахдаа тэмцээнд амжилттай оролцож, спортын мастер цолтой халагдаж ирсэн шүү.
-Та хожуу хичээллэсэн гэхэд богино хугацаанд амжилт гаргасан. Үүнийгээ ч НурСултанд харуулж, олны анхаарлыг татлаа.
-Надтай өрсөлдсөн тамирчид туухайгаар олон жил хичээллэж, туршлага хуримтлуулсан байв. 50 насандаа тэднийг ялж, аварга болсон минь миний нэг давуу тал байлаа. Намайг хоёр төрөлд түрүүлж, дээд амжилт тогтоохыг хараад үзэгчид нь ч их гайхсан. Тэдэнд өмнө нь харагдаагүй шинэ танил аварга болсон нь тун сонин санагдсан байх. Тэнд монголчуудыг амжилт гаргана гэж төсөөлөө ч үгүй биз. Тэмцээний дараа олон хүн надад баяр хүргэж, сэтгэгдлээ хуваалцсан. Залуус нь “Монгол бабушка амжилт гаргалаа. Миний ээжтэй нас чацуу тамирчин байна” гээд бичлэг хийж, зургаа хамт авхуулж байлаа. Миний хувьд бэлтгэлээ хийхдээ бүх зүйлээ тооцоолдог. Өрсөлдөгчдийнхөө биеэ халаахыг хараад хэр бэлтгэл хийсэн, ямар техниктэй, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдсэнийг нь “уншдаг” юм. Гийрийн спортод хэн тэвчээр гаргаж, хөдөлмөрлөсөн нь амжилтад хүрдэг. Би 12 кг-ын туухайг 10 минутад 240 удаа өргөж, аварга болсон. Гийр сэтгэл зүйн спорт. Өрсөлдөгчдөө ялахын тулд тэднээс илүү хөдөлмөрлөх ёстой. Өөрөөс нь илүү байгааг анзаарвал сэтгэл зүйд нь шууд нөлөөлдөг. Тухайлбал, нүүрний хувирал, зүрхний цохилт, амьсгал нь өөрчлөгдөж, биеийнх нь хэм алдагдахаар хийх зүйлээ дутуу гүйцэтгэнэ.
-Тэнд дээд амжилт тогтоож, тивийн аварга болно гэдэгтээ итгэлтэй байв уу?
-Би тив, дэлхийн дээд амжилтыг хэн эвдсэнийг харж, судалсны үндсэн дээр бэлтгэл хийдэг. Өөрийгөө тэнд дээд амжилт эвдсэнээ эхэндээ мэдээгүй. Туухай өргөчихөөд гараад иртэл үзэгчид баяр хүргэхэд түрүүлснээ мэдсэн. Казахстаны эрэгтэйчүүдээс таван төрөлд өрсөлдөж, бүгдэд нь түрүүлсэн Серик хэмээх тамирчныг хараад зорьсон зүйлийнхээ төлөө тууштай зүтгэвэл амжилтаас атгадгийг, мөн хичээвэл хүнд ямар их нөөц, боломж байдгийг ойлгосон. Аварга болсны дараа Казахстан даяар шуугьж, хүмүүс баяр хүргэн, зургаа авхуулаад байхаар сүүлдээ ичсэн шүү.
-Таныг амжилт гаргах бүрт гэрийнхэн тань урам хайрладаг байх.
-Нөхрөөсөө урмын үг ховор сонссон. Спортоор хичээллэж, нэвтрүүлэг хийхэд ч магтахаас илүү хор, шар хөдөлгөсөн үг хэлнэ. Хэрвээ намайг нүүрэнд дээр минь магтсан бол өдий зэрэгт хүрэхгүй л байсан болов уу. Нэг удаа тэмцээнд оролцож байтал гар халтирч туухайгаа алдаад унагачихлаа. Тэр үед туршлагагүйтэж, шохойгоо мартаж очоод хүний шохой түрхсэн юм. Тэгсэн нөхөр “Чи өргөж чадахгүй юм бол болиоч” гэж билээ. Тухайн үед гомдсон ч “Би чамд амжилт гаргахаа заавал харуулна” гээд бодож байв. Надад тэмцээний өмнө зөвлөдөггүй. Харин “Чи оролцоод зорьсондоо хүр” гэдэг. Хань минь бөхийн спортоор олон жил хичээллэсэн. Өрсөлдөгчдөө дэвжээнд ялж, амжилт гаргах хүртэл юу эсийг үзсэн билээ дээ. Тэднээс Оросын бөхтэй барилдахад атгасан гарынхаа сарвуугаар нөхрийн минь ханцуйг тасдаж үлдсэн дурсамж байдаг. Буриадын Улаан-Үдэд очихдаа туухай өргөж үзээд оросуудын хүч, бяртай байдгийн нууцыг хожим мэдсэн юм. Түүнээс хойш шавь нараа бэлтгэл хийлгэхдээ туухай өргүүлдэг болсноор амжилт гаргаж эхэлсэн. Тамирчин хүн удам, авьяастай байсан ч шинжлэх ухааны үндэслэлтэй нэмэлт дасгалуудыг хийхгүй бол ур чадвараа ахиулж чадахгүй. Би спортоор хичээллэсэн цагаасаа нөхрийнхөө ажлын амаргүйг ойлгох болсон доо.
-Гарынхаа алганы арьсыг эвэрштэл бэлтгэл хийх хэцүү санагдаж, больё гээд буцсан удаа танд олон байсан уу?
-Халширмаар зүйл гардаг ч хэцүү гэж шантраагүй. Учир нь энэ бүхэн амьдралын минь гол зорилго болсон байлаа. Би “Салаа замын уулзвар” нэртэй нэвтрүүлэг З.Ойдов гуай, Ч.Цэвээнпүрэв нарын амьдрал, спортын замналаар хийсэн юм. Хүнд тэмүүлэл байвал амжилтад хүрдэг, хичээвэл боломжгүй зүйл байдаггүй. Тэдний алдаа оноо, саад бэрхшээлтэй хэрхэн тулгарч, даван туулснаар амжилтад хүрснийг нэвтрүүлгээрээ харуулахыг зорьсон. Нэвтрүүлэгтээ оруулахын тулд таван жил судалж байж тэднийг сонгосон. Олны төлөө зүтгэхээр бол бие, сэтгэл, зорилго, хүсэл мөрөөдөлтэй нь хамт байж урагшлах ёстой. Тамирчны карьер нь өндөрлөсөн ч хэрхэн цааш амьдарч, зөв хүн болохыг харуулах гэж хичээсэн. Энэ нэвтрүүлэг зөвхөн тамирчдад бус, хүн бүхэнд хамаатай. Тиймээс дараагийн нэвтрүүлгээ үзэгчдэд хүргэхээр зэхэж байгаа. З.Ойдов гуай маш их бодож, бясалгадаг. Амжилт гаргахдаа бусдын адил саад бартаатай олон зам туулсан. Түүнийг амжилтад хөтөлсөн гол зүйл нь ахмадуудын зөвлөгөөг сонсож, тэднээс уйгагүй суралцсан хичээл, зүтгэл нь байсан.
-Тамирчин хүний амьдрал энгийн гэр бүлээс олон зүйлээр ялгардаг. Та спортын орчинтой ойр. Тиймээс өрсөлдөөний талбарт унаж босох, уруудаж урагшлахыг хэдийн мэдэрдэг болчихсон байх.
-Ханийнхаа тамирчнаас дасгалжуулагч болтол нь унаж босох, амжилт гаргах бүрт нь хамт байж урагшиллаа. Ид барилддаг үед нь сайн тамирчин байх ар талын үүргийг биелүүлж ирсэн. Нөхөр тэр үед бэлтгэл, амжилтдаа анхаарал хандуулдаг байсан бол одоо дасгалжуулагч болоод шавь нарынхаа төлөө өөрийгөө зориулж байна. Тиймээс ажлыг нь тайван хийх нөхцөл, бололцоогоор хангахын тулд би ч гэсэн өөрийн чадах зүйлээр дэмжиж, тусалж байгаа. Спортоор хичээллээд завгүй гүйдэг ч ээж, эзэгтэйн үүргийг одоо ч гүйцэтгэсээр л явна.
-Хүмүүс Уoutube-ээс таны гийрийн хичээлийг сонирхож үздэг юм билээ.
-Эрүүл амьдарна гэдэг том боломж юм. Тэр боломжоо өвчин, өөр зүйлд алдахгүй байх хэрэгтэй. Би “Гийрийн хичээл-5”-аа Уoutube дээр тавьсан. Надад нуруу, бөөр нь өвддөг, давсаг сойлгосон, шээс задгайрсан өвчтэй эмэгтэйчүүд их ханддаг. Тэднийг туухайгаар хичээллүүлэхэд өөрт тулгарсан олон таагүй асуудлаасаа салсан. Тэд богино хугацаанд бие, сэтгэл зүйд нь ямар үр дүнтэй өөрчлөлт гарсныг өгүүлсэн нь тус хичээлд орсон. Монгол эмэгтэйчүүд дайчин, сэтгэлийн хаттай, хатуужил тэсвэртэй. Хүн тэвчээрийг юм болгонд гаргадаггүй. Харин эрүүл мэндийнхээ төлөө бол зорьж ирээд бодож байснаасаа ч илүү тэвчээр гаргадаг. Миний хувьд хүн бүрийг судлаач байгаасай гэж хүсдэг. Тиймээс хамт хичээллэдэг бүсгүйчүүддээ гоо сайханч, сэтгэлзүйч, зөвлөгч, багш дасгалжуулагч нь болдог юм. Хүнд урам, сэтгэлийн дэм өгөх сайхан. Нэгийг нь урмаар, нөгөөг нь хор, шарыг нь малтаж урагшлуулах жишээтэй. Миний шарыг хөдөлгөвөл төлөвлөснөөсөө ч илүүг амжуулах гэж хичээдэг зантай.
-Ойрд хэнээс урмын сайхан үг сонсов?
-Намайг Казахстанаас аваргын цом, хошой алтан медальтай ирэхэд нөхөр “Хайртай шүү” гэж ганц үг л хэлсэн. Ханийн минь энэ үг миний олон жил хөдөлмөрлөсөн хичээл зүтгэл, зорилго тэмүүллийг минь дэмжиж үнэлсэн, бас амжилтаар минь бахархсан хамгийн сайхан урам байлаа. Би хойд хөршид болсон олон улсын тэмцээнд оролцохдоо шагналын салхиа хүрэл медалиар хагалж байснаа их бэлгэшээдэг юм.
-Азийн аваргаас медаль гардсан тамирчид ханийн тань шавь уу?
-Тийм ээ. Нөхөр гийрийн спортод амжилт гаргасан олон шавьтай. Азийн АШТ-д Монголын тамирчдаас шагналын салхийг Г.Цолмонхүү хагалж, алтан медаль хүртсэн. Тэмцээнд хамт оролцож, амжилт гаргасан залуустаа баярлалаа гэж хэлье. ОХУ-ын Москвагаас Казахстаныг зорин, эх орноо төлөөлж оролцсон Э.Буджав хошой мөнгөн медаль гардлаа. Тамирчин хүнийг амжилт гаргахад гэр бүл, ойр дотнынх нь хүмүүсийн дэм чухал байдаг. Түүнийг бүх талаар нь дэмжиж, тэмцээнд оролцуулсан ээж З.Чанцалаар нь маш их бахархсан. Хүн эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй бол өөрийнхөө юу чаддагаа түүгээр харуулах хэрэгтэй. Тэмцээнд оролцсон манай залуус арми, зэвсэгт хүчний байгууллагад харьяалагддаг. Тэд медаль хүртсэний дараа ЗХЖШ-ын Биеийн тамир, спортын тасгийн дарга, Гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэд илтгэж, хамт олонтойгоо амжилтынхаа баярыг хуваалцсан юм. Д.Цог-Эрдэнэ хурандаа надад “Маргааш оролцох тэмцээнд тань амжилт хүсье. Тамирчдынхаа тэмцээний төгсгөлийг сайхан өндөрлүүлээрэй” гэхэд нь би ч бас тэдэн шиг “Мэдлээ, гүйцэтгэе” гээд ёсолсон. Армийн даргаас ийм тушаал авсан хүн амжилт гаргахыг л зорино шүү дээ. Амласандаа ч хүрч аварга боллоо. Түүний арми, хүчний байгууллагад гийрийн спортыг хөгжүүлж байгаа хичээл зүтгэлээр бахархдаг юм. 2022 он надад урам зориг хайрлалаа. Тивийн тэмцээнд амжилт гаргаж, дэлхийд аваргад өрсөлдөх эрх ч өвөртөллөө. Аваргын цом гардаж зогсоход олон тэмцээнд амжилт гаргах үүрэг, хариуцлага дагаад ирэх шиг санагдсан. Хүн бүхэн тэмүүлж чадвал зорьсондоо хүрдэг. Тууштай байдал амжилтад нөлөөлдгийг залууст өөрөөрөө үлгэрлэж харуулсан гэж бодож байна.