“Эрдэнэс Монгол” ХХК-ийн зохион байгуулалтын бүтцийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шинэчлэн баталлаа. Ингэхдээ тус компанийн бүтцийг цомхон, чадварлаг болгоход анхаарч, давхардсан, шаардлагагүй нэгжүүдийг нэгтгэх, чиг үүргийг тодорхой болгох арга хэмжээ авах юм байна. Түүнчлэн санхүүгийн сахилга батыг сайжруулах, нэгдсэн удирдлагаар хангах, өртөг зардал бууруулах, үр ашигтай ажиллахад анхаарах, үйл ажиллагаа явуулдаггүй, үр ашиггүй хараат болон охин компани, төслийн нэгжийг татан буулгах талаар зохих арга хэмжээ авч, эргэн танилцуулахыг холбогдох хүмүүст даалгалаа. Одоогийн бүтцээр нийт 10 захиралтай ажиллаж буй бол шинэчилснээр удирдлагын зургаан бүрэлдэхүүнтэй болох нь. Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий 16 ордын тавд нь төрийн оролцоог хангаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, олборлох, ашиглах ажиллагаанд оролцож, хувьцаат компани гурав, охин болон хараат компани 10, төслийн нэгж гурав, оператор компани нэгийг байгуулан, үйл ажиллагаа явуулж байгаа юм. Бүтцийг шинэчлэн баталснаар ашигт малтмалын төрөл, үйл ажиллагааны ижил төстэй байдлаар нь нэгдлийн компаниудыг төрөлжүүлж ажиллах тогтолцоо бүрдэнэ гэж үзэж буй аж. Мөн нэгдлийн компаниудын мөнгөн урсгалыг цогц бодлогоор удирдаж, үргүй зардлыг багасгахаар тооцжээ. Цаашлаад санхүүгийн үзүүлэлтийг нь сайжруулж, хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэнэ гэж найдаж буй гэнэ.