Шүүхийн сахилгын хороо (ШСХ) хэмээх шинэ тутам байгууллага үйл ажиллагаагаа явуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Шүүгч нарын сахилга, ёс зүйтэй холбоотой асуудлыг хянан шалгадаг энэ хорооны дарга, доктор, дэд профессор Д.Мягмарцэрэнтэй хийж хэрэгжүүлж буй ажлынх нь талаар ярилцлаа.
-Шүүхийн сахилгын хороог байгуулж, шүүгч болон шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулан үйл ажиллагааг нь эхлүүлснээс хойш хагас жил шахмын хугацаа өнгөрч байна. Шүүгч нарын ёс зүйгээ зөрчсөн, эсэх асуудлыг л хэлэлцэн шийдвэрлэдэг гэсэн ойлголт нийгэмд тогтоод байгаа. ШСХ чухам ямар үүрэгтэй байгууллага вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье.
-Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Шүүхийн сахилгын хороог бие даасан хараат бус Үндсэн хуулийн байгууллага болгон шинэчлэн зохион байгуулахаар заасан. Энэ өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн тухай хуулийг батлан мөрдүүлснээр манай улсын Үндсэн хуулийн байгууллагын бүрэлдэхүүнд шүүх эрх мэдэл, түүний хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх, хэн нэгэнд давуу эрх олгохоос сэргийлэх, олон нийтийн оролцоог хангах, хяналтыг тогтоох зорилгоор Монгол Улсын Шүүхийн сахилгын хороо гэсэн байгууллага орж ирсэн байдаг. Шүүхийн тухай хууль 2021 оны гуравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн дагуу нийт шүүгчийн анхдугаар чуулганыг 2021 оны аравдугаар сарын 11-нд зохион байгуулж, тухайн өдрийн тогтоолоор ШСХ-ны шүүгч гишүүнээр дөрөв, УИХ-ын 2021 оны арваннэгдүгээр сарын 18-ны нэгдсэн чуулганаар шүүгч бус таван гишүүнийг томилсон. Улмаар ШСХ-ны бүрэн эрх тухайн өдрөөс хэрэгжиж эхэлснээс хойш өдгөө зургаа дахь сардаа үйл ажиллагаа явуулж байна.
ШСХ нь хамтын удирдлагын зарчимтай бөгөөд нийт гишүүний хурлаар ажлын албаны бүтэц, орон тоо, үйл ажиллагааны дүрмээ 2022 оны нэгдүгээр сарын 26-нд баталж, Сахилгын хорооны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлсэн. Ажлын алба нь Захиргааны удирдлагын, Хууль зүйн, Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтэс гэсэн гурван нэгжтэй байхаар журамласан байгаа. Сахилгын хорооны даргыг гишүүд дотроосоо нууц санал хураалтаар сонгох эрх зүйн зохицуулалттай. Энэ утгаараа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-ний хуралдаанаараа тус хорооны анхны даргаар миний бие сонгогдон ажиллаж байна.
Шүүхийн сахилга, ёс зүйн зөрчлийг хянан шалгадаг алба нэгж Сахилгын хороо байгуулагдахаас өмнө Шүүгчийн ёс зүйн хороо нэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байсан. Монгол Улсын шүүх 1954, 1970, 1989, 1997, 2003, 2010, 2014 онд Шүүгчийн ёс зүйн дүрмийг тус тус батлан мөрдүүлсэн түүхтэй. Шүүхийн болон шүүгчийн эрх зүйн байдлыг зохицуулж байсан бүхий л хууль тогтоомжид ёс зүйн дүрмийн талаарх зохицуулалтыг тусгаж ирсэн. ШСХ байгуулагдахаас өмнө энэхүү дүрмийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байлаа. Хорооны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг Монгол Улсын Үндсэн хууль болон Шүүхийн тухай хуульд шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оноохоор хуульчилсан. Үүний дагуу Сахилгын хороо нь иргэд, албан тушаалтнаас өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч, зөрчил шалгах ажиллагаа хэрэгжүүлж, зөрчилтэй гэсэн тохиолдолд сахилгын хэрэг үүсгэж хянан шийдвэрлэдэг.
-Шүүгч эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан тохиолдолд тус хороо бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэж, хууль сахиулах байгууллага шалгах ёстой байх аа?
-Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн, эсэх талаар шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгагдах тохиолдолд эрх бүхий байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх асуудлыг Сахилгын хорооны гишүүд зөвлөгөөнөөрөө шийдвэрлэдэг. Харин Шүүхийн тухай хуулийн 50, 51, 52, 53 дугаар зүйлд заасан нийт 45 тохиолдлыг зөрчвөл сахилгын зөрчилд тооцож, шүүгчид хариуцлага ногдуулахаар хуульчилсан.
-Танай байгууллага нийгэмд ямар ач холбогдол, үр нөлөөтэй гэж та үздэг бол?
-Монгол Улс эрх зүйт төр, ардчилсан нийгмийн байгууллыг цогцлоон байгуулахаар 1990 оноос эргэлт буцалтгүй шилжин хөгжиж байна. Шүүх, шүүгчийн хараат бус байдлыг хуульчилсан ба шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг Үндсэн хуульд тунхаглан заасан. Сүүлийн жилүүдэд өрнөж буй эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлж байна. Энэ утгаараа шүүхийн хараат бус байдалд нөлөөлөхгүйгээр хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, иргэдийн итгэлийг хадгалах, хамгаалах зорилгоор төрөөс бүрдүүлж буй зохистой бүтэц, арга хэмжээний нэг нь хараат бус бие даасан ШСХ байгуулсан явдал юм. Хороо байгуулагдсанаараа олон жил шүүхийн систем дотор нь байсан сахилга ёс зүйн зөрчил хянан шалгах үйл ажиллагаа хөндлөнгийн хараат бус бие даасан хэлбэрт орсон нь илүү үр дүнтэй шийдэл болсон. Сахилгын хороо байгуулагдаад багахан хугацаа өнгөрч буй хэдий ч үйл ажиллагааны үр дүн гарч байна гэж миний хувьд дүгнэн хэлж чадахаар байгаа. Тус хороо бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 107 шүүгчид холбогдуулж 462 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан. Үүнээс 179 нь шинээр хүлээн авсан ба 24 шүүгчид сахилгын зөрчил гаргасанд тооцож шийтгэл оногдуулжээ.
-Тус хороонд одоогоор хэдэн шүүгчид холбогдох, хэчнээн өргөдөл, мэдээлэл бүртгэлтэй байна вэ. Цөөнгүй гомдол, хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн шүү дээ.
-Нийт 400 гаруй өргөдөл, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 200 гаруй буюу 50 хувьд нь сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулсан. Бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш Улаанбаатар хотод байрлах анхан шатны шүүхийн 63 шүүгч, давж заалдах болон хяналтын шатны 11 шүүгч, хөдөө орон нутагт байрлах шүүхийн 33 шүүгчийн талаар өргөдөл, гомдол, мэдээлэл ирсэн байна.
ШСХ-ны хуралдаанаар 14 шүүгчид сануулах арга хэмжээ авч, зургаан шүүгчид цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар тодорхой хувиар бууруулах, дөрвөн шүүгчид огцруулах шийтгэл оноосон. Өнөөдрийн байдлаар нийт 24 шүүгчийг зөрчил гаргасанд тооцож зохих шийтгэл оногдуулснаас зургаан шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байгааг анхаарах хэрэгтэй. Бусад нь ШСХ-ны шийдвэрт гомдол гаргасан учир хянан шалгаж байгаа.
Шүүхийн тухай хуулийн 39.6 дахь хэсэгт заасныг үндэслэн нэг шүүгчийн бүрэн эрхийг сэргээж, мөн хуулийн 56.8.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр гурван шүүгчийг албан тушаалаас нь огцруулсан бол НПГ-аас ирүүлсэн саналыг хянан хэлэлцээд гурван шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ёс зүйн хороо хүлээн авч шийдвэрлээгүй байсан 283 өргөдөл, гомдлыг Сахилгын хороо хянан үзээд 25 шүүгчийг зөрчил гаргасанд тооцсон боловч өмнөх эрх зүйн зохицуулалтаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир сахилгын хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Энэ бол хоёр эрх зүйн зохицуулалтын шилжилтийн үеийн нөхцөл байдал юм. Цаашид ийм байдал багасана. Шинэ эрх зүйн зохицуулалтаар хөөн хэлэлцэх хугацаа 1-5 жил хүртэл уртассан. Олон удаа давтан зөрчил гаргагчдад огцруулах шийтгэл оноох бүрэн эрхийг Сахилгын хороонд олгосон байгаа.
-ШСХ-ны гишүүд гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхдээ холбогдсон шүүгч, гомдол гаргагч зэрэг хүнээс тайлбар мэдүүлэг авах, нотлох баримт цуглуулах ажиллагаа хийдэг биз дээ.
-ШСХ-ны гишүүдэд хуулиар хянан шалгах ажиллагаа хэрэгжүүлэх онцгой эрх олгогдсон. Өргөдөл, гомдол, мэдээлэл хянан шалгах ажиллагаатай холбоотой давхардсан тоогоор бүх шатны шүүхээр 80 удаа томилолтоор явж ажиллажээ. Сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахад шаардлагатай техник, тоног төхөөрөмж, хүний нөөцийг бүрдүүлэх, ажлын байрны нөхцөл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дэд бүтцийг сайжруулах зэрэг асуудлыг шийдвэрлэж зохих стандартад хүргэхээр ажиллаж байгаа. Одоогоор хараахан зохих түвшинд хүрээгүй ч гишүүд, албан ажилтнууд хуулиар олгогдсон үүргээ бүрэн хэрэгжүүлж байна.
Олон нийтийг мэдээллээр хангах, нээлттэй ил тод ажиллах чиг үүргийн хүрээнд ШСХ-ны албан ёсны цахим хуудас www.judiscom.mn болон “Шүүхийн сахилгын хороо” гэсэн нэртэй фэйсбүүк, инстаграм, твиттер хаяг нээн, хуралдааны тов, шийдвэр, өргөдөл гомдлын бүртгэл, шийдвэрлэсэн хэрэг болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээ, мэдээллийг өдөр тутам тогтмол нийтэлж, олон нийтэд хүргэж байгааг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагч та бүхэн өргөн ашиглахаар боломж бололцоог хангасан.
-Тус хороонд ирсэн 400 орчим өргөдөл, гомдлоос 50 орчим хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан гэлээ. Яг ямар үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэж шалгадаг талаар тодруулахгүй юу?
-УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 15-нд баталсан Шүүхийн тухай хуульд зааснаар шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага болох ШСХ-ны эрх зүйн байдлыг хуульчилсан. Сахилгын хороо нь дээрх хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн талаарх өргөдөл, мэдээллийг хүлээн авч, түүнийг зөрчсөн байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд сахилгын хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг.
Ямар тохиолдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах вэ гэдгийг хуульд тодорхой заасан байгаа. Нэгдүгээрт, Шүүхийн тухай хуульд заасан зөрчил буюу хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзвэл, хоёрдугаарт, өргөдөл, мэдээлэлд заасан үйл баримт, шүүгчийн үйл ажиллагааны талаар, эсхүл уг өргөдөл, мэдээллийн дагуу сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон Сахилгын хорооны гишүүний захирамж, тус хорооны магадлал, тогтоол, хянан үзэх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр байгаа бол, гуравт, өргөдөл, мэдээлэл гаргасан этгээд тодорхойгүй бол сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэдэг. Энгийнээр тайлбарлан хэлбэл, Шүүхийн тухай хуульд нэрлэн заасан тодорхой 50 орчим хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон заалтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй л юм. Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан асуудалд өргөдөл, гомдол гаргах шаардлага хангаагүй, бүрдэл дутуу зүйл байдаг. Мөн энэ шийдвэрт гаргасан гомдлыг гомдол шийдвэрлэх хуралдаанаар авч хэлэлцэн 14-т нь сахилгын хэрэг үүсгэх шийдвэр гаргасан. Гишүүдийн шийдвэр гаргах үндсэн ажил нь хуралдаан. Өнөөдрийн байдлаар 369 хуралдаан хийжээ. Нийт гишүүдийн зөвлөгөөн 31, гомдол шийдвэрлэх хуралдаан 92, сахилгын хорооны хуралдаан 241, хянан үзэх хуралдаан таван удаа хийсэн. Сахилгын хорооны гишүүдээс дээд тал нь давхардсан тоогоор 100 орчим хуралдаан даргалж, бүрэлдэхүүнд орсон тоон мэдээ байна. Бүрэн эрх хэрэгжиж эхэлснээс хойш мянга орчим захирамж, 88 тогтоол, 115 магадлал гаргасан статистик бий. Эдгээр байдлыг нэгтгэн үзвэл Сахилгын хорооны үйл ажиллагаа өвөрмөц онцлогтой бөгөөд ачаалалтай гэж хэлж болохоор юм.
Цаашид хууль хэрэглээний явцад болон шүүхийн практик үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтын үр дүнд энэ зөрчлийн тоо нэмэгдэх нөхцөл байдал үүсэж болно гэж хуульч, эрдэмтний хувьд бодож байна.
-Хагас жил шахмын хугацаанд дүрэм, журмаа боловсруулж батлахын зэрэгцээ тэр олон өргөдөл, гомдлыг шийдвэрлэн багагүй ачаалалтай ажиллажээ гэж ойлгож болох нь. Олон нийтийн дунд байгаа шиг, цахим орчинд тархсан шиг шүүх, шүүгч нар бүхэлдээ зохих ёсоор ажиллахгүй болсон гэж харагдаж байна уу. Та энэ талаар ямар нэг дүгнэлт хэлж болох уу?
-Шүүхийн системийг бүхэлд нь зохих ёсоор ажиллахгүй байна, шүүгч нар бүгд ёс зүйн зөрчил гаргаж байна гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Иргэн, хуулийн этгээд нь гомдол гаргах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь нээлттэй учраас гомдол гаргана. Тэр болгоныг шүүгч ёс зүйн зөрчил гаргаад байна гэж үзэж, дүгнэж болохгүй. Сахилгын хороонд ирж байгаа өргөдөл, мэдээллийг хорооны гишүүд хүлээн авч, зөрчил гаргасан, эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгах ажиллагааг явуулж байж тогтоодог. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 500 гаруй шүүгч ажиллаж байна. Олон хүний дотор алдаа, зөрчил гаргаж байгаа шүүгч бий. Тэр хүмүүст холбогдох сахилгын шийтгэлийг нь оноож байгаа.
-ШСХ-нд хэн, ямар үндэслэлээр өргөдөл, гомдол, мэдээлэл гаргах боломжтой вэ гэдэгт зөвлөгөө өгч болох болов уу?
-Сахилгын хороо нь чиг үүргийн хувьд зөвлөгөө өгдөг байгууллага биш л дээ. Гэхдээ Шүүхийн тухай хуулийн 103.1 дэх хэсэгт “Шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн хүн, албан тушаалтан, хуулийн этгээд холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр Сахилгын хороонд өргөдөл, мэдээлэл гаргана” гэж заасан бөгөөд дээр дурдсан 40 гаруй тохиолдолд Сахилгын хороонд гомдол гаргах үндэслэл бий болно. Тэгэхээр хуульд заасны дагуу хэн ч өргөдөл, гомдол гаргахад нээлттэй гэж ойлгож болно. Өргөдөл, мэдээллийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан бол төлөөлөх эрх олгосон баримт, бичиг болон итгэмжлэлийг хавсаргах ёстой байдаг. Гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл болгонд дурдсан үйл баримт зөрчил болохгүй бөгөөд түүнийг тал бүрээс хуулийн дагуу хянан үзэж, шалгаж тогтоодог.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олны анхааралд өртсөн зургаан шүүгчид үүсгэсэн, түүнээс өмнө гурван шүүгчийн холбогдсон сахилгын хэргийг Сахилгын хороо хэлэлцэн шийдвэрлэлээ. Нэр бүхий зургаан шүүгч сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах сураг сонсогдсон. Сахилгын хорооны шийдвэрийг давж заалдсан тохиолдолд хэн, хэрхэн шийдвэрлэх вэ?
-Шүүхийн тухай хуульд Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл Сахилгын хороонд гаргаж болох бөгөөд магадлалд гаргасан гомдол, эсэргүүцлийг гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ. Сахилгын хорооны магадлалд гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор Сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаар хэлэлцэж хуульд заасан аль нэг шийдвэр гаргах зохицуулалттай. Таны асуусан шүүгчдийн хувьд зөрчил гаргасанд тооцож бүгдэд нь зохих шийтгэл оноосон. Гэхдээ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр хараахан болоогүй байгаа.
-Өмнө нь сахилгын шийтгэл хүлээсэн шүүгч шийтгэл үйлчилж байх хугацаанд дахиад сахилгын хэрэгт шийтгүүлсэн тохиолдолд албан тушаалаас нь огцруулах үндэслэл болох уу. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар өмнө нь сахилгын шийтгэл хүлээсэн. Сая зургаан шүүгчтэй холбоотой үйлдэлд нь огцруулах шийтгэл оноолоо шүү дээ.
-Энэ талаар Шүүхийн тухай хуульд тодорхой заасан байдаг. Шүүгчийн гаргасан зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөлд тохирсон шийтгэлийг оногдуулах бүрэн эрх Сахилгын хорооны гишүүдэд олгосон. Түүнчлэн Шүүхийн тухай хуульд хаалттай сануулах, нээлттэй сануулах шийтгэл оногдуулах зөрчлийг 10-аас дээш удаа, эсхүл энэ хуулийн цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах шийтгэл оноох зөрчлийг таваас дээш удаа гаргаж сахилгын шийтгэл хүлээсэн тохиолдолд шүүгчийг огцорсонд тооцож шийдвэр гаргах үндэслэл болохоор хуульчилсан юм. Шүүгч З.Болдбаатарын хувьд сахилгын хорооны хуралдаанаар түүний зөрчлийн нөхцөл байдал, хэр хэмжээ зэрэгт нь тохирсон сахилгын шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан. Дахин хэлэхэд сахилгын хэргийн оролцогчдын олонх нь Сахилгын хорооны шийдвэрт гомдол гарган удаан хугацаанд хянан шалгагдаж буй учир шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болох хугацаа хойшилсоор байна. Зөрчил гаргасан нь тогтоогдсон бол хариуцлага хүлээх нь зайлшгүй. Энэ бол цаг хугацааны л асуудал.
-ШСХ хэмээх бүтэц, түүний хэрэгжүүлж буй үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн гэж нэр бүхий хүмүүс Цэцэд гомдол гаргасан байна лээ. Үнэхээр “Эцэг хууль”- иа зөрчиж тус хороог байгуулсан юм уу?
-Монгол Улсын иргэн, Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн ямар ч үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргах эрхтэй. Энэ асуудал нь Үндсэн хуулийн цэцийн хамаарах хүрээний асуудал учир тодорхой зүйл хариулах боломжгүй. Бидний зүгээс Үндсэн хууль болон одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд, тэдгээрт нийцүүлэн өдөр тутмын үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.
Нэгэнт Үндсэн хуульд тусгайлан зааж хуульчлан байгуулсан ШСХ нь хуулиар оноосон чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллах нь зүйн хэрэг. Шинээр байгуулагдсан байгууллагын хувьд учирч буй бэрхшээл бий хэдий ч төсөв санхүү, зохион байгуулалтын хүрээнд боломж бололцооны хэрээр дэмжин анхаарч байгаа. ШСХ-ны үйл ажиллагаа нь өөрөө өвөрмөц учир зарим талаараа зохих зохицуулалт, нөхцөлийг шаардаж байна. Энэ бүгдийг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж эхэлсэн. Маш няхуур, хариуцлагатай хандан, байгууллагын эхлэлийг зөв тавих нь ШСХ-ны анхны даргын хувьд надад оногдсон энэ цаг үеийн чухал үүрэг, даалгавар гэж ойлгож байгаа. Үндсэн хуулийн цэцийн анхны дарга, шинжлэх ухааны доктор, профессор Галдангийн Совд багш миний эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх хүсэл эрмэлзлийг маш ихээр дэмжин сайшааж тусалсан ач гавьяатан. Түүний адил шинээр байгуулагдсан Үндсэн хуулийн байгууллагын анхны дарга болсон нь миний хувьд нэг ургийн удмын дүүгийн хувьд нэр хүндийн хэрэг учир ихэд бэлгэшээж, хүч чадлаа дайчлан, хичээнгүй ажиллаж байна. Цаашид энэ байгууллагын хөгжил дэвшил, эрх зүй, материаллаг нөхцөлийг дээшлүүлэх талаар бололцоотой бүхий л арга хэмжээг авах талаар өөрөө болон гишүүд, ажлын албаны хамт олонтойгоо идэвх зүтгэлтэй ажиллана гэж бодож явна.
Бэлтгэсэн: Г.Цолмон