Адууны асрамжийн газар үүсгэн байгуулагч Б.Наранбадрахтай ярилцлаа. Өв соёлоо дэлгэрүүлж, аялал жуучлалаа хөгжүүлэх зорилготой тэрбээр “Монгол адууны диваажин” хөтөлбөр боловсруулжээ. Уг хөтөлбөр нь монгол адуу, уламжлалт өв соёлоо хамгаалахад чиглэсэн аж.
-Яагаад адууны асрамжийн газар байгуулж, бас уг амьтныг хамгаалах хөтөлбөр санаачлах болов гэдгээс ярилцлагаа эхэлье.
-Энэ асуултад хариулахын тулд монгол хүнийг дэлхий нийт хэрхэн хардаг вэ гэдгийг ярих нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, дэлхий дахин монгол хүнийг морьтойгоо тал нутагт давхиж байгаагаар төсөөлдөг. Гэтэл манай улсад адуутай холбоотой нэгдсэн бодлого байдаггүй. Мал хулгайлсан гэмт хэрэг манайд цөөнгүй гардаг. Энэ төрлийн гэмт хэргийн 54 хувь нь адууны хулгай байдаг гэсэн баримт бий. Манай улсад адуугаа хулгайчид алдаагүй малчин гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, малын хулгайгүй болж байж энэ хөтөлбөр бүрэн утгаараа хэрэгжих таатай нөхцөл бүрдэнэ. Намайг МҮОНТ-ийн нэвтрүүлгээс харсан гээд Хэнтий аймгаас нэгэн өвөө холбогдсон. Өвөөгийн 100 гаруй адууг гэрийнх нь хажуугийн жалганд нядлаад, зугтаахад өвгөн мотоциклоор дагасан юм билээ. Харин хулгайч өөдөөс нь буудсан байгаа юм. Ингээд тэр өвгөн хохирогч болоод үлдсэн. Төд удалгүй тэр өвгөний хоёр хөрш бүх малаа зарж, нэг нь аймаг, нөгөөх нь хот руу нүүжээ. Өөрөөр хэлбэл, тэр өвгөн шиг адуугаа хулгайд алдахаас айсандаа хэдэн малаа зараад, суурин газар бараадсан тухай гунигтай түүх ярьсан. Хотжих хөдөлгөөн их байна хэмээн дарга нар ярьдаг ч малын хулгайгаас айсан малчид суурин газар бараадаад байгааг ойлгодоггүй. Энэ мэт гашуун түүх малчдад цөөнгүй тохиолддог нь нууц биш. Хулгайчдад ганц, хоёр адуугаа алдах нь хэвийн үзэгдэл болсон. Ийм асуудлууд байгаа учраас нэгдсэн бодлого хэрэгтэй юм.
“Монгол адууны диваажин” хөтөлбөрийг төрөөс дэмжин баталж, хэрэгжүүлснээр энэ асуудлыг шийдэх боломжтой. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүжилт, хөрөнгө оруулалт шаардлагагүй. Зах зээлийн аргаар шийдэх боломжтой. Уг хөтөлбөр нь дотроо долоон дэд хөтөлбөртэй. Үүнээс хоёрыг нь чухалчилж ярья. Нэгдүгээрт, адууны хулгайг зогсоох дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хулгайг зогсоох гол шийдэл нь адууг нядалгаанд өгөхийг төрөөс нэгдсэн шугамаар хорих шийдвэр гаргах юм. Нядалгаанд өгөхийг хориглохоор адууны махны эрэлт ихэснэ. Уг асуудлыг малчин, худалдан авагч хоёрыг холбосон аппликэйшн бүтээснээр шийдэж болно. Аппликэйшнийг ашигласнаар иргэд худалдаачнаар дамжуулж мах авах шаардлагагүй. Жишээлбэл, өвлийн идшиндээ адууны өрөөл мах авах сонирхолтой байлаа гэж бодоход аппликэйшнд бүртгүүлээд, Дорж гэдэг малчнаас шууд худалдан авна гэсэн үг. Малчны хувьд энэ миний адуу гэдгээ батлаад, мах нь чанарын шаардлага хангасан бол хэрэглэгчдэд шуудангаар хүргэнэ. Таны таваг дээрх мах хэн гэдэг малчны, ямар адуу вэ гэдгийг буюу гарал үүслийг тодорхой болгоно. Ингэснээр адууны хулгай гарахгүй. Нөгөө талдаа малчид адуугаа худалдаачдад хямд өгч байхаар шууд хэрэглэгчдэд хүргэвэл хэн хэндээ ашигтай. Хоёр дахь нь хот, суурин газар байгаа хүүхэд бүрийг морьтой болгох “Нэг морь, нэг эзэн” дэд хөтөлбөр юм. Тодорхой хэлбэл, Монголын хүүхэд бүр өөрийн гэсэн морьтой болох боломжийг нээж өгнө.
-Хүүхдүүд яаж морьтой болох вэ?
-Сүүлийн жилүүдэд номхон морины эрэлт ихэссэн. Өөрөөр хэлбэл, морь унах сонирхолтой залуусын тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Гэтэл хот, суурин газрын ойролцоо номхон морь ховор. Энэ асуудлыг дээрх аппликэйшнээр дамжуулж шийдэх юм. Иргэд аппликэйшнээ ашиглаад номхон адуу худалдан авч болно гэсэн үг. Ингээд зах зээлийн хуулиар эрэлт ихсэхээр малчид хот руу ойртож, иргэд номхон адуу авах боломж бүрдэнэ. 100 хүүхэд номхон морьтой болчихвол тухайн адуун сүргийг нэг дор хариулж, жүчээ барих асуудлыг холбогдох албаныхан шийдэж болох юм. Тухайлбал, хотын суурьшмал бүсээс 30 км-т номхон адууны бүс байгуулж болно. Ингэснээр хот, суурин газрын иргэд хүүхэдтэйгээ агаарт гарахын зэрэгцээ адууны өв соёлтой танилцана. Монголын ирээдүй болсон хүүхдүүд утсанд донтохоо больж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, амралтын өдрүүдээр адуутайгаа хамт байна. Өөрөөр хэлбэл, монгол ахуйгаар хүүхдээ хүмүүжүүлэх буюу амьдралын шинэ хэв маягт суралцуулах боломж нээгдэнэ гэж ойлгож болно. Номхон морины эрэлттэй холбоотой нэг жишээ дурдахад, хоёр жилийн өмнө Өмнөд Солонгосоос 1000 оюутан Монголд ирэхээр төлөвлөж, морь унах захиалга өгсөн ч тийм олон номхон морь олдоогүй. Улмаар захиалгаа цуцалсан. Тэгвэл бид энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, гадаадын жуулчдыг татах бүрэн боломжтой.
-“Нэг морь, нэг эзэн” дэд хөтөлбөрийг зөвхөн хотын ойролцоо хэрэгжүүлэх үү?
-Аймаг, сумуудад хэрэгжүүлэх боломжтой. Орон нутагт номхон морь олон болохоор жуулчдыг татаж, морь унахыг зааж, сургаж, аялал жуучлалын салбараа хөгжүүлж болно. Дэлхийд моринд үнэхээр хайртай, морь унаж үзэх сонирхолтой 200 сая хүн бий гэсэн судалгаа байдаг. Мөн морин тойруулгад морь унаж уралддаг жижиг биетэй “жокей” гэж нэрлэгддэг 4.5 сая орчим хүн бий. Энэ эрэлтийг дагаад аялал жуучлалаа дэмжих үүднээс түмэн адууны парад зохион байгуулах нөөц бидэнд бий. Монголчууд морьтойгоо нөхөрлөдөг гэдгийг дэлхийд сурталчлах цаг болсон. Үүний тулд дэлхийн алдартай жүжигчдээр дамжуулж, монгол адууны өв соёлоо түгээх шаардлагатай.
-Цахим орчинд адууг зүй бусаар нядалсан, нүд халтирам болгосон зэрэг дүрс бичлэг, зураг их цацагддаг. Үүнийг харсан жуулчид ирэхгүй болов уу?
-Адууг зүй бусаар нядалдаг нь бидний сул тал. Хэрэв уг мэдээллийг гадаадын иргэд үзвэл монгол адууг сонирхож ирэхгүй нь ойлгомжтой. Ийм учраас л нядалгааг нэгдсэн журмаар хориглох хэрэгтэйг дээр дурдсан.
-Та уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт шаардлагагүй гэлээ. Яагаад?
-Дээр дурдсанаар шийдэгдэх асуудал. Малчин болон хэрэглэгчийг холбосон аппликэйшнийг ХХААХҮЯ хариуцан гаргаж болно. Харин түмэн морины парадыг зохион байгуулахад санхүүжилт болон хөрөнгө оруулалт шаардлагатай. Дэлхийн хэмжээний үйл ажиллагаа жилд ганцхан удаа зохион байгуулах учир улсаас дэмжлэг авах нь зүйтэй болов уу. Одоогоор ямар нэг байгууллагаас хөрөнгө оруулалтгүйгээр өөрийн хэмжээнд л хөтөлбөрөө ажил болгохоор зүтгэж явна.
-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаа хэрхэн төрж байв?
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санааг би бодож олоогүй юм. Говь-Алтай аймгаас нэг танихгүй эмээ надтай утсаар холбогдож, гол агуулгыг нь хэлж өгсөн. Үнэхээр сонин. Ер нь малчид надтай байнга холбоотой байдаг. Эмээгийн ач нь Японд суралцдаг. Амралтаараа япон оюутнуудыг дагуулж Монголд ирээд, морь унуулдаг тухай надад хэлсэн. Миний яриад буй энэ хөтөлбөрийг жирийн нэг монгол айл аль хэдийн хэрэгжүүлээд эхэлсэн. Өөр нэг сонин зүйл нь гадаад иргэнд унаж явсан морийг нь бэлэглэтэл “Хайрлаад, мордохгүй хөтлөөд яваад байсан” хэмээн эмээ ярьсан юм.
-“Монгол адууны диваажин” хөтөлбөр залуучуудад ямар ач тустай вэ. Ямар үр дүн хүлээж байгаа бол?
-Ойрын болон холын төлөвлөгөөтэй. Ойрын таван жилийн хугацаанд адууны бойг зогсоох шийдвэрийг төр, засгаас нэн тэргүүнд гаргуулах хэрэгтэй. Ингэснээр адууны мах, айраг, цагаан идээний худалдааг аппликэйшнээр дамжуулж хэрэглэгчдэд хүргэх боломж нээгдэнэ. Өдгөө малчид чанарт биш, тоонд анхаарч малаа өсгөдөг нь анзаарагддаг. Энэ нь мянгат малчин гэдэг цол тэмдэгтэй шууд холбоотой. Иймд энэ хэрэггүй цолыг хасах нь чухал. Хөтөлбөр нь залуучууд болон өсвөр насныханд зориулагдсан. Төр залуучуудын эрүүл амьдрал болон сэтгэцийн эрүүл мэндийг анхаараагүй үлдээсэн юм шиг санагддаг. Бид энэ хөтөлбөрөөр дамжуулж шинэ амьдралын хэв маягийг хэвшүүлнэ. Хамгийн гол нь уламжлалт өв соёлоо сэргээн дэлгэрүүлж, дэлхий дахинд таниулах гэсэн гол агуулгыг баримталж, хэрэгжүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж буй. Тухайлбал, бидний багад нэг адууг зүсэлж, түүнтэйгээ нөхөрлөж, мал, амьтныг хайрлах ухаанд сургаж өсгөдөг байв. Үүнтэй адил энгийн зүйлсээс эхэлнэ. Мөн өвөл мах, хавар борц зун, намар цагаан идээгээ иддэг байхад монголчуудын дунд хавдрын өвчлөл өнөөгийнх шиг их байгаагүй. Иймд уламжлалт хоолны соёлоо сэргээж, эрүүл чийрэг байх нь юу юунаас чухал. Үүнийг л эдийн засгийн зөв системээр хөгжүүлж чадвал монголчууд эрүүлжих чухал ач холбогдолтой.
-Адууг хайрлаж, хүндэлдэг хүний тань хувьд нэг зүйлийг онцолж асууя. Сүүлийн үед монгол адууг эрлийзжүүлэх замаар хурдан удмын унага гарган авдаг болжээ. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Монгол адуутай холбоотой харамсалтай, бас гунигтай түүх ярья. Монголд эрлийз адууг тусад нь нэг төрөл зүйл болгон малладаг болсон. Нэг араб азаргыг 300 сая төгрөгөөр худалдан авахын тулд, өөрөөр хэлбэл, мөнгө олох зорилгоор 300, 400 адууг нядалгаанд өгдөг. Энэ бол үнэхээр гунигтай явдал. Монголд идээшдэггүй эрлийз адууг худалдан авахын тулд маш олон хүлгээ зүй бусаар, зүрх шимшрэм байдлаар нядалж байна. Монгол адууны хувь тавилан үнэхээр гунигтай. Энэ бол бодит үнэн.
-Ярилцсанд баярлалаа.