ОХУ, Украины зэвсэгт мөргөлдөөний улмаас дэлхийн геополитик, эдийн засагт урьдчилан тооцоолох боломжгүй хүндрэл үүссэн. Засгийн газраас үүнд хариу арга хэмжээ авч, Төсвийн тодотгол боловсруулж, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүй өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан билээ. Уг хуулийг төслийг УИХ-аар 14.00 цагт хэлэлцэж эхэлнэ. Хуулийн төслүүд батлагдсанаар долдугаар сарын 1-нээс Хүүхдийн мөнгөний 50 хувийг хуримтлал болгох бодлого хойшилж, иргэд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүрэн авч, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бага цалинтай иргэдэд бодит дэмжлэг болно хэмээн үзэж буй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.
- Төсвийн тодотголын дээрх өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Ялангуяа нийгмийн даатгалын шимтгэл буцаалтад хэн хамрагдах талаар иргэд их сонирхож байна?
-Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын тархалт 2022 он гарснаар дахин идэвхжиж, үүнтэй зэрэгцэн ОХУ, Украин улсын хооронд нөхцөл байдал хүндэрсэн нь Монгол Улсад эдийн засгийн өсөлт болон инфляцад дарамт үзүүлж эхэлсэн. Иймд Засгийн газраас иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор хуулийн төсөл өргөн барьсан. Хуулийн төслийг УИХ өнөөдөр эцэслэн батална. Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаалтыг Нийгмийн даатгалын сангаас бус, улсын төсвөөс олгохоор тусгасан. Нэг сая төгрөгөөс бага орлоготой иргэдэд богино хугацааны тусламж үзүүлж байгаа л хэрэг юм. Урьдчилсан тооцооллоор даатгуулагчдын 70 хувь нь хамрагдаж, нийт 170 орчим тэрбум төгрөг улсын төсвөөс зарцуулна. Үүний 150 тэрбум төгрөг энэ жилийн төсөвт тусгахаар тооцоолсон.
-Нэг иргэнд дунджаар хэдэн төгрөгийн буцаалт олголт өгөх вэ?
-Цалин хөлснөөсөө шалтгаална. Тухайн иргэн цалингаасаа хариуцаж өөрөө 9.5 хувийн шимтгэл төлдөг. Энэхүү төлсөн 9.5 хувийнхаа тал хувийг буцаан авах юм. Байгууллагаас төлж буй шимтгэл үүнд хамаарахгүй гэсэн үг.
-Хуулийн төсөлд уул уурхайн компани хамаарахгүй гэсэн байсан. Өнөөдөр хэлэлцэхдээ энэ заалтаа хассан юм биш үү?
-Өргөн барихаас өмнө ийм санал гарч олон нийтэд танилцуулж байсан. Гэвч хямралын үед байгууллагын өмчийн болон үйл ажиллагааны хэлбэрээр ялгаварлах нь буруу, харин бага орлоготой иргэдээ анхаарах хэрэгтэй гэх санал гарсан. Иймээс төрийн албан хаагч, уул уурхайн салбар, сайн дурын нийгмийн даатгал төлж байгаа иргэдийг ялгаварлахгүй, нэг сая төгрөгөөс доош орлоготой л бол бүгдийг нь хамруулах зохицуулалт тусгасан.
-Хуулийн төсөл батлагдвал тавдугаар сарын 1-нээс шууд хэрэгжүүлэх үү?
-Тавдугаар сард иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Улмаар зургадугаар сард төлсөн шимтгэлийнхээ 50 хувийг авах юм. Гэхдээ дээр хэлсэнчлэн зөвхөн нэг сая төгрөгөөс доош орлоготой бол буцаалт улсын төсвөөс авна.
-Хуулийн төслөө боловсруулахдаа олон улсын жишгээ судалсан уу?
-Германд 2019-2021 оны хямралын үед бага орлоготой хүмүүсээ илүү анхаарч, халамжлах бодлого хэрэгжүүлсэн. Манайх Герман улсаас бага эдийн засагтай учраас хүн болгонд биш, зорилтот бүлэг рүү чиглэж дэмжлэг үзүүлэх ёстой. Цаашид ч төрөөс үзүүлж буй халамж, тэтгэмжийн бодлогоо аль болох зорилтот бүлэгт чиглүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.
-Ер нь иргэн ч, аж ахуйн нэгж байгууллага ч 50 хувийн буцаалт авах бус, нийгмийн даатгалын шимтгэлээ бууруулаач хэмээж буй.
-Зарчмын хувьд нийгмийн даатгалын реформоо урагшлуулах нь чухал байгаа. Гэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг бууруулж болохгүй. Шимтгэлийн чөлөөлөлт, бууруулалтын бодлогыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн. Энэ бодлого үргэлжилвэл Нийгмийн даатгалын сан ачааллаа дийлэхгүй дампуурал руу улам хурдацтай ойртоно гэсэн үг. Бидний хувьд тун удахгүй Нийгмийн даатгалын багц хуулийн төслөө УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ.