Саявтархан амралтын өдрөөрөө “Интер” номын дэлгүүр орсон юм. Номын дэлгүүрийн буйдан дээр тухлан, сууж ном унших, ээтэн гутал “жийсэн”, дээлтэй өвөөд нүдэнд туслаа. Ижил дээлээр гангарсан эмээ түүний дэргэд байн байн очиж, сонирхсон номоо сонжуулна. Тэгээд буцаад алхана. Хэрэгт дурлан, тэдэнтэй яриа өдлөө. Дорнод аймгаас нийслэлд ирсэн гийчид аж. БНСУ-д ажиллаж, амьдардаг охин, хүргэн, зээ нартаа ном илгээхээр их хотод иржээ. Бага залуугаасаа номонд хорхойсож, эхний хэдхэн хуудсыг гүйлгэж хараад л сайн, мууг нь мэддэг болсон Д.Мөнхбаяр гуай гадаад руу илгээх ном товхимлын чансааг шалгаж буй нь энэ аж. Тэрбээр Монголын төмөр замд 30 жил ажиллалаад тэтгэвэртээ гарчээ. Тэтгэврийн хэдийгээ буухтай зэрэгцээд номын дэлгүүр рүү яардаг болсоор уджээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Сайхан хаваржиж байна уу, Та. Ямар ном сонгов доо.
-Охин “Өглөөний гайхамшиг” цуврал захисан. Харин зээ охиндоо хүүхдийн сэтгэл зүйн болон үлгэрийн номууд авлаа. Одооны хүүхдүүд англи, солонгосоор яриад эх хэлэндээ тааруу болжээ. Тиймээс зээдээ зориулж, хүүхдийн голдуу сонгомол зохиол авлаа.
-Таныг тэтгэврээ буухаар номын дэлгүүр рүү яардаг хэмээн Ш.Батдолгор гуай (гэргий нь) хэллээ.
-Тэтгэвэрт гараад Дорнодын аймгийн Халхгол сумын Ялалт багт хэдэн малаа даган аж төрж байна. Зун манай нутгаар амрагчид их ирнэ ээ. Тиймээс гэр номын сан нээх санаатай. Бага залуугаасаа ном их цуглуулсан учраас хуучны зохиол нэлээд бий. Д.Нацагдоржийн тууж, шүлгийн түүвэр, Ч.Лодойдамбын зохиолуудын анхны хэвлэл, Р.Чойномын бүтээлүүд, Б.Явуухулангийн түүврүүдийг хайрлан хадгалдаг. Аа тэгээд тэтгэврийн мөнгөө бүхэлд нь “Гэр номын сан” нээхэд зориулж байна.
-Номын сангаа ямар номоор арвижуулдаг вэ?
-Би уяач хүн. Тиймээс адуу, морьтой холбоотой ном зохиол их авдаг. Бас уран зохиолын сайн номуудыг сорчилно. Ховор, сонин номууд цуглуулдаг. Манай үеийнхэн ном их уншдаг байлаа. Гэхдээ сайныг нь шилж, сонгож уншина. Нэг хэсэг хүмүүс ном уншихаа больсон. Одоогийн залуус харин ном уншиж эхэлсэнд баярладаг. Зун манайхаар зочид ирэхээр ширээн дээр нь ном тавьчихдаг. Тэгэхээр “Хүүе ийм ном бас байдаг аа” хэмээн хуудсыг нь эргүүлж, тойруулж хардаг. Дөрвөн ханатынхаа баруунтайд нь тавиур хийж, номуудаа байрлуулж, нөгөө талд нь ширээ, сандал бэлтгэж тавина. Залуус фэйсбүүк их ухах юм. Гэрт олон ном байхад тэд аяндаа уншина. Энэ зун мөрөөдлөө биелүүлнэ ээ. Овоо ч номтой боллоо.
-Танд амжилт хүсье ээ.