Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, 42 асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ. Үүгээр Монголын анхны хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн танилцуулгыг бүртгэснийг онцлов. Тус хороо сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд анхаарч, төр, хувийн хэвшил, зах зээлд оролцогч байгууллагуудтай хамтран ажилласан. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд түүхэн дээд хэмжээндээ хүрчээ. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг санхүүгийн хэрэгслийг зах зээлд гарган, хөрөнгө төвлөрүүлэх, иргэд ч ийм бүтээгдэхүүн худалдан авах сонирхолтой болсон байна. Тиймээс хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн танилцуулгыг бүртгэсэн аж. Нэгж эрхийг худалдан, худалдан авахыг хөрөнгө оруулалтын менежментийн компани нь онлайн арилжааны системээрээ дамжуулж гүйцэтгэх юм. Мөн ийм төрлийн сангуудын онцлог нь эрэлтийн хэмжээгээр эрх нэмж гаргах, эсвэл эргүүлэн худалдан авах үүрэг хүлээдэг юм байна. Ташрамд дурдахад, Санхүүгийн зохицуулах хороо нь өнгөрсөн сард Монголын хамгийн анхны хамтын нээлттэй сангуудыг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэсэн.