“Агула даатгал” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн Э.Оюунбилэгтэй ярилцлаа. Тэрбээр бизнесийн удирдлага, олон улсын эдийн засагч мэргэжилтэй бөгөөд олон улсын төсөл, хөтөлбөр, хувийн хэвшлийн тэргүүлэгч компаниудын удирдах албан тушаалд 30 гаруй жил ажилласнаас банк санхүүгийн салбарт 10 орчим жил ажиллаж буй юм.
-Та даатгалын салбарыг, тэр дундаа “Агула даатгал”-ыг сонгосон шалтгаанаасаа хуваалцаач?
-Манайх үүсгэн байгуулагдаад жил гаруй болсон, даатгалын хамгийн отгон компани. Бид сайн засаглал, дэвшилт технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ, “зөв”, чадварлаг хүний нөөцөөр ялгарч, салбартаа шинэ өнгө оруулж, тогтвортой даатгалын салбарыг хөгжүүлэх зорилготой. Сайн засаглалтай байх нь аль ч чиглэлийн компанид хамгийн чухал асуудлын нэг. Тухайн компани урт хугацаанд тогтвортой хөгжин, салбарынхаа болон улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахад засаглалын зөв тогтолцоо, бодлого чухал гэдгийг компаниуд ойлгодог болсон. Гэвч зохицуулагч байгууллагын шаардлагаар Төлөөлөн удирдах зөвлөлтэй болоод, тунхаглалын шинж чанартай хэдэн баримт бичиг баталснаа сайн засаглалтай боллоо гэж дүгнэх нь өрөөсгөл. Зөв, сайн засаглалыг бий болгоход тухайн компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн итгэл үнэмшил, хүсэл эрмэлзэл маш чухал. Засаглалын цөм гэгдэх ТУЗ-ийн гишүүнээр олон талын ур чадвар, боловсрол, мэдлэг, зөв хандлагатай хүнийг сонгон, зөвлөлөө хараат бус байдлаар ажиллах боломж бүрдүүлэхээс ажил эхэлнэ. Манай компани даатгал, санхүү, эрсдэл, засаглал, комплаенс, борлуулалт, сэргээгдэх эрчим хүч зэрэг чиглэлээр мэргэшсэн, тухайн салбартаа олон жил амжилттай ажилласан хараат бус гишүүдээр ТУЗ-өө бүрдүүлсэн. Ийнхүү сайн баг бүрдүүллээ хэмээн тайвширч суулгүйгээр ТУЗ-ийн үйл ажиллагааг үр ашигтай, бүтээлч болгох хэрэгтэй. ТУЗ-ийн үйл ажиллагааны хэлбэр нь хурал бөгөөд хурлаа оюун ухаан сорьсон, компанийн эрсдэл, боломжуудын талаар санаа бодлоо солилцсон, гүйцэтгэх захиралд үнэтэй чиглэл, зөвлөмж өгсөн “амьд” байдлаар хийх нь зүйтэй. Үр бүтээлтэй ТУЗ ажлаа жилээр төлөвлөн, хурлын цагаа үр ашигтай өнгөрүүлж, компанидаа хувь нэмрээ оруулж чадаж буй, эсэхээ тогтмол үнэлж, дүгнэнэ гэсэн үг. Уг үнэлгээний дагуу бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагаагаа сайжруулах арга хэмжээ авах юм. Гүйцэтгэх захиралтайгаа итгэлцэлд суурилсан харилцаа бий болгоход ТУЗ, гүйцэтгэх удирдлагын эрх мэдлийн зааг ялгаа болон мэдээллийн урсгалыг тодорхой болгох нь нэн чухал. Эдгээр нь энгийн, ойлгомжтой асуудал мэт боловч бодит байдалд тэр болгон хэрэгждэггүй.
Аливаа компанийн засаглалын практикууд нь хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүдийн итгэл үнэмшил, идэвх зүтгэлээс их шалтгаалдаг. Энэ оны гуравдугаар сард шинэчлэн баталсан Монгол Улсын компанийн засаглалын кодекст засаглалын сайн практикийн сүүлийн үеийн чиг хандлагууд, үүнд ТУЗ-ийн үйл ажиллагааг улам үр бүтээлтэй, үр ашигтай болгох шаардлагуудыг тусгасан. Мөрдлөг болгон ажиллах заалтуудаас манай компани цөөнгүйг нь бодит ажил болгон, хэрэгжүүлж буйг харахад урамтай байдаг. Сайн засаглалтай байна гэдэг нь хүрэх оргил биш, аялал гэж хэлж болно. Энэ аяллыг бид эхлүүлсэн. Даатгалын компаниудын хувьд сайн засаглалтай байна гэдэг нь тогтвортой хөгжил, тогтвортой даатгалын асуудлыг мөн хөндөж буй хэрэг. Манай компанийн баримталж буй бодлого, шийдвэр нь байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагыг ухамсарласан, сайн засаглалыг хөгжүүлэхэд чиглэж буй. Технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлж хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд санал болгож байгаа нь байгаль орчинд ээлтэйгээр ногоон даатгалын тогтолцоо бүрдүүлэх нэг алхам юм.
-Ногоон даатгал гэхээр шинэ, соргог сонсогдож байна. Энэ талаараа тодруулж өгөөч.
-Ногоон эдийн засаг, тогтвортой санхүүжилт гэдэг нь шинэ тутам ойлголт биш. Энэ талаар гадаадын болон дотоодын судалгаа, зөвлөмж, удирдамж олон бий. Манай улсын хувьд энэ чиглэлд банкны салбарынхан тэргүүлж байгаа гэхэд болно. Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр (ТОС) маш амжилттай хэрэгжиж, энэ амжилтад хүрэхэд банкуудын итгэл үнэмшил, идэвх зүтгэл чухал үүрэг гүйцэтгэж буй. Олон улсад ногоон даатгалыг тогтвортой санхүүжилттэй адилтган тогтвортой даатгал гэж хэлдэг. Гадаадын даатгалын компаниудын хувьд сүүлийн үед НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтод нэгдэж, байгаль орчинд ээлтэй ногоон даатгалын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжин, тогтвортой даатгалын санаачилгыг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн санхүүгийн санаачилгын хүрээнд гаргасан тогтвортой даатгалын зарчмууд нь компаниудад стратегиа батлах, эрсдэлээ удирдах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ боловсруулах, борлуулах, нөхөн олговор олгох зэрэг үйл ажиллагааныхаа бүх чиглэлд шийдвэр гаргахад анхаарах зүйлсийг тодотгож өгсөн. Санхүүгийн зохицуулах хороо ч ногоон даатгалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар арга хэмжээ авч эхэлсэн. Мөн ногоон даатгал гэдгийг байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж буй хор нөлөөг багасгах, даатгуулагчид эрсдэл учрахад нөхөн төлбөр олгох зориулалт бүхий даатгалын үйл ажиллагаа гэж тодорхойлсон. Дээр дурдсанчлан, бидэнд олон улсын байгууллагууд, мөн дотоодын банкны салбарынхны тогтвортой санхүүжилтийн туршлагаас суралцах сайхан боломжууд бэлэн байна. Тэгэхээр манай даатгалын компаниуд энэ чиглэлд эрчимтэй ажиллах шаардлагатай гэсэн үг. Тогтвортой хөгжилд анхаарч, дэлхий нийтийн чиг хандлагыг компанидаа нэвтрүүлэхээр “Агула даатгал”- ын хувьцаа эзэмшигчид, ТУЗ, удирдлага санаа нэгдсэн хэрэг. Цаас хэрэглэхгүй, цахимаар бүгдийг шийдвэрлэх шинэлэг арга барилд суралцах, технологид суурилсан бүтээгдэхүүн гаргах, харилцагчдынхаа эрсдэлийг үнэлэхдээ байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийг давхар үнэлэн, зөвлөмж өгч, чадавхыг нь бэхжүүлэхэд анхаарч байна. Цаашид байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхэлдэг даатгуулагчдад хөнгөлөлт үзүүлэхэд анхаарна. Бусад компанийн ТУЗ-ийн адил бид сүүлийн хэдэн хурлаараа компанийн бизнес төлөвлөгөө, төсөв, гүйцэтгэх захирлын үнэлгээний шалгуур үзүүлэлтийг нухацтай хэлэлцсэн. Эдгээрийг хэлэлцэн батлахдаа дээр дурдсан компанийн үнэт зүйлс, баримтлах зарчимтай уялдуулсан нь бид олон улсын жишигт нийцсэн даатгалын компани болох хэтийн зорилгодоо ойртсон алхам гэж бодож буй.
-Танай компани хүний нөөцөө бүрдүүлэхдээ ч тодорхой зарчим баримтална гэсэн.
-Компани бол ажилтнуудаа ажлын байраар ханган, цалин хөлс өгдөг төдий байгууллага биш гэж боддог. Тэнд хүмүүс үнэт зүйл бий болгон, хамт олны соёлд суралцан, өсөн дэвжих боломжоо бүрдүүлж, хөгжиж, төлөвшиж байдаг. Байгууллагын зөв соёлыг бүрдүүлэхэд ТУЗ бас хувь нэмрээ оруулж, өөрсдөө үлгэр дуурайл болох нь чухал. Орчин үед залуус компанид ажилд орж, цалин орлого олохыг хичээхийн зэрэгцээ өөрсдийн зарчим, үнэт зүйлд тухайн компанийн өнгө төрх, чиг хандлага нийцэж буй, эсэхийг анхаардаг болсон. Залуус байгальд ээлтэй амьдарч, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж, тогтвортой өсөн дэвжих сонирхолтой. Тиймээс манай компанийн зүгээс нэгдмэл үзэл баримтлал, үнэт зүйлстэй хамт олон бүрдүүлэхийг хичээж байна.
-Тогтвортой даатгалыг хөгжүүлэх чиглэлээр ажиллахад ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Компанийн хувьд хамгийн том бэрхшээл буюу сорилт нь цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаардагдах явдал юм. Байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа эрхэлдэг харилцагчийг дэмжих, аливаа шийдвэр гаргахдаа байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг харгалзах учраас уламжлалт зарим бүтээгдэхүүнийг сайжруулах аппликэйшн хөгжүүлэхэд багагүй хугацаа зарцуулж байна. Мөн байгаль орчинд ээлтэй бус үйл ажиллагаа эрхэлдэг, хүний эрхийг зөрчдөг компанитай түншилж ажиллахгүй гэх зэргээр ашиг, орлого олох нөхцөлөө тодорхой хугацаанд хязгаарлах магадлалтай. Гэвч даатгалын үйл ажиллагааны процесс бүхэлдээ нийгмийн хариуцлага байдаг тул дунд, урт хугацаанд нийгмийн хариуцлагын зөв тогтолцоог бий болгоно. Тиймээс компанийн үнэт зүйл, зарчмаасаа ухрахгүй тууштай байх нь нийгэмд оруулах хөрөнгө оруулалт юм. Эцэст нь бид өдөр тутмын үйл ажиллагаагаараа тогтвортой даатгал буюу ногоон даатгалыг хэрэгжүүлж буйгаа баталгаажуулах болно.