Улсын хэмжээнд өнгөрсөн пүрэв гаргийн байдлаар 134 246 тонн шатахууны нөөцтэй байсан талаар УУХҮЯ-наас мэдээлэв. Үүнээс А-80 автобензиний 10 724, АИ- 92-ын 45 559, АИ-95-ын 5498, дизель түлшний 69 461 тоннын нөөцтэй байжээ. Энэ нь АИ-92 автобензиний 34, АИ-95-ын 41, А-80-ын 64, дизель түлшний 25 хоногийн нөөц гэсэн үг. Тэгвэл Улаанбаатарын хэмжээнд 68 418 тонн шатахууны үлдэгдэлтэй байв. Үүнээс А-80 автобензиний 2798, АИ-92-ын 26 378, АИ-95-ын 3963, дизель түлшний 32 492 тоннын нөөцтэй байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, АИ-92 бензиний 28, АИ-95-ын 54, дизель түлшний 30 хоногийн буюу хэвийн нөөцтэй хэмээн дурдлаа.
Дээрх хугацаанд баруун бүсэд шатахууны нөөц 12 086, хангайнхад 8414, төвийнхөд 35 126, зүүн бүсэд 6542 тонн байв. Монгол Улс энэ он гарснаас хойш 549.8 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнээс А-80 автобензин 12.8, АИ-92 нь 194.9, АИ-95/98 бензин 11.1, дизель түлш 273, онгоцны түлш 17.6, бусад 40.3 мянган тонныг эзэлсэн аж.