Сэтгэл судлалын ухааны доктор, Москвагийн эрүүгийн эрэн сурвалжлах газар ажиллаж байсан Дмитрий Миронов хормойн донтон, цуврал аллага үйлдэгчдийн сэтгэл зүйн байдлыг сайн мэддэг нэгэн. Тэрбээр харгис хэрцгий гэмт хэрэг үйлдэх нь гаж донтнуудын мөн чанар болсон байдагт эргэлздэггүй аж. Түүний яриаг сонирхуулъя.
-Та цуврал алуурчид, гаж донтнуудын хэргийн яагаад мөрдөн шалгах болсон бэ?
-Намайг Цагдаагийн дээд сургуульд хуулийн салбарт оюутан байхад 1991 онд зард гарсан гэмт хэрэгтэн Андрей Чикатилогийн хэргийг шүүх хурал болсон юм. Гурван жилийн дараа энэ гаж донтныг цаазалсан. Түүний гэмт үйлдлийг оюутнууд олон талаас нь судалдаг, семинар ч хийдэг байсан.
-Америкийн тангарагтны шүүхийн хуралд гэрч болж оролцсон Оросын хууль сахиулах байгууллагын цорын ганц ажилтан бол та. Яагаад таныг гэрч болгосон юм бэ?
-1999 онд Москвагийн эрүүгийн эрэн сурвалжлах газар ажиллаж байхад Орост хүүхдийн садар самуун явдлыг сурталчилдаг “Цэнхэр цахирмаа цэцэг” нэртэй студи ажиллаж байна гэж надад АНУ-ын ЭСЯ-ны ажилтан мэдээлсэн. Тухайн үедээ хормойн донтнуудад Америкийн хууль Оросынхоос чанга байв. Насанд хүрээгүй хүүхдүүдийг садар самуун үйлдэлд уруу татсан хэрэгт 1999 онд Орос 1.5 жилийн ял өгдөг байсан бол Америкт шууд л 25 жилээр шийтгэдэг байж. Америкийн нэг гаж донтон Орост очиж 9-10 настай хөвгүүдтэй бэлгийн харилцаанд орохоор шийдсэн талаар америкчууд бидэнд мэдээлсэн юм. Түүнийг Орост ирэхэд нь би угтаж авсан. Тэр архи ууж, гадуур тэнэж, золиос болох хүмүүсээ хайдаг байв. Цавуу үнэрлэж байгаа хүүхдүүдтэй америк “зочин” үг солихоос өөр ямар нэг идэвхтэй байдал үзүүлэхгүй. Нэг орой америк эр өсвөр насны хүүг өрөөндөө авчрав. Тэр дор нь шуурхай ажилтнууд түүнийг баривчлав. Түүнийг ингэж баларч явахад Америкт тусгай ажилтнууд гэрээс нь хүүхдүүдийг ёс бус хэрэгт уруу татаж буйг харуулсан бичлэгийн хальс дүүрэн хайрцаг олсон байна. Үүнийг дуулмагцаа тэрбээр Оросоос улс төрийн орогнол хүссэн. Түүнийг хуурч далайн чанадад аваачаад баривчилсан. Удалгүй Америкийн прокурор намайг дуудаж би тангарагтны шүүхэд нь мэдүүлэг өгөв. Ингэж явахдаа би Америкийн ажил, мэргэжил нэгтэй хүмүүстэйгээ сайхан харилцаатай болж, цаашдаа янз бүрийн ажил, арга хэмжээнд, түүний дотор хүн амины хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд оролцохыг урих болсон.
-Таны бодлоор хүүхэд өртсөн гэмт хэрэг сүүлийн үед яагаад нэмэгдээд байна вэ?
-Үүнд нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл байгаагийн эхнийх нь даяаршил. Бид интернэт рүү орж, зайнаас харилцан мэдээлэл солилцох болсон. Хоёр дахь нь, эр, эмийн харилцааны янз бүрийн соёл гаднаас нэвтэрч орж ирж байна. Гуравт, бусдын санал бодолд хайхрамжгүй хандах явдал. Тухайлбал, “Энэ надад хамаагүй”, “Хүн бүр өөрийгөө илэрхийлэх эрхтэй” гэх маягаар хүмүүс аливаад хандах байдал гэсэн үг. Оросын Дотоод хэргийн яамны мэдээгээр 2021 онд хүүхэд бэлгийн хүчирхийлэд өртсөн 10 мянга орчим хэрэг бүртгэгдсэн. Бидэнд мэдэгдэж байгаа нь мөсөн уулын оргил төдий. Өөр олон мянган орос хүүхэд бэлгийн доромжлол, хүчирхийлэлд өртчихөөд чимээгүй явж байна. Тэднээс нэг жилд 10-15 нь амиа алдаж буй.
-Цуврал алуурчдыг та ямар нэг ангилалд хувааж үздэг үү?
-Цуврал алуурчин гээч гэмт хэрэгтнийг сонгодог утгаар нь авч үзвэл гурван ангилалд хувааж болно. Эхнийх нь, аллага үйлдсэн хүн, үүнийг бид мэддэг. Хоёр дахь нь, хараахан хүний аминд хүрчихээгүй, гэхдээ бодол санаандаа бол өдөр болгон аллага үйлдэгч. Гурав дахь нь, алсан, одоо ч алж байгаа, цаашдаа ч аллага хийх хүн, түүнийг бид мэдэхгүй.
Аллага үйлдсэн хүнтэй мөрдөн байцаагчид ажиллана, хоёр дахь ангилалд багтах хүмүүс цуст санаархлаа хэрэгжүүлээгүй байгаа, гурав дахь хүмүүсийг бид мэдэхгүй байгаад төвөг бэрхшээл нь бий. Ийм гаж донтны сэтгэл санаа цаг хугацааны аясаар ихээхэн өөрчлөгдөх нь ч бий. Оросын Мөрдөн шалгах хорооны нэг ажилтны ярьсныг сонирхуулъя. Хормойн явдлаар шоронд орсон нэг эр суллагдахаараа жаахан хүүхдийн аминд хүрэхээр шийджээ. Шоронгоос гараад бодсоноороо хоёр ч охины амийг хөнөөж. Өөр нэг гаж донтон Александр Пичушкинийг жишээ болгож болох юм.
-Энэ Пичушкин чинь 60 гаруй хүний аминд хүрсэн Оросын хамгийн аюултай “амьтан”-ы нэг гэгддэг байлаа. Түүний талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Тэр бол нийгэмдээ шаарлагдсан хүн, ядуу зүдүү айлын, бусдад ад үзэгдэж өссөн хүүгийн нэг. Багадаа үзсэн амьдрал нь эцэстээ хорсол занал өвөрлөсөн хүчирхийлэгч болгож орхисон аж. Багад нь доромжилж, зодож байсан, хүчирхийлэлд өртөж, гэр орон нь үгээгүй байсан бол хүүхэд гаж донтон болж өсөж болзошгүй гэсэн түгээмэл онол байдаг. Тэгэхдээ энэ бол хэцүү асуултад өгч буй энгийн хариулт юм. Хамгийн аймаар юмны харагдах өнгө нүдэнд тийм ч хүйтэн биш байх нь элбэг. Тэгвэл цуврал алуурчин болоход ердөө ганц алхам хэрэгтэй байдаг тийм мөн чанартай хүн бас цөөнгүй бий.
-Энгийн нэг “амьтан” байснаа гаж донтон болж хувирсан бодит явдлыг өөрийн ажил, амьдралд тохиолдсон явдлаас жишээ татаж яриач.
-Брянскад 2002 онд болсон явдал. 26 настай залуу эр гэр бүлтэй, хүүхэдтэй, дажгүй хөөрхөн бизнестэй, машинтай, архинд хорхойсдоггүй. Нэг орой ажлаасаа гэртээ ирэхэд гэргий нь “Хоол идэх үү” гэсэн ч юу ч хэлэлгүй, хэдэн уут аваад гараад явчихав гэнэ. Тэрбээр Москвад очиж, галт тэрэгний буудлаас хутга худалдаж аваад метрогоор явж байхдаа нэг бүсгүйтэй танилцаж, түүнийг цүнхтэй юмаа гэртээ хүргэхэд нь тусалж, орцонд нь оруулж өгөв. Чухам энд л мань эр нөгөө эмэгтэй рүү дайрч хутгаар ёстой сийчиж өгчээ. 50 шахам удаа хутгалсан байна. Кафед шөнөжин суугаад метро ажиллаж эхлэхээр хотын нөгөө захад очоод бас нэг хүүхэнтэй танилцаж, хамт явж байгаад хоолойг нь хэрчээд алчихав. Гурав дахь эмэгтэйгээ ч хөнөөжээ. Тэгээд цагдаагийн газар очиж үнэнээ хэлэв. Энэ аймшигт аллагуудыг юу өдөөв? Тэгсэн чинь энэ үйл явдал болохоос нэг жилийн өмнө цыган эмэгтэй зах дээр тааралдаад энэ залууд нэг ном өгсөн нь хар тарнийн номлол байсан юмсанж. Түүнийг унштал нэг “хүн”-ий дуу сонсогдоод байх болж. Нэг жил орчим энгийн амьдарч байгаад аяндаа тэр дуутай “ярилцах” болжээ. Хожим нь залуу мөрдөн байцаалт дээр “Тэр дуу нэг удаа “Бэлтгэ, чи хатан хааныг олох ёстой” гэж хэлсэн хэмээн ярьсан байдаг. Тэрбээр хүн алсны дараа нөгөө “хүн”-ий дуу сонсогдохоо байсан гэж ярьсан.
-Залуугийн сэтгэл санаанд өөрчлөлт орсон шинж тэмдэг эцэг, эх, ойр дотнынх нь хүмүүст анзаарагдаж уу?
-Би зориуд очиж, залуугийн ээж, гэргий хоёртой нь уулзсан. Хүний аминд хүрэхээсээ өмнө ч, дараа нь ч ер хэвийн байсан гэж тэд хэлсэн. Гэмт хэрэгтэн залуу үүнийгээ надад тайлбарлахдаа “Хэрэв тэр дуу таныг ал гэж надад хэлэх юм бол би тэр дор нь биелүүлнэ” гэсэн. Тэр дууг сонсохоороо залуу маань байгалийн гамшгийн өмнө хүн хүчин мөхөстдөг шиг арчаагүй болчихдог юм билээ.
-Орост хамгийн зард гарсан цуврал аллага үйлдэгчдийн нэг Мария Петроваг та эрж хайж байсан, тэгээд юу болсон бэ?
-Би өөрийн мэдлэг дээрээ түшиглэж аливаа гэмт хэрэгт зураг үзэж байгаа мэт ханддаг. Цуст аллага, Ван Гогийн зурсан зураг хоёрт ялгаа байдаггүй. Уран зураг чинь хүний сэтгэлийн хөдөлгөөн, сэтгэл санааны суурь дэвсгэрийн тусгал шүү дээ. Тэгвэл аливаа аллага мөн л өөрийгөө илэрхийлэх оролдлого. Мария Петровагийн анхны хохирогч нь эрэгтэй хүн, толгойг нь салгасан байсан. Бид хохирогч хэн болохыг тогтоосон. Ижил хүйстэн юм биш биз гэж түүнийг сэжиглэсэн ч үгүй байв. Тэгээд хүн алахаас буцахгүй болчихсон нэгний нүдэнд санамсаргүй өртжээ гэж үзсэн.
-Цуврал алуурчин уг хэргийг үйлджээ гэх бодол танд хэзээ төрөв?
-Эрэгтэйг 2002 оны гуравдугаар сарын 1-нд алсан. 23-ны өдөр бас яг ийм хэрэг гарсан. Хэргийг нэг хүн үйлдээд байгаа нь үүнээс л ойлгомжтой болсон. Аллага үйлдсэн цаг, газар нь бараг адилхан. Мария Петровагийн сэдэл нь тун ер бусын. Түүний бодлоор эрэгтэй хүний аминд хүрэхээр өөртөө итгэлтэй эмэгтэй хүн болдог байж. Тэр эрчүүдээс өшөө хонзон аваагүй, гэмт хэрэгт эрхгүй татагдсан байгаа юм. Сэтгэлийнхээ зааг хязгаарыг даваад хүн алж эхэлсэн бол зогсож чадахаа больдог юм байна.
-Онц аюултай гэмт хэрэгтнийг цаазалдаг ялыг сэргээн хэрэглэхийг Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев саяхан санал болгосон. Гаж донтнуудыг зогсооход энэ тус болох уу, та юу гэж бодож байна?
-Гаж донтнууд гэмт хэрэг хийх гэж хүсэж, шаналж байдаг, үүгээрээ энгэр зөрүүлэх гэж хүсдэгтэй адил. Энэ хүсэл шуналыг нь цаазын ял өөрчлөхгүй, тиймээс урьдчилан сэргийлэх аргын хувьд ийм шийтгэл нөлөөлөх нь юу л бол. Цуврал алуурчдыг юуны урьд өөрөөс нь тусгаарлах нь чухал, өөрчлөх ёстой юм өөрт нь байгааг ойлгож, өөрчлөх гэж оролддог гаж донтон цөөнгүй бий. Харамсалтай нь, өөрийгөө захирч дийлдэггүй.
-Цуврал аллага үйлдэгчтэй ажилладаг мөрдөн байцаагчийн ажил ямар онцлогтой вэ?
-Гаж донтны гэмт хэргийг мөрдөх ажиллагаа маш цэвэр, шударга байх ёстой. Тэдний хэргийг бусдад тохож огт болохгүй. Мэдээллийг олон удаа шалгах хэрэгтэй. Москвагийн баруун тойргийн ахлах мөрдөн байцаагч Котов гэж байсан, тэр гаж донтнуудыг яриулж чаддаг гайхалтай аргатай. Шил архи аваад гав мавгүй очоод тэдэнтэй ууна. Аж амьдрал, юу сонирхдог, гэр бүл гээд яриа хөөрөө өрнүүлж гарна. Котов тэдний сэтгэл санаа руу ердөө л нэвтрээд орчихно. Гэмт хэрэгтнүүд юмаа ёстой дэлгэж орхино. Хамгийн гол нь тэдэнд худлаа хэлж болохгүй, тэр алуурчид чинь хүүхэд шиг, бүхнийг маш нарийн мэдэрнэ. Хамгийн олиггүй, цуст алуурчин байлаа ч баривчлагдах үедээ эд бүгд намайг няц дарах, тасар татахыг хүсэж байгаа гэж боддог, гаж донтнуудтай нүүр учрахдаа ийм хандлага гаргаж болохгүй.
-Өнгөрсөн 10 жилд гаж донтнууд оролцсон дуулиан тарьсан гэмт хэрэг олон гарсан. Тэгэхээр цуврал алуурчдыг илрүүлэхдээ оросууд туршлагатай болсон гэж хэлж болох уу?
-Цуврал аллага цөөхөн гарч байх нь мөрдөн байцаагчийн ажлын гол шалгуур. Хэрэв гэмт хэрэгтнийг барьж чадалгүй байсаар олон хүний амь хохироочихвол хууль сахиулах байгууллагын ажил муу байна гэсэн үг. Гэмт хэргийн тоог цөөн байлгахын тулд хэрэгтнийг хаанаас эрж хайхаа мэддэг байх ёстой. Гэмт хэрэгтнүүд хууль сайн мэднэ, их болгоомжтой, хоорондоо туршлагаа солилцож байдаг. Эвдэрсэн хүмүүсийн орчин бол бидний мэдэхгүй огт өөр ертөнц.
-Ийм хүмүүсийн дунд урьдчилан сэргийлэх ажил яаж хийх вэ?
-Бид хэн нэгний талаар шуурхай мэдээлэл авлаа гэж бодъё. Тэр хүн хэнтэй хэлхээ холбоотой, хэнтэй нөхөрлөдөг, утсаар хэнтэй байнга ярьдгийг нь мэдэж авна. Бид заримдаа сэжигтэн болон түүний танилуудынд нэгэн зэрэг урьдчилсан нэгжлэг хийдэг. Гэмт хэрэгт оролцож байгаагүй ч оролцохоор төлөвлөж, зэхэж байсан хүмүүс ийм нэгжлэг хийсний дараа гэмт хэрэг хийх бодлоо даруй орхидог. Энэ үйлдэл маань бидэнд өгөөжөө өгч, Москвагийн “хүнд гар”-уудыг бүгдийг нь бид чанд хянах болсон. Гаж донтнуудтай ажиллахад зөн совин, төрөлх авьяас хэрэгтэй байдаг. Эдгээрт суралцах боломжгүй.