Архангай аймгийн Хөгжимт драмын театрынхан өнгөрсөн сард Төрийн шагналт зохиолч Ц.Доржготовын “Улаан орхимжны давлагаа” жүжгийг Улаанбаатар хотод тоглосон. Эл жүжгийг үзсэний дараа жүжигчин О.Үржинхандын эрэлд гарч, ярилцсан юм.
-Архангай аймгийн Хөгжимт жүжгийн театртай хэзээнээс амьдралаа холбов?
-Би Архангай аймагт төрж, өссөн. 2006 онд СУИС-ийг төгссөн жилдээ бие давхар болж, нутагтаа очиж хүүхдээ төрүүлсэн юм. Хүүгээ ой хүрэнгүүт аймгийнхаа театрт жүжигчнээр ажилласан. Юу ч мэдэхгүй, чадахгүй хэр нь бардам, их зантай намайг алгаа дэлгэн угтсан буянтай театр, хамт олон. Театрын тайз, тосож авсан ахмад уран бүтээлчид, мэргэжил нэгт найзууд минь намайг аргадахдаа аргадаж, загнахдаа загнасаар өнөөдрийг хүрчээ. Жүжигчин хүний ёс зүй, соёл, зан суртахуун гээд бүхнийг надад үлгэрлэсэн. Хэсэг хугацаанд гадаадад ажиллаж, амьдрахаар явчихаад 2018 онд нутагтаа эргэн ирж, театртаа үргэлжлүүлэн ажиллаж байна.
-Залуу уран бүтээлчдийн олонх нь орон нутагт бус, Улаанбаатар хотод ажиллахыг урьтал болгодог. Харин та яагаад явахаар шийдсэн юм бэ?
-Залуу хүмүүс их хөлийн газрыг зорьж, ажиллахыг хүсэх нь буруу биш. Учир нь тэнд боломж илүү. Гэхдээ орон нутагт ч тийм боломж бүрдүүлж, ажиллаж болно. Харин ч орон нутгийн театр уран бүтээлчийг илүү төлөвшүүлж, хөрвөх чадвартай болгодог мэт санагддаг. Залуу хүн өөрийгөө завгүй байлгах хэрэгтэй. Төвийн театрт дутагдах гачигдах зүйл бага, уран бүтээлчид хангалттай бол орон нутгийнх тийм биш. Тиймээс мэддэг, чаддаг бүхнээ дайчилж, театрынхаа уран бүтээл, үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг хичээдэг. СУИС төгсөхөд олонх нь хотод ажиллахаар үлдэхэд би ганцаараа орон нутгийг зорьж байлаа. Төрж, өссөн нутгийнхаа театрт эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах нь миний үүрэг гэж боддог. Намайг хараад өөр хэн нэгэн хөдөө ажиллахыг хүсэх ч юм бил үү.
-Орон нутгийн театрын ажиллах нөхцөл ямар байна вэ?
-Боловсон хүчнээр дутмаг. Орон тоо нь бий ч ирж ажиллах хүн байхгүй. Харин хэдэн жилийн өмнөөс театрын удирдлага аймгийн холбогдох албаныхантай хамтран соёл, урлагийн чиглэлээр оюутнуудыг сургаж, төгсөж ирснийг нь театртаа ажиллуулах бодлого баримталж байгаа. Томоохон концерт болон уран бүтээлд СУИС-ийн оюутнуудаар хүч нэмдэг. Ингэснээр тэдэнд театртаа ажиллах сэдэл төрүүлж, боломж олгодог.
-Залуу уран бүтээлч орон нутгийн театрт өсөж хөгжих боломж бий юү. Танай театрын зүгээс залуу уран бүтээлчдээ хэрхэн дэмждэг бол?
-Орон нутгийн театр гэхээр л хөмсгөө зангиддаг уран бүтээлчдийг ойлгодоггүй. “Тийшээ яваад чи хөгжихгүй. Явж яах гэсэн бэ. Зэвэрнэ” гэсэн хүмүүстэй ч таарч байлаа. Дээр хэлсэнчлэн хөрвөх чадвартай болохын зэрэгцээ монгол ахуйтайгаа ойртоно. Хот, хөдөөгийн ялгаа арилчихсан гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Хөдөө ажилласнаараа хүн зэврэхгүй. Харин өөрийгөө өнгөлж, хөгжүүлэхгүй л бол зэвэрнэ. Манай театрын зүгээс уран бүтээлчийг өсөж дэвжихэд нь байнга анхаарч, дэмждэг. Театрынхаа уран бүтээлд оролцохын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлж, хувийн уран бүтээл хийх боломж олгодог. Мөн уран бүтээлчдээ мэргэжил дээшлүүлэх сургалт, мастер хичээлд байнга хамруулдаг.
-Орон нутгийн үзэгчид театрын урлагийг хэр сонирхдог бол. Үзэгчдээ бэлтгэх талаар хэрхэн ажиллах ёстой гэж та боддог вэ?
-Ажих нь ээ, үзэгчид аймгийнхаа театрын үзвэрээс илүү хотоос ирсэн хошин урлагийн тоглолт, кино зэргийг сонирхдог. Аймгийн театрт чанартай уран бүтээл хийсэн ч дээрх үзвэрүүд шиг танхим дүүрэх нь ховор. Тэгэхээр юуны түрүүнд үзэгчдээ театрын соёлд сургаж, хүүхдүүддээ багаас нь театрын ач холбогдлыг ойлгуулж, танилцуулах хэрэгтэй болов уу. Уран бүтээлчид ч уран бүтээлийнхээ чанарыг сайжруулж, орчин үеийн үзэгчдийн хүсэж буй чиг хандлагыг судлах хэрэгтэй гэж боддог.
-Та театрынхаа тайзан дээр хэчнээн уран бүтээлийн ямар дүрээр гарч байв?
-У.Шекспирийн “Эндүүрлийн паян” жүжгийн Адриана гэх эрх, дураараа гүнжийн дүрээр театрынхаа тайзан дээр анх гарсан. Энэ уран бүтээлээрээ 2007 онд төвийн бүсийн аймгуудын дунд зохион байгуулдаг сонгодог жүжгийн уралдаанд оролцож байлаа. Үргэлжлүүлэн “Битгий яваач”, “Мөнгөний төлөөс” зэрэг жүжигт тоглосон. Мөн “Цэргүүд” хошин шоу тоглолт хийж, сумуудаар тойрч байлаа. 2018 онд эргэж ирээд “Амин ундарга”, “Хүчилтөрөгч” зэрэг жүжигт тоглосон. Хамгийн сүүлд Төрийн шагналт зохиолч Ц.Доржготовын “Улаан орхимжны давлагаа” романыг зохиолч П.Батхуяг агсан жүжгийн зохиол болгож, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшин найруулахад Цэрэнхорлоо гэж хувьсгалч хүүхний дүрд тоглолоо.
-Одоо ямар шинэ уран бүтээлд ажиллаж байгаа вэ?
-Манай театр Улсын хүүхэлдэйн театртай хамтран “Том хамарт одой” жүжгийг үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Цаашдаа хотын болон аймгуудын театртай хамтран уран бүтээлүүдээ солилцож тоглодог, туршлага судалдаг болох төлөвлөгөөтэй байгаа юм.
-Ингэхэд яагаад жүжигчний мэргэжил сонгосон юм бол. Гэр бүлийнхэн дунд нь урлагийн хүн бий юү?
-Багаасаа л урлагт дуртай. Дуулна, шүлэг уншина, бичнэ, хөгжим тоглоно. Намайг гуравдугаар ангид ордог жил аймагт “Авьяастны сургууль” байгуулагдахад, ээж, аавдаа хэлэлгүй очиж шалгуулаад тэнцчихсэн. Тэр сургуульд сурах хугацаандаа урлагт илүү дурлаж, жүжигчин болохоор бэлтгэж эхэлсэн юм. Мэргэжилдээ үнэхээр хайртай. Хүмүүс ярьдаг даа, “Урлагийн мэргэжил хэцүү” гэж. Харин би эзэмшсэн мэргэжлээ муу хэлэх дургүй. Энэ сайхан мэргэжлийг эзэмшчихээд үр шимийг нь хүртэж чадахгүй байгаа бол бусдад муу хэлж, буруу ойлголт төрүүлэлгүй, мөрөөрөө өөр чиглэлээр ажилласан нь дээр. Хүний хамгийн гол эрхтэн нь нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй сэтгэл шүү дээ. Ажлаасаа, амьдралаасаа баяр баясгалан мэдэрч, эерэг энерги түгээдэг хүмүүсийн сэтгэл эрүүл байдаг гэж би боддог. Уран бүтээлч хүн тийм л байх ёстой болов уу. Аав, ээж минь урлагийн мэргэжилгүй ч маш сайхан дуулдаг. Эмээ, өвөө минь ч гэсэн. Аавын талд бүжигчин, жүжигчин мэргэжилтэй хүмүүс бий.
-Урлагт дуртай байх, урлагийн мэргэжил сонгон түүгээрээ амьдрах гэдэг өөр өөр ойлголт. Урлагийн чухам юунд тэгтлээ татагдсан бэ?
-Сайхан бүтээлээс сэтгэл ханамж, таашаал авч, эерэг, сайхныг нь үлгэрлэж, суралцахыг урлагт дуртай байна гэх болов уу. Харин сэтгэл зүрх, оюун ухаан, бие махбод, тэр ч бүү хэл гэр бүлээ ч урлагтай хамаатуулж, зориулж чаддагт урлагийн мэргэжлийн онцлог байгаа юм. Урлагтай амьдралаа холбосноор хүмүүжил, төлөвшил, аливааг эергээр харах хандлага, ууч нинжин сэтгэл, хувийн болон харилцааны соёл гээд олон зүйлийг олж авчээ. Театраас, тоглосон дүр бүрээсээ өөрийн давуу талыг өнгөлөхийн зэрэгцээ алдаа, дутагдлаа харж, засахыг хичээдэг. Ийм гайхамшигтай болохоор намайг автуулж чадсан юм.
-Хэн багшийн шавь бэ. Багшийн тань ямар арга барил, онцлог танд шингэв?
-Уран чадварын багш минь Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг. Тайзны ярианы багш минь Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун. Хоёр багшаараа үргэлж бахархаж, ажил, амьдралын минь гарааг эхлүүлж өгсөн ачтан хэмээн хүндэлж явдаг. Гандий (Н.Ганхуяг) багш “Жүжигчин болж болно. Гэхдээ түүнээс өмнө хүн бол. Хүнлэг бай” гэдэг. Энэ үгийг нь үргэлж санаж явахыг хичээдэг. Би шүлэг, өгүүллэг, найраглал унших маш дуртай. Өгүүлэхүйн урлагт дурласан минь Чамиа (Л.Чаминчулуун) багштай л холбоотой. Сайн жүжигчин байгаад хүн муутай бол тайзан дээр, дэлгэцээр ч мянга гараад хэрэггүй. Тийм ч болохоор “Эхлээд хүн бол” гэж сургадаг болов уу. Жүжигчид хүн судалдаг, найруулагч нар сэтгэл зүй судалдаг гэдэг дээ. Ер нь хүнлэг байж гэмээнэ хүн судлахад ойртож магад.
-Уран бүтээлийн гараагаа ямар чиглэлээр эхэлж байв?
-Гараагаа дэлгэцийн бүтээлээр эхэлсэн. Хүүгээ тавхан сартайд “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдлийн “Өв залгамжлагч” кинонд тоглосон. Тайз, дэлгэцийн бүтээлийн алинд ч тоглох чадвартай жүжигчин болох ёстой гэсэн урмыг кинонд тоглох үедээ авсан. Тайзны уран бүтээл гэвэл дээр дурдсан “Эндүүрлийн паян” жүжиг.
-Ер нь дэг жаяг хатуу, мэргэжлийн шалгуур өндөртэй театрын уран бүтээлч болохоор шийдсэн шалгаан тань юу вэ?
-Дэгтэй газарт уран бүтээлч ёс суртахуунтай, хүндлэлтэй, үлгэр жишээч, багаар ажиллах чадвартай, хариуцлагатай байхад суралцана. Ер нь шалгуур өндөртэй газрын боловсон хүчин мэдлэгийн түвшин өндөр, ажлын ур чадвартай байдаг шүү дээ. Аль ч урлагийн байгууллагын ахмад уран бүтээлчид бол юутай ч зүйрлэшгүй үнэт өв, баялаг. Тэднээс үг сонсож, зэмлүүлж, хайрлуулах нь театрт ажиллаж буйн минь нэг шалтгаан. Нөгөөтээгүүр, тайзан дээр өөрийн мэдрэмжийг бие, хэл, сэтгэл гурвынхаа өгүүлэмжээр үзэгчдэд илгээх, хуваалцах нь гайхамшигтай жаргал.
-Тайзны уран бүтээл болгож үзэгчдэд хүргэхийг хүсдэг зохиол байдаг уу. Таны эмзэглэж явдаг сэдэв юу вэ. Хэзээ тэр сэдвээ уран бүтээлдээ тусгах бол. Одоо тайзны ямар уран бүтээлд шунаж байгаа вэ?
-Би жаахан эршүүд талдаа. Тэрнээс болдог уу, мэдэхгүй, найруулагч нар надад ихэвчлэн ааштай хүүхэн, эршүүд эмэгтэйн дүр оноодог. Тиймээс зан чанарын хувьд өөрөөсөө эсрэг, маш зөөлөн, эмэгтэйлэг, бас харагдах байдлын хувьд ч тэс өөр дүр төрхтэй хүн болж үзэхийг хүсдэг. У.Шекспирийн “Макбет”-ын Макбетад, Д.Намдагийн “Жаргалт эх Оролмаа”-гийн Оролмаад тоглож үзэх сэн. Харин дэлгэцийн уран бүтээлд эсрэг дүрд тоглохыг хүсэж байна.
-Хамгийн сүүлд тоглосон “Улаан орхимжны давалгаа” жүжгийг тань үзсэн. Эл уран бүтээлийнхээ талаар дэлгэрүүлбэл?
-Зохиолд Архангай аймагт болсон их хэлмэгдүүлэлтийн үеийн үйл явдал өрнөдөг. Тэр үеийн нийгмийн байдал, хүмүүсийн харилцаа хандлага, ёс суртахуун, аж байдлыг тод харуулсан бүтээл. Ц.Доржготов гуай романаараа хүргэх гэсэн өгүүлэмж, жүжгийн зохиол болгон бичсэн П.Батхуяг агсны санаа, найруулагч Ч.Түвшин багшийн бодол нягт сүлэлдсэн. Түүхэн, эмгэнэлт төрлийн эл бүтээлийг манай театрынхан шинэлэг байдлаар үзүүлэхийг зорьсон. Даацтай уран бүтээл гэж бардам хэлнэ.
-Дэлгэцийн уран бүтээлийн санал хэр ирдэг вэ. Энэ төрлийн уран бүтээлд тоглох уу. Дэлгэцийн уран бүтээлийн ямар дүрээр үзэгчидтэй “уулзах”-ыг хүсэж байна вэ?
-Санал тавихад нь том, жижиг дүр гэж ялгаж, гололгүйгээр тоглодог. “Өв залгамжлагч”-аас хойш “Такси”, “Царайлаг өдрүүд”, “Зориг”, “Одод болохын хүслэн”, “ТҮЦ-ийн охид”, “Сэтгэлийн анир” гэхчлэн 10 гаруй кинонд тоглосон. Сүүлд “Хувьсал” продакшны уран бүтээлд тоглосон. Үзэгчдэд хүргэх хараахан болоогүй байх. Залуу нас, дүр төрх нь тэр хэвээр үлдэж, дурсагдах болохоор киноны саналд татгалздаггүй. Одоо эсрэг дүрээр л үзэгчидтэй “уулзах”-ыг хүсэж байна.
-Энэ хүний л найруулсан бүтээлд тоглож, эсвэл хамтран тоглох сон гэж хүсдэг уран бүтээлч бий юү?
-Хүсэл минь саяхан биелсэн. Гавьяат жүжигчин У.Уранчимэгтэй хамтран тоглож үзэх сэн, эсвэл найруулж буй кинонд нь оролцох юм сан, зургийн ажил дуусан дуустал хажууд нь байж суралцах сан гэж хүсдэг байлаа. “Хувьсал” продакшны дэлгэцийн долоо дахь уран бүтээлд тоглосон. Тэр ч байтугай гол дүрд нь тоглосондоо маш их баяртай байгаа. Аймагтаа ажлаа хийж байтал зураглаач Б.Баатар утасдлаа. Өмнө нь “Мөрөөдлийн театр”-ын “Одод болохын хүслэн” кинонд хамт ажилласан юм. Тэрбээр “Долдугаар сард зургийг нь авах киноны бэлтгэлээ эхэлж байна. Чамайг тоглуулмаар байна. Ажлаа зохицуулаарай” гэв. Ямар продакшны, хэний найруулах кино гэдгийг нь ч сонирхсонгүй. Удалгүй “Биеийнхээ хэмжээг өг” гэхээр нь өгчихлөө. Гэтэл хэд хоногийн дараа “Хот руу ир” гээд дуудлаа. “Хаана очих вэ” гэтэл “Хувьсал” продакшны байранд” гэж байна. Чихэндээ ч итгээгүй. Ингээд л тэр өдрөөс сар гаруйн хугацаанд ширээний уншлага хийсэн. Уг нь анх намайг туслах, эсрэг дүрд тоглуулахаар дуудсан юм билээ. Гэтэл очсоны дараа гол дүрд шалгахаар болсон, тэнцээд тоглосон.
-Уран бүтээлч бүр өөрийн арга барил, онцлогтой. Таны арга барилын онцлог юу вэ?
-Жүжигчин бүр оноогдсон дүрдээ ажиллах арга барилтай. Миний хувьд юуны түрүүнд тухайн бүтээл, дүрийн утга, агуулгатай ойролцоо, дуу, аялгуу сонсонгоо ургуулж боддог. Дараа нь тухайн дүрийнхээ намтрыг төсөөлж, буулгаж бичдэг. Түүний дараа толинд харж суугаад л ажиллана даа. Толинд өөрийгөө Үржинхандаар, нөгөө дүрээр ээлжлэн харна. Ажлынхан намайг толинд хараад л чимээ аниргүй суучихаар “Үржээгийн вант улс” гээд л хошигнодог юм. Дүрээ биеэр илэрхийлж тоглохоосоо өмнө “Үржээгийн вант улс”-даа эхлээд амилуулдаг гэх юм уу даа.
-Тайзан дээр алдаа гаргаж үзээгүй жүжигчин ховор байх. Гэхдээ тэр нь хожим дурсамж болоод үлддэг. Танд тийм хөгжилтэй дурсамж бий биз?
-Чамиа багш минь “Та нарт тайзан дээр алдах эрх байхгүй” гэдэг байлаа. Тайз руу гарах болгонд энэ үг бодогддог. Би тайзыг боксын рингтэй зүйрлэдэг. Алдах эрхгүй, тэр хугацаанд бүхнээ дайчлах ёстой учраас. Үгээ мартаж, түүнийгээ үзэгчдэд мэдэгдэхгүйгээр өөр үгээр орлуулж байсан тохиолдол бий.