Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр,"Хөгжлийн банкны чанаргүй зээл 201 тэрбум төгрөгөөр төлөгдсөн. Мөн "Кью Эс Си" компаниас өнөө маргаашгүй 60 тэрбум төгрөгийг төлөхөө мэдэгдсэн. Ингээд нийтдээ 260 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн.
Тус банканд 2023 оны хоёрдугаар сард төлөх 500 сая ам.доллар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөх 30 тэрбум иений өр байна. Үүнээс Самурай бондыг онцгой анхаарах учиртай. Энэ бол Засгийн газрын баталгаатай. Хэрэв Хөгжлийн банк өөрөө төлж чадахгүй бол Засгийн газраас төлнө. Иймд чанаргүй зээлүүдийг яаралтай төлүүлэх шаардлагатай болсон. Хөгжлийн банкны чанаргүй зээл төлөгдөхгүй байсаар 12 сарын 31 гэхэд тайлан муу гарвал Хөгжлийн банкийг татан буулгах эрсдэлтэй.
Хөгжлийн Банк маш хариуцлагатай байж, хуулиа баримталж ажиллах ёстой. Өөрийн гэсэн хуультай тул ил тод, нээлттэй байж, чанаргүй зээл зэрэг асуудлыг гаргаж болохгүй. Саяхан Олон Улсын Валютын Сангийн төлөөлөл манай улсад ажиллахдаа Хөгжлийн Банк ийм байдалтай ажиллавал татан буулгасан нь дээр гэсэн зөвлөмжийг өгсөн. Ингэж хэлж байна гэдэг нь олон улсын хөрөнгийн зах зээлд ийм муу мэдээлэл хүчтэй очиж байгаа гэж ойлгож болно. Иймээс энэ онд балансаа сайжруулах, хэвийн байдалд нь оруулж чадна гэдгээ харуулахын төлөө хичээж ажиллана" гэдгийг хэллээ.