Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг энэ сарын 1-нээс нийтээр дагаж мөрдөж эхэллээ. Уг хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд УИХ-аас баталсан бөгөөд таван сар орчмын дараа хэрэгжүүлж буй юм. Манай улс 1995 онд Хувь хүний нууцын тухай хуулийг баталжээ. Гэсэн ч уг хууль нь хувь хүний нууц, хувийн мэдээллийг хамгаалж чаддаггүй, иргэн мэдээллээ алдлаа ч буруутай этгээдүүдэд нь хариуцлага хүлээлгэж чаддаггүй байв. Өөрөөр хэлбэл, иргэний регистрийн дугаар, хурууны хээ зэргийг дурын байгууллага хувь хүнээс нэхдэг, шаарддаг, ашигладаг байсан хэрэг. Ингэснийхээ төлөө иргэнээс ямар нэгэн зөвшөөрөл авч байсангүй.
Дээрх хуульд зааснаар бол хувийн мэдээлэлд эцэг, эхийн болон өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, хөрөнгө, боловсрол зэргийг хамааруулж байна. Тэгвэл эмзэг мэдээлэлд үндэс, угсаа, шашин шүтлэг, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа зэргийг хамааруулж байгаа юм. Өмнө нь иргэн хувийн мэдээллээ алдсан гэж гомдол гаргаад, шийдвэрлүүлсэн тохиолдол байдаггүй. Иргэн хууль хяналтын байгууллагад хандсан ч үр дүнгүй, эцсийн дүндээ өөрөө нэр хүндээрээ хохироод л үлддэг гэхэд хилсдэхгүй. Жишээ нь, Улсын бүртгэлийн ерөнхий газар тойрсон хэл ам, хэрэг, зөрчил байнга гарч, өдий хүрсэн. Тухайлбал, сонгуулийн үеэр гэр бүлдээ шинэ гишүүн нэмэгдсэнийг мэдсэн хүн цөөнгүй. Мөн өөрийн үл хөдлөх хөрөнгийг хэн нэгний нэр дээр шилжүүлснийг, бас гэрлэлтийн статус гэнэт өөрчлөгдсөнийг мэддэг байсан нь нууц биш. Энэ тухай иргэдийн нийгмийн сүлжээнд бичсэн зарим сэтгэгдлийг орууллаа. Өчигдрөөс хэрэгжүүлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар бол эдгээр нь хүний хувийн мэдээлэлд халдаж, өөрчилсөн хууль бус үйлдэл юм.
Тэгвэл Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуультай болсноор иргэний хувийн мэдээллийг хэн нэгэн нууцаар засварлахгүй, өөрчлөлт оруулахгүй. Бас ямар нэгэн байдлаар хүний хувийн мэдээлэлд халдсан бол буруутай этгээдүүд хариуцлага хүлээх эрх зүйн орчин бүрдэж байна. Тухайлбал, улсын бүртгэлийн ажилтан иргэний мэдээлэлд дураараа гар хүрэх эрхгүй. Ямар нэгэн өөрчлөлт оруулах тохиолдолд тухайн иргэн, хуулийн этгээдээс зайлшгүй зөвшөөрөл авах аж. Түүнчлэн зөвшөөрөлгүйгээр мэдээлэлд нь халдсан тохиолдолд иргэн хууль хяналтын байгууллагад хандан, хариуцлага тооцуулах эрхтэй. Гэхдээ мэдээллээ алдсан, зөвшөөрөлгүйгээр ашиглуулсан иргэний хохирлыг хэрхэн үнэлж тооцохыг хуульд нарийвчлан заа гаагүй, тодорхой бус байгааг зарим хуульч хэлж байлаа. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хариуцлагын заалтуудын талаар мэргэжлийн хүмүүсийн байр суурийг тодрууллаа.
ЭРҮҮГИЙН БОЛОН ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХЭЭР ЗААСАН
Х.Сүрэнхорол (Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Хуулийн хэлтсийн дарга):
-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталсантай холбоотойгоор Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр хувийн мэдээлэл, нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгосон юм. Тэр дундаа гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн дагуу шийдэхээр тусгасан. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 13.10.1-т “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан бол 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 247-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан. Мөн хуулийн 13.10.2-т “Энэ гэмт хэргийг харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж, эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж үйлдсэн бол 5400-27 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тусгасан байна. Үүнээс гадна Эрүүгийн хуулийн 13.11.1-т зааснаар бол хувь хүний нууцыг зөвшөөрөлгүйгээр задруулсан бол 1350-10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана. Эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.
ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАСАН БОЛ ИРГЭНИЙГ 500 000, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ 5 000 000 ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
Д.Сүнжид (Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн):
-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг зөрчсөн албан тушаалтанд гэмт хэргийн шинжтэй бол Эрүүгийн хуулиар, гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны, Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулахаар заасан. Сахилгын шийтгэлд нь нээлттэй, хаалттай сануулах, цалингийн хувь хасах, албан тушаал бууруулах, ажлаас халах зэрэг нь багтаж буй юм. Зөрчлийн тухай хуульд зааснаар бол мэдээллийн эзнээс зөвшөөрөл авснаас өөр зорилгоор хүний хувийн мэдээллийг ашигласан бол иргэнийг 500 нэгжтэй тэнцэх буюу 500 000, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх буюу 5 000 000 төгрөгөөр торгох зохицуулалттай. Түүнчлэн хүний эмзэг мэдээллийг хууль бусаар олж авсан, боловсруулсан, бусдад дамжуулсан, задруулсан үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хүнийг 2000 нэгжтэй тэнцэх буюу 2 000 000, хуулийн этгээдийг 20 000 нэгжтэй тэнцэх буюу 20 000 000 төгрөгөөр торгохоор заасан. Зөрчлийн тухай хуульд нэмэлтээр оруулсан эдгээр заалт нь Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуультай хамт энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилнэ.
Түүнчлэн Эрүүгийн хуульд шинээр 13.11 гэсэн зүйлийг нэмэлтээр оруулж, хувь хүний нууцыг задруулах гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгосон. Мөн мэдээллийн эзэн хохирлоо барагдуулахаар иргэний хэргийн шүүхэд хандах боломж нь нээлттэй. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн тохиолдолд иргэний, эрүүгийн, зөрчлийн, сахилгын хариуцлага хүлээлгэх боломжтой. Хувийн мэдээллийг хууль бусаар олж авах, ашиглах, боловсруулах, задруулах, дамжуулах зэрэг үйлдэл бүрт зөрчлийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эдгээрийг нийтэд таниулах, дагалдуулан гаргах дүрэм, журмыг зөрчилгүй боловсруулах, хариуцсан байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, хяналтыг сайжруулах нь хуулийг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой.
ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦООГ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
Л.Галбаатар (хуульч, судлаач):
-Зөрчлийн тухай хуулийн зарим зүйлд зөвхөн торгох бус, хохирол, нөхөн төлбөрийг давхар гаргуулах тухай тусгасан байдаг. Жишээ нь, энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 100 000, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгохоор заасан. Гэтэл Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг зөрчсөн бол хохирол, нөхөн төлбөр гаргуулах боломжгүй. Хохирсон хүн өөрөө иргэний хэргийн шүүхэд хандаж хохирол, нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргах шаардлагатай болно гэсэн үг.
Түүнчлэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь оновчгүй. Хэр их мэдээллийг хууль бусаар ашигласан нь хүлээлгэх хариуцлагад огт нөлөөлөхгүй. Магадгүй торгуулийн хэдхэн төгрөг төлчихөөд л уг хуулийг зөрчиж, үйл ажиллагаа явуулах нь ашигтай байна. Ийм учраас хүний хувийн мэдээлэл хамгаалах хуультай улсууд бие даасан комиссар ажиллуулж, зөрчил гаргасан байгууллагуудыг ашиг, орлогынх нь тодорхой хувиар буюу нэлээд өндөр дүнгээр торгодог. Ингэснээр дахин зөрчил гаргахгүй, хүний хувийн мэдээллийг үр дүнтэй хамгаалах боломж бүрддэг. Жишээ нь, технологийн болон хүний хувийн мэдээллийг их хэмжээгээр цуглуулж, ашигладаг, боловсруулдаг томоохон компаниудыг өндөр дүнгээр торголоо гэдэг мэдээллийг бусад улсын жишээнээс олныг харж болно. Ийм хариуцлагын механизмыг хуулийн төсөлд заавал тусгах талаар уг нь ажлын хэсгийн гишүүдэд цаг тухайд нь хэлж, сануулж байлаа. Гэвч саналыг хүлээж аваагүй. Цаашид хариуцлагын тогтолцоог олон улсын сайн туршлага, жишигт нийцүүлэх хэрэгтэй. Тэр болтол хувь хүн маш хянуур, мэдлэгтэй байж мэдээллээ хамгаалж хэвших нь чухал.
ХОХИРОЛ НЭХЭМЖЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТУУД НЬ УЧИР ДУТАГДАЛТАЙ БАЙНА
Б.Түшигжаргал (“Номин энд адвокатс” ХХН-ийн хуульч):
-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд хувь хүний нууцыг шинээр тодорхойлж, эмзэг мэдээлэл дотор тусгай ангилалд багтааж оруулсан. Хувь хүний нууцад хамаарах мэдээллийг задруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Харин Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх зохицуулалт нь хязгаарлагдмал. Тодруулбал, зөвхөн хуульд заасан, эсхүл мэдээллийг зөвшөөрөл авснаасаа өөр зорилгоор ашигласан тохиолдолд хариуцлага хүлээнэ. Мөн эмзэг мэдээллийг хууль бусаар олж авсан, ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээхээргүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр заасан байна. Тэгэхээр нууцад хамаарахгүй хувийн бусад мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласан, цуглуулсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэхийг тусгайлан заагаагүй. Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиас харвал үүнд хамаарах гомдлыг Хүний эрхийн үндэсний комисст гаргаж болохоор байгаа юм. Гэсэн ч комисс ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй. Цаашлаад комисс зөвхөн Зөрчлийн тухай хуульд заасан хүрээнд хяналт тавьж, хариуцлага тооцох, эсэх нь ч ойлгомжгүй. Хэрэв илүү өргөн хүрээний хяналт тавих бол ямар хариуцлага хүлээлгэх нь мэдэгдэхгүй байна. Мөн комиссын шийдвэрийг үл зөвшөөрвөл шүүхэд хандана гэж хуульчилсан. Гэвч энэ тохиолдолд аль шатны шүүхэд хандах нь маргаантай асуудал үүсгэж болзошгүй. Өөрөөр хэлбэл, иргэн хувийн мэдээллээ алдсан тохиолдолд Хүний эрхийн үндэсний комисст хандаад, тэд гомдлыг нь хүлээж аваагүй тохиолдолд яах вэ. Иргэний шүүхэд хандаж, буруутай этгээдээс шууд хохирол нэхэмжлэх боломжтой юу. Комиссын шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд иргэний, эсхүл захиргааны шүүхийн аль нь маргааныг шийдвэрлэх вэ гэдэг нь тодорхойгүй. Хувийн мэдээллээ алдсан тохиолдолд иргэний журмаар шийдвэрлүүлэх, хохирол нэхэмжлэхтэй холбоотой зохицуулалтууд нь учир дутагдалтай гэж үзэж байна. Энэ нь хуулийн хэрэгжилт, хариуцлагын тогтолцоог хангалтгүй болгох эрсдэл учруулж болзошгүй юм.