Гутал, цүнх урлаачдын улсын хоёрдугаар уралдаан саяхан болж өнгөрсөн. Уг уралдааны гутал, цүнхний тэргүүн урлаач буюу нэгдүгээр байрт “Хорол коллекшн” компанийн баг шалгарчээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Х.Солонго Урлах эрдмийн дээд сургуулийг гутал, арьсан эдлэлийн дизайнер мэргэжлээр төгсөн, 2011 онд “Хөөндий” нэрийн гутал үйлдвэрлэж эхэлсэн нэгэн. Анх хоёр хүнтэй байгуулсан цех нь өдгөө тогтмол 45-60 хүн ажиллуулдаг үйлдвэр болон өргөжсөн байна. Тэдний хэрхэн ажилладгийг сурвалжиллаа.
“Хорол коллекшн” компанийн гутал, цүнхний үйлдвэр болох гурван давхар байшин Баянзүрх дүүргийн XIX хороонд бий. Тэнд өнгөрсөн баасан гарагт очиход 45 хүн ажиллаж байв. Боловсруулсан өнгө өнгийн арьс, даавуу, зулхай, каучук зэргийг энд тэндгүй өрсөн, оёдлын болон гутлын машин, тоног төхөөрөмж суурилуулж, цавуу үнэртсэн үйлдвэрийн орчин угтав. Ажилчид нь гурван давхартаа хуваагдан суугаад өөрсдийн үүргээ гүйцэтгэдэг бол бэлэн болсон гоёмсог цүнх, гутал тавьсан өрөөнд дизайнерууд нь бүтээлийн санаагаа гаргадаг юм байна. Гутал үйлдвэрлэхэд гурван дамжлагатай. Эхнийх нь зураг, эсгүүрийн тасгийнхан. Тэд дизайнерын гаргасан загварын дагуу материал дээрээ зурж, эсгүүрээ бэлтгэнэ. Дараа нь бэлтгэсэн материалуудаа нийлүүлэн, залгаж оёно. Эцэст нь бэлэн болсон эхийг төхөөрөмжид оруулж, хэлбэж, уллан сүүлчийн гүйцэтгэлийг хийнэ. Гутал, цүнхний нийт түүхий эдийн 50 орчим хувь нь импортынх аж. Тодруулбал, үндсэн түүхий эд буюу арьсыг дотоодод үйлдвэрлэдэг бол үдээс, тоног, товч, ул зэрэг туслах бүх материал, хээтэй зарим арьсыг ч урд хөрш, эсвэл БНСУ-аас худалдан авна. Өдгөө “Хорол коллекшн”-ыхон эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдэд зориулсан гээд өдөрт 60 орчим хос гутал, сард 300-400 цүнх үйлдвэрлэж буй гэсэн. Хэрэв үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь буюу 60 орчим хүнтэй ажиллуулбал бүтээгдэхүүний гарцаа өсгөх боломжтой аж. Гэхдээ цар тахлын улмаас ачаа тээврийн эргэлт доголдсон, мөн иргэдийн худалдан авах чадвар багассантай холбоотойгоор ажилчдаа ийн цөөлжээ. Х.Солонгоос бүтээгдэхүүнийх нь онцлог, мөн дээр дурдсан улсын уралдаанд шилдгээр шалгарсан бүтээлийнх нь талаар тодрууллаа. Тэрбээр “Бид улсын уралдаанд зохих бэлтгэлээ ханган очоод, хэнд зориулсан гутал, ямар загварын цүнх хийхээ сугалсан. Цаасан дээр загвараа гаргахаас эхлүүлээд бүх дамжлагыг гүйцэтгэн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд найман цаг зарцуулах ёстой байв. Эрэгтэй гутал, ажил хэрэгч эмэгтэйчүүдэд зориулсан гар цүнх хийснээр манай баг түрүүлсэн. Манайх чанар сайтай, чийг татдаггүй, хөнгөн, загвар лаг гутал үйлдвэрлэдэг. Монгол гутал гэхээр л хүнд, уламжлалт хээ хуар шингээсэн байх албагүй гэж боддог. Аль болох орчин үеийн чиг хандлагад нийцүүлсэн, хөлд эвтэй хийхийг зорьдог. Зөвхөн “Хорол коллекшн”-ы гутал өмсөн, цүнх барьдаг хүмүүс бий учраас сурталчилгаа хийгээд байдаггүй. Улаанбаатар болон орон нутагт нийт зургаан цэгээр борлуулдаг” хэмээв.
Дээрх компани гутал, цүнхээ 120 000-180 000 төгрөгөөр борлуулдаг аж. Байгуулагдсан цагаасаа хойш жил бүр 4-5 шинэ загварыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, эсвэл зарим нэр, төрлөө хассаар иржээ. Монголд үйлдвэрлэсэн зарим гутал, цүнхний үнэ өндөр байдаг талаар ярих хүн цөөнгүй. Тэгвэл бүтээгдэхүүний үнийг хямдруулах боломж нь үйлдвэрлэлийн технологийг сайжруулж, үйлдвэрлэх тоо ширхгийг нэмэх явдал гэдгийг Х.Солонго онцолсон. Олон тоогоор гутал, цүнх үйлдвэрлэх тоног төхөөрөмж суурилуулан, нэг бүтээгдэхүүнд ногдох хөдөлмөрийн зардлыг, улмаар үнийг бууруулах боломжтой гэлээ. Түүнчлэн туслах материалыг дотооддоо үйлдвэрлэдэг болбол мэдээж үнэ нь хямдрах аж. Ер нь монголчууд гутал, цүнхийг ямар ч загвар, өнгө, чанартай хийгээд сурсан юм байна. Манай орны эрс тэс уур амьсгалд тохирсон дулаан, өмсөж, эдлэхэд эвтэйхэн бүтээгдэхүүн гаргаад олон жил болжээ. Гэхдээ үндэсний үйлдвэрлэл төдийлөн хөгжихгүй, импортын хараат байдал давамгайлж буйд цөөнгүй шалтгаан бий аж. Тухайлбал, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх, эсвэл дотоодод үйлдвэрлэдэг барааг оруулж ирэхэд өндөр татвар ногдуулбал зохих юм байна. Урд хөршөөс ямар ч татваргүй шахам олон тооны гутал, цүнх авчран, борлуулж буй нь ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд томоохон саад болж байгаа гэнэ. Үүнээс гадна “Хорол коллекшн” компани тоног төхөөрөмжөө сайжруулах, технологи нэвтрүүлэх зээл авахаар Жижиг, дунд үйлдвэрийн газарт хүсэлт гаргасан ч амжилт ололгүй, анхнаасаа л бизнесийн зээл авч үйл ажиллгаагаа явуулж иржээ. Ийм зээл нь тухайн үйлдвэрлэгчийн ур чадвар, нөөц боломжийг харгалзахаас илүүтэйгээр үл хөдлөх хөрөнгийг нь үнэлэх шалгууртай. Тиймээс хэчнээн сайхан санаа гарган, төсөл бичээд ч зээлийн хэмжээ бага, хүү өндөр байдгаас үйлдвэрлэлийн хүчин чадлаа дээшлүүлэхэд хүндрэлтэй гэсэн. Хоёр тэрбум төгрөгтэй бол бүх материалаа татан авч, хангалттай ажиллах хүч бүрдүүлж, гурван сарын хугацаанд бодож санасан бүх загвараа бүтээл болгон, үйлдвэрлээд зах зээлд нийлүүлэх зорилго, хүсэлтэй гэдгээ Х.Солонго хуваалцсан. Ингэж чадвал борлуулсан бүтээгдэхүүний орлого, ашгаасаа дараа дараагийн загварыг илүү чанаржуулж, “өнгөлж”, мөнгө санхүүд санаа зовох явдалгүй болох аж. Мөн үйлдвэрт ажиллах сонирхолтой хүнгүй болсон нь томоохон бэрхшээл болжээ. Ажиллах хүсэлтэй залуусыг эхнээс нь сургаж ажилууллахад цаг хугацаа алдан, зардал нь ч өсдөг байна. Залуус дөнгөж ажилдаа зүгшрэн, гутал, цүнхний дамжлагад ажиллах дөртэй болмогцоо ажлаа хаях нь түгээмэл гэнэ. Тиймээс мэргэшсэн ажилчид, чадварлаг боловсон хүчнийг тогтоон барих нь чухал гэсэн. “Хорол коллекшн”-ы чадварлаг ажилтны нэг нь цүнх, арьсан эдлэлийн дизайнер Б.Наранчимэг. Тэрбээр 2018 онд Урлах эрдмийн дээд сургууль төгсөн, 2020 оноос дээрх компанид ажиллаж буй. Цүнх урлаачдын улсын уралдаанд дизайнераар оролцон, багаараа тэргүүн байр эзлэхэд түүний гүйцэтгэсэн үүрэг багагүй. Тэрбээр “Цүнхний загварыг орчин үеийн чиг хандлага, монгол хүмүүсийн хүсэл сонирхол, хэрэгцээ, цаг уурын нөхцөл зэрэг олон хүчин зүйлийг харгалзан тодорхойлдог. Бид уралдаанд толилуулах цүнхний загваруудаа урьдчилан бэлтгэж, туршилтын журмаар оёж, хийсэн байсан. Учир нь уралдаан үргэлжлэх цаг бага, хийх ажил их учраас бэлтгэх шаардлагатай. Цаашид мэргэжлээрээ илүү мэргэшин, чанартай, ур хийц сайтай бүтээгдэхүүн бий болгохыг хичээж байна” хэмээв.
Сонирхуулахад, манай улсад одоогоор гутлын 120 гаруй цех, үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Тэдгээрт 2019, 2020 онд арьс, ширэн гутал, ботинк нийт 80 000 орчим хосыг үйлдвэрлэжээ. Харин импортоор 2021 онд гэхэд 60 000 орчим хос гутал худалдан авахад 400 000 ам.доллар зарцуулсныг Гаалийн ерөнхий газрын тайлангаас харж болохоор байна. Мөн өнгөрсөн жил БНХАУ болон бусад 20 гаруй улсаас 250 000 ширхэг чемодан, цүнх, үүргэвч худалдан авахад 250 000 ам.доллар төлжээ.