ДБЭТ-ын гоцлооч Б.Маралыг “Уран бүтээлч” буландаа урилаа. Тэрбээр Хөгжим бүжгийн коллеж (одоогийн Монгол Улсын Консерватори)-ийг төгссөнөөсөө хойш Монголын сонгодог урлагийн их өргөөний өндөр босгыг давж, олон бүжгэн жүжигт тоглож байгаа. Түүнчлэн “Номадик балет” продакшны бүрэлдэхүүнд ч багтаж, Монголын үзэгчдэд сонгодог урлаг, тэр дундаа балетын урлагийг таниулах, сурталчлахад авьяас билгээ зориулж буй юм.
-Сонгодог урлагаар багаасаа хичээллэж байж амжилтад хүрдэг. Тийм ч болохоор ээж, аав, эсвэл ойр дотнын хүн нь нөлөөлж, урлагт хөтөлсөн байдаг юм билээ. Таныг балетын урлагт хэн хөтлөв?
-Багаасаа л ер нь бүжиглэх дуртай хүүхэд байсан. Зурагтаар ямар нэг аялгуу, хөгжим явангуут хэмнэлд нь тааруулаад аятайхан, эвсэлтэй бүжиглэчихдэг байсан гэж манай гэрийнхэн ярьцгаадаг юм. Тэр авьяасыг ээж, эгч минь анзаарч, намайг долоон настай байхад Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуйланд Б.Хулан багшийн ангид хичээллүүлсэн. 10 настайд багш “Хөгжим бүжгийн коллежид бүжгийн ангид нь элсэлт авч байгаа юм байна. Чи очиж шалгуулаарай” гэснээр ээж, эгчтэйгээ хамт очсон. Ардын бүжгийн ангид миний нас таараагүй. Ингээд сонгодог бүжгийн ангид шалгуулж, тэнцээд элссэн дээ. Тэгж балетын урлагт хөл тавьсан.
-Та хэн багшийн гарын шавь бэ. Мэргэжлээ хаана эзэмшив. ДБЭТ-ын босгыг хэзээ, хэрхэн давсан бэ?
-Хөгжим бүжгийн коллежид Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Энхтуяа багшийнхаа удирдлагад зургаан жил суралцсан.
Сургуулиа 2017 онд балетын жүжигчин мэргэжлээр төгсөөд ДБЭТ-т гэрээт уран бүтээлчээр ажиллаж байгаад, 2018 оноос үндсэн ажилтан болсон.
-Анх ямар уран бүтээлээр тайзан дээр гарсан бол?
-Театрт ороод удалгүй А.Аданы “Жизель” балетын хоёрдугаар үзэгдэлд сүнснүүдийн олуул бүжигт оролцсон. Үнэхээр гайхалтай уран бүтээлээр гараагаа эхэлсэн дээ. Хөнгөн сүнсний нисэх мэт хөдөлгөөн, жингүй мэт агаарт хөвж харагдах олон хүнд үзүүлбэрийг баяртай, гунигтай олон хөгжимтэй хослуулан бүжиглэж, мөн жүжиглэж болохыг харуулдагаараа “Жизель” онцгой.
-Балетчин байх хэцүү, шантрах үе олон ч урлагт дуртай, мэргэжилдээ хайртай болохоор тэсэхээс аргагүй гэдэг. Танд шантрах үе олон тохиосон уу?
-Бүжиглэж чадахгүйдээ биш, биеийн жингээсээ болоод шантрах үе олон байсан. Сургуулиа төгсөөд л жин нэмж, яаж хасах учраа ололгүй удаан явсан юм. Миний хувьд энэ нь их эмзэг сэдэв болчихсон байлаа. Зарим хүн “Чи балетчид дундаа хамгийн бүдүүнд нь тооцогддог уу” гэж элдэвлэнэ. Заримдаа өөрийнхөө бүжиглэж буй бичлэгийн үзэж гутарна. Жин нэмснээс болж балетын зарим техникээ бүрэн гүйцэтгэж чадахгүй байгаадаа шанална. Түүнээс болж хоёр ч удаа шагайгаа бэртээсэн. Гэхдээ тэр үеийг туулаад, даваад гарчихсан болохоор сайхан л байна. Мэргэжилдээ яах аргагүй дуртай болохоор, шантарсан ч больж чадахгүй гэдгээ мэддэг. Тиймээс “Илүү хичээх хэрэгтэй” гэж л өөрийгөө зоригжуулдаг даа.
-Сэтгэл зүйн байдал бүжигчинд маш их нөлөөлдөг байх. Сэтгэл санаа тогтворгүй үедээ өөрийгөө хэрхэн бэлдэж тайзан дээр гардаг вэ?
-Сэтгэл зүйн байдал бидэнд маш чухал. Тоглолтын үед сандрах, догдлох, айх, баярлах гэх мэтээр сэтгэл санаа тогтворгүйтнэ. Тэр үед аль болох өөрийгөө хурдан тайвшруулж, хэвийн байлгах гэж өөртэйгөө их ярина. “Чи хичээх хэрэгтэй шүү. Одоо тайван байгаарай. Чи чадна аа” гээд л.
-Бүжигчин байхын амтыг хэзээ анх мэдэрч, шунав?
-Сургуульд байхдаа дээд ангийнхаа эгч нартай тоглолтод их оролцдог байлаа. Тэр үеэс л хэдэн сар нойр, хоолоо хасан бэлтгэл сургуулилалт хийсний дараа тайзан дээрээс уран бүтээлээ үзэгчдэд хүргэж, тэдний алга ташилтыг сонсож, урам авч эхэлсэн.
-Бүжиглэж байхдаа юу мэдэрдэг вэ?
-Хязгааргүй их аз жаргал мэдэрдэг. Тэр мэдрэмжийг ямар нэг зүйлтэй зүйрлэх, үгээр илэрхийлэх аргагүй. Дуртай ажлаа хийж байгаа болохоор ядарсан ч жаргалтай.
-“Номадик балет продакшн”-д хэзээнээс бүжиглэв. Одоо ямар уран бүтээл хүргэхээр ажиллаж байгаа вэ?
-Тус продакшны гишүүн болоод дөрвөн жил өнгөрчээ. Бид энэ сарын 15-нд “Долоон бурхан одны домог” орчин үеийн бүжгэн жүжгээ “Корпорэйт” зочид буудлын концертын танхимд толилуулахаар бэлдэж байна. Уг уран бүтээлийг өнгөрсөн арванхоёрдугаар сард Соёлын яамны дэмжлэгтэй үзэгчдэд хүргэсэн. Дахин тоглох болсондоо их баяртай байгаа. Тоглолтын үеэр тус бүжгэн жүжгийн цомнол болон “Долоон бурхан одны шүтлэг” номын нээлтийг хийнэ. “Долоон бурхан одны домог” бүжгэн жүжгийн цомнолыг уламжлалт монгол домог, үлгэрийн утга санаанд нийцүүлэн Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэчимэг бичсэн. Бүжгэн жүжгийн найруулагч, бүжиг дэглээчээр ДБЭТ-ын гоцлооч Э.Эрдэнэжаргал, хөгжмийн зохиолчоор О.Чинбат, төслийн удирдагчаар А.Өлзий-Орших ажиллаж байгаа.
-Тус бүтээлд та ямар дүрд тоглох вэ. Өмнө нь ажилласан бүтээлүүдээс тань юугаараа онцгой вэ?
-Дээр дурдсанчлан нэн эртний монголчуудын долоон бурхан одны шүтлэгт холбоотой домог, үлгэрийн сэдвийг орчин цагийн контемпорари урлагийн хэлбэрт зохиомжлон, балетын жүжигт уламжлалт монгол язгуур урлагийн төрөл зүйл, дүрийн зохиомжийг бодит гэхээс илүүтэй хийсвэр сэтгэлгээний түвшинд гаргаж ирснээрээ онцлог. Тухайлбал, галав ертөнц, оддын хөдөлгөөн, хүний ертөнц, нар, сар, чөтгөр шулам, сахиусны дүрслэлт гоцлол, дуэт, гурвал, дөрвөл, цөөхүүл ба олныг хамруулсан бүжгийг ардын бүжиг, язгуур болон хавсарсан контемпорари бүжгийн хэлбэрээр толилуулах юм.
-Залуу уран бүтээлчид бүжиглэхийг хүсдэг бүжгэн жүжгийн дүр зөндөө бий байх. Хүссэн дүрдээ бүжиглэж чадсан уу. Өөр ямар дүрд тоглохыг хүсэж, мөрөөддөг вэ?
-Бүжиглэхийг хүсдэг дүр зөндөө бий. Санаснаар болдог бол бүх л балетын гол дүрд тоглож, өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж байна. Тэдгээрээс хамгийн их хүсдэг нь П.И.Чайковскийн “Хунт хуур”-ын цагаан, хар хун буюу Одетта, Оделлия.
-Та нас ахихаас айдаг уу. Балетчин богино настай мэргэжил шүү дээ. Тэтгэвэрт гарахаасаа өмнө юу юу хийж амжуулмаар байна вэ?
-Болох ёстой зүйл болдгоороо болох учраас айдаггүй ээ. Бид 20 жил энэ мэргэжлээрээ ажиллаад л тэтгэвэртээ гардаг. Түүнээс өмнө гадаадын олон театрт бүжиглэж, Монголоо сурталчлах, таниулахыг хүсдэг.
-Олонх балетчин нас ахихаараа балетмейстер болж, эсвэл багшилдаг. Харин та юу хийхээ төлөвлөсөн үү?
-Төлөвлөөд одооноос бэлтгээд эхэлчихсэн. СУИС-д бүжиг дэглээчээр суралцаж байгаа.
-Урлаг хүнийг хүмүүжүүлдэг гэдэг. Сонгодог урлаг танд ямар зөв дадал суулгав?
-Сонгодог урлаг хүнийг гоо зүйн мэдрэмжтэй, хүнлэг, уяхан болгодог байх. Хэр баргийн бэрхшээлд сөхрөхөөргүй сэтгэлийн хат, тэсвэр хатуужилтай болгоно. Аливаад чин сэтгэлээсээ, нухацтай, үнэнч хандахыг ч мөн сургасан. Эмх цэгц, хариуцлагатай байдал, амьдралын зөв хэмнэл гээд л тоочвол олон зөв дадал суулгадаг гэж боддог.
-Манайд сонгодог урлаг сонирхогчдын хүрээ хумигдмал. Балетын гоцлоочдыг энэ төрлийн тоглолт, бүжгэн жүжиг үздэг хүмүүс л андахгүй гэхээс биш, хэр баргийн хүн танихгүй. Балетчин гэдгийг тань сонсоод хүмүүсийн хүмүүсийн хандлага өөрчлөгддөг үү?
-“Балетчин” гэхээр хүмүүсийн хандлага илүү эелдэг, найрсаг болчихдог. Гайхдаг, бас бахардаг. Мэргэжилтэй холбоотой янз бүрийн л зүйлс сонирхож асууна. Тийм болохоор эзэмшсэн мэргэжлээрээ бахархдаг.
-Сая хэлсэнчлэн манайд сонгодог урлагийн үзэгчдийн хүрээ хумигдмал, үнэлэмж ч тааруу. Боломж, ирээдүйгээ бодвол гадаадын театрт юм уу, продакшнд ажиллавал нэр хүндтэй, мөн санхүүгийн хувьд ч үнэлэмж өндөр байх. Танд гадаадад ажиллах хүсэл бий юү?
-Залуу хүний хувьд боломж олдвол гадаадын театрт ажиллаж, илүү их зүйл үзэж харах хүсэл бий бий.
-Театрт багшаа хэмээн бодож хүндэлдэг, мэргэжлийн зөвлөгөө авдаг хүн бий юү?
-Мэдээж байлгүй яах вэ. Багшгүйгээр хол явахгүй шүү дээ. Одоогоор манай театрт Гавьяат жүжигчин Г.Цолмон, мөн А.Өлзий-Орших, Р.Байгаль нар багшилж байгаа. Ажлынхаа ах, эгч нараас үргэлж зөвлөгөө авч, тэднээс алхам тутамдаа суралцдаг. Сургуулиа төгсөөд театрт орсноос хойш бүх жүжиг, уралдаан тэмцээнд намайг бэлтгэсээр ирсэн багш бол Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг.
-Гадаадын хэн гэж балетчин, балетмейстерийг биширч, үлгэр дуурайл авдаг вэ?
-ОХУ-ын Большой театрын тэргүүн гоцлооч Светлана Захаровагийн бүжиглэж буйг хараад биширдэг байлаа. Маш их үлгэр дуурайл түүнээс авдаг. Бүжигчний хувьд ч, хувь хүний хувьд ч. Мөн “The royal ballet”-ын гоцлооч Марианела Нуньес, Марико Сасаки нарын тоглолт, бичлэгийг үзэх дуртай.
Бэлтгэсэн: А.ХАЛИУН