“Лантуун дохио” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, “Ид шидийн орон” төсөл санаачлан хэрэгжүүлэгч гэдгээрээ олонд танигдсан Ч.Ганжавхлантай ярилцлаа. Тэрбээр өдгөө “Human network” байгууллагаараа нийгмийн сайн сайхны төлөөх ажлуудаа үргэлжлүүлсээр байна. Нийгмийг өөрчлөхөд залуусын үүрэг, оролцоо ямар байх, улс орныхоо хөгжил, сайн сайханд хэрхэн хувь нэмрээ оруулах зэрэг сэдвээр бид яриа өрнүүлсэн юм.
-Та саяхан “Дүдү” хүүхдийн музейг хаалгаа барихаас аварсан. Энэхүү ажлаас тань ярилцлагаа эхлүүлье.
-Энэ бол “Human network”-ийн үйл ажиллагааны нэг хэсэг байлаа. Удаан бодож төлөвлөөгүй, санаандгүй тохиолдлоор л хэрэгжүүлэхээр болсон. “Дүдү”-гийн санаачлагч, захирал Д.Мөнхтулга бол миний найз. Бид кофе ууж суутал үүсээд буй асуудлууд, түрээсийн төлбөрөө төлж чадахгүйгээс үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрснээ Тулгаа хэлсэн. Нийгэм, эдийн засгийн сорилт, хүндрэлийг давж чадалгүйгээр олон бизнес хаалгаа барьж байгаа. Гэхдээ хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, шинжлэх ухааны ганц музейгээ хүртэл хаах нь харамсалтай. Тиймээс л музейг аврах үйл ажиллагааг эхлүүлсэн. Ямар гаргалгаа байж болох талаар ярилцаад, crowdfunding буюу олон нийтээс хөрөнгө босгох шийдэлд хүрсэн юм. Өмнө нь хийсэн ажил, туршлагадаа үндэслээд л анхны зураглалыг гаргаж, музейн бодит байдлын талаар нийгмийн сүлжээнд бичсэн. Ингэхдээ хүмүүсээс хандив цуглуулах бус, музейн тасалбарыг урьдчилан худалдах аргаар түрээсийн төлбөр буюу 200 сая төгрөгийг бүрдүүлэхээр боллоо. Уг ажлыг олон нийт үнэхээр гайхалтай сайхнаар хүлээн авч, дэмжсэн. 10 хоногт бид 200 сая төгрөгийн тасалбар урьдчилан борлуулж, асуудал болоод байсан түрээсийн төлбөрийг төлсөн юм. Үүнээс гадна хэдэн зуун сая төгрөгөөр үнэлэгдэх маркетинг давхар хийлээ. Өмнө нь мэддэггүй байсан хүмүүс “Дүдү”-д очиж үйлчлүүлж байгаа. Тиймээс бүрэн хүчин чадлаараа ажиллаад, түрээсийн төлбөрөөсөө илүү ашиг олох боломж бүрдлээ. Гэхдээ би мундагтаа биш, өөрсдийнх нь 11 жил бүтээсэн үнэ цэн нь “Дүдү”-г аварсан. Тэртэй, тэргүй үнэ цэнээ бүтээчихсэн байсан хамт олон. Үүн дээр нь тодорхой хэмжээний менежментийн өөрчлөлт хийхэд л хүмүүс маш сайн дэмжлээ.
ЗАЛУУС ЖАГССАН ҮЗЭГДЭЛ НЬ МАШ ТОМ ТЭСРЭЛТ БОЛСОН
-“Дүдү”-г аврахад олон хүн сайн дураараа нэгдлээ. Үүн шиг өнгөрсөн сарын 8-нд төв талбайд залуучууд итгэл үнэмшлээрээ нэгдэж, жагсаал зохион байгуулсан. Манай улс эзэнтэй, залуучуудтай юм байна гэдгийг уг үйл явдлаас харж байлаа. Та юу гэж бодож байв?
-Өмнө нь залуучууд алга болчихсон юм шиг санагддаг байсан. Харин жагсаалын үеэр монгол залуучууд эх орондоо байгааг харахад гоё байлаа. Залуучууд бүгдээрээ гадаад руу явъя, Монголыг орхиё гэдэг болчихсон юм уу гэж боддог байсан. Гэтэл тэд жагсаалын үеэр “Эх орондоо амьдармаар байна” гэсэн маш чухал санаачилгыг гаргаж чадлаа. Тэнд голчлон 18-23 насныхан ирсэн. Энэ бол хувьсгал хийх магадлал хамгийн өндөр, зоригтой, ямар ч зүйлд цензургүй, яг зүрх сэтгэлээрээ ханддаг нас, үе л дээ. Би ч анх 23 настайдаа “Лантуун дохио” төрийн бус байгууллага байгуулаад, хүний наймаа, хүчирхийллийн эсрэг тэмцэж эхэлсэн. Маш зоригтой тэсэрч, буцалж, тэмцэж байв. Яг миний 10 жилийн өмнөх шиг гал цог тэр залуучуудаас харагдсан. Би жагсаалын хоёр дахь өдөр очсон л доо. Тэр үед эмнэлэгт хэвтэж байсан ч оролцохгүй бол хоцрох нь гэсэн мэдрэмж төрсөн. Бас залуучууд ямар нэгэн буруу зүйлд хөтлөгдчих вий, ийм гоё асчихсан сэтгэлийг нь хэн нэгэн буруугаар ашиглачих вий гэж бодоод, хамгаалах сан гэсэн сэтгэлээр очсон юм. Ер нь манай үеийнхэн залуучуудаа хамгаалах зорилготой байлаа. Бусад үед ийм олон хүн цуглуулж, жагсаал хийхэд их хэмжээний хөрөнгө шаардлагатай. Нам, улс төрийнхөн тэгж жагсаал хийдэг. “Blue sky”-ийн урд талын замд 10 гаруй автобусаар жагсагчдыг ачиж ирээд, хүн болгонд мөнгө тараагаад, талбай руу гаргаж буйг ойролцоох байшингийн цонхоор хараад зогсож байлаа. Санаандгүй л дээ. Жагсаалд ингэж л хүмүүсийг авчирдаг байх нь гэж тухайн үед бодсон. Гэтэл түүнээс хэдэн 10, 100 дахин олон залуус итгэл үнэмшлээрээ, хүсэл сонирхлоороо, өөрсдийнхөө мөнгөөр автобусанд суугаад талбай дээр ирлээ. Нээрэн л энэ улс эзэнтэй юм байна гэдгийг залуус харуулсан.
-Харамсалтай нь, залуусын шаардлагыг төр, засаг биелүүлээгүй.
-Жагсаалаас том үр дүн хүлээх хэрэггүй байсан. Яагаад гэвэл нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй гэдэг шиг нэг нам дангаараа ноёрхсон тогтолцоотой өнөө үед хэн нэгнийг нь огцруулаад, дараа нь мундаг удирдагч гарч ирээд, нөхцөл байдал гэнэт сайжрах боломжгүй. Тэгээд ч бид саяын хэдхэн хоногт далаараа тавиуллаа. Төр, засгаас бараг жагсаалын эсрэг шийдвэрүүд гаргалаа гэж харж байна. Миний бодлоор залуус жагссан үзэгдэл нь том тэсрэлт болсон. Энэ л хамгийн чухал.
-Сүүлийн үед залуучуудын манлайллын талаар их ярьдаг болсон. Ер нь монгол залуучууд яаж манлайлах ёстой вэ?
-Манлайлал гэдэг бол оролцоо. Энэ бол маш чухал санаа. Хоцрогдсон манлайлал бол хэн нэгнийг тахин шүтэх, харанхуйгаар даган дуурайх. Бид дундаасаа нэг мундаг хүн гаргаж, нийгмийг өөрчилнө гэж итгэж ирлээ. Харам-салтай нь, тийм биш гэдэг нь батлагдаж байна. Харин орчин үеийн манлайлал бол хүн бүр оролцож, өөрчлөлт хийх юм. Тийм учраас хэн нэгэн баатрыг хүлээгээд хэрэггүй. Гоё ярьдаг хүн Монголыг өөрчилдөггүй юм байна гэдгийг бид зөндөө харлаа. Харвард, Стэнфордын их сургууль төгссөн, мундаг боловсролтой нь ч бас биш юм байна. Хамгийн гол нь бодит байдлаа ойлгодог хүмүүсийн оролцоо чухал. Жишээ нь, гэр бүлийн хүчирхийлэл иргэний оролцоо, хяналтгүйгээр алга болохгүй. Хажуугийн чинь айлд хүчирхийлэл үйлдэгдэж байхад чи цагдаад дуудлага өгөхгүй бол энэ байдлыг өөрчлөх боломжгүй. Тэр айлд хүчирхийлэл үйлдэгдэж байхад хөрш нь анхаарал тавьж эхлэхгүй бол төгс хуультай байгаад, хэчнээн сайн нийгмийн ажил хийгээд, төрийн бус байгууллага ажиллаад ч нэмэргүй. Залуусын манлайлал яг үүнтэй адилхан. Дор бүрнээ оролцох хэрэгтэй. Оролцохоос гадна чи маш сайн боловсролтой иргэн байх ёстой. Тэгээд нийгмийнхээ нэг хэсэг нь болж, өөрт ногдсон үүргээ сайн гүйцэтгэх нь манлайлал. Монголд ийм оролцооны манлайлал маш чухал. Сонгуулийн үед бүр ч чухал. Залуучууд талбай дээр жагссан шигээ сонгуулийн өдөр идэвхтэй байж 11.00-12.00 цаг гэхэд ирц нь өвөө, эмээ нарынхаас 10-20 хувиар илүү гарчихсан байх хэрэгтэй. 20.00 цаг гэхэд залуучуудын оролцоо 80 хувьд хүрч, сонгох эрхээ гартаа авчихсан цагт өөрчлөлт ирнэ. Энэ мэт оролцоог л манлайлал гэж бодоод байна.
-Манай улсад залуучуудын оролцоо ямар байна вэ. Аль түвшинд явна гэж та тодорхойлох вэ?
-Дундаас дээш түвшинд байна гэж боддог. Гэхдээ сонгуулийн оролцоо нь муу. Энэ нь итгэл байхгүй болсонтой холбоотой. Оролцохыг хүсдэг ч ялгаа гарна гэж итгэдэггүй. “Очоод яах вэ, ямар үр дүн гарав л гэж дээ” гэх маягаар, өөртөө байгаа их хүчээ дутуу үнэлдэг. Харин бусад салбарт залуусын оролцоо сайн. Бид олон нийтийн үйл ажиллагаа цөөнгүй зохион байгуулдаг. Тэнд залуучууд олноор хамрагддаг. Ялангуяа “Ковид”-ын хоёр жилийн дараа залуучуудын оролцоо эрс нэмэгдсэн. Тэгэхээр нийгмийн оролцоо нь өндөр, улс төрийнх нь бага. Гэтэл манайд улс төр нь нийгмийн чиг хандлагыг тодорхойлоод байна. Тиймээс залуус улс төрийн оролцоогоо нэмэгдүүлэх ёстой. Нэг хэсэг маш их улстөржсөн. Харин одоо улстөржихгүй гэдэг давлагаа үүсчихлээ. Улс төр сонирхдоггүй, ярьдаггүй нь сайхан имижид тооцогддог. Гэхдээ энэ нь зөв биш. Залуучууд улс төрд оролцохгүй бол ямар нэгэн өөрчлөлт хийхэд хэцүү. Тиймээс залуучууд улс төрийн идэвхээ ч өндөр байлгах хэрэгтэй. Ингэхдээ цэвэр, зөв улс төрд оролцох нь чухал.
-Цэвэр, зөв улс төр гэхээр юуг ойлгох вэ. Тэрийг бий болгох боломж, нөхцөл нь хэр байгаа бол?
-Их хүнд асуулт. Ерөөсөө энэ бол манай улсын гацаа байхгүй юу. Яагаад гэхээр Монголд хоёр л том нам байна. Тэр хоёр намын залуучуудын холбоогоор дамжиж л Монголын улс төрд орох боломжтой. Дараагийн шатны улстөрчдийг намын залуучуудын байгууллагаас бэлддэг. Тэгэхээр улстөрждөггүй залуус яаж улс төрд орох вэ гэсэн асуудал тулгарна. Үүний тулд заавал дээрх бүтэц рүү орно. Гэтэл бүтэц нь ялзарчихсан. Бие дааж улс төрд орсон хүмүүсийн туршлага тааруу. Улс төрд ороод ч олигтой юм хийж чадалгүй, дөрвөн жил зүгээр суудаг. Бие даагчид албан бус бүлэг үүсгэх хэмжээний буюу 10-аас олноор сонгогдоход тодорхой хэмжээний өөрчлөлт, салхи орж магадгүй. Залуучуудын нэлээд том, бие даасан давлагаа гараад ирээсэй, шинэ сөрөг хүчнүүд рүү илүү ороосой гэж боддог. Гэхдээ энэ нь 100 хувь зөв биш байж магадгүй.
УЛСТӨРЧИД ХЭНД Ч ХЭЛЭЛГҮЙГЭЭР ДОЛОО ХОНОГ ГЭР ХОРООЛЛЫН ГУДАМЖААР АЛХААД ҮЗЭЭСЭЙ
-Монголын залуучуудыг төлөөлдөг Монголын залуучуудын холбоо гэдэг байгууллага байдаг. Энэ байгууллага ер нь хэрэгтэй юү?
-Ийм байгууллага хэрэгтэй. Гэхдээ өнөөгийн арчаагүй, хараат, улстөржсөн байгууллага бол биш. Харин статусыг нь муулж болохгүй. Монголын залуучууд байгаа цагт ийм байгууллага, холбоо ажиллах ёстой. Гэтэл одоогийн холбоо бол байшингаа түрээсэлдэг, баахан медаль тараадаг л байгууллага. Аль нам засаг барина, тэр намын хүмүүс Монголын залуучуудын холбоонд очиж, байшинг нь эзэмшдэг. Залуучуудад чиглэсэн шинэлэг зүйл хийдэггүй, дандаа улстөрждөг, эсвэл амьдралаас тасархай юм ярьдаг. Хэдэн мянган монгол залуус талбай дээр гараад, үзэл бодлоо илэрхийлэхэд Монголын залуучуудын холбоо хаана байв. Залуучуудыг гүтгээд, гутаан доромжлоод, хулхийг нь унагааж байхад яагаад нэг ч үг дуугараагүй юм.
-Залуус жагссан өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Монголын залуучуудын холбооны байр, газрын ашиглалттай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, холбогдох арга хэмжээг авна гэж мэдээлж байлаа.
-Холбооны байрыг авах нь нэг мангасын амнаас гаргаад, нөгөөгийн аманд оруулна гэсэн үг. Тийм ч үр дүнтэй арга биш. Бас эмнэлэг болгоно гээд байгаа нь ч ухаалаг санаа биш. Улс эмнэлгээ барих ёстой биз дээ. Түүнээс биш холбооны байрыг эмнэлэг болгосноор Монголын эрүүл мэндийн салбарын асуудал шийдэгдэхгүй. Харин холбооны бүтцийг сайжруулаад, байрыг нь зөв ашиглах ёстой.
-Нийгмийн сүлжээнд та нэлээд идэвхтэй байдаг. Ялангуяа хүмүүсийн амьдрал, хотын захын хорооллынхны нөхцөл байдлын талаарх бичвэрүүд тань нэлээд олон хүнд хүрсэн. Тэдгээрээс нийслэлчүүдийн амьдрал улам доройтоод, хүндрээд байна уу даа гэж харж байлаа.
-Нэгт, амьдрал амаргүй, хүнд байгаа. Хоёрт, бүр хүнд болно. Уг нь аль хэдийн бүр хүндэрчих байсан. Гэвч эрх баригчид сонгуулиа бодоод, хавтгайруулсан халамжийн бодлогоор угжаад, торгоогоод байна. Энэ бол хамгийн аюултай. Иргэдийн амьжиргаа доройтохоос ч илүү аюултай. Тархины, сэтгэлгээний ядуурлыг бүр аюулын хэмжээнд хүргэчихлээ. Удахгүй бүр их аюул дагуулна. Яагаад гэвэл төр иргэдийг үүрд мөнх халамжаар угжиж чадахгүй. Цар тахлын үед буюу 2020 оноос эхлээд УИХ-ын, орон нутгийн, Ерөнхийлөгчийн гэсэн гурван сонгууль боллоо. Эрх баригчид эдгээр сонгуульд үнэмлэхүй ялахын тулд халамжийг хавтгайруулсан. “Ковид”-ын нэрээр 300 мянган төгрөг өглөө. Мөн саяхан нэг сая хүртэлх төгрөгийн цалинтай хүний нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцааж өгөхөөр боллоо. Энэ мөнгө хүмүүсийн амьдралд нэмэргүй, бодитой шийдэл ч биш. Тал тор хүнс авч хүрэхгүй 50 мянган төгрөг өгөхийн тулд 172 тэрбум төгрөг буюу 172 “Ид шидийн орон” барих мөнгийг зүгээр л хог болгож байна. Энэ бүхэн чинь хүмүүсийг хорлоод л байгаа хэрэг юм. Халамж биш, хорлол.
-Төр халамжийн бодлогоо зогсоох нь зүйтэй гэж үзэж байна уу?
-Халамж авахаас өөр аргагүй зорилтот бүлгээ маш сайн тодорхойлох ёстой. Тэдэнд зориулсан халамжийг нэмэх хэрэгтэй. Энэ нь маш бага хувийг эзэлнэ. Үлдсэн бүх халамжийг зогсоох ёстой. Тэгж байж хүмүүсийн толгой ажиллаж, хөдөлмөр хийх ёстойгоо ойлгоно. Гар, хөл, мөч бүрэн, ухаан санаа, оюун саруул цагт би ямар ч байсан ажил хийгээд, амьдрах ёстой гэдгийг хүмүүст ойлгуулах шаардлагатай. Гэтэл өнөөдөр “Би энэ намыг дэмжээд байвал хорооны хэсгийн ахлагч надад гурил, будаа өгөөд, ямар ч байсан өлсгөхгүй нь” гэж боддог хүн сүрэг бий болгоод байна. Энэ бол үндэстнийг оюун санааных нь хувьд ядууруулж, гутаах буруу бодлого. Төр, засаг үүнийг мэдэхгүй гэж бодохгүй байна. Харин улс төрийн сонирхлоор иргэдийг халамжаар барьж, сонгуульдаа ашиглаж байгаа.
Бид “Ковид”-ын үед хүнсний аян өрнүүлж, хүнд нөхцөлтэй, ахуйн өлсгөлөнд өртсөн хүмүүст чиглэсэн зөндөө ажил хийсэн. Гэтэл дунд оврын жийп, “Приус” машинтай, боломжийн хувцас хунартай, хорооноосоо 5-8 төрлийн халамж авдаг хүмүүс ирж, яг гэдэс нь өлсөж буй хүүхдийн будааг булаах гээд дугаарлаад зогсож байлаа. Тэгээд “Манайх нэн ядуу өрх байхад яагаад надад өгөхгүй байгаа юм бэ” гэж хэрүүл хийх жишээтэй. Яаж ч харсан тэр хүн нэн ядуу биш, боломжийн амьдралтай. Гэтэл нөгөө талд нь жинхэнээсээ өлсөж буй хүүхдүүд бий. Үнэхээр хүнд нөхцөлд амьдардаг, аяны талаар олж мэдэх боломжгүй, фэйсбүүкийн пост олж харах ухаалаг утасгүй, бүртгэлгүй, хороо нь мэдэхгүй хүн олон байна. Нүдээ олоогүй, хавтгайрсан халамжийн гай нь энэ.
-Гэтэл улстөрчид, төрд ажиллаж байгаа зарим хүний ярихыг сонсохоор вакум орчинд орчихсон нь анзаарагддаг. Монголчууд маш бага мөнгөөр хүнсээ авч байна, бараг бүгдээрээ сайхан, хангалуун амьдардаг гэх мэтээр бодит байдлаас хол тасархай зүйлс ярьдаг. Тэд иргэдийнхээ амьдрал руу орж, өнгийж харахгүй байна л даа.
-Улстөрчдийг бүх түвшинд баг, нам нь вакум орчинд оруулчихаад байгаа юм. Хороон дээр очсон ч үзэх харах зүйлсийг нь бэлдчихдэг. Үүний оронд улстөрчид хэнд ч хэлэлгүйгээр долоо хоног гэр хорооллын гудамжаар алхаад үзээсэй. Хувь хүнийхээ хувьд алхах нь биед сайн гэж бодоод, хөнгөн хувцсаа өмсөөд яваад үзэх хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө ойлгоно. Би ийм арга хэмжээ зохион байгуулдаг. Баянхошуунаас Шархад хүртэл алхдаг маршрут надад бий. Энэ хооронд дөрвөн дүүрэг, нэг хогийн цэг, хоёр оршуулгын газраар дайраад, найман цаг алхдаг юм. Алхаж байхдаа их олон зүйлтэй тааралддаг. Ус аваад явж буй хүнтэй танилцаад, ярилцахаар хүчирхийлэл дунд амьдардгаа хэлэх жишээтэй. Настнууд хүртэл хүчирхийлэлд өртөж байна. Бүх түвшний хүчирхийлэл тэнд бий. Эхлээд ганцаараа алхдаг байлаа. Дараа нь олон нийтэд зарлаад, 20 гаруй хүн дагуулаад алхсан. 70-80 залуусыг дагуулаад алхсан тохиолдол ч бий. Хамт алхсан хүмүүс орой нь маш гүн сэтгэгдэл хэлж байлаа. Үнэхээр нүдээ нээлээ, маш их цочирдлоо, сонин юм харлаа гэдэг. Тэгэхээр зөвхөн улстөрчид биш, энгийн иргэд хүртэл вакумжиж байгаа. Яагаад гэвэл бидний өдөр тутмын амьдралын тойрог маш жижигхэн. Ихэвчлэн ажил, гэрийн хооронд амьдардаг. Тэгэхээр бусад газрын амьдралын талаар сайн мэдэхгүй шүү дээ. Үүнд энгийн хүмүүсийг буруутгаж болохгүй. Харин улстөрчид бол өөр. Тэд хүмүүсийн амьдралыг өөрчилье, биднийг төлөөлөн асуудлыг шийдье гэж сонгогдсон. Тийм учраас вакум орчинд байж болохгүй. Хөрсөн дээрээ сайн буух хэрэгтэй. Гэтэл хөрсөндөө бууна гэхээр жүжиг тоглоод эхлэх юм. Гэнэт нэг айлд орж лайв хийдэг. Эсвэл гэнэт автобусанд суух жишээтэй.
ЭХ ОРНООСОО ЗУГТАЖ БИТГИЙ ЯВААСАЙ Л ГЭЖ БОДДОГ
-Иргэдийн амьдрал, нийгмийн нөхцөл байдал бүр илүү хүндэрнэ гэж та өмнө хэлсэн. Угаасаа л хүнд байна шүү дээ.
-Сүүлийн 2-3 жилийн буруу бодлогын уршгийг бид өдгөө амсаж байна. Аль хэдийн Монголын эдийн засаг, хүмүүсийн амьдрал ч тартагтаа тулсан. Үүнийг өр зээл, халамжийн бодлогоор аргацаагаад байгаа. Тав хоногийн дараа хоолгүй болох атал өнөөдөр тавган дээр нь юм тавиад “Амьдрал сайхан болно оо” гэдэгтэй адил юм хийж буй. Жишээ нь, мөнгө хэвлэж 300 мянган төгрөг тараасан байгаа биз дээ. Мөнгийг хэвлэсний дараа инфляц өснө. Өнөөдөр үнэ өсөөд байгаагийн шалтгааныг бид тэр 300 зуун мянган төгрөгийг авахдаа бий болгочихсон. Цахилгаан, усны мөнгийг яагаад бүгдийг нь хямдруулсан юм бэ. Хаустай айлын шалны халаалтын цахилгааны зардлыг хүртэл төлсөн. Гэтэл өдгөө усны үнэ хоёр дахин нэмэгдчихлээ. Өмнөх үйлдлийнхээ горыг л амсаж байгаа хэрэг шүү дээ. Одоо иргэдэд өгөх нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг дараа нь бүгд нийлээд төлнө. Энэ мэт нөхцөл байдлыг монголчууд одоо жаахан ойлгож буй байх. Яагаад гэхээр бид банкнаас дээд тал нь 300 доллар авах боломжтой. Ихэнх банк 100 доллар гэж байгаа. Энэ нь сая доллартой хүнд нөлөөлчихөж байна. Тэгэхээр амин хувиа хичээгээд нэмэр байна уу. Бүгд нэг завинд сууж яваагаа ойлгох ёстой. Монголчууд эдийн засгийн хоригт ороод, манай улсын виза картнууд ажиллахаа болиод эхэлбэл чи баян байгаад яах юм, тийм биз дээ. Түрүүний хэлсэн шиг цаашид нөхцөл байдал бүр хүндэрнэ. Харин ч бүр эртхэн хүндэрч, тартагтаа тулчихмаар байгаа юм. Үүнийг бүгд яс махандаа тултал ойлгох ёстой. Хэдий болтол нүдээ хуурч, зээл, тусламжаар аргацааж амьдрах вэ.
Гэхдээ манайд өөрчлөлт явагдаж байна гэж хардаг. 10 жилийн өмнө анх нийгмийн ажил хийж эхлэх үеийн болон өнөөгийн Монголын хооронд маш том дэвшил гарчихсан. Жишээ нь, иргэд нийгмийн сүлжээг хүний эрхийн төлөө маш сайн ашиглаж байна. Өмнө нь олон асуудал дарагдаад өнгөрдөг байлаа. Харин одоо өдөрт нь гаргаж ирдэг болсон. Мөн анх нийгмийн бүх ажлыг буяны ажил гэж хардаг, ярьдаг байлаа. Харин одоо тэгш боломж, байгууллагын нийгмийн хариуцлага, иргэний оролцоо, үүрэг, сайн дурын ажил, менежмент, төрийн бус байгууллага гээд огт өөр түвшинд ойлгодог болсон. Зөвхөн нэг салбарт ингэж өөрчлөгдөж байгаа. Бидний өмнө дурдаад, хариулт хайгаад буй асуудлууд ч тодорхой хэмжээнд өөрчлөгдөж буй. Өмнө нь салхи оруулдаггүй байсан намууд шинэчлэл хийхийг оролдож, зөв үзэл бодолтой залуусыг элсүүлдэг боллоо. Энэ мэтээр бүх түвшинд өөрчлөлт хийх гэж оролдож буй ч явц нь жаахан удаан байна. Асуудлуудаа шийдэхийн тулд илүү хурдлуулах ёстой. Жаахан хурдлахгүй бол зарим талаар хоцрох нь. Жишээ нь, эдийн засаг хэцүүдэж байна. Үг хэлэх эрх чөлөө, ардчиллаа алдах тал руугаа явж мэдэх нь. Дарангуйллын чанартай зүйлс ажиглагдах боллоо. Зарим дарга “Чөлөөт эдийн засаг байхгүй болсон” гэх мэт аймаар үг хэлсэн. Эдгээр нь хэтэрхий нэг тал руугаа туйлшраад, бид барьж чадахгүйд хүрчихвэл яах вэ гэдэг асуудал бий. Ер нь ийм айдсаар залуучууд жагссан байх. Өт хүртэл өөрт нь хүрэхэд өрвөлздөг гэдэг. Түүн шиг залуус эрх чөлөө, үнэт зүйлээ хамгаалж өрвөлзөөд байна шүү дээ.
-Монголчууд эх орондоо амьдрах арга алга гээд гадаад руу явах нь олширлоо. Тэднийг энд уях орчин алга байна гэх болсон.
-Залуучуудыг гадаад руу бүү яв гэж хэлж чадахгүй. Харин зугтаж битгий яваасай л гэж бодож байна. Би есөн жил гадаадад амьдарч, гурван улсад сургуульд сурсан. Тэр нь надад үр өгөөжөө өгсөн. Тухайн үед сурсан мэдсэн зүйлдээ үндэслэж “Лантуун дохио”, “Ид шидийн орон” зэрэг жишиг болсон төслийг хэрэгжүүллээ. Хайрцгаас гарч, сураад, олон улсын жишигтэй танилцсанаараа арай шинэлэг зүйлс хийж бүтээж чадсан байх гэж найддаг. Тэгэхээр би сурч мэдсэн зүйлээ Монголдоо авчраад наачихаж байгаа юм. Тийм учраас залуучуудыг хөгжиж, боловсорч, сурахын төлөө яваасай гэж боддог.
-Мэдээж улс оронд, залуучуудад тулгамдсан олон асуудал байна. Энэ бүгд ер нь өөрчлөгдөхөөсөө өнгөрчээ гэж итгэлээ алдсан залуус л аргагүйн эрхэд эх орноо орхиход хүрч буй байх л даа?
-Би бол гэрэлтэй талаас нь хардаг. Харамсалтай нь, үнэхээр өөдрөг биш нийгэм байна л даа. Гэхдээ өөрчилнө гэж итгэдэг. Тийм биш бол би ч гэсэн Монголоос явчихсан байгаа. Өнөөгийн нөхцөл байдлыг асуудал гэж хардаггүй. Харин Монголд томоохон өөрчлөлт хийхэд гар бие оролцож байгаа азтай хүн гэж өөрийгөө боддог. Манай улсын хөгжил муу байгаа нь бидэнд залуу насаа илүү утга учиртай өнгөрөөх боломж олгодог гэж ойлгодог. Боломж, давуу тал бидэнд байна. Япон, Өмнөд Солонгос, Америк шиг хөгжил нь нэгэнт ханачихсан, өөрчлөгдөх боломжгүй нийгэмд төрсөн бол залуу хүний хувьд юу хийх вэ. Тийм улсад төрөөгүй, ирээдүйн Монгол ямар байх нь биднээс шалтгаалсан үед амьдарч буй нь харин ч азтай хэрэг. Яг ийм чухал үед зүгээр суугаагүй, “Ид шидийн орон” төслөө хэрэгжүүлж байна. Нийгмийг өөрчилье гэж анх бодож, тэмцэж эхэлснээс хойш 10 жил өнгөрлөө. Өнгөрсөн хугацаанд бидний хийсэн ажил хүмүүсийн нүдэнд ил байгаа. Ямар ч байсан “Ид шидийн орон”-ы жишээгээр бол улстөржихгүйгээр, олон улсын байгууллагаас гуйхгүйгээр, монгол хүний оюун ухаан, оролцоогоор тодорхой хэмжээний өөрчлөлт хийж болдгийг бид харуулсан. Хэн нэгэн нь сайд, дарга болохгүйгээр, заавал бодлого тодорхойлох түвшинд очиж, намд орохгүйгээр нийгмийн өөрчлөлт хийж болдог юм байна. Одоохондоо улсыг хамарч чадахгүй байна л даа. Цаашид “21 аймаг-Ид шидийн орон”-ыг эхлүүлэх ажилдаа ханцуй шамлан орлоо. Сүүлдээ төр, засаг ч үүнийг ойлгож, хүлээн зөвшөөрөөд, бид туршлагаасаа хуваалцаж болдгийг харууллаа. Бүх яам, цагдаагийн байгууллага “Лантуун дохио”, “Ид шидийн орон”-ыг хүлээн зөвшөөрч, хамтарч ажилладаг. Хүн бүрийн явах зам өөр. Би ийм аргаар явна гээд шийдчихсэн. Харин зарим залуусыг улс төрд ороосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Аль болох эрт, ямар нэгэн зүйлд нухлагдаад, айдаст автаж, хэлбэрт орчихоогүй үедээ өөрчлөлт хийх гээд үзээсэй. Тийм залуучууд байвал нам харгалзахгүй дэмжих сэн, хамтрах сан гэж бодож байна.