ДБЭТ Италийн нэрт хөгжмийн зохиолч Р.Леонковаллогийн “Паяцы” дуурийг үзэгчдэд хүргээд удаагүй байна. Шинэ бүтээлийн найруулагчаар ажилласан, ОХУ-ын Москва хот дахь Театр, урлагийн их сургуулийн тавдугаар курсийн оюутан С.Баттулгатай ярилцлаа. Өмнө нь энэхүү бүтээлийг дуурийн нэрт найруулагч Л.Эрдэнэбулган агсан “Хэрмэл жүжигчид” нэрээр “Цүки хаус”-д тавьж байсан түүхтэй. Эдүгээ түүний шавь Дуурийн театрын тайзнаас үзүүллээ, сонсголоо. Дуурьт Канио ахлагчтай явуулын театрын жүжигчдийн хоорондох харилцаа буюу хайр, сэтгэл гутрал, өшөө авалтын тухай ч өгүүлэхдээ дуулах урлагийн гайхамшгийг тод томруун харуулдаг. Бүтээл оршил хөгжим болон ари, мөн эхний үзэгдлийн төгсгөл хэсгийн Канио тенорын цөхрөлийн аригаар алдартай.
-“Паяцы” дуурийг үзэгчид таашаан хүлээж авлаа. Та сэтгэл хангалуун байна уу?
-Үзэгчдэд таалагдсанд баяртай байна. Өнөөдөр, тоглолт болсон хойно хэлэх нь утгагүй байж болох юм, санхүүгийн хомс байдлаас болоод санаж байсан зүйлүүдийнхээ заримыг гүйцээж чадсангүй.
-Танд л дутуу юм шиг санагдаж байгаа болов уу. Хүмүүс шинэ дуурь үзсэндээ баяртай байсан. Ялангуяа цаг хугацааг хольсон мэт шийдэл сонирхолтой. Гол дүрүүд тухайн XIX зууны сүүлч үед амьдраад байгаа юм шиг атал олны хэсгээр өнөөгийн хүмүүсийг илэрхийлсэн мэт.
-Санаа бол тийм. Үзэгчдэд ойлгомжтой байсан гэхээр нь сэтгэл амарсан.
-Хар, цагаан хосолсон өнгийн хувцастай, нүүрэндээ багтай олон хүн хоорондоо юу ч ярихгүй компьютерт бичих мэт сууна билээ. Үүгээр юу хэлэх гэсэн бэ?
-Орчин үеийнхэн дэлгэцийн хамааралд өртсөнөөр хүн хоорондын харилцаа гэх юмгүй болох нь гэдгийг харуулахыг зорьсон. Хүмүүс бараг юм ярихгүй, юунд ч оролцохгүйг хичээж, хувь, хувиа бодон суух гэдэг болж. Тэд гол дүр Неддаг бүдэрч унахад дуртай, дургүй хайнгадуухан хардаг. Хүмүүс бие биедээ, орчин тойрондоо тийм хайхрамжгүй, хөндий хүйтэн болж байгааг дүрслэх гэж оролдсон юм. Харин гол дүрүүдийн буцалж буй мэт халуун, адал явдалтай бодит амьдралаар хүмүүс ийм байсан, тийм байх нь уг нь хүн төрөлхтний мөн чанар юм шүү дээ гэдгийг хэллэхийг хүссэн гэсэн юм.
-Энэ бүтээл таны дипломын ажил юм билээ. Чухам яагаад үүнийг сонгох болсон бэ?
-Шинэ үеийн үзэгчдэд сонирхолтой шинэ бүтээлээр дамжуулан сонгодог урлагийн боловсрол олгож, залуусыг хөгжмийн урлаг, тэр дундаа сонгодог урлагт дуртай болгож, үзэгчдийн тоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилго тавьсан. Мөн Монголынхоо өнөөгийн нийгэмд буй болсон баг өмссөн амьдрал, хүн чанар мөхөстөж буй, бусдаас хараат байж, өөрийнхөөрөө амьдарч чадахаа больсон гажуудлын талаар харуулахыг хүссэн. Дуурийн гол дүрүүдийн амьдрал бол нүцгэн үнэн. Түгжээтэй хаалганы цаадах гэр бүлд үнэн хэрэгтээ юу болж байдгийг ч хөндөхийг хүссэн.
-Тоглолтын бичлэгийг багш нартаа харуулж дүн тавиулах уу?
-Тийм ээ. Миний мэргэжлийн багш бол хойд хөршийн театрын урлагийн алдартай багш нарын нэг Г.Г.Исаакян юм. Хоёр өдрийн тоглолтыг бичиж авсан. Аль сайныг нь шалгалтын комисст харуулна. Айхгүй байна аа (инээв). Яагаад гэхээр багш “Надад таалагдах юм хийх гэсний хэрэггүй. Бүтээсэндээ өөрсдөө сэтгэл ханамжтай байх нь чухал” гэж хэлдэг.
-Тантай хамт Театр, урлагийн их сургуульд суралцаж буй Б.Мэндбаяр бас шинэ бүтээл төрүүллээ шүү дээ.
-Хувь тохиол гэх юм уу, их сонин юм болж байна. Б.Мэндбаяр дүү маань хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Ганц цагаан шувуу” моно дуурийг найрууллаа. Бид хоёул Л.Эрдэнэбулган багшийн шавь. Хэн хэн нь багшийнхаа хийж амжуулаагүйд гар хүрч амжлаа. Багш “Паяцы”-г Дуурийн театрын тайзнаа тоглуулах хүсэлтэй байсан. Бас моно дуурь бүтээх гэдэг байлаа. Х.Алтангэрэлтэй хамтарч ажиллаад эхэлсэн байв. Өнөөдөр өөрөө алга. Үүнд их харамсах юм аа.
-Багшийнхаа шавь нь болсон түүхийг сонирхуулаач.
-Багш Дуурийн театр найруулагчгүй болох нь гэж сэтгэл зовдог байлаа. Ингэхдээ зүгээр санаа алдаад суугаагүй. 2014 онд театрт зөвлөхөөр ажиллаж байхдаа найруулагч болох хүсэлтэй залуучуудыг цуглуулахад бид 23-уул анх номын дуу сонсож байлаа. Гэтэл сүүлдээ Б.Мэндбаяр бид хоёр үлдсэн. Тэгэхэд багш тухайн үеийн БСШУЯ-нд хандахад, Оросын Театр, урлагийн их сургуулиас хүмүүс ирж шалгалт авна, тэр үед залуучуудаа бэлэн байлгаарай гэсэн юм билээ. Гэтэл тэр жил ирээгүй л дээ. Хойтон нь бас сураг гарахгүй болохоор багш “За, та нар өөрсдөө яв. Очоод шалгуул” гэсэн. Бид Оросын соёл, шинжлэх ухаан, мэдээллийн төвийн орос хэлний курст суралцсан ч дөртэй болсноос цаашгүй. Шалгалтын материалыг нь олж авч, цээжлээд очиж шалгууллаа. Багш нар бидний түүх, намтар, хийсэн бүтээснийг тоож, үнэлсэн ч хэлний мэдлэгээр тэнцэхгүй гээд орос хэлний бэлтгэлд суухыг зөвлөсөн. Ингээд Москвагийн Гнесиний нэрэмжит Хөгжмийн дээд сургуулийн орос хэлний бэлтгэл ангид суралцахаас найруулагчийн ангийн оюутны замналаа эхлүүлсэн юм. Төгсөх дөхөж байна. Манайх гурван хүүхэдтэй. Багыгаа өлгийнөөс гараагүй байхад явж байлаа. Буцаад ирэхэд том болчихсон байдаг. Цар тахлын ид үед Монголдоо байя гээд хүрээд иртэл сургуулиас дуудсан. “Таны мэргэжил бол алсын зайнаас сураад төгсчихдөг амар юм биш. Ир” гэсэн. Тэгэхээр нь ийш тийш нь өргөдөл, хүсэлт бичсээр байгаад хилээр явган гарч очсон.
-Танай сургуулийг манай улсын урлагийнхнаас нэлээд хэд нь төгссөн санагдаж байна. Чухам хэд, хэн, хэн юм бол?
-Монголчуудаас нийт 10 гаруй хүн төгссөн юм билээ. “Хасар” Жагаа гэж олонд танигдсан Б.Жаргалсайхан гуай гэргийтэйгээ хамт жүжигчний ангид суралцаж төгсжээ. Хамгийн сүүлд “Хотулун гүнж” кинонд тоглосон жүжигчин 2017 онд төгссөн. Найруулагчдаас Ё.Цэрэндолгор агсан, ДБЭТ-ын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар нар дүүргэсэн. Г.Эрдэнэбаатар найруулагч 1992 онд төгссөн гээд бодохоор дараагийнх нь бараг 30 жилийн дараа, хоёр хүн зэрэг төгсөх гэж байна.
-Төлбөрөө өөрсдөө төлдөг үү?
-Сургуульдаа очсон хойноо хөөцөлдөж байгаад тэтгэлэгт хамрагдсан.
-Төгсөөд ДБЭТ-т найруулагч болох уу?
-“Паяцы” дуурийн хяналтын тоглолтын дараа театрын захирал Ц.Түвшинтөгс үг хэлэхдээ, цаашид бүтээл дээр ажиллахдаа ингээрэй, тэгээрэй гэж хэлж байсан. Нээлтийн тоглолт болоод удаагүй байна. Захирал “Уулзана аа” гэсэн. Бид эхний ээлжид сургуулиа амжилттай төгсөх нь чухал байна. Энэ сарын 20-доор Москва руу буцна. Оюутан миний санаачилгыг бүхий л талаар дэмжиж, ёстой хайранд бөмбөрүүлэх мэтээр тал талаас тусалж бүхэл бүтэн жүжиг тавиулсан ДБЭТ-ын удирдлага, уран бүтээлчдэд маш их баярлаж байна. Гоцлол дуучид, хөгжимчид, удирдаач, найрал дуучид, тайз, гэрэл гээд шаардагдах бүхий л зүйлээр хангалаа шүү дээ.
-Театрт дуучнаар ажиллаж байсан тань давуу тал юм даа. “Найруулагч машинаа зарж байгаад дуурь тавьсан” гэсэн яриа байна лээ.
-Тэгсэн. Хэдийгээр театраас уран бүтээл талын бүхий л нөөц, бололцоогоор хангасан ч зардал хэрэгтэй байсан болохоор эргэлзэх юмгүй шийдсэн. Дуурь тавих нь эн тэргүүний чухал ажил байлаа. Хувцасны зураачаар “Chic” салоны эзэгтэй, театрын хувцасны загвар зохион бүтээгч Б.Лхамцэрэн эгч ажилласан. Бас л намайг дэмжсэн. Казахстаны Алматы хотод суралцаж мэргэжил эзэмшсэн юм билээ. Би санаагаа хэлсэн төдий. Гэтэл дуурийн агуулгыг тодотгосон гоё хувцас бүтээж өгсөнд их баярлаж байна.
-Л.Эрдэнэбулган багшдаа Б.Мэндбаяр найруулагч та хоёр бүтээсэн ажлуудаа харуулсан бол юу гэх байсан бол гэж бодогдлоо.
-“За, алив, харъя. Та хоёрын найруулах гэж юу байх вэ дээ” гээд инээх байсан болов уу. Багш бол чанга шүү дээ. Хэр баргийн юмыг тоохгүй. Яриан дундаа л зааж, сургадаг байлаа. Жишээ нь, энэ үдээстэй сонинуудыг заагаад “Энэ юу вэ” гэж асууна. Тэгэхэд нь “Сонин” гэх юм бол бараг л цааш нь надтай харилцан ярилцахгүй. Дээд талын салбагар сониныг заагаад “Далавч нь хугарсан шувуу юм уу даа” гэвэл өлгөж аваад үргэлжлүүлэн ярина даа.
-Багштайгаа хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-2020 оны сүүлчээр Булган аймгийн Бугат сумдаа ганцаар байх үед бие нь муудсаныг сонсоод яаравчлан очсон. Чихрийн шижин хүндрээд зүрхэнд нь нөлөөлсөн гэсэн оноштой нэлээд хэдэн жил болсон гэж ойлгодог. Тухайн үед харахад мэдэгдэхгүй ч их тааруу болоод байсан юм билээ. Сумаас гараад аймгийн төвд очсоноо мэдэхгүй байсан. Хоёулаа аймагт он гаргаад нэгдүгээр сарын эхээр нийслэлд ирсэн. Түүнээс хойш удалгүй бурхан болсон. Яг өнгөрөхөд нь байж чадаагүй. Бид их ойлголцдог байлаа. Хүлээсэн байх аа, багш минь.
-Тэр ухаантай хүн хоёр сайхан найруулагч бэлтгээд одсон юм шиг санагдаж байна. Хэтрүүлж хэлбэл, өөрийгөө үлдээсэн мэт.
-Өөрийгөө үлдээсэн гэвэл өрөөсгөл болох байх. Ямар ч байсан Монголын дуурь найруулагчаар дутаж болохгүй гэж үздэг, өөрийн боломжоор нэмэр тус болох сон гэж зүтгэдэг байсан. Б.Мэндбаяр бид хоёрыг Орос руу явах болоход хадаг барьж байгаад хэдэн үг хэлсэн юм.
-Шавь нартаа багш нь хадаг барьжээ.
-Харин тийм ээ. Тухайн үед жаахан эвгүй, эмээхээр байсан. Гэхдээ улсын сонгодог, тэр дундаа дуурийн урлагийн залгамжийг тасалж болохгүй гэсэн санаагаар тэгж хадаг барьсан болов уу.
-Найруулагч болохоор чамгүй хугацаа зарцуулж буй юм байна.
-Хөгжмийн театрын найруулагч болох гээд зүтгэж л байна.
-Хөгжмийн театр гэдэгт дуурь, балетыг хамруулах уу?
-Дуурь, оперетта, мюзиклийн тухай ойлголт. Балетыг хөгжмийн театрт хамааруулан авч үздэг л дээ. Гэхдээ би дуурийн чиглэлээр суралцсан.