Ашигт малтмал, газрын тосны газраас салбарын хэмжээнд мөрдөж буй журам, заавар зэрэг эрх зүйн зохицуулалтыг аж ахуйн нэгжүүдийг үйл ажиллагаагаа түргэн шуурхай явуулахад чиглүүлэн боловсруулж байгаагаа мэдээлэв. Дээрх газрын даргын тушаалын хавсралтаар Ашигт малтмалын орд ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг хянах, танилцах, санал, дүгнэлт боловсруулах дотоод заавар баталсан тухай өнгөрсөн баасан гарагт мэдээлэв. Төсөл боловсруулагчаас ирүүлсэн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэхээс өмнө танилцаж, холбогдох засварыг хийлгэхэд 2019 онд 4-5 мэргэжилтэн 32, дараа жил нь 5-6 мэргэжилтэн 58, 2021 онд найман мэргэжилтэн 51, энэ жилийн гуравдугаар сарын 14 хүртэлх хугацаанд найман мэргэжилтэн 24 өдөр зарцуулсан дүн гарчээ. Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сарын 14-нөөс хойш нөөцийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн холбогдох засварыг хийлгэж, бусад мэргэжилтэн засвар хийлгэхгүйгээр санал, дүгнэлтээ хяналтын хуудсанд бичдэг болжээ. Ингэснээр ТЭЗҮ- тэй танилцаж, төсөл боловсруулагчаар засвар хийлгэх хугацаа 13 өдөр болж буурчээ. Дотоод зааварт ТЭЗҮ-тэй нийт таван мэргэжилтэн танилцаж, нөөцийн хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн геологийн нөөцийн тулгалт, үйлдвэрлэлийн нөөцийн тооцооллын асуудлаар алдаа гарсан тохиолдолд засвар хийлгэх бөгөөд бусад нь засварт буцаалгүйгээр холбогдох санал, дүгнэлтээ хяналтын хуудсанд тэмдэглэхээр тусгасан аж. Дээрх журамтай АМГТГ-ын цахим хуудаснаас танилцаж, татан авч болох нь.