“Hooliganz” хамтлагийн бүжигчин,“Mongolia bboy city” тэмцээний хошой аварга, УАШТ-ий алтан медальт Ч.Дөлгөөнийг брейк бүжигчид Дөк хэмээдэг. Тэрбээр хүүхэд байхдаа гудамжны бүжиг сонирхон хичээллэж, хүсэл мөрөөдөлдөө хүрэхээр тэмүүлсэн аж. Түүний хувьд 2018, 2019 он аз, амжилт дагуулсан өөдрөг жил байв. Тухайн үед “Taipei bboy city” гудамжны бүжгийн ДАШТ-ий Монгол дахь шалгаруулалт болох “Ub dance festival”-д ялагчаар тодрон, эх орноо төлөөлж өрсөлдөх эрх өвөртөлжээ. Дэлхийн аваргад улс бүрээс уригдсан шилдэг залуус гудамжны бүжгийн бүх төрлөөр ур чадвараа сорьдог. Олон оронд эл тэмцээний шалгаруулалт болоход зөвхөн аваргаар шалгарсан нь Тайванийг зорьдог байна. “Taipei bboy city”-гийн “All style” төрөлд дараалан түрүүлж, дэлхийн хошой аваргаар тодорсон тэрбээр Азид болдог олон улсын бүжгийн тэмцээнд ч тэргүүн байр эзэлсэн удаатай. “Парис-2024” зуны олимпын наадмын хөтөлбөрт брейк бүжиг багтсан нь түүнд урам, зориг өгчээ. “Хүн дуртай зүйлийнхээ төлөө тууштай зүтгэвэл зорилгодоо хүрдэг. Тиймээс олимпын эрх олгох тэмцээнүүдэд амжилттай оролцохоор бэлтгэлээ хийж байна” хэмээн өгүүлсэн түүнийг “Залуус” буланд зочноор урилаа.
-“Парис 2024” олимпын наадамд брейк бүжигчдийн өрсөлдөх өдөр, хоног ойртсоор л байна.
-Тийм ээ, товлосон цаг хугацаа нь хаяанд ирэх нь. “Парис 2024” олимпын наадмын хөтөлбөрт гудамжны брейк бүжиг багтсаныг албан ёсоор зарлахад сэтгэл их догдолсон. Тэр үед олны санал хуваагдаж, нэг хэсэг нь брейк бүжиг спорт болбол урлагийг илэрхийлэх зүйлгүй болно, нөгөө нь дэлхий даяар спортын нэг төрөл болсныг хүлээн зөвшөөрч, олимпын хөтөлбөрт багтлаа. Ямар ч аягүй хөдөлгөөн хийх бус, ая байгаа болохоор бүжгийг ч давхар илэрхийлнэ гэж маргасан. Олимпын нэг төрөл болсон нь хүүхэд, залууст том боломж нээгдлээ. Гадаадын тэмцээнд оролцохоор ивээн тэтгэх байгууллагуудын удирдлагатай уулзахад нааштай хүлээж авдаг болсон шүү.
-Монголд гудамжны гэх тодотголтой бүхнийг таагүй сэтгэгдлээр хүлээж авдаг болохоос биш, гадаадад брейк бүжиг олон жилийн өмнө хөгжсөн шүү дээ.
-Гудамжны гэсэн бүх зүйлийг сөргөөр хүлээж авах хандлага Азийн орнуудаас манайд л бий. Тэр дундаа брейк бүжигчдийг зодоон, цохион хийдэг танхай залуус мэтээр ойлгодог байлаа. Тэгвэл гудамжны төрөл болох 3x3 сагсан бөмбөг Токиогийн олимпын төрөлд багтахад хүмүүс эергээр хүлээж авсан. Үүнээс улбаалж, залуусын дунд гоё гудамж байгуулах сэтгэлгээ давамгайлах боллоо. Үнэнийг өгүүлэхэд гудамжинд хамгийн сонирхолтой амьдрал өрнөдөг. Гадаадад хаана сонирхол татах зүйл болно тэр нь гудамжинд байх жишээтэй. Олны таагүй бодол өөдрөг хандлагаар солигдож эхэлсэн нь олон зүйлээс анзаарагдаж байгаа.
-Брейк бүжигт хөл тавьсан түүхээсээ хуваалцаач.
-Би бүжиглэх дуртай. Таван настайдаа брейк бүжигт дурлаж, сонирхох болсон. Тэр үед сургалт, клуб гэж байгаагүй. Янз бүрийн хөдөлгөөн сэтгэлдээ ургуулан төсөөлж бүжиглэдэг байв. Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн сурагч байхад ангийн найзын минь ах брейк бүжиглэдэг байсан. Анх сонсчихоод ахаар нь бүжиг заалгах гэж найзаасаа бүтэн жил гуйсан. Түүнд нэг өдөр “Ангийнхаа нөхдөд ахаар тань бүжиг заалгая, чи хэлээд өгөөч” гэж санал тавилаа. Ингэж есдүгээр ангийн 13 хөвгүүн брейк заалгасан түүхтэй. Түүнээс хойш бид найзынхаа ахыг багш гэж хүндлэх болсон. Монголд брейк өнөөгийнх шиг хөгжөөгүй үед олон залуу хүсэл мөрөөдлөө орхиж, амьдралын шаардлагаар ажил хийсэн байдаг.
-МҮОНТ-ээс санаачлан зохион байгуулдаг “Mongolian best dance crew” реалити шоунд залуус их оролцдог байлаа. Та ч гэсэн тэр үеэс өрсөлдөх болсон уу?
-Энэ шоунд оролцдог мэргэжлийн брейк бүжигчдийг хараад бүжиглэх хүсэл минь бүр их оргилсон. Намайг мөрөөдлөөр жигүүрлэсэн байх тэр үед “Өргөө” кинотеатрт “Step up” хэмээх гудамжны бүжигчдийн тухай өгүүлсэн кино гарсан юм. Тэр киног үзэхээр кинотеатр луу ороход бүх зүйл саарал, нэг л өнгөгүй мэт санагдсан. Харин үзчихээд гарч ирэхэд эргэн тойрны юм бүхэн гоё харагдаж билээ. Тэр кино миний сэтгэлгээнд хувьсал хийж, амьдралыг харах өнцгийг минь тэр чигээр нь өөрчилсөн. Түүнээс хойш зорилгынхоо төлөө зүтгэсэн.
-Таныг брейк бүжиг сурах үед хүмүүс таатай хүлээж авдаггүй цаг байлаа. Гэрийнхэнтэйгээ нэлээд зөрчилдөж байж цааш үргэлжлүүлсэн үү?
-Намайг ид сонирхож байхад ойр дотнын минь хүмүүс нэг их дэмжээгүй. Тэд эхэндээ “Урлагийн хүн байх амаргүй, бүжгээр хоолоо олж идэх бүр ч хэцүү, хичээлдээ л анхаар” гэдэг байв. Иймэрхүү эсэргүүцэлтэй багагүй тулгарсан. Тайваньд 2018 онд болсон ДАШТ-д түрүүлэхэд манайхан ойлгож, дэмжиж эхэлсэн. Гэрийнхэн минь одоо миний үнэнч фэн, хөгжөөн дэмжигч болсон шүү. Миний хувьд амжилт гаргаж буйгаа аав, ээжийнхээ ачийг бага ч гэсэн хариулж байна гэж ойлгодог.
-Бүжигтээ үнэнч үлдэхийн тулд дуртай зүйлээс татгалзсан удаа байдаг уу. Тэр үед ямар шийдвэр гаргав?
-Би 2015 онд СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн медиа анимейшний ангид сурдаг оюутан байлаа. Надад бүжигтээ анхаарал хандуулах зав гарахгүй байсан тул сургуулиа орхисон. Энэ талаар аав, ээждээ хэлэлгүй нэг хэсэг нууж явлаа. Тэмцээнд оролцохын тулд гэрийнхэндээ мэдэгдэлгүй нууцаар бэлтгэл хийнэ. Тэгтэл нэг өдөр баригдаж, хэрэг ч мандсан. Тэдэндээ тэр үед “Намайг уучлаарай, би бүжгээр заавал амжилт гаргана” гээд хэлж билээ. Тэгж амлалт өгсөн өдрөөс эхлээд хүсэл, мөрөөдөлдөө хүрэхээр тэмүүлсэн. Үүнийхээ хариуг дэлхийн хошой аварга болж барьсан гэж боддог. Миний хувьд одоогоор амжилт гаргахаар бүжигт анхаарал хандуулж байгаа. Зорьсноо биелүүлчихээд өөрийн сонирхдог компьютер график, IT инженер мэргэжлээр суралцана.
-Тайваньд хөл тавиад “Taipei bboy city”-д түрүүлж, дэлхийн аварга болсон тэр торгон мөчийг сонсох сон гэх сонирхол өөрийн эрхгүй төрж байна шүү.
-Тэнд дэлхийн шилдгүүд өрсөлдөхөөр ирсэн. Тэмцээнд оролцохын тулд би Монгол дахь шалгаруулалт “Ub dance festival”-д тэнцэж эрх авсан юм. 2018 онд болсон дэлхийн аваргад бүжигчид “All style”, “3x3” төрөлд ая, бүжиг, стиль харгалзахгүй оролцсон. Энэ нь тухайн бүжигчнээс ухаан, ур чадвар, мэдрэмж их шаарддаг. Үүнээс өмнө бүжгийн аяыг тухайн оролцогчийн стиль, хөдөлгөөнд тохируулдаг байв. Тэнд 16 орны бүжигчдийг урьсан байлаа. Би өөрийн оролцсон төрөлд өрсөлдөөд ялагдчихав. Дараагийн өдөр нь шүүгчид бүжигчдийн дунд сонгон шалгаруулалт явуулахад бас л тэнцсэнгүй. Миний хувьд байр эзэлсэнгүй, амжилт ч гаргасангүй гээд сэтгэл гонсгор байлаа. Тэгтэл бүх battle (тулаан) дууссаны дараа нэг багийн бүжигчин нь байхгүй байсан тул оролцогчдоос сонголт хийх боллоо. Тэдний нэг нь ОХУ, нөгөө нь Тайванийн эмэгтэй оролцогч байв. Оросын бүжигчин надад “Чи оролцооч” гэж санал тавьснаар нэг баг болж өрсөлдсөн. Үзэгчид намайг “Энэ ямар азтай нөхөр вэ, хоёр шилдэг бүжигчинтэй оролцох нь” гэж байлаа. Бид тэмцээнд ур чадвар, авьяасаа эн тэнцүү гаргасан. Нэгэндээ чирэгдэх зүйл огт байгаагүй. Хийх ёстой гэсэн бүх зүйлээ сайн гүйцэтгэсэн. Зохион байгуулагчид “Монголоос ирж оролцсон өрсөлдөгч чадварлаг байлаа” гэж намайг онцолсон юм.
-Ямар аянд бүжиглээд, шилдгээр шалгарчихав?
-Хятад уянгын ая байсан. Тиймээс тулааны урлагаас кун фугийн хөдөлгөөнийг аянд тохируулан хийх нь зөв байх гэж бодсон. Тайваньд зохион байгуулсан тэмцээн тул үзэгчдийн олонх нь хятад байлаа. Үндэснийх нь аялгуунд тааруулж, брейк бүжгийн дундуур кунфугийн хөдөлгөөн оролцуулсан нь хүмүүсийг огшоосон. Тухайлбал, Монголд бүжгийн тэмцээн болбол гадаадынхан аянд нь “Жалам хар”-ыг бүжиглэвэл бид ч гэсэн гайхаж, баярлана биз дээ, түүнтэй адил зүйл болсон. Олныг огштол сэтгэгдэл төрүүлнэ гэж өөртөө ч итгээгүй, үзэгчдийн сонирхлыг таттал бүжиглэнэ гэж бас төсөөлөөгүй. Түрүүлэхэд үүрэг, хариуцлага дагаад ирэх шиг санагдсан. Дэлхийн аваргын тулаанд ялахаас өмнө хүмүүс намайг төдийлөн мэддэггүй байлаа. Тэнд зарим орны бүжигчид “Монгол гэж ямар орон байдаг юм. Чи хятад уу, өвөрмонгол уу” гэж асуусан. Ази тивд Монгол Улс байдгийг бүжгийн талбарт гарч анх мэдрүүлж байлаа. Тэмцээн өндөрлөсний маргааш олны хүлээж авах хандлага, харилцаа өөр болсон. Бүжгийн тэмцээнийг сонирхолтой болгосон оролцогчдыг зохион байгуулагчид дараагийн оронд болох тэмцээний нээлтэд бүжиглэхийг санал болгодог юм билээ. Тэд намайг Польш, Украинд болох тэмцээний нээлтэд бүжиглэхийг урьсан ч цар тахал дэгдсэн тул амжаагүй. Хойшдоо Европ, АНУ-ыг зорьж, бүжигчидтэй нь туршлага солилцож, ур чадвараа ахиулах бодолтой байгаа.
-Багийн тань хоёр оролцогч хамт бүжиглээгүй хэрэг үү?
-Хятад ая эгшиглэнгүүт Оросын оролцогч руу хартал гайхсан маягтай, сонин царайлчихсан зогсож байлаа. Тэгэхээр “Чи гарах уу” гэтэл “Үгүй” гэв. Нөгөө талд зогсож байгаа Тайванийн бүжигчин рүү харахад “Би гарахгүй ээ” гээд мөрөө хавчаад, толгойгоо сэгсэрлээ. Надаас өөр хүн байгаагүй тул гараад л бүжиглэсэн. Тэр аянд ямар хөдөлгөөн гаргах вэ гэж маш богино хугацаанд хурдан сэтгэх хэрэгтэй болсон. Бодох сөхөө ч бараг гараагүй, зөвхөн мэдрэмжээрээ л бүжиглэсэн. Үүнийг үгээр илэрхийлэх хэцүү. Өөрийнхөө мэдрэмжид хөтлөгдөж, товчхон хэлбэл цааш уусаж, үргэлжлүүлсэн гэх үү дээ. Тэмцээний дараа бичлэгээ үзээд өөрийгөө тийм хөдөлгөөн хийснийг хараад их гайхсан. Зарим үед огшсондоо хийж чадахгүй зүйлээ хүртэл хийсэн байдаг юм. Үүнийг зөвхөн би бус, олон бүжигчин харуулдаг.
-Таны хувьд 2018, 2019 он амжилт дагуулсан, өмнөхөөсөө илүү хөдөлмөрлөсөн жил байж.
-Тийм ээ, өөрийгөө хөгжүүлж, бусдаас суралцсан, бас туршлага хуримтлуулсан жил байв. Миний бүжиглэдэг бүжиг бол хоорондоо өрсөлддөг тулааны төрөл. Шүүгчид ая сонголт, сонсолт, өөрийн дархалсан хөдөлгөөн, тайз эзлэх зан араншин, үзэгчдийг байлдан дагуулах мэдрэмжийг хардаг. Өмнө нь урлагийн төрөлд багтдаг байсан бол одоо атлетик, спорт талаас нь шүүх систем улам нарийссан. Брейк бүжиг спорт, урлагийг хослуулдгаараа уран гулгалттай төстэй. Үүгээрээ уран гулгалт, уран сайхны гимнастикийн үзүүлбэрийн техникүүд шиг маш нарийн байдаг. Улс болгоны бүжиг өөрийн гэсэн онцлог, өвөрмөц хэмнэл, хөдөлгөөнтэй. Тухайлбал, Оросын бүжигчид хүчтэй хөдөлгөөн түлхүү гаргадаг бол Азиас япончууд этгээд стиль, энтертайнмент талыг харуулдаг. Тэгвэл солонгосчуудын оролцсон тэмцээн сонирхолтой. Америкийн оролцогчид гудамжны бүжиг манайхаас үүсэлтэй гэдгээ харуулахыг хичээдэг ч Азийнхан эн тэнцүү өрсөлддөг.
-2019 онд болсон ДАШТ-д өөрийгөө түрүүлнэ гэдэгт хэр итгэлтэй байв?
-Тэр жилийн тэмцээнд Хятад, Японы оролцогчид хүчтэй өрсөлдсөн. Тэмцээний өмнө бидэнд тохиолдсон нэг хөгжилтэй дурсамж байдаг. Манайхан Шанхайгаас Тайвань руу нисэх онгоцноос хоцорч, байгаа бүх мөнгөө шавхаад тасалбар захиаллаа. Тэмцээн маргааш болох байсан тул тийзээ цуцалж, тэр өдөртөө багтаж явахаар зорьсон юм. Мөнгөгүй хэдэн нөхөр Тайваньд хөл тавихаасаа өмнө тэнд болсон өөр нэг олон улсын тэмцээнд амжиж оролцлоо. Тэр тэмцээнд би заавал түрүүлэх шаардлагатай байв. Учир нь өөдөөс хараад зогсож байгаа нөхдөө бодохоор ялахаас өөр аргагүйг ойлгосон. Замын зардалд гаргасан мөнгөө эргүүлж олсон нөхөд дэлхийн аваргад өрсөлдөхөөр цааш хөдөллөө. Намайг тэр адал явдал зоригжуулсан, амжилтаас ч атгуулсан. Хэрвээ бид Тайвань руу ямар нэгэн асуудалгүй явсан бол тэнд очоод түрүүлэх хэмжээний амжилт гаргахгүй л байсан болов уу. Тэр үед энэ удаа ингээд оролцъё, бусадтай туршлага солилцож, шинэ зүйл суръя гэх сэтгэл зүйтэй өрсөлдөх байсан ч юм бил үү. Хилийн дээс алхаад л эх орныхоо нэрийг өндөрт өргөж явах үүрэг, хариуцлагыг ч их мэдэрсэн. Тайванийн бүжгийн талбарт намайг нэрээр минь бус, Монгол Улсын гэж зарлах болохоор хичээж, өөрт байгаа бүхнээ гаргасан.
-Одоо хэнтэй хамтарч ажилладаг вэ, дасгалжуулагч багштай болсон уу?
-2019 онд дасгалжуулагч Э.Мөнхболд багштай олимпын оноо цуглуулах тэмцээнд оролцохоор бэлтгэл анх хийсэн юм. Тэр үед аль алинд нь мэдэхгүй, чадахгүй зүйл багагүй гарсан тул маргаж, санал зөрөх үе бишгүй байв. Брейк бүжиг спортын тэмцээний нэг төрөл болж багтах үеэс багш минь олон улсын шүүгч болох, харин би хөдөлгөөн, техникээ хэрхэн спорт тал руу чиглүүлэх талаар судалсан. Бид 2015 онд танилцаж, 2019 оноос багш, шавийн холбоотой ажиллаж байна.
-Хүмүүстэй ойрын үед ямар сэдвээр яриа өрнүүлэв?
-Дасгалжуулагч багш, найз нөхөдтэйгөө тэмцээнд өмсөх бүжгийн хувцас, хөдөлгөөн, техникт хийсэн судалгаа, бэлтгэл хэрхэн хийж байгаа талаар ярилцлаа. Брейк бүжигт өөрийн стилийг илэрхийлж харуулах хувцаслалт гэж бий. Миний хувьд гялгар материалтай хувцас сонгодог. Тайзны шаланд ийм хувцас сайн гулсдаг тул бүжгийн хөдөлгөөнийг чөлөөтэй гаргадаг юм. Бид жил бүр оролцохдоо үндэснийхээ өв соёлыг харуулж, сурталчлахыг хичээдэг. Тиймээс хувцас дизайнер, графикаар ажилладаг залуустай хамтран ажиллаж, хувцсандаа монгол хээ зуруулж, монгол бичиг хэвлүүлдэг. Манайхны өмссөн хувцсыг гадаадын оролцогчид хараад “Хөөх, ямар содон, өвөрмөц загвартай юм бэ. Дурсгал болгож худалдаач” гэдэг юм.
-Бид тэмцээний тухай нэлээд ярилцлаа. Одоо гэрийнхнийхээ талаар өгүүлж, уншигчидтай минь танилцуулаач.
-Аав минь зураач, дизайнер мэргэжилтэй. Өнөөгийнх шиг пластик, хулдаасан хэвлэл байгаагүй 1990 оны үед “Ард”, “Ялалт” кинотеатрт гарах кинонуудын постер зургийг даавуун дээр зурдаг байлаа. Би гэрийнхнээсээ ганцаараа бүжиглэдэг. Бүжигт дуртай болохоор сурах гэж их хичээсэн. Хааяа халширч, шантарсан үедээ “Би юунд бүжиглэх гэж өөрийгөө ингэж зовооно вэ” гэж боддог ч маргааш нь мартчихна. Брейк бүжиг одоо миний амьдралын томоохон зорилго болсон. Миний хувьд бүжиглэх сонирхолтой хүүхдүүдэд зориулсан сургалт явуулдаг. Одоогоор найман хүүхдэд бүжиг зааж байна.