“Алтан хүү” клубийн тамирчин, спортын мастер Ц.Цолмон Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн 9а ангид сурдаг. Тэрбээр даамаар хичээллэж, чамлахааргүй амжилт гаргасан. Тухайлбал, 2017 оноос шагналынхаа салхийг хүрэл медалиар хагалж, нийслэлд болсон улсын аварга баг шалгаруулах 100 буудалт даамын тэмцээний блиц төрөлд III байр эзэлжээ. Тус тэмцээнээс урам авч, хоёр жилийн дараа Баянзүрх дүүргийн өсвөрийн АШТ-ий 11-13 насны ангилалд аварга болж, Монголын хүүхдийн спортын VI дугаар их наадмаас хүрэл медаль гардсан юм. Тэр жилээ Б.Халиунаагийн нэрэмжит олон хотын нээлттэй тэмцээнд түрүүлсэн нь 2020-2022 онд үргэлжлүүлэх амжилтынх нь эхлэл байв. Энэ жилийн өсвөрийн УАШТ-ээс мөнгөн медаль атгаж, Узбекистаны Ташкент хотод ирэх сард болох Азийн АШТ-д оролцох эрх өвөртөлсөн түүнийг “Шинэ танил” буланд онцоллоо.
-Оюуны спортоор хичээллэхийг хэн анх санал болгож, даамтай нөхөрлүүлэв?
-Би нэгдүгээр ангийн сурагч байхдаа даамаар хичээллэсэн. Тухайн үед хичээлээ тарж гэртээ ирчихээд даалгавраас өөр зүйл хийхгүй уйтгартайхан өнждөг байлаа. Аав, ээж минь “Гэртээ ганцаараа зурагт үзэж сууснаас даамаар хичээллэ” гэж зөвлөж, дүү бид хоёрыг “Шавь” клубт дагуулж ирээд, дасгалжуулагч П.Нармандах багштай танилцуулсан юм. Түүний удирдлагад хичээллэж сургуулийн-хаа аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож түрүүлсэн. Багшийнхаа зааснаар бэлтгэл хийж, ур чадвараа ахиулсаар дүүргийн тэмцээнд өрсөлддөг болсон.
-П.Нармандах багшийн дараа “Ирээдүй” клубийн дасгалжуулагч, ОУИМ Г.Ганжаргалын шавь болсон байх аа?
-Тийм ээ. Багш минь АНУ-ыг зорьсон тул бид одоо ОУИМ Р.Манлай багшийн “Алтан хүү” клубт бэлтгэл хийж байгаа. Багш нарын минь бэлтгэл хийлгэх арга барил өөр. Г.Ганжаргал багш шавь нараа эхлээд бодлого бодуулж сургадаг. Дараа нь гараа, онол заадаг. Түүний удирдлагад хичээллэдэг байхдаа би дүү Ц.Цацралын хамт Узбекистаны Ташкент хотод 2019 онд зохион байгуулсан өсвөр үеийнхний Азийн АШТ-д оролцсон юм. Тэр тэмцээнд би байр эзлээгүй ч дүү минь амжилттай тоглож, мөнгөн медаль хүртэж билээ. Бидний хувьд хилийн дээс алхаж оролцсон анхны тэмцээн байв. Тэр үед жаахан хүүхэд байсан тул тоглолтдоо анхаарал хандуулахаас илүү тэндхийн хөгжил, соёлыг сонирхож харахаар их гүйсэн дээ.
-Азийн АШТ-д тивийн шилдгүүдтэй аваргын төлөө тоглож буй дүүгээ хараад ямар бодол төрж байв?
-Миний хувьд энэ удаа амжилт гаргадаггүй юм гэхэд дүү минь сайн тоглоод түрүүлчихээсэй гэж их бодож байлаа. Ямар ч тэмцээнд өмнөд хөршийнхөн тоглолтынхоо гарааг сайн эхлүүлдэг. Тэгвэл Узбекистаны даамчид гараа, онолоос илүү гэсэн бодолтой нүүдэг. Тэд мэдрэмждээ тулгуурлаж тоглодог юм шиг санагдсан. Монголчуудаас довтолж тоглодог арга барил илүү харагддаг. Би ч гэсэн давшиж нүүх дуртай.
-Үе тэнгийнхнээс тань хэн хамгийн хүчтэй өрсөлдөгч вэ?
-П.Эрхэмбилэг, А.Дашчирэв нар. Тэдэнтэй таарсан үед хөлөг дээр ширүүн тулаан өрнүүлдэг юм. П.Эрхэмбилэг надаас өмнө даамаар хичээллэж, Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Миний хувьд үеийнхээ нөхөдтэй таарч тоглосон удаа олон. Хүчтэй өрсөлдөгчид минь намайг хурцалж, урагшлуулдаг.
-Ямар тэмцээнд амжилттай оролцож, спортын мастер цолны болзол хангав?
-Даамын тэмцээнд өрсөлдсөн тамирчид гурван балл цуглуулж, спортын мастер цол хүртдэг. Би өмнө нь даам сонирхогчдын УАШТ-ээс хүрэл медаль хүртэж, нэг балл авсан юм. Дараа жилийнх нь тэмцээнд оролцохдоо өөрөөсөө ах тамирчинтай таарсан. Бид сонгомол байрлалаар тоглож тэнцэв. Өмнө нь таарч байгаагүй болохоор судалж амжаагүй. Хагас шигшээд сайн тоглож, хоёр балл авснаар спортын мастер цолны болзол биелүүлсэн.
-Та блиц, рапид тоглолтоос мөнгө, хүрэл, медальтай. Аль нь илүү таалагддаг вэ?
-Надад блицээс илүү рапид тоглолт таалагддаг. Цагтаа багтаж хурдан тоглодог болохоор блиц амаргүй. Би даамын тэмцээнд 14-16 насныхны ангилалд оролцдог. Энэ ангилалд Б.Сүхбат, П.Эрхэмбилэг, С.Болор, А.Дашчирэв нар сайн тоглодог юм. П.Эрхэмбилэг, С.Болор бид гурав П.Нармандах багшийн шавь.
-Дүүтэйгээ хамт даамаар хичээллэж, амжилт гаргахад гэрийнхний тань дэмжлэг их нөлөөлдөг биз?
-Биднийг аав, ээж минь бүх талаар дэмждэг. Сургуулийн удирдлага, багш нар, ангийн багш минь ч ойлгож, хичээлээс чөлөөлөн, тэмцээнд оролцуулдаг юм. Дүү надтай даамаар ана мана тоглоно. 10 тоглоход олонход нь би хожчихно. Хааяа нэг ялагддаг удаа бий, гэхдээ ховор. Даамын эрдэм заасан П.Нармандах, Г.Ганжаргал, Р.Манлай багш нарынхаа ур чадвараар их бахархдаг. Тэдний зааж, зөвлөсөн бүхнийг тоглолтдоо хэрэгжүүлж, амжилт гаргаж байгаа. Энэ ташрамд, үргэлж дэмждэг гэр бүл, багш нартаа баярласнаа илэрхийлье. Үеийнхэндээ хандаж “Бэлтгэлээ тууштай хийвэл амжилт ойрхон байдаг шүү” гэж хэлье.