Өнгөрсөн намар “Орфей” театр Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн, ижил нэрт постдрамын жүжгээр хөшгөө нээсэн. Тус жүжгийн туслах найруулагчаар Никита Андрейвич Калмыков ажилласан юм. Тэгвэл “Орфей” театрынхан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан энэ сарын 30-наас “Мэлхий гүнж” жүжгийг бяцхан үзэгчдэд толилуулахаар болжээ. Эл жүжгийн ерөнхий найруулагчаар ажиллаж буй Никита Калмыковтой ярилцлаа.
-Та мэргэжлээ хаана эзэмшсэн бэ?
-Би 2016 онд Уфагийн театрын урлагийн их сургуулийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн. Мэргэжлийн хичээлүүдээ Юрий Васильевич Заяц, Азат Ахмадуллович Надыргулов нарын мундаг уран бүтээлчээр заалгасандаа их олзуурхдаг.
-Яагаад урлагийн мэргэжил сонгож эзэмшсэн юм бол. Багаасаа урлагт дуртай байсан уу?
-Бусад хүүхэд шиг “Том болоод тийм, ийм мэргэжилтэй хүн болно” гэж огт мөрөөдөж байгаагүй. Зүгээр л тайван, сайхан амьдрахыг хүсдэг байлаа. Дунд сургуулиа төгсөөд тогооч болохоор коллежид сурсан юм. Би угаасаа л хоол хийх дуртай. Элсэлтийн шалгалтын өмнө их, дээд сургуулиуд сурталчилгаа идэвхтэй хийдэг дээ. Манай коллеж ч оюутнуудаасаа баг бүрдүүлж, тийм ажил хийлгэдэг байсан юм. Гэхдээ мэдээж сайн дураараа ажиллана. Би тэр багт нь ажилладаг байлаа. Манай багт театрын студид хичээллэдэг нэг охин байв. Тэрбээр “Чи манай студид очиж үзээч. Чамд таалагдана даа” гэж их “уруу татсан”. Очоод үзтэл нээрэн л их сонирхолтой санагдсан. Тэгээд л тэнд хичээллэж, үргэлжлүүлэн жүжигчнээр суралцахаар шийдсэн дээ. Гэхдээ хачирхалтай нь, багадаа зурагтаар “Ералаш” үзэхээрээ “Би ч гэсэн ингэж чадна шүү дээ” гэж боддог л байлаа. Гэхдээ тэр үед том болоод жүжигчин болно гэж төсөөлж ч байгаагүй. Харин одоо бол холдож чадахгүй.
-Жүжигчний мэргэжлийн юу нь тэгтлээ таалагдсан юм бол?
-Театрын студид хичээллэж, тэр нь сонирхолтой санагдаж байсан ч эхэндээ энэ мэргэжлээр хоолоо олж иднэ гэдэгтээ итгэлгүй байлаа. Сонирхлоо бууртал ажиллаж байгаад больчихно л гэж боддог байв. Тэгээд бодох, тунгаах хэрэгтэй болсон. “Энэ үнэхээр миний сонгож эзэмших мэргэжил мөн үү. Цаашдаа үүнийг хийж амьдрах уу” гэж бодсон. Бодсоны эцэст хэсэг хугацаанд холдож, үгүйлэх, эсэхээ үзэхийг хүссэн. Тэгээд л цэрэгт ч татагдлаа. Харин албаа хаачихаад ирэхдээ жүжигчнээр үргэлжлүүлэн суралцахаар шийдсэн юм.
-Яагаад аль нэг том хотод биш, Уфад сурсан юм бэ?
-Энэ үгийг олон хүнээс сонсож байлаа. “Жүжигчин болох гэж байгаа бол Москва, эсвэл Санкт-Петербург яв” гээд л. Харин би тэгж бодоогүй. Хаана ч сурч болно. Харин хэрхэн сурах нь тухайн хүнээс л шалтгаална. Ялангуяа жүжигчний мэргэжлийг хүн өөрөө хүсэж, дурлаж, хичээж, хөдөлмөрлөж байж эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, өөрөө өөртэйгөө ажиллаж, өөрийгөө хөгжүүлж байж эзэмшдэг гэсэн үг.
-Суралцах хугацаандаа алдартай ямар уран бүтээлчдээр хичээл заалгаж байв?
-Сургуулийнхаа хичээлийн хөтөлбөрөөс гадна өөрийгөө хөгжүүлэхийг маш их хүсдэг байлаа. Тийм ч болохоор хаана, ямар л сургалт, мастер хичээл болно, тэр бүхэнд хамрагдахыг хичээдэг байв. Энэ мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад ч би тэгж л зөвлөнө. Тэгэхээр мэдээлэл, харилцаа холбоо сайтай байх хэрэгтэй. Өөр өөр арга барилтай уран бүтээлчдээс үг сонсож, мастер хичээлээс нь туршлага судлах нь өөрийгөө олох, цаг үетэй хөл нийлүүлэх, мэдлэгээ тэлэхэд их тустай гэж би боддог. Валерий Фокин, Евгений Миронов, Чулпан Хаматова, Андрей Юраев, Евгений Писарев, Ян Фабр гэхчлэн алдартай олон уран бүтээл чээс үг сонссон. Нэрлэвэл нэлээд урт жагсаалт гарна. Зөвхөн Санкт-Петербургт гэхэд театрын маш гоё форум болдог. Намайг оролцсон жил Франц, Бельги, Шотланд, Италийн театрын мэргэжилтнүүд театрын олон урсгал, чиглэлийн талаар лекц уншиж, мастер хичээл зааж байлаа.
-Сургуулиа төгссөнөөс хойш ямар ямар театрт ажилласан бэ?
-Суралцаж байх үедээ ангийн найзуудтайгаа нийлж өөр өөр төрлөөр уран бүтээл хийдэг хоёр театр байгуулсан юм. Эхнийх нь драмын театр. Ихэвчлэн орчин үеийн жүжгүүдийг театрын шинэлэг төрлөөр дагнан тоглодог. Нөгөө нь “Bufo” нэртэй гудамжны театр. Бид олон улсын наадмуудад оролцдог байлаа. Төгсөөд Башкирын Улсын хүүхэлдэйн театрт жүжигчнээр ажилласан.
-Жүжигчнээр ажиллах “амттай” юу, эсвэл найруулагч уу?
-Аль аль нь. Их сонин. Тухайн зохиолоос шалтгаалаад надад мэдрэмж төрдөг юм. Зарим зохиолыг уншихад “Би энд тоглох л ёстой” гэж бодогдоно. Заримыг нь уншихад “Ингэж, тэгж найруулбал гоё юм. Тайз ийм, тийм байх хэрэгтэй” гээд л шууд санаанд бууна. Энэ мэдрэмжээ л дагахыг хүсдэг. Жишээ нь, би У.Шекспирийн “Макбет”-ыг найруулахыг маш их хүсдэг. Харин Н.Гоголийн “Амьгүй албат”-д тоглохыг хүсдэг.
-Тайзны бүтээл болгож “амилуулах”-ыг хүсдэг өөр зохиолуудаасаа нэрлэвэл. Одоо тайзны ямар уран бүтээлд шунаж байгаа вэ?
-Аль нэг зохиол гэхээсээ илүү пластик юм уу, неопластик жүжиг найруулахыг хүсдэг.
-Яагаад дэлгэцийн биш, тайзны уран бүтээлд дурладаг юм бэ. Театр яагаад онцгой гэж?
-Театр бол хил хязгааргүй урлаг. Орост “Театр бол зүрх сэтгэл. Кино бол мөнгө олох хэрэгсэл” гэсэн хэлц байдаг. Би мөнгөнд биш, зүрх сэтгэлд илүү татагддаг л хүн байж таарах нь.
-Ер нь кинонд тоглосон уу. Тоглоё гэж боддог уу?
-Орост богино болон бүрэн хэмжээний кинонд тоглосон. Санал ирвэл тоглохоос татгалзахгүй ээ.
-Жүжигчид хүн судалдаг, найруулагч нар сэтгэл зүй судалдаг гэдэг дээ. Та хэр хүн таних нүдтэй вэ?
-Мэдээж тухайн хүний харц, сэтгэл хөдлөл, дадлаас бага зэрэг “уншина”. Тэглээ гээд тэр хүнийг бүрэн дүүрэн мэдэхгүй, танихгүй шүү дээ.
-Монголд хэзээ ирсэн юм бэ?
-Өнгөрсөн есдүгээр сард ирсэн.
-Энд амьдрах ямар санагдаж байгаа вэ. Хэр удах төлөвлөгөөтэй бол?
-Өөртөө болон ойр дотнынхондоо тааламжтай орчин бүрдүүлчихэд л хаана ч амьдрах ялгаагүй шүү дээ. Аль ч улс, хотоос өө хайгаад л байвал дутагдал зөндөө л гарч ирэх байлгүй. Яах вэ, замын түгжрэл зэрэг бухимдуулдаг зүйл мэдээж бий. Гэхдээ энэ бол дэлхийн аль ч том хотод байдаг л зүйл. Харин хамгийн их бухимдуулдаг, уур хүргэдэг зүйл нь хүмүүсийн хариуцлагагүй, цаг огт барьдаггүй байдал. Товлосон цагаасаа 30-аад минут хоцорчихоод л юу ч болоогүй мэт “Ийм зүйл байх шүү дээ” гэдэг нь гайхмаар. Энэ бол байх л зүйл биш. Цаашдаа энд амьдрах, эсэхээ мэдэхгүй юм. Ямартай ч ойрын нэг жилийн төлөвлөгөөгөө гаргасан. Одоогоор СУИС-ийн Театрын урлагийн сургуульд тайзны хөдөлгөөний найруулагчаар ажиллаж байгаа. Тэгэхээр одоо хичээл зааж байгаа оюутнуудаа төгсгөмөөр байна. Энэ жил “Мэлхий гүнж” жүжиг толилуулсныхаа дараа өсвөр үеийнхэнд зориулсан жүжиг тавих төлөвлөгөөтэй. Түүний дараа насанд хүрэгчдэд зориулсан уран бүтээл хийнэ.
-Монголд ирээд театрын уран бүтээлүүд үзсэн үү. Монголын театрын хөгжлийг хаахна явна гэж харсан бол?
-Олон уран бүтээл үзээгүй. УДЭТ-ын “Анна Каренина”, “Хаадын хаан: Андгай” жүжгийг үзсэн. Сүүлд “Херо” энтертайнментын “Тамгагүй төр”-ийг үзлээ. Монголын театрын хөгжлийг муу гэхгүй. Миний бодлоор хөгжлийн үедээ л яваа. Эрэл хайгуулын үе ч гэх юм уу. Уран бүтээлчид театрын урлагийг шат ахиулчих, өөр түвшинд хүргэчих гэсэн оролдлогууд хийж буй нь харагдаж байна.
-Та “Орфей” театрын “Гэм зэм” жүжигт Монголын уран бүтээлчидтэй хамтран ажилласан. Уран бүтээлчдийн талаарх сэтгэгдэл ямар байв?
-Жүжигчидтэй ажиллахад Монголынх байна уу, хаанахынх байх нь хамаагүй. “Гэм зэм”-ийн уран бүтээлчдэд авууштай, олзуурхууштай зүйл зөндөө байсан. Шинэ театр, театрын шинэ төрлийн уран бүтээл болохоор ч тэр үү, жүжигчид өөрсдийгөө хөгжүүлэх, шинэ зүйл туршихыг хүсдэгийг харах таатай байсан.
-Энэ сард та тус театрын “Мэлхий гүнж” хүүхдийн жүжгийг найруулж, хүргэнэ. Энэ жүжгийн онцлог юу вэ?
-Эл жүжиг нь Орос ардын 10 гаруй үлгэрээс сэдэвлэсэн, 20 орчим дүртэй. Үлгэрүүдийн өгүүлэмж, гоо зүйн давтагдашгүй агуулга, сургамжуудыг нэгэн бүтээлд сүлжсэнээрээ онцлог. Нөгөө талаас жүжигчид жүжиг дотор жүжиг тоглоно. Маш хөнгөн, сонирхолтой байдлаар хүүхдүүдэд сургамж, мэдлэг өгөх зорилготой.
-Хүүхдэд зориулсан уран бүтээл хийх нь томчуудад зориулахаас ярвигтай юу?
-Мэдээж илүү хариуцлагатай, ярвигтай. Найруулагчид ч, уран бүтээлчдэд ч. Хүүхэд гэдэг маш эмзэг, мэдрэмтгий ертөнц учраас уран бүтээлчид тэдэнтэй чин сэтгэлээсээ холбогдох ёстой. Нөгөөтээгүүр, тэдэнд худал зүйл үзүүлж болохгүй. Хүүхдүүд хамгийн үнэнч, шударга үзэгчид. Таалагдахгүй бол шуудхан л босоод явчихна. Таалагдвал сэтгэл хөдлөлөө хамгийн гоёор илэрхийлнэ. Ташрамд дурдахад, “Орфей”-н хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд театрын урлагийн уран сайхны төсөөллөөр дамжуулж хүүхдийн гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх, ирээдүйн урлагийн боловсролтой театрын үзэгч бэлтгэх зорилгоор “Мэлхий гүнж” жүжгээ орон нутаг, захын хороолол, алслагдсан дүүрэг гээд боломжтой бүх л газарт хүргэхээр зорьж, ажиллаж байгаа.