Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Мягмардоржтой ярилцлаа.
-Өдгөө дэлхий нийтэд сэргээгдэх эрчим хүчний төлөв байдал, чиг хандлага ямар байна вэ?
-Дэлхийн эрчим хүчний бүтэц, хангамжийг байгаль орчинд ээлтэй байхаар загварчилж буй. 2050 он гэхэд нийт ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээтэй тэнцэхүйц эрчим хүчийг сэргээгдэх эх үүсвэрээс үйлдвэрлэх буюу “Net zero” (Цэвэр тэг) зорилт хэрэгжүүлэхэд чиглэж байна. Үндсэндээ дэлхийн эрчим хүчний чиг хандлага сэргээгдэх эрчим хүч рүү чиглэсэн гэхэд болно. Өнөөдөр 70 гаруй улс энэ загварчлалд шилжихээр зорилт дэвшүүлсэн бол мөн 50 орон уг зорилтод хүрэх баримт бичиг боловсруулах шатандаа явж байна. Одоогоор дэлхийн эрчим хүчний хэрэглээний 29 орчим хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангаж буй. Тэгвэл ирэх 30 жилд нийт хангамжийн 50-иас илүү хувь нь нар, салхины эрчим хүчинд ногдох төлөвтэй.
Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчинд анхаарч байгаагийн үндсэн шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт, дулаарал. Дулаарлаас үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамжаас гадна өвчлөл ч нэмэгдэж байна. Мөн тухайн хот, орчиндоо эрүүл, аюулгүй, тухтай амьдрах нь чухал үзүүлэлт болж буй. Ерөөс ногоон хотод амьдрах хүсэл ихээхэн нэмэгдэж байна л даа.
-Үүнтэй холбоотойгоор эрчим хүчний шинэ эх үүсвэрийн хөрөнгө оруулалтад өөрчлөлт гарч буй байх, тийм үү?
-Эрчим хүч байгаль орчинд ээлтэй шийдэл рүү хурдацтайгаар шилжиж буйгаас шалтгаалж шинээр байгуулах эх үүсвэрийн хөрөнгө оруулалтын бодлого өөрчлөгдөж байна. Ялангуяа 2015 оны Парисын хэлэлцээрээс хойш их идэвхэжсэн. 2010 онд шинээр байгуулсан эрчим хүчний эх үүсвэрийн хөрөнгө оруулалтын 60 хувийг нь уламжлалт, 40-ийг нь сэргээгдэх эрчим хүчинд зарцуулсан дүн бий. Тэгвэл 2020 онд нийт 303 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын 83 хувийг нь сэргээгдэх эрчим хүчинд зарцуулжээ. 2015 оноос хойш олон улсын хөрөнгө оруулагчид, мөн зарим улс орон, тухайлбал Францын компаниуд нүүрсний станцуудад хөрөнгө оруулахгүй гэдгээ мэдэгдсэн. Хамгийн сүүлд БНХАУ 2021 онд нүүрсний станцад хөрөнгө оруулахаа зогсоож, 2060 он гэхэд “Net zero” зорилтод хүрэхээ зарласнаар дэлхий даяарх эрчим хүчний шилжилтийн хурдцыг нэмлээ.
-Дээрх хэлэлцээрийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд тодорхой үр дүнд хүрэхээр зорьж буй байх аа?
-Эрчим хүчний салбарын эрчимтэй шилжилтийн эхний үр дүн 2030 он гэхэд гарах учиртай. Парисын хэлэлцээрээр улс орнууд 2030 он гэхэд дэлхийн дулаарлыг 1.5 градусаас хэтрүүлэхгүй байх зорилт тавьсан. Найман жил үлдээд байхад өнөөдрийн хэрэгжүүлж байгаа ажлууд хүссэн үр дүндээ хүрэхэд хангалтгүй буйг НҮБ болон олон улсын шинжээчид анхааруулж байгаа. Иймээс улс орнууд дэвшүүлсэн зорилтоо дөрвөн жил тутам сайжруулах арга хэмжээ авч байна. Улс орнууд ямар нэг арга хэмжээ авахгүй, байдал энэ хэвээр үргэлжилбэл 2030 он гэхэд дулаарал дөрвөн градусаар нэмэгдэж, улмаар Хойд мөсөн далай бүрэн хайлах, 760 сая хүний амьдрах орон сууц усанд автах зэрэг эрсдэлтэй бид нэгэнт нүүр тулсан. Ийм нөхцөл байдалд хүрэхгүй байх гол хүчин зүйлсийн нэг нь эрчим хүчнээс ялгаруулж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах явдал юм. Үүнээс гадна тээврийн салбарт ч мөн хурдацтай өөрчлөлтүүд явагдаж буй бөгөөд цахилгаан болон устөрөгчөөр ажилладаг тээврийн хэрэгслийг голлон ашиглах хандлагатай байна.
-Манай улсын хувьд 2030 он гэхэд эрчим хүчнийхээ 30 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс үйлдвэрлэнэ гэж зорьж байгаа шүү дээ.
-Монгол Улс нар, салхины эрчим хүчний асар их нөөц баялагтай. Зөвхөн Монголын говийн нар, салхины нөөцийг ашиглан БНХАУ, ОХУ, Япон, БНСУ-ын жилийн цахилгааны хэрэглээтэй тэнцэхүйц эрчим хүч үйлдвэрлэх боломж бий. Гэвч бид өнөөдөр дотоодын зах зээлийн багтаамж, хэрэгцээ, шаардлагадаа нийцүүлэн сэргээгдэх эрчим хүчээ багахан хэмжээгээр хөгжүүлээд байна. 2022 оны байдлаар Монгол Улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 1580 гаруй МВт байгаа. Үүний 270 МВт буюу 17 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж буй. Харин жилийн нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 11 хувь нь сэргээгдэх эрчим хүчинд ногдож байна. Уг нь дотоодын суурилагдсан хүчин чадалд эзлэх сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг 2023 он гэхэд 20, 2030 онд 30 хувьд хүргэх зорилтыг бодлогодоо тусгасан. Саяхан Дэлхийн банкны санхүүжилтээр 10 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг Ховд аймгийн Мянгад сумд ашиглалтад оруулсан. Мөн баруун бүсэд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд 5-10 МВт-ын хүчин чадалтай нар, салхин цахилгаан станцын хэд хэдэн төсөл хэрэгжүүлж буй. Бас хувийн хэвшлийнхэн нар, салхины төслүүд хэрэгжүүлж байгаагаас харвал 2023 он хүртэлх буюу эхний зорилтдоо хүрэх төлөвтэй байна.
-Сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф өндөр, үйлдвэрлэл нь тогтворгүй гэх мэдээлэл бий. Энэ талаар юу хэлэх вэ?
-Сүүлийн хэдэн сар сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой хар, бараан мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр их цацагдаж байна. Нэг нь сайд болмоор санагдаад байж сууж чадахгүй байгаа юм байлгүй дээ. Хувиа л бодохоос, улсаа гэх сэтгэл ямар байх биш. Угаасаа эрчим хүчний салбарт сэргээгдэх эрчим хүчнээс өөр ярих сонирхолтой, поп сэдэвгүй болчихоод байгаа. Засгийн газар нь томоохон эх үүсвэр барина гэж тогтоол гаргачихаад 20, 30 жил болдог улс Монголоос өөр байхгүй л болов уу. Сайхан хүмүүс болж харагдах гэж хүчээр алдагдалтай үнээр цахилгаан нийлүүлж, эрчим хүчний салбараа хэдэн тэрбумаар нь алдагдалд оруулчихсан. Сэргээгдэх эрчим хүчний ачааллаа иргэдийн нуруун дээр тохчихоод, бүх бурууг нь сэргээгдэх эрчим хүчинд чихээд сууж байна шүү дээ. Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хоёр гол тулгамдсан асуудал байна. Нэгдүгээрт, үнэ тариф. Анх 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль батлахдаа тарифыг ам.доллароор тогтоож, 10 жилийн хугацаанд хатуу мөрдөхөөр тусгасан. Тухайн үед нэг МВт хүчин чадалтай нарны станц байгуулахад 8-10, салхин станц барихад 4-6 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байсан. Харин бид хуульдаа дамжуулах сүлжээнд нийлүүлэх тарифыг нэг кВт/ц тутамд нарны цахилгаан станцаас 0.15-0.18, салхины станцаас 0.08-0.095 ам.доллар байхаар тусгасан. Үүнийг хууль батлагдсан тухайн өдрийн ханш буюу нэг ам.долларыг 1165 төгрөгөөр тооцож үзвэл нарны цахилгаан станцаас нийлүүлэх эрчим хүчний үнэ 170-200, салхин станцынх 93-110 төгрөг байлаа. Харамсалтай нь, төгрөгийн ханш жилээс жилд суларсаар өнөөгийн тарифын зөрүүг бий болгоод байна. Төгрөгийн ханш тогтмол суларч буй тул хэрвээ сэргээгдэх эрчим хүчний тарифыг хуульд төгрөгөөр тусгавал хэн ч хөрөнгө оруулахгүй. Хэрэв төгрөгийн ханш унаагүй байсан бол сэргээгдэх эрчим хүчний тарифын зөрүү асуудал биш байх байлаа.
Хоёрдугаарт, горим тохируулга буюу тогтвортой үйлдвэрлэл, хангамжийн асуудал. Эрчим хүчний салбарт шинээр эх үүсвэр байгуулахад өмчлөлөөс үл хамааран Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны холбогдох хурлуудаар ТЭЗҮ хэлэлцүүлж, дэмжүүлэх, мөн “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-иар горимын тооцоо хийлгүүлэх зэрэг олон үе шат бүхий процессыг давж, нарны цахилгаан станцын төслүүд 3-4, салхин цахилгаан станцын хувьд 6-10 жилийн хугацааг төсөл хөгжүүлэлтийн үе шатанд зарцуулж байна. Энэ бүх үе шатанд нарны станцуудын хувьд нартай үед хэдий хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх, наргүй үед ажиллахгүй, салхин станцуудын хувьд салхины хурднаас хамаарч үйлдвэрлэлийн хэлбэлзэл ямар байх зэрэг таацыг боловсруулж, улмаар дээрх байгууллагуудаар батлуулдаг. Тэгэхээр гэнэт төсөл “гарч ирээд”, салбарыг хүндрүүлээд байгаа мэт ярих нь зохимжгүй. Өмнө хэлсэнчлэн улс өөрөө төлөвлөсөн бүтээн байгуулалтуудаа хийж чадаагүй. Харин хувийн хэвшлийнхэн төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлсэн.
-Ирэх жил эрчим хүч хязгаарлах нөхцөл байдал үүссэн тухай салбарын сайд хэлсэн. Цахилгааны нийлүүлэлтийг хэвийн байлгах ямар шийдэл байж болох вэ?
-Салбарын сайд бодит байдлыг маш тодорхой хэлж байгаа. Ирэх өвлөөс эхлээд бид маш хүнд нөхцөл байдалтай нүүр тулна. Хэдхэн сарын дотор шинэ эх үүсвэр барьж чадахгүй нь тодорхой. Иймээс тодорхой хязгаарлалт нэмэгдэх байх. Энэ бол эрчим хүчийг үнэгүйдүүлсний, улстөржүүлсний үр дүн.
Салхин цахилгаан станцуудын хувьд өвлийн улиралд оройн оргил ачааллыг хангахад хувь нэмрээ оруулж байгаа. Энэ тухай хэлж, дурдаж буй хүмүүс байхгүйг бодоход сэргээгдэх эрчим хүчний талаар сайн зүйл ярихгүй байх даалгавар авдаг биз. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд оргил ачааллын 4.4-10.2 хувийг хаахад салхин цахилгаан станцууд хувь нэмрээ оруулсан. Энэ хэрээр ОХУ-аас авах импортын хэмжээг бууруулах, эсвэл хэрэглэгчдийн цахилгааныг хязгаарлахаас хамгаалсан гэсэн үг. Мөн цар тахлын үед цахилгааны төлбөрийг хөнгөлж, чөлөөлөх үед эрчим хүчний ачаалал эрс нэмэгдсэн. 2020 оны арванхоёрдугаар сарын дунд үеийн долоо хоногт нийт хэрэглээний 15 орчим хувийг нар, салхины цахилгаан станцууд хангасан дүн бий.
Цаашид шинээр барьж буй томоохон хотхон, үйлчилгээний төвүүдийн хэрэглээг, ялангуяа 17-22 цагийн хооронд эрэлтийн тодорхой хэсгийг зай хураагууртай нарны эрчим хүчний системийн шийдэл ч юм уу ашиглан ачааллыг бууруулахад анхаарах нь чухал. Жишээлбэл, “Этүгэн” их сургуулийн нэгдүгээр байр нэг давхрынхаа цахилгаан хэрэглээний 60-70 хувийг нарны эрчим хүчээр хангаж байна. Энэ мэт хэмнэлтийн чанартай, тодорхой ачааллаа өөрөө даасан шийдлүүд богино хугацаандаа бидэнд аминд орох байх.
Цаашид том чадлын эх үүсвэрүүдийг байгуулна гэдэгт эргэлзэж байна. Монголд том цахилгаан станцууд бариулахгүй байх сонирхол их байх шиг. Иймээс эх үүсвэр байгуулах боломжоор хувийн хэвшлийнхнээ хангах нь зүйтэй. Усан цахилгаан станц, усан цэнэгт цахилгаан станц, батарей нөөцлүүрийн төслүүдийг хувийн хэвшил богино хугацаанд хэрэгжүүлж чадна. Гэвч эргээд тарифтай холбоотой асуудал үүснэ. Ер нь сэргээгдэх эрчим хүч үнэтэйд асуудал байгаа юм биш. Монголд ямар ч эрчим хүчний эх үүсвэр шинээр байгуулсан өнөөдрийн бидний мөрдөж буй тарифаас өндөр үнээр нийлүүлнэ.
-Цаашид манайд мөрдөж буй сэргээгдэх эрчим хүчний тариф буурах болов уу?
-Буурна, гэхдээ төгрөгийн ханшийн нөлөө их байна. Жишээлбэл, одоо эрчим хүч нийлүүлж буй нарны цахилгаан станцын төслүүд голдуу 12-15 жилийн гэрээтэй. Хуульд цахилгаан худалдах, худалдан авах гэрээг тухайн төслийнхөн хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай уялдуулна гэж заасан байдаг. Тэгэхээр гэрээнийх нь хугацаа дуусахад хамгийн хямд эрчим хүчийг үйлдвэрлэж магадгүй. Өөрөөр хэлбэл, бусад эх үүсвэрийн адил тарифтай болох байх. Нарны цахилгаан станцын эхнийхийг ашиглалтад оруулаад хэдийн таван жил өнгөрөөд байна. Үүнээс гадна ирээдүйд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн хувьд өмнө байгуулагдсан станцуудаас хямд тарифаар эрчим хүч нийлүүлэх болов уу. Эрчим хүчний зохицуулах хороо хөгжүүлэлтийн шатанд яваа төсөл хэрэгжүүлэгчидтэй тарифын хэлэлцээ хийж байгаа гэж сонссон.
-Манайд эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулах хөрөнгө оруулалт дутмаг шүү дээ.
-Баруун бүсэд бага чадлын сэргээгдэх эрчим хүчний хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа, 10 МВт-ын хүчин чадалтай нарны станцыг Ховдын Мянгад сумд саяхан ашиглалтад оруулсныг дээр дурдсан. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 80 МВт-ын чадалтай батарей нөөцлүүрийг Улаанбаатарын баруун хэсэгт байгуулахаар төлөвлөсөн. 2025 оны хавьцаа ашиглалтад оруулах болов уу. Үүнээс гадна БНХАУ-ын зээлээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, хувийн хэвшлийн санхүүжилтээр Тавантолгойн цахилгаан станц барих төсөл хэрэгжүүлэхээр байна. Хэр ахицтай байгааг нь сайн мэдэхгүй юм. Гэхдээ энд нэг зүйлийг онцолмоор байна. Цар тахлын үед иргэдийн цахилгааны хөнгөлөлт, чөлөөлөлтөд бараг нэг их наяд төгрөг зарцуулсан тухай мэдээ уншсан. Энэ бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, эсвэл Тавантолгойн станцыг ямар ч өр зээл тавилгүйгээр барьчих хөрөнгө шүү дээ. Хэрэв бид энэ мөнгөөр аль нэг станцаа байгуулчихсан бол 4-5 жилийн дараа иргэддээ ямар ч татаасгүй үнээр хямд цахилгаан нийлүүлэх боломж бүрдчих байв. Станцыг өр зээлгүйгээр барина гэдэг бол маш том боломж. Гэвч үүнд зарцуулж болох байсан хөрөнгийг халамж болгоод тараачихжээ. Ер нь эрчим хүчний салбарын тэргүүн зорилго нь хэрэглэгчдийг чанартай, найдвартай цахилгаанаар хангах юм. Өдгөө гэтэл үүнийгээ ч биелүүлж чадахгүй салбар болжээ.