Монголын чөлөөт бөхийн шигшээ баг, “Хасу мега старс” клубийн тамирчин, улсын гурван удаагийн аварга, ОУХМ Ц.Намуунцэцэгийг бөхийн хорхойтнууд дайчин, зоримог барилдаанаар нь андахгүй. Тэрбээр хүүхэд байхаасаа чөлөөт бөхөөр хичээллэж, гадаад, дотоодын тэмцээнд цөөнгүй амжилт гаргасан. Тухайлбал, 23 хүртэлх насныхны ДАШТ-ээс хүрэл медаль, Азийн АШТ-ий алт, Иван Ярыгиний “Алтан гран при”-д түрүүлж нутаг нэгтнүүдээ баярлуулж байлаа. Казахстаны Алматы хотод өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард болсон Ази тивийн АШТ-д амжилттай оролцож, Токиогийн олимпын наадмын анхны эрхийг эх орондоо авчирч байсан түүнтэй ярилцлаа.
-Эх орондоо зохион байгуулсан чөлөөт бөхийн Азийн АШТ-д тивийн шилдгүүдтэй хүч сорихдоо Узбекистаны Жасмина Иммаева, Казахстаны Айгул Нуралим гээд хүндхэн учраатай таарсан ч ялж, тэмцээнээ үргэлжлүүлсэн. Багш нь шавьдаа дэвжээнд гарахын өмнө юу гэж зөвлөсөн бол?
-Өмнө нь Узбекистан, Казахстаны тамирчидтай таараагүй. Гэхдээ тэмцээний өмнө барилдааных нь бичлэгийг үзээд хэрхэн өрсөлдөхөө төлөвлөж, түрүүлж оноо авах мэх хийх л зорилготой байв. Үүнийгээ ч дэвжээнд хэрэгжүүлж ялалт байгууллаа. Ц.Баярсайхан багш дэвжээнд гарахын өмнө “Чи ер нь авах ёстой оноогоо авч, тайван барилдаарай” гэж зөвлөсөн. Хагас шигшээд Энэтхэгийн бөхтэй гар таллаж барьц авна гэж бодон, бэлтгэл дээр давтсан мэхнүүдээ барилдах явцад гаргаж ялсан юм. Тэр өдрийн барилдаан өрсөлдөөнтэй болж, манай таван эмэгтэй бөх учраануудаа илүүрхэн, медалийн төлөө барилдахаар шалгарав. Бүгд л эх орондоо зохион байгуулж байгаа тэмцээнд медаль хүртэх зорилготой бэлтгэлээ хийсэн болохоор итгэлтэй барилдсан шүү.
-Аваргын төлөө “Осло-2021” ДАШТ-д түрүүлсэн Японы Ремина Йошимототой барилдсан. Түүнтэй гар зөрүүлэхээсээ өмнө барилдах арга барил, техникийг нь судалж, төлөвлөгөө боловсруулав уу?
-Түүний барилдах арга барилыг өмнө нь харсан тул аваргын төлөө өрсөлдөх тактик боловсруулсан. Гэхдээ бодох нэг өөр, гараад барилдах бас ондоо. Би түүнээс дутуу байлаа. Тиймээс хойшид үүн дээр ингэж, түүн дээр тэгж ажиллах ёстой юм байна гэдгийг ухааруулсан барилдаан болсон. Тэр ч хэрээр олон зүйлийг ойлгож, бас чамгүй туршлага хуримтлууллаа.
-Түүнийг ялаагүй ч нэлээд сайн өрсөлдөж, хоёр оноо авсан. Бөхчүүд жингийнхээ өрсөлдөгчидтэй тэмцээнд цөөнгүй таарах тохиолдол бий. Барилдааны явцад давуу, сул талыг нь ч олж харсан байх.
-Тэрбээр хөл сайн авч, дутуу явсан дээр нь ажиллаж чаддаг санагдлаа. Түүнтэй дараа таарвал том барьц авч, хөлөө сайн хамгаалах, бас хэвтээгээс бүх үед оноо авдаг техниктэй болох хэрэгтэй гэж ойлгосон. Тиймээс хүчний бэлтгэлээ сайн хийж, тактик боловсруулахад өмнөхөөсөө илүү анхаарна.
-Танд Азийн аваргын мөнгөн медаль амархан ирээгүй. Олон жилийн хөдөлмөр, зорилгоо бодож, бүхнээ шавхан гаргасныг тань үзэгчид харлаа.
-Аварга болчихоосой гэж дэмжсэн олны дуу хоолойг сонсох мөчид “Миний үүрэг шүү дээ, би үүний төлөө бэлтгэл хийж дэвжээнд гарсан” гэж бодож байлаа. Тухайн үед өрсөлдөгчдөө ялагдаж, алтан медалиас атгаагүй болохоор нэг л дутуу санагдаад сэтгэл хангалуун байгаагүй.
-Монголын шигшээ багийн эмэгтэйчүүд багаараа АШТ-д II байрт шалгарч, мөнгөн цом гардсан. Тэмцээний үед багшаас тань гадна хэн таныг хурцалж, урагшлуулав?
-Эмэгтэйчүүд багаараа мөнгөн цом гардсан нь Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд бас нэг дурсагдах сайхан үйл явдал боллоо. Би зөвхөн Азийн аварга гэлтгүй ямар ч тэмцээний үед өөрийгөө дайчилж, хурцалдаг. Багш нарынхаа зөвлөснийг ч бодож, барилдаандаа хэрэгжүүлэхийг үргэлж зорьдог.
-Азийн аваргын барилдааныг гэрийнхэн тань сэтгэл догдолж үзсэн байх. Мөнгөн медальтай харихад хэр баяр хөөртэй угтав даа?
-Манайхан барилдааныг минь “Буянт-Ухаа” спорт цогцолборт зорин очиж үзсэн. Охин минь одоо таван настай. Аваргын төлөөх барилдаанд ээжийгээ дэвжээн дээрээс харсан анхны тохиолдол нь байв. Өмнө нь барилдахыг минь дэргэдээс харж байгаагүй. Тэмцээнтэй өдрүүдэд “Ээж ээ та заавал ялаарай” гэдэг юм.
-Одоо ямар тэмцээнд оролцохоор бэлтгэл базааж байна вэ?
-Бүх ард түмний спартакиад наадамд оролцоно. Эхний даваагаа амжилттай давж байж л дараагийн дэлхийн аварга, Азийн наадамд өрсөлдөх үүрэг, хариуцлагатай тэмцээн хүлээж байна даа.
-Та анх 2008 онд чөлөөтөөр хичээллэж, Г.Пүрэвбаатар багшийн шавь болж байсан юм билээ.
-Тийм ээ, миний хувьд өөрийн хүслээр чөлөөт бөхийн спортод хөл тавьсан. Анх барилдаж буй бөхчүүдийг зурагтаар хараад “Би тэдэн шиг барилдана” гээд гэрийнхэндээ хэлэхэд ээж минь их дэмжсэн. Тэр тэмцээний дараа ээжийн минь дүү намайг Спортын төв ордонд дагуулж ирээд Т.Дамбарагчаа, Г.Пүрэвбаатар багшийн шавь болгож билээ. Тэрбээр өмнө нь хүүхэд байхдаа Ц.Баярсайхан багшийн удирдлагад чөлөөт бөхөөр барилддаг байсан юм билээ. Би 2011 оноос хойш Ц.Баярсайхан, Ё.Батдархан дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийж эхэлсэн.
-2010 онд өсвөр үеийн УАШТ-ээс хүрэл медаль хүртэж, амжилтынхаа гарааг эхлүүлсэн байдаг. Хэнийг ялж, шагналын тавцанд зогссон бэ?
-Тэр үед хүүхэд байсан болохоор нэг их бодож, санах юмгүй л явдаг байж. Өсвөрийн улсын аварга том тэмцээн шиг санагдаж, өөрийгөө ч бөх болсон гэж тоож боддог сон. (инээв) Дараа жил нь хүүхдийн их наадамд өмнөхөөсөө туршлагажиж аваргын төлөө Мөнхцэцэг хэмээх охиныг ялаад түрүүлж байлаа. 2012 онд өсвөр үеийн, мөн залуучуудын УАШТ-ээс тус бүр хүрэл медаль хүртэж, “Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадамд өрсөлдсөн юм. Тус тэмцээнээс мөнгөн медаль гардчихаад баярлаж байснаа одоо ч мартдаггүй. Түүнээс хойш ур чадвараа ахиулсаар 2013 онд өсвөр үе, залуучуудын улсын аварга болж, 2014 онд насанд хүрэгчдийн УАШТ-д анх хүч сорьсон. Өсвөрийн болон залуучуудын улсын аваргад дараалж түрүүлнэ гэдэг миний хувьд томоохон амжилт байлаа.
-Улсын аваргад тухайн жил хүрэл медаль хүртсэн бол дараагийнхад нь заавал түрүүлдгийг тань анзаарсан юм. Тухайлбал, оюутны УАШТ-ээс алт, залуучуудынхаас мөнгөн медаль авсан тань батлах байх.
-УАШТ-д хүрэл медаль хүртэхээр шар хөдөлж, дараа жил заавал түрүүлнэ гэж өөртөө хэлдэг. Тэгж зорьсны хүчинд заавал түрүүлдэг байлаа. 2016 оны залуучуудын Азийн АШТ-д мөн л японы бөхтэй таарч, мөнгөн медаль зүүсэн. Түүнээс хойш гурван жилийн дараа Монголд болсон 23 хүртэлх насныхны Азийн аваргад дахин өрсөлдөв. Эх орныхоо дэвжээнд тивийн шилдгүүдтэй гар зөрүүлж түрүүлсэн нь амьдралд минь бас нэг сайхан дурсамж үлдээжээ.
-2020 онд ОХУ-ын Красноярск хотод болсон Иван Ярыгиний “Алтан гран при”-д түрүүлж, бөхийн хорхойтнуудыг баярлуулсан. Хойд хөршийнхөн чөлөөт бөхөд гаргууд. Тэнд ямар орны бөхийг ялж, медалийн тавцанд зогсов?
-Иван Ярыгиний “Алтан гран при” тэмцээний алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын тамирчныг нутгийнх нь дэвжээнд буулган авч түрүүлсэн. Би түүнтэй өмнө нь гурван удаа таарахдаа хожигдсон юм. Тэр тэмцээнд даагаа нэхэж, гэртээ сэтгэл өндөр ирж билээ.
-2021 он цар тахал олон оронд дэгдсэн хүнд жил байв. Токиогийн олимпын эрх олгох Азийн АШТ-ээс мөнгөн медальтай ирсэн. Манайхан тэр жил болсон тэмцээнүүдэд шагналын хуртай эх орондоо хөл тавьсныг санаж байна.
-Тэр жил цар тахлын улмаас тэмцээн ховор болсон. Би Токиогийн олимпын эрх олгох нэг л тэмцээнд оролцсон юм. Ази тивийн АШТ-ээс эрх олгоход эх орондоо нэг олимпын нэг эрх авчирсан шүү.
-Сая болсон тэмцээний дараа найз нөхөдтэйгөө уулзаж, тухтай амарсан уу?
-Азийн АШТ-ий дараа түр амсхийж, охиноо эрхлүүлж гэртээ хэд хоног амарлаа. Миний хувьд тэмцээн дөхөхөөр бэлтгэлдээ анхаарал хандуулаад гэрийнхнээсээ хол байдаг.
-Гэр бүлийнхэн нь бөхөөр анх хичээллэхэд хэр дуртай хүлээж авсан бэ, одоо танайхан амжилт гаргаж байгаагаар тань үргэлж бахархдаг биз?
-Чөлөөт бөхөөр хичээллэхэд аав минь эхэндээ дургүйцэж “Эмэгтэй хүүхдэд бөхийн спорт хэцүү. Барилдаж яах гээд байгаа юм” гэнэ. Харин ээж “За яах вэ, өөрөө сонирхолтой юм, барилдаад үзэг” гэж дэмжсэнээр спортын босгоор алхаж байлаа. Миний хамгийн үнэнч фэн бол ээж минь. Аав минь намайг бөхөөр хичээллээд удаагүй байхад хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Би айлын хоёр дахь хүүхэд. Нэг ах, хоёр дүүтэй. Нэг эмэгтэй дүү минь барилдах гэж үзээд больсон доо.
-Хааяа олддог амралтын өдрийг хэр үр дүнтэй өнгөрүүлдэг вэ, сонирхдог зүйлдээ зав гаргадаг биз дээ?
-Чөлөөт цаг бага гардаг. Охинтойгоо байнга хамт байж чаддаггүй болохоор амралтын өдрөөр дэргэд нь байхыг хичээж, дуртай хоолыг нь хийж өгөхийг хүсдэг.
-Хамгийн сүүлд ямар кино, нэвтрүүлэг үзэж, ямар ном уншсан бэ?
-“Арван тавны сар” Монголын уран сайхны кино үзлээ. Тамирчид завтай үедээ ном солилцож уншдаг юм. Миний хувьд ном уншихыг тархины дасгал гэж боддог. Саяхан “Ад үзэгдэх зориг” ном худалдаж авлаа. Уншаад үзтэл тун сонирхолтой санагдсан шүү. Хүмүүс ихэвчлэн бусдад таалагдахын тулд амьдардаг. Хэн намайг юу гэж бодох бол, би бусдад ямар харагдаж байгаа бол гэж санаа зовно. Гэвч үнэндээ бусад хүн чиний төлөө бус, зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг шүү дээ. Бусдыг өөрчлөх гэж тэгтлээ хичээх хэрэггүй. Харин түүний оронд өөрийгөө өөрчлөх боломжтой. Аз жаргалтай байя гэвэл бусдад ад үзэгдэх зоригтой байх хэрэгтэй. Амьдралыг харах үзэл, хандлагаа өөрчилж, болоод өнгөрсөн буюу нэгэнт байхгүй болсон зүйлсийг мартаад зөвхөн энд, одоо цагтаа амьдрах хэрэгтэйг энэ номд өгүүлдэг нь их таалагдсан.
-Шигшээ багийнхнаасаа хэнтэй ойр дотно нөхөрлөдөг вэ?
-Х.Болортуяатай их ойр байдаг. Тэрбээр баг, хамт олондоо сайн үлгэр дуурайл үзүүлдэг юм.
-Та Хэнтий аймгийн Өлзийт тосгоноор овоглодог. Нутаг тань хэр сайхан байгальтай вэ, зун очиж амардаг уу?
-Хэнтий аймгийн Өлзийт тосгон сайхан тал газартай. Байнга очиж чаддаггүй. Зун болохоор хааяа очдог. Тэмцээн, бэлтгэл гээд нутгаа зорих цаг, зав ховор.
-Оюутан байх үед хичээлдээ гүйж, бэлтгэл хийж, тэмцээнд оролцох гээд цаг хугацаа хурдан өнгөрөв үү?
-ҮБТДС-ийн багш дасгалжуулагчийн ангид сурдаг. Бөхийн спортод тамирчид залуу насандаа амжилт гаргадаг шүү дээ. Одоохондоо бэлтгэл, тэмцээнд анхаарал хандуулаад сургуулиа хараахан төгсөөгүй л явна. Барилдахаа болихоор өөрийгөө хөгжүүлж, хуульч мэргэжлээр суралцана гэж боддог.
-Хүсэл мөрөөдөлдөө хүрч, зорилгоо биелүүлсэн гэж боддог уу?
-Хүний хүсэл хязгааргүй юм хойно мөрөөдөлдөө хараахан хүрээгүй л байна. Зорилгоо биелүүлэх амаргүй ч зогсолтгүй урагшлахыг хичээдэг.
-Хааяа халширч, шантрах үед гардаг л байх. Тийм үед өөрийгөө хэрхэн дайчилж, сэтгэлээ тайвшруулдаг вэ?
-Шантрах үе байлгүй яах вэ. Би сэтгэлээр их унамтгай. Тийм үедээ “Чадахгүй, болохгүй байна” гээд уйлна. Дараа нь тайвширч, ямар ч байсан эхлүүлсэн зүйлийнхээ эцсийг үзэх хэрэгтэй гэж боддог юм.
-Та гадаадын олон тэмцээнд оролцлоо. Сэтгэлд тань таатай дурсамж үлдээсэн нь ямар улс байдаг бол?
-Хилийн дээс алхаж, олон тэмцээнд оролцоход Япон Улс хамгийн сайхан сэтгэгдэл үлдээсэн. Тэндхийн хүмүүсийн харилцаа, соёл, дэг журам, зохион байгуулалт нь их таалагдсан.
-Спортоос өөр ямар зүйлд цаг, зав гаргах дуртай вэ?
-Экстрим спортоос уулын дугуйн кросс, мотоцикл унах сонирхолтой. Зав гарсан үедээ эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах дуртай.