Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэнтэй ярилцлаа.
-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг батлан, хэрэгжүүлж эхлүүлсэн. Ингэснээр арилжааных нь орчинд ямар өөрчлөлт гарав?
-Дэлхий дахинд технологийн дэвшилд тулгуурласан, санхүүгийн уламжлалт бус зах зээл тэлж, хөрөнгө оруулалтын орчин өөрчлөгдөөд цөөнгүй жил өнгөрлөө. Тиймээс санхүүгийн хориг арга хэмжээ авах эрх бүхий олон байгууллагаас улс орнууд эл салбартаа зохицуулалт хийхийг зөвлөж эхэлсэн. Энэ нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх нөхцөл бүрдэж буй, эсэхийг магадлах зорилготой. Манай орны хувьд виртуал хөрөнгийн арилжааг хүлээн зөвшөөрөх, хориглох хоёр сонголт байсан. Үүнээс хүлээн зөвшөөрөх буюу бүртгэлжүүлэхийг нь сонгон, холбогдох хуулийг 2021 оны арванхоёрдугаар сарын 11-нд батлан, өнгөрсөн хоёрдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр болж мөрдөж эхэлсэн. Уг хуулийг баталснаас хойш СЗХ виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх эрх нэмж олгоогүй. Мөн анхдагч зах зээлийн арилжаагаа эхлүүлсэн 20 гаруй платформын токеныг хоёрдогч зах зээлд гарах боломжийг хаасан. Харин зургадугаар сарын 25-наас виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх сонирхолтой, зохих шаардлага хангасан хуулийн этгээдэд зөвшөөрөл олгоно. Одоогоор хоёрдогч зах зээлийн арилжаа хийж буй 50 гаруй платформ бий. Бүгдийг нь хянан магадлаад зөвшөөрөл өгөх юм.
-Ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Блокчэйн технологид суурилан үйл ажиллагаа явуулна гэсэн үндсэн шаардлага тавина. Мөн банкны оролцоотойгоор цахим мөнгө худалдан авч буй хөрөнгийн эх үүсвэрийг тодорхойлох буюу шаардлагатай тохиолдолд токен гаргагчдаас мэдээлэл авч, СЗХ хянаж, шалгах эрхээ биелүүлнэ. Түүнчлэн татварын системтэй холбогдон хөрөнгө оруулагчид, мөнгө татан төвлөрүүлэгчид нь татвар төлөх нөхцөл бүрдүүлсэн байх хэрэгтэй. “White paper” болон ер нь үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй байхыг шаардана.
-Өнгөрсөн оны намар манайд виртуал хөрөнгийн арилжааны давлагаа үүссэн. Олон компани, хувь хүн платформ хөгжүүлж, их хэмжээний хөрөнгө татан төвлөрүүлсэн. Иргэдээс мөнгөө алдаж хохирсон, залилуулсан гэсэн гомдол ирүүлсэн үү?
-2021 онд виртуал хөрөнгийн зах зээлд “бүүм” болсон. Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн. Юуны түрүүнд манай улсын хүн амын олонх нь 35 хүртэлх насны залуучууд учраас хөрөнгө оруулалтын шинэ хэрэгслийг сонирхох, ашиг олох, магадгүй азаа үзэхийг зорьсон нь нөлөөллөө. Үүнийг хуулиар хориглоод ч нэмэр байхгүй. Токен худалдан аваад хохирсон залилуулсан гэсэн гомдол одоогоор ирүүлээгүй. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд анхаарууштай нэг зохицуулалт бий. Энэ нь цахим мөнгө худалдах, худалдан авахтай холбоотой үүссэн аливаа эрсдэлийг төр хариуцахгүй гэдгийг тусгасан явдал. СЗХ нь токен, койн гаргагчдыг бүртгээд, дээр дурдсан шаардлагаа тавина. Түүнээс хэн хэдэн төгрөгөөр арилжаанд оролцох, хэрхэн захиран зарцуулахыг зохицуулахгүй.
-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд СЗХ хяналт тавина гэж хуульд тусгасан. Хяналт тавих ч иргэд, аж ахуйн нэгжүүдэд учрах аливаа эрсдэлд хариуцлага хүлээхгүй гэж байна. Юу гэж ойлгох вэ?
-Дээр дурдсанчлан хүмүүс СЗХ-ноос зөвшөөрөлтэй хуулийн этгээдээс цахим мөнгө худалдан авч, өөр хоорондоо зарж борлуулах юм. Гэхдээ ашиг олох, алдагдал хүлээх, эсэх нь хяналт тавьж буй байгууллага буюу СЗХ-нд хамаагүй гэсэн үг. Санхүүгийн аль ч хэрэгслийг сонгон, ямар ч байгууллагаар үйлчлүүлэх эрх нь хүмүүст бий. Мөн энэ талаар холбогдох байгууллагуудаас нь удаа дараа анхааруулж байгаа. СЗХ-ноос гэхэд 17 удаа мэдэгдэл гаргасан.
-Хууль батлагдсантай холбоотойгоор дагалдах журмыг танайхаас баталсан. Журмын төслийг боловсруулж, иргэдээс санал авсан. Энэ талаараа тодруулна уу.
-Бүртгэх, хянах шалгах эрх, үүргийг СЗХ хэрэгжүүлнэ. Тиймээс эл салбарын эрх зүйн орчныг тодорхой болгох чиглэлээр 10 гаруй журам батлах хэрэгтэй болсон. Бид багцлан найман журам боловсруулахаар төлөвлөн, эхний дөрвийг нь энэ сарын эхний долоо хоногт баталлаа. Үүнд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн болон үйл ажиллагааны журам, виртуал хөрөнгийн үйлчилгээ эрхлэгчдэд аудит хийх хуулийн этгээдийг бүртгэх, мэргэжлийн холбоодод тавих шаардлагыг багтаасан. Эл журмуудыг гаргахын тулд шаардлагатай мэдээллийг сарын өмнө олон нийтэд танилцуулж, иргэд болон Монголбанк, Сангийн яамнаас санал авлаа. Мөн удаа дараа хэлэлцүүлэг зохион байгуулсан. Журмын хүрээнд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдэд аудит хийх байгууллага, мэргэжлийн холбоодын эрх үүргийг тодорхойлно гэсэн үг. Цаашид газар дээрх болон зайнаас тавих хяналт шалгалтын журам, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйлчилгээг зогсоох тухай зэрэг дөрвөн журам батална. Бид саналаа авч буй, удахгүй хэлэлцүүлэг өрнүүлж зургадугаар сарын 25-наас өмнө журмаа батална.
-Зарим улсад виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглосон юм билээ. Манайх ийм хөрөнгийн арилжаа эрхлэгчдийг бүртгэлжүүлээд, зохих хяналт тавих болсны шалтгаан юу бол?
-Залуус технологийн тусламжтайгаар аль ч орны, ямар ч платформоор дамжуулан цахим хөрөнгийн арилжаанд оролцоно. Ер нь аливаа зүйлийг хориглосноор үр дүнд хүрсэн жишээ үгүй. Далд бизнесийг илрүүлж, хянахад маш их зардал гардаг учраас хориглоод нэмэргүй гэсэн үг.
Иргэд нэг л зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Хүмүүс ямар нэгэн компанид хөрөнгө оруулж хувьцаа худалдан авбал тухайн төвлөрүүлсэн хөрөнгийг нь тийм зүйлд зарцуулж, компанийн ашгаа тэгж сайжруулна гэж төлөвлөдөг. Улмаар хувьцаа эзэмшигчдийн ашиг нэмэгдээд явдаг. Гэтэл виртуал хөрөнгө борлуулж олсон орлогыг дийлэнхдээ технологио сайжруулахад зарцуулдаг юм байна. Технологи нь сайжирснаар улс хооронд, дундын зуучлагчгүйгээр хөрөнгө гуйвуулах, худалдах, худалдан авч, арилжаа хялбар болдог. Ингэснээр тухайн арилжаанд олон хүн, хаанаас ч төвөггүй оролцох нь. Харин ийм арилжаа, хөрөнгө оруулалтаас ашиг хүртэнэ гэж найдах нь өрөөсгөл, өндөр эрсдэлтэй. Олон улсад сүүлийн жилүүдэд дунджаар 18 500 нэр, төрлийн койн гаргаснаас өнөөдөр амжилттай хөгжин, арилжаанд оролцогчдодоо өгөөжөө өгч буй нь тун цөөн.
-Зургадугаар сарын 25-наас хойш шинэ бирж байгуулан, койн гаргаж болох уу?
-Болно шүү дээ. Эрх зүйн зохицуулалттай орчинд ажиллаж эхэлнэ гэсэн үг. Хамгийн гол нь дээр дурдсан болон бусад шаардлага, стандартад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгосон, мэргэжлийн баг байх учиртай. Одоо ажиллуулж буй платформууд ч шаардлагад нийцэхгүй, бүртгэлд хамрагдаж чадахгүй байж болно. Тун эрсдэлтэй зах зээл гэдгийг хаана хаанаа ойлговол зохино.
Бэлтгэсэн: М.Дулам