Монголын гранд гольфын УАШТ-д зургаан удаа түрүүлж, “Алтан бөмбөг”-ийн эзнээр удаа дараа шалгарсан Д.Балдандоржийг спортын хүрээллийнхэнд танихгүй хүн ховор. Тэрбээр урлаг, спортын аль алинд нь дөрөө харшуулж, хос морьтой урагшилж яваа. Хөдөлгөөний дутагдлаас сэргийлж гранд гольфоор анх хичээллэхдээ амжилт гаргана гэж төсөөлөөгүй гэдэг. Спортын олон төрөлд өөрийгөө сорьж, тууштай байдал, хичээл зүтгэлээрээ бусдад үлгэр дуурайл болсон түүнийг “Таван цагариг”-ийн зочноор урилаа.
-Хэд хоногийн өмнө Монгол, Буриад улсын гранд гольфын нөхөрсөг тэмцээн болоход та түрүүллээ. Ингэхэд “Алтан бөмбөг”-ийн эзнээр хэд дэх удаагаа тодров?
-Тийм ээ, миний хувьд 65-аас дээших насныхны ангилалд өрсөлдөж, 52 оноогоор тэргүүн байр эзлэн, зургаа дахь удаагаа “Алтан бөмбөг” гардлаа. Тэмцээний үеэр Буриадын Соёлын сайд хүрэлцэн ирж, Монголын тамирчдыг өөрийн оронд энэ сарын сүүлчээр зохион байгуулах тэмцээнд оролцохыг урьсан. Би энэ спортоор хичээллээд зургаан жил болохдоо олон давуу талыг мэдэрсэн юм. Нийгмийн стресс ихтэй амьдралаас түр ч болов холдож, тархиа амраахад сэтгэл тайвшран, бодол цэгцэрдэг. Нөхөрлөлийн хүрээгээ ч тэлж, олон найзтай болсон. Азийн орнуудаас Японд гурван сая хүн сонирхож тоглодог. Тэд гранд гольфыг дэлхийн спорт болгохыг зорьж буй. Тиймээс улс бүрт олныг хамарсан спорт болж хөгжиж байна.
-Спортын гараагаа ямар медалиар эхлүүлж, өнөөгийн амжилтад хүрсэн бэ?
-Өмнө нь олон улсын гранд гольфын тэмцээнд ахмад насны ангилалд хүрэл медаль зүүж, Азийн АШТ-ээс “Алтан бөмбөг” гардсан юм. Өнгөрсөн жилийн “Алтан намар” тэмцээнд 50, 30, 25, 15 метрийн нүхэнд бөмбөг оруулж, дээд амжилт тогтоосон. Би гранд гольф, шагайн хавчаахай харваанаас гадна эхнэртэйгээ бүжиг, дартсаар хичээллэдэг. Хүн хөдөлгөөний дутагдалд орвол хөшиж, өвчинд амархан өртөмтгий болдог. Ханийг минь Ц.Намсрайжав гэдэг. Говь-Алтайн аймгийнх. Манайх гурван хүү, 10 ач, зээтэй. Тэднийхээ дэм тусаар урлаг, спортын аль алинд нь идэвхтэй оролцож байгаа.
-Манайд хөгжиж буй спортын төрлүүдээс гранд гольф хамгийн залуу нь. Уран бүтээлч хүн үүнд тэгтэл их татагдсан нь сонирхолтой санагдлаа.
-Би хөгжимчин мэргэжилтэй, 30 гаруй жил тоглолоо. 13 настай байхдаа цэргийн хөгжмийн ангийн хөгжимчин болж, урлагийн босгоор алхсан. Дархан-Уул аймагт “Дурсамж”, “Хас” хамтлагт хөгжим тоглож, уран бүтээлээ хүргэдэг. Улаанбаатарт удахгүй болох гранд гольфын УАШТ-ий нээлтээр “Алтан бөмбөг” хэмээх шинэ бүтээл толилуулахаар зэхэж байна. Манайх Дархан-Уул аймагт суурьшаад олон жил болсон. Ойр дотно нөхөрлөдөг нэг найзын минь гэргий “Гранд гольфын тэмцээн болно. Чи оролцооч” гэж анх санал тавьж байв. Тэмцээнд анх удаа оролцож байгаа надад сонирхолтой санагдаж, хичээллэхээр шийдсэн юм. Гранд гольфын тэмцээн урин дулааны улиралд болдог. Тоглоход ухаан багагүй зарцуулна. Мэдрэмж, ур чадвар, эв дүй их шаарддаг. Бөмбөг оруулах талбайн зайг сайтар тооцоолон төлөвлөж, өрсөлдөгчдөө хожихын тулд тактик боловсруулах хэрэгтэй.
-Шагайн хавчаахай харваагаар хичээллэдгийг тань тамирчдаас сонссон. Хэзээнээс сонирхож харвах болсон бэ?
-Спортын гараагаа шагайн хавчаахай харваагаар эхлүүлж, анхны медалиасаа урам их авсан. Үндэсний спортоос энэ төрөл нь орон нутагт эрчимтэй хөгжиж байгаа. Түүнчлэн Европын олон орны иргэд сонирхож харвадаг. Би хичээллэдэг спортынхоо хэрэгслийг байнга сольж, шинэчилдэг. Саяхан гранд гольфын цохиур, бөмбөг худалдаж авлаа. Бидний үеийнхэн хөдөлгөөний дутагдалд орохгүйн тулд өөрийгөө ялж, спорттой нөхөрлөдөг. Үеийнхнийгээ “Хөлийн үе өвдөөд, нуруу хөшиж, даралт ихэслээ” гээд ярихаар нь “Гэртээ өвчин хэлж, битгий хэвт. Эм ууж, цонхоор харан уйтгарлаж суухын оронд дасгал, хөдөлгөөн хийж, идэвхтэй амьдар” гэж зөвлөдөг. Намайг дуурайгаад гранд гольфоор хичээллэсэн хүн цөөнгүй бий. Өглөө талбайд бэлтгэл хийж, хоёр цаг алхахад бие хөнгөрч, сэтгэл сэргэдэг.
-Хэн танд шагайн харвааны эрдэм заав?
-Монгол орон сайхан байгальтай. Шагайн тойром харвааны тэмцээнд оролцож, эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялах дуртай. Аймаг бүрт очиж шагай харвахдаа байгалийн сайханд хийморио сэргээдэг. Булган аймагт энэ сарын дундуур тойром харваа болно. Багийнхантайгаа очиж оролцохоор бэлтгэлээ базааж эхэлсэн. Өвөрхангай аймгийн харьяат, Монгол Улсын мэргэн Ө.Баярцэнгэл шагайн харваа анх заасан багш минь. Тэрбээр өдгөө 88 настай, ануухан буурал бий. Би Архангай аймагт төрж, өссөн. Нутгийнхаа харваачдыг дагаж анх хичээллэсэн юм. Ахмадуудынхаа дунд суугаад уухай сонсох сайхан санагддаг. Шагайн хавчаахай харвааны ахмадын УАШТ-д багийнхантай оролцож, хошой мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Намайг тэмцээнд оролцоход манайхан сайн дэмждэг. Эхнэр ач, зээгээ хөтөлж ирээд үзнэ. Би тэмцээн өндөрлөсний дараа тамирчдад уран бүтээлээсээ толилуулж, хөгжим тоглодог юм. Хоёрдугаар ангийн зээ охин минь даралтат хөгжмийн сургалтад явдаг. Манай хүүхдүүд сагсан бөмбөг, волейбол тоглодог. Сагсан бөмбөг тоглодог хүүг минь Мөнх-Оргил гэдэг, спортын мастер цолтой. Бэр минь волейболын тамирчин. Ойрын хүрээллийн ах, дүүсээс минь спортоор хичээллэдэг хүн бий. Хүргэн ах волейболын алдартай тоглогч байлаа. Би гэр бүлийнхэнтэйгээ дартсаар хичээллээд гурван жил болж байна.
-Дартс руу хэн урвуулчихав. Өөрийнхөө хүсэл, сонирхлоор хичээллэсэн үү?
-Нийслэлд зохион байгуулдаг тэмцээнд эхнэр минь оролцдог. Улаанбаатар хотын АШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэн. Дархан-Уул аймгийнхан спортлог. Хүүхэд, залуусаас гадна ахмадууд нь урлаг, спортод идэвхтэй. Миний хувьд шагайн хавчаахай харваа, гранд гольф, дартсын тэмцээнд ээлжлээд л оролцдог. Хаана тэмцээн болно, тэнд л байж байна. Спортын төрөл бүр өөрийн гэсэн онцлогтой. Гранд гольф тоглоход шатар, даам нүүхтэй адил ухаан зарцуулдаг. 2019, 2020 он надад амжилт далласан жил байв. Тэр жилүүдэд шилдэг тамирчнаар шалгарч, гэр бүлийнхнийгээ баярлуулсан. Би тэмцээний дараа шагналуудаа харж урам авах дуртай. Хүүхдүүд маань биднийг дэмжиж, медаль хүртвэл дуртай зүйлээр минь шагнадаг. Тэднийхээ баярлаж байгааг хараад сэтгэл догдолно шүү дээ. Ханьтайгаа гадаадад болсон гранд гольфын тэмцээнд нэг бус удаа оролцсон. БНХАУ-ын Шанхай хотод болсон олон улсын тэмцээнд багаараа оролцож, II байрт шалгарч байлаа. Энэ жилийн тэмцээн ОХУ, Унгар улсад болно, оролцох бодол бий.
-Улаанбаатарт дартсын чансаа тогтоох тэмцээн сар бүр болдог. Өнгөрсөн сарын тоглолтод та оролцсон уу?
-Би гранд гольфын тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж байсан тул дартсынхад эхнэр л өрсөлдсөн. Монголын мастеруудын холбооны ахмад тамирчид бүжиг, софт волейбол, гранд гольф, дартсын бэлтгэл хийлгэдэг тус тусын багштай. Би тэднээс урлагийн үйл ажиллагааг нь хариуцдаг. Зүлэгтэй талбайд тоглодог болохоор гранд гольф эко спортын төрөлд багтдаг. Бид тэмцээнээ таслахгүйн тулд халуун наранд, хүйтэн бороотойд ч тоглодог. “Алтан бөмбөг”-ийн эзнээр тодрох нь энэ спортынхонд сэтгэл хөдөлгөсөн хамгийн сайхан агшин байдаг. Тийм үед амжилтаараа бахархаж зогсох мөчийг үгээр илэрхийлшгүй. Миний хувьд энэ жилийн анхны тэмцээнээ алтан медалиар эхлүүллээ. Үеийнхнээс аваргын төлөө хүчтэй өрсөлддөг олон тамирчин бий. Гранд гольф, шагайн хавчаахай харваа эрсдэл багатай. Гэхдээ тэмцээний үед санамсаргүй алдаа гаргаж, сум алдвал хэн нэгнийг гэмтээх аюултай. Тиймээс тэмцээн үзэж суугаа үзэгчдийг гэмтээхгүйн тулд орчин тойрныхоо зүйлийг сайн анзаарч, сонор сэрэмжтэй тоглодог.
-Та баяр, наадмын өдрүүдэд завгүй ажилладаг биз?
-Энд тэндхийн хүлээн авалт, баярын ёслолын үйл ажиллагаанд хамтлагийнхантайгаа уригдаж, уран бүтээлээ хүргэдэг. Сүүлийн үед урлаг, спортын аль алинд нь шавьтай болж байна. Залуус “Танаар хөгжим, гранд гольф заалгая” гээд ирдэг. Монголын үндэсний спорт гайхамшигтай. Эрхэмлэн дээдэлж ирсэн өв соёлын олон зүйл үүнээс улбаатай. Наадмын өдрүүдэд барилдаан үзэж, Архангай, Дархан-Уул аймгийн бөхчүүдийг дэмждэг. Надад Дархан-Уул аймаг төрсөн нутгаас минь өөрцгүй санагддаг юм. Энд гал голомтоо бадрааж, амьдралаа эхлүүлсэн болохоор хайртай. Эхнэртэйгээ хамтран худалдааны зах дээр лангуу түрээсэлж, хувийн бизнес эрхлээд олон жил боллоо. 20 гаруй жил гутлын наймаа эрхлэхдээ үр хүүхдүүдээ их, дээд сургуульд сургаж, орон байртай болгон, тусад нь гаргалаа.
-Спортын тэмцээн, уран бүтээлийн тоглолт гэж завгүй гүйдэг танд чөлөөт цаг гардаг болов уу гэсэн бодол төрлөө л дөө.
-Чөлөөт цагаараа хүүхдүүдэд гитарын анхан шатны хичээл зааж, софт волейбол, ширээний теннис тоглодог. Би гитар, ятга, мандолин, баян хуур хөгжим тоглодог. Мөн их спортоос бокс, жүдо бөхийн тэмцээн сонирхож үздэг. Тив, дэлхийн аварга, олимпын медальтнуудын барилдааныг харах дуртай. Би армид цэргийн алба хааж байхдаа боксын тэмцээнд оролцдог байлаа. Армийн аварга шалгаруулах боксын тэмцээнд 56 кг-ын жинд “Алдар” нийгэмлэгээс оролцож, ОУХМ Ц.Амаржаргалтай тоглосон. Боксын дэвжээнд хоёр удаа нударга зөрүүлж, дахиж тоглоогүй. Надад тохирохгүй спорт болохыг ойлгосон. Тэр үед Ц.Амаржаргал ид тоглож, амжилтаараа мандаж байлаа.
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гранд гольфын талбай байгуулсан байна лээ. Энэ нь тамирчдыг амжилт гаргахад нөлөөлж байгаа гэх юм.
-МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар эх орондоо энэ спортыг анх хөгжүүлж, тамирчид бэлтгэсэн. Түүнд олон тамирчин талархдаг. Тэрбээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон улсын стандартад нийцсэн тоглолтын талбай байгуулсан нь тамирчныг амжилт гаргахад нөлөөлж байгаа. Жилээс жилд шинэ тоглогч нэмэгдэж, тэр хэрээр тэмцээн өрсөлдөөнтэй болдог боллоо. Орон нутгаас Орхон, Архангай, Сэлэнгэ, Өвөрхангай аймагт гранд гольф эрчимтэй хөгжиж, Улаанбаатар хотын тамирчидтай ана мана өрсөлдөж байна. Дархан-Уул аймгийнхнаас Дашдорж хэмээх залуу олон улсын тэмцээнээс хүрэл медальтай ирсэн. Гранд гольфын тэмцээнд оноо бага авсан нь түрүүлдэг. Улсын болон хотын АШТ-д амжилттай оролцож, нэг удаагийн цохилтоор “Алтан бөмбөг” гардсан олон тоглогч бий. Энэ ташрамд, ахмад тамирчдадаа “Та бүхний ур чадвараа сорих тэмцээн болгонд тань амжилт хүсье. Хараа нь хурц, ухаан нь саруул, оноо нь мэргэн байх болтугай” гэж хэлье.